05 сарын 08, Лхагва
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,640.06
JPY 21.94
GBP 4,239.57
RUB 37.18
CNY 468.64
KRW 2.49

БӨӨР АЛАГ

Нар уулын толгой мохоон бөмбөрсөөр тонгойход өдрийн халуунд цадталаа идэж чадаагүй ч нялх тугалдаа яарсан айл айлын үнээ толгодын энгэр цуулсан жимээр гэр гэрийн зүг бөмбөчинө. Жим дагасан үхрийн түрүүнд хэвлийнхээ хоёр талд хонин чинээ цагаан толботой хүрэн үнээ хүзүү сунган мөөрсөөр шогших. Бөөр алаг тугалдаа хоргодон өглөөд дуртай дургүй бэлчих мөртөө оройд үхэр бүрийн түрүүнд харьж ирнэ. Энэ хавар гуравдахиа тугалласан бөгөөд тугал нь гэж хачин цовоо амьтан. Гэтэл сүүлийн үед хамар нь нусгайрч, нүд нь нуухтай.

Тугалаа өвдөж гэдгийг мэдээд л байлаа. Гээд яахав. Тугалаа дагуулаад бэлчих мэдэлтэйсэн бол өвчнийг нь эмнэх ургамал өвсийг мэднэ л дээ. Эрүүндээ даахирсан хөөвөртэй, бух шиг хүнгэнэсэн дуутай эзэн ижил сүргийг нь голын нойтон бургаасаар тас няс шилбүүрдэхэд бөөр алагийн дургүй хүрч ганц сайн сэжичмээр... Харин тэр эзэн бөөр алагийг саахаасаа өмнө хэзээ ч тэгэхгүй. Тэр айлын хамгийн сүүтэй бас хамгийн гомдомхой үнээ учир тэгж шилбвэл идсэн өвс хоолойд нь горойж, хамаг биеэ чангалан гөжөөд зогсчихоор сүү ч гарахгүй. Сүү гарахгүй бол эзэд бас горойх хойно.

Нялх тугал нь тэгж өвдснөөс болж одоо орой эхийгээ ирэхэд мөөрч тонгочихоо ч болиод огт хөдөлгөөнгүй зогсоно. Өөр үнээний зүс ижил тугал болов уу гэтэл яах аргагүй цовоо тугалынх нь хаанаас ч сэтгэл татан ханхийх нялх үнэр мөөн. Тугалханыхаа хилэн мэт булбарай биеийг ханатлаа үнэрлэж долооход чинэсэн дэлэн ивэлнэ. Тэгэхэд бас л бөөр алаг шиг нялх тугалтай болов уу гэмээр сүүний нэгчсэн эзэн түүнийг саана. Үрээ цадтал хөхүүлэхсэн гэж горьдовч үе үе дэлэнг нь ховх татчих нь уу гэлтэй нудчин байж эхдээ зөөлөн тийрүүлж зэмлүүлдэг нь үгүй болж... Тэгэвч горь тасрах нь үгүй орой болгон үхэр бүрийн түрүүнд ирдэг хэвээрээ. Энэ орой ч мөн л яарсаар ирвэл мөнөөх хүнгэнэсэн дуутай эзэн нь дөрвөн хөлтэй хэрзгэр мод тулаад зогсож байснаа нялх үрийнх нь самсаа ивэлгэсэн үнэртэй арьсыг нөгөө хэрзгэр модноо нөмөргөхөд яг л тугал мэт харагдана. Ийм юм харсан түүний хоолойд өдөржин хэдгэнэ шумууланд шоглуулан байж сандчин үмхэлсэн юухан хээхэн цээжинд хуран тээглэхэд үхэр удмынхаа зөрүүд зангаар эздийнхээ хөж хөөг гэхийг ч тоолгүй зэлнээс зайдуу гарч зогслоо. Үдшийн бүрэнхийд хүүшилэн бараантах уулс тэртээгээс даллан дуудаад ч байх шиг, тэнд л очвол чинэрсэн дэлэн нь сулрах ч юм шиг... Бөөр алаг хүрэн уулсыг чиглэн шогшиход, хоёр бөөрнийх нь цагаан харанхуйд цайвалзсаар далдарлаа. Бөөр алаг өөрийгөө бөөр алаг ч гэж бас үнээ ч гэж мэдэхгүй.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.