04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

М - МОНГОЛ

Азийн зүрх, дэлхийн төвд орших, амьдралын минь эх булаг болсон Монголдоо би хайртай. Уудам дэлгэр тал нутаг шигээ санаа сэтгэлтэй, уужим тэнэгэр хөх тэнгэр шигээ ухаан бодолтой, унаган тансаг байгал шигээ зан чанартай Монгол хүн - Таньд би хайртай.

Хайраараа би таньд хэлье: Та Монгол хүнд ИТГЭЭЧ! Чин сэтгэлээсээ таньд захъя:Та Монгол хүнийг ҮНЭЛЭЭЧ! Тиймээ, эх оронд минь сайны хажуугаар муу, зөвийн хажуугаар буруу байгаа нь харамсмаараа... Тэглээ гээд сүү л гашилдаг болохоос хэзээ ч үнээ гашилна гэж байдаггүй. Энэ бол зөвхөн малчны л хариуцлагагүй байдал.

Иргэн бүрийн чанартай оролцоонд тулгуурлан, эх орноо бид хөгжүүлэх учиртай. Байгууллага бүрийн үйл ажиллагаанд гэхээсээ бодлогод хяналт тавих шаардлагатай. Бүх байгууллага өөрсдийн юу хүсч байгааг гэхээсээ МОНГОЛД юу хэрэгтэйг хийх хэрэгтэй. Бүх нийгмийн асуудлуудыг хүндрэл гэхээсээ бизнесийн боломж болгох учиртай. Бүх бүтээл орчуулгын гэхээсээ Монгол Сэтгэлгээний байх нь зохистой.

Удирдагчид аа,

Холч ухаалаг шийдвэр гаргаж, зөөлөн чихтэй, нийгмийн эрэлтэнд мэдрэмжтэйгээр ажиллацгаая!

Залуучууд аа,

Гамнасан хувцас хуучирдагыг санаж, нас байна, цаг байна гэж төөрөгдөлгүй, нөөц чадавхиа дайчлан, амьдрал ахуй, улс орноо өөд нь татацгаая!

Иргэдээ,

Эв нэгдэл дотор хүч оршдогийг санаж, өөр нам, нутаг ус, эрлийз хурлийз, дарга цэрэг, шашин шүтлэг гэж талцалгүй, бие биеэ хүлээн зөвшөөрцгөөе!

Уучлаарай, таниас асууя: Мал малчины биш төрийн өмч үү? Монгол таны биш хүний нутаг уу? Монгол хүн биш гадаад хүн нь дээр үү? Монгол байж монголоо дээрэлхэх сайхан юм уу? Хайртай гэж олон хэлэх нь гоё уу? Хайрлаж чадна гэж биетээр харуулах нь чухал уу? Халх Монголдоо та хайртай гэж үү? Тэгвэл та хичээгээч! Би бас бид таныг дэмжинэ!

Монгол минь тийм ч том биш, өмнө байснаасаа жижигхэн байна. Монгол минь тархай бутархайдаа биш хүн ам цөөндөө байна. Монгол эмэгтэйчүүдээрээ гоёдог ч, Монгол эрчүүдээ хүндэлж, хайрлаж, хөгжүүлж байхаа мартмааргүй байнаа.

Хайртай хүнээсээ хатуу үг сонсох шиг зовлон байдаггүй. Хамаатан биш ч Монгол хүн уйлахыг харах эвтэй байдаггүй. Нэг удаагийн маргаанд ялагч болох нь чухал уу? Нэг өчүүхэн зүйлээс болж нандин харилцаагаа таслах нь дээр үү? Алдлаа гэж насаар нь шийтгэх нь зөв үү? Амьдралын зөв замаар яваарай гэж соён гэгээрүүлэх нь буруу юу? Хурц хэлтэй хурдан амтан л бол цэцэн гэж үү?

Эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл гэж уриалсаар л байх уу? Эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, соёлын тусгаар тогтнол, экологийн соёл иргэншил, гэр бүл ба эрэгтэй хүүхэд, эрүүл аж төрөх дадал зуршил, шинжлэх ухааны хөгжил гэж төвлөрөх үү? Спорт урлаг загварын шоу, зугаа цэнгээн л хангалттай юм уу? Шинэ санаачилга, тэргүүн технологи, бүтээлч байдал, салбаруудын интеграцичлал, удирдлагын хөгжил ач холбогдолтой биш гэж үү?

Хэрэв та Монголдоо хайртай бол: Хувийн эрх ашгаа огоорч, эх орондоо амьдралаа зориулаарай! Албан үүргээ шударгаар биелүүлж, ард түмэндээ үйлчилээрэй! Хөршүүдтэйгээ харилцаатай байгаарай! Орон нутгийнхаа үйл хэрэгт идэвхитэй оролцоорой!

Мөнгө тараахыг моод болгохоо больё! Мөнгө өгсөн хүнийг шүтэхээ больё! Хуулийг буруу барихаа больё! Төрийн нууцаа сахъя! Монголоо муулахаа больё! Харин Монголоо ЕРӨӨЕ!

ЭЗЭН ЧИНГИСИЙНХЭЭ ЗАХИАСЫГ САНАЖ, ЭХ ОРОНДОО ЭЗЭН НЬ БАЙЦГААЯ!
ЭНЭ ХОРВООД ЦӨӨХӨН ТӨРСӨН МОНГОЛ ХҮНДЭЭ ЭЛГЭМСЭГ ХАНДАЯ!

МОНГОЛОО ЗӨВХӨН МОНГОЛ ХҮН - ТА БИД ХӨГЖҮҮЛНЭ!

ЗОХИОГЧ ЛХАГВАСҮРЭНГИЙН ЭНХЦОГ
mongolia_enkhtsog@yahoo.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.