04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

АМГАЛАН /роман/ Эхний хэсэг

Зохиогч С.Энхүүш "АМГАЛАН"  романыг Орлоогийн уншигчдадаа хүргэж байгаадаа таатай байна. С.Энхүүш Орлоогийн уншигчдад урьд нь ирүүлж байсан Монголын өнөөгийн амьдралын үнэн бодит байдлыг харуулсан нийтлэл болох "Цэвэрч Монгол хүн", "Хотын төлөө хэлэх үг" гэсэн нийтлэлүүдээрээ бидэнтэй уулзаж байсан. Ийнхүү "АМГАЛАН" романы эхний хэсгийг хүлээн авч таалан уншина уу!

АМГАЛАН /роман/ Эхний хэсэг

“Харанхуйд намайг битгий орхиоч. Би цуг явъя” гэж тэр арай ядан шивнэлээ. Бүдэг үзэгдэгч дуулсан эсэхийг мэдэхгүй “Чи өөрөө зам ол, үүний гэрэлд яваарай” гэж чихарсан хөндий дуугаар хэлээд, өгсөн лааг аваад Амгалан давхийтэл сэрлээ. Унтахдаа асаалттай орхисон гэрэл мэлс хийтэл ассан нь Амгаланг хар дарсан зүүднээс салгажээ. Сумын төвийн гэрэл үүсгэгч моторын бүдэгхэн нүргэлсэн танил чимээ сонсдоно.

“Ашгүй дээ. Орой гэрэл унтрахаас өмнө унтчихсан нь юутай сайн хэрэг вэ. Харанхуйгаас айдаг байхад зүүдэнд орж ирээд байх юм. Удахгүй гэгээ орж, өдөр болно” гэж бодож амжсан Амгалан ээжийнхээ жигд амьсгалан унтахыг мэдрээд бүр тайвшран, “харанхуй муухай, хоосон муухай, ганцаараа байх муухай, өдөр гоё, гэрэл гоё, өнгө бас дуу гоё” гэж бодсоор эргээд зүйрмэглэлээ. Хар дарсан зүүднээс хойш хир удаан унтсныг мэдэхгүй Амгалан ээжийнхээ цай самрах чимээнээр дахин сэрлээ.

Цайны ууранд манантсан, гэр дулаацаж, тоононоос унжих хар утасны үзүүрт жаран лааны чийдэнгийн гэрэл ёолтойсон байх нь гэгээ аль эрт орсоныг харуулна. Амгалан энэ чийдэнг нартай, гэгээтэй, цэлмэг байхаас бусад үед асаах дуртай байдаг. Ээж нь үүнийг мэдэх болохоор орой унтраахгүй, гэгээ орсон ч Амгаланг сэртэл асаалттай байлгадаг байв. Эднийд хогшил гэх юмгүй. Хоёр ор, нэг авдар, гэрийн голд байх намхан ширээ, хоёр сандал, хоолны шүүгээ, зуух, дөрвөлж гээл ихэнх нь хуучирч, улаан шараар будсан ч халцарсан модон тавилгатай. Ингээд хоймрын авдар дээрх хэзээ ч юм шараар будаж байсан оромтой модон хүрээтэй залуухан эмэгтэйн зурганд цайны дээжээ өргөх ээжийгээ харж хэвтсэн Амгалан “Ээж та шөнө хэзээ ирсэн, нохой энэ тэрээс айгаагүй биз” гэж урд орой нь хирдээл санаа зовж, айж байснаа нуун асуулаа. Ээж нь алгуур эргэж, Амгаланруу харан, оройны үзвэр дуусгаж, цэвэрлэгээ хийсэн, шөнө нэг цаг дөхүүлж ирснээ хэлээд, өдөр ямар кино гарах, оройн захиргааны хурал, түүний дараа кино, үдэшлэгний тухай ч ярив. “Өнөөдөр би таньтай цуг явна” гэж ээжийнхээ яриаг сонсох үед өдрийнхөө төлөвлөгөөг толгойдоо жирэлзтэл дүрсэлсэн Амгалан дуржигнуулав. Тэгээд хэрэггүй гэж татгалзахаас нь өмнө сандал хооронд унасан цаас түүнэ, тоос арчина, клубын даргад ч төвөг удахгүй гэдгээ хэлээд авав. “За за өөрөө мэд. Харин захиргааны хурал болохоос өмнө гэртээ харьсан байх ёстой гэж ээж нь зөвшөөрөв.

 

Захиргааны хурал ээжийнх нь эмээдэг дарга нартай холбоотойг Амгалан мэдэх болохоор дуугарсангүй. Дарга нар Амгалантай хэзээ ч ярьж үзээгүй, голдуу ширээний ард сууж, хүмүүс цуглуулж, ямар нэгэн чухал юм ярьдаг, тэд заримдаа ээжийг нь холбоо захиргаа гэсэн хоёр байшингын хооронд захиа эсвэл сонин хүргүүлэх ажилд явуулдаг. Тэдэн дунд онцгой илүүдэл жинтэй хоёр дарга жаран ёс машины урд суудалд сууж явна. Тэдний өрөөний үүдэнд хүмүүс хүлээж, зөвшөөрөл авч ордог оньсого мэт чухал хүмүүс. Гэхдээ дарга нарын амьдардаг хашаатай Амгалангын гэр хашаа хөршлөж байдаг болохоор хүүхдүүдийг нь сайн мэднэ. Тэдгээр хүүхдүүд үеийхэнтэйгээ мөн л үл тоосон, дээрэнгүй харьцдаг, Амгалан нь ч үүнийг даргын хүүхдэд байх ёстой гэж зүй ёсны зан гэж бодож, тэднээс баахан жийрхэнэ. Ингээд Амгалан ээжийгээ даган клубд ирлээ.

 

Мэдээ орсон цагаасаа л тэр энд ирэх дуртай. Клубын улаан хамбан хөшиг, явахаар чийхарч дуугардаг модон шал, таазны гэрлийн суурь шараар хээлсэн угалзууд, ээжийгээ үзэгчдийн танхим цэвэрлэж байх үед ханаталаа эзэгнэдэг, өөрт нь л их том санагддаг тайз, бас тайзны арын хувцас сольдог өрөө бүгд Амгалангын сэтгэлд ойр дулаан санагдана. Тэр энд босоо толинд харж, бүжиглэж, дуулж, ярьж, инээж марзагнах дуртай. Эрэгтэй эмэгтэй, том жижиг хамаагүй уран сайхны хувцас хольж, өмсөн ханатлаа дуулж, бүжигл энэ. Өдрийн киноноос өмнө цэвэрлэгээгээ дуусгасан ээж дүрсгүйтэж болохгүйг Амгаланд анхааруулаад, түүнийг орхин зэргэлдээ хаалганд байх номын санчын ажилд туслахаар гарлаа. Ингээд Амгалан “Монгол ардын жүжигчин Гончигсумлаагийн ая Монгол ардын дуу. Арван тавны сар. Ардын дуучин Амгалан хөгжимдөнө.” гэж цангинтал зарлаад, тайзны голд хөгжимчний сандал авчран суулаа. Шал угаадаг модыг шанз хөгжим болгон гараараа шуударч, зүүн гараараа шанзны утас дарж байгаа мэт дээш доош гүйлгэж, заримдаа бүр хуруугаа чичирхүүлэн байж дарж байлаа. Ямар нэгэн ардын дууны хэсгээс чангаар аялан, хөлөө товшин, нүдээ хагас аньж, толгойгоо гэлжигнүүлэн суухыг харахад эгээтэй л утсан хүүхэлдэйний тоглолт шиг хөгжилтэй харагдана. Тэгээд шалны модоо сандал түшүүлж тавиад, ямар нэгэн хөдөлгөөн хийж, харайж, цовхчин, эргэж бүжиглэж гарна. Улаан хамбан хөшгөөр өөрийгөө ороон эргэсээр, агаарт хэсэг тогтон, сарвагнан бүжиглэнэ. Ингэж аягласаар хөшигний араар орж, эргэн гарч ирэн хэдэнтээ ёсолж, өөртөө алга ташин баяр хүргэж олонтоо дахиулах гэсэн үзэгч болсноор дуусна. Энэ л үедээ Амгалан аз жаргал, баяр баясгалантай дуучин, бүжигчин болсон мэт өөрт нь санагдана.

 

“Болиоч, чи наад хөшиг хаа. Нэргүй хүүхний галзуу дэлгэц битгий тасдаад хаячихаарай” гэсэн улаан тамхинд цахиртсан танил дуунд Амгалан зогтусан эргэж харахад кино механикч түүнрүү хөмсөг зангидан гараараа зангаад, хальсаа бэлдэхээр жижигхэн хоёр нүхтэй, тээр дээр байдаг өрөөрүүгээ орж явчихав. Түүний хойноос хэлээ гарган даамшигласан Амгалан кино үзэхэд ашигладаг цагаан даавуун дэлгэцийг буулгаж орхиод, клубээс гарлаа. Цэвчийсэн цас, наранд гялбасан нүдээ хэсэг аньж, дасган харахад өдрийн кино үзэх хүүхдүүд цувралдан ирж байлаа. Эдгээр хүүхдүүдийг хараад Амгалан киног үнэгүй үздэг боломж, бас ээжээрээ бахарах сэтгэлдээ хөөрөн баярлана. Хөлөртлөө дэвхцсэн түүнд муу хүрэм нь хэрэггүй ч юм шиг санагдан, энгэрийг нь задгайлж, салбагнуулан клубын үүдэнд дугаарлаж, тавин мөнгөний тасалбар авцгаах хүүхдүүдийн дундуур хэдэнтээ дэггүйтэн гүйгээд клубт эргэн орлоо.

 

Ингээд кино эхлэхэд түүний дараагийн мөрөөдөл эхлэнэ. “Чи сургуульд орох гэж байгаа том хүүхэд ээжийгээ дандаа дагаад байж болохгүй. Гэртээ үлдэж, ажилд тусал” гэж ээж нь сургамжлалаа. “Би хэзээ сургуульд орох юм бэ? Тэнд унтуулдаг юм уу” гэж Амгалан нүдээ томруулан асуулаа. “Энэ намар орно. Тэнд унтуулахгүй. Хичээлдээ сайн хүүхдийг онц сурлагатан гэж дууддаг юм.” Амгалан сүүлийнхийг сонсож амжсангүй, “Энэ намар орно гэж үү? Ямар гоё вэ?” гээд хөөрсөн Амгалан хэн нэгэнд дуулгахаар гарч гүйлээ. Энэ яриа өрнөснөөс хойш гурван сарын дараа ээждээ хөтлүүлэн сургуульд ирлээ. Тэр цагаан зах хадсан, хар хилэн хүрэм, улаан бүч зүүж, хүрмийн адил хар хилэн өмд өмсөж, саарал арьсан сандаал өмсчээ. Олон хүүхдээс бишүүрхэн, ээжийнхээ гарыг тас зууран зогсох Амгалангаас “Нэр чинь хэн билээ” гэж асуух дуунаар дээш хартал, хурц нар гялбан, хүрэн даашинзнаас өөр зүйл харж чадсангүй. Дуугарч чадахгүй муужран, ээжийхээ араар орох Амгалангын өмнөөс “Амгалан, Нэргүйгийн Амгалан” гэж ээж нь хэлэв. “Өө бас түрүүлээд пионер болчихож” гэж улаан бүчийг нь харан инээд алдсан эмэгтэй “Би бол чиний ангийн багш Сүрэн” гэж өөрийгөө танилцуулаад Амгаланг дагуулан, эгнэн зогсох хүүхдүүдийн цуваанд оруулав. Сургуулийн өмнө цугласан олон хүн индэрт гарч ямар нэгэн ярьцгааж, алга ташин удаан зогссоны эцэст хоёр хүүхэд тууз уясан гуулин хонх дуугаргалаа. Ингээд ангийн багш нь Амгаланд туулайн дүрсээр гоёсон арьсан цүнхтэй ном, дэвтэр, үзэг өгч, ангид оруулав. Чухам юу болоод байгааг ухаарч өгөхгүй гайхан зогсох Амгаланд “Чи энд сууж байх болно” гэж Сүрэн багш суудал зааж өглөө. Энэ бол сурагчийн жил болгон зарласан нэг мянга есөн зуун наян гурван он байв.

хххх

Тавдугаар ангийнн сурагч Амгалан хичээлдээ сайн байсангүй харин урлагт сонирхолтой нэгэн болж байлаа. Урлагийн үзлэгт байнга оролцож, орос дуу дуулна. Бас хөгжим бага сага тоглоно. Гэсэн ч шалны модоор тоглож, ардын жүжигчин Амгалан дуулна гэдэг зангаа орхидоггүй л байлаа. Ангийхан нь хэдийнээ үүнд дасжээ. Харин нэг удаа ангийн нэг охин “Амгалан чи охидтой найзалдаг, бас туяхан бүжиглэдэг, яг эмэгтэй хүүхэд шиг. Чи хүүхэн тиймээ” гэлээ. Үүнд “би юу? Би би..” Амгалан өөр юм хэлж чадсангүй. Энэ яриа ангид дорхноо тархаж, Амгалан “хүүхэн Амгалан” нэртэй боллоо. Шинэ нэрнийхээ учрыг нь сайн мэдэхгүй ч сайны тэмдэг биш гэдгийг гадарласан тэрбээр гэртээ ирэнгүүт ээжээсээ “Ээжээ манай ангийхан намайг хүүхэн Амгалан гэх юм. Энэ юу гэж байгаа юм бэ?” гэж асуулаа. Ээж нь яагаад ч юм дуугай байлаа. “Ээжээ.” гээд асуултаа давтах гэтэл бухимдуу дуугаар “Хэн тэгж байна. Хэн чамайг тэгж дуудаж байна?” гэж ээж нь буцаан асуув. “Бүгд манай ангийхан бүгдээрээ хүүхэн Амгалан гэж дуудаж байна” гэж тэрбээр хэллээ. Ээж нь хэсэг чимээгүй байснаа “Чи хүүхэн биш. Чи бол эрэгтэй хүүхэд. Ойлгов уу чи эрэгтэй хүүхэд” гэв. Маргааш нь Амгалан ангидаа өөрийгөө эрэгтэй хүүхэд гээд хүүхэн Амгалан гэсэн нэрийг залруулахыг оролдож байв. Харамсалтай нь оролдох тусам хүүхэн хэмээн дуудуулж байлаа. Ялангуяа охидод ойлгуулж, тэдэнд ойр байхыг хирэндээ л хичээн бүр бүтэлгүйтэж байлаа. Асуудал улам хурцдаж, нөгөө анги, бас дээд ангийн ах эгч нар ч хүүхэн Амгалан гэж дуудаж, энэ нэрээр олонд танигдаж байлаа. Сургуулийн хаана ч дуулдаж болох “Хүүхэн Амгалан, хүүхээн” гэсэн зүгт харахад хэн нэгэн нь эгээтэй л бүсгүй хүний гунхалзсан алхаагаар алхах, амаа даран айлгүйтэн инээх маяг үзүүлэн дооглоно. Харин цугласан олон Амгалангийн зүг заан, эг маггүй инээлдэн шуугих нь тэвчишгүй ичгүүр болж байв.

Үргэлжилнэ...


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.