03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Ө - ӨӨРЧЛӨЛТ

ӨӨРЧЛӨЛТ - өнгөрсөнд байсан, одоо байгаа, ирээдүйд байх Бурханы оршихуй; шинэ зүг рүү тэмүүлж, өөр орон зайг эзэгнэх цаг агаар; тасралтгүй хувьсан хөгжиж, үргэлж төгөлдөржих бүтээлийн онол; нэг төгсгөл нөгөөгийнхөө эхлэл болдогийг нотлох мөнхийн хөдөлгүүр; зөв үйлс нь дэлгэрч, сайн тал нь заавал ялдагыг гэрчлэх ертөнцийн мөн чанар; мөрдөхгүй бол амьдрахын аргагүйг ухааруулах байгалын хууль; юм бүхэн өөрийн цаг хугацаатайг сануулах амьдралын хатуу үнэн; өөрийгөө таних аялал.

Өөрчлөлт зогсолтгүй өөр болох явц бөгөөд нийгмийн шаардлагыг хангах, бусдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэх, алив зүйлийн өгөөжтэй, үр ашигтай, оновчтой, бүтээмжтэй байдлыг дээд хэмжээнд нь хүртэл тасралтгүй сайжруулахын төлөөх мөнхийн тэмүүлэл. Нислэгийн компаниуд нислэгийн хувиараа өвлийн болон зуны гэж өөрчилдөггүй байсан бол хөлгийн ашиглалт ямар байх вэ? хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд хэр нийцэх вэ? Тиймээс энэ мэт учир шалтгааны үүднээс өөрчлөлт хийх нь зарчмын асуудал бөгөөд хэрхэвч зөрчиж болохгүй хууль байдаг. Алдаа бүхэн үргэлж шийтгэх ёстой хариуцлага биш, шийдэх ёстой менежмент байдаг. Асуудал бүхэн хүндрэл биш түүнд хандах хүний хандлага байдаг.

Хүн өдөр бүр хувцасаа сольдогийн адил байнга өөрчлөгдөж байдаг. Харин хувцасны сонголт бүр нь сайн байдаггүй шиг өөрчлөлт бүхэн сайн байдаггүй. Хувцасаа солих, сольсоны дараа алхах бүгд хөдөлгөөн бөгөөд энэ дэлхийд хөдөлгөөнгүй орших юм гэж үгүй. Хөдөлгөөн бүхэн чиглэлтэй бөгөөд зорилгогүй хөдөлгөөн гэж үгүй. Хөдөлгөөн бүхэн зорилго, сонголт бүхэн өөрчлөлт, нээлт бүхэн хөгжил.

Өөрчлөлтгүй хөгжил, хөгжилгүй өөрчлөлт гэж үгүй бөгөөд хэн бэ? гэдгээс хэн байж чадах вэ? хүртэл өөрчлөгдөнө гэдэг хөгжил. Нийгмийн хөгжилд, гадаад үзэмж ихийг амладаг ч багыг бүтээдэг. Үр дагаварыг арилгахын тулд шалтгааныг арилгах хэрэгтэй байдаг. Хэлбэрийн өөрчлөлтөөс гадна агуулгын өөрчлөлтийг хийх хэрэгтэй байдаг. Хүний хөгжилд, гаднах имиджээс илүү дотоод төлөвшил чухал. Юу сурсан нь чухал биш яаж өөрийгөө хөгжүүлдэг нь чухал. Ямар ажил хийж байгаа нь чухал биш, юуг хэрхэн хийж байгаа нь чухлаа. Өөрчлөлт жижиг зүйлээс, хөгжил дотроосоо эхэлдэг!

Хүн ер нь нэг хийсэнээ улиг болтол давтвал өөр дүнд хүрэхгүй, шинэлэг үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй. Дан ганц үйл ажиллагаагаа өөрчлөөд хуучин арга барилаараа ажилбал амжилт авчирах нь ховор. Тиймээс арга барилаа өөрчлөх нь хэрэгтэй. Дан ганц арга барилаа өөрчлөөд хуучин бодлогоороо ажлаад байвал үр ашигтай ажиллаж чадахгүй. Тиймээс бодлогоо өөрчлөх хэрэгтэй. Дан ганц бодлогоо өөрчлөхөөс гадна түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүтэц байхгүй бол бодлого хэрэгжихгүй. Тиймээс бүтцээ өөрчлөх хэрэгтэй. Бүтцээ өөрчлөөд хүнээ хөгжүүлээгүй бол бүтэц оновчтой байж чадахгүй. Тиймээс хүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Дан ганц хүнээ хөгжүүлээд орчинг нь бүрдүүлээгүй бол хүний нөөцөө ашиглаж чадахгүй. Тиймээс хүнээ хөгжүүлэхээс гадна үйл ажиллагаа, арга барил, бодлого, бүтэц, орчинг хамтад нь өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөлт эерэг, хөгжил цогц байх ёстой!

Үйл явцаасаа үр дүн нь илүү чухал бөгөөд үр дүнд хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг. Гэтэл шаргуу ажиллаад байтал, ажлаа буруу хийсэн бол бүх хүчин чармайлт талаар өнгөрнө. Ажлаа зөв хийх хэрэгтэй. Гэтэл ажлаа зөв хийгээд байтал буруу замаар явсан бол буцахдаа шороо тээнэ. Тиймээс ажлыг зөв хийхээс гадна зөв ажлыг хийх хэрэгтэй. Зөв ажлыг хийгээд эхэлтэл өөрийн талант дутвал эхэлсэн ажлаа дуусгаж чадахгүй, талантаа хөгжүүлэх хэрэгтэй. Талантаа хөгжүүлээд кареераа өсгөсөн ч бүтээлчээр ажиллаж амьдараагүй бол амьдарч байсан гэхэд бэрх. Тиймээс хүн бүтээлч байх хэрэгтэй. Нэг юм хийж бүтээх гээд зүтгэтэл, шаардлагатай дэмжлэгээ авч, орчиноо бүрдүүлж чадахгүй бол ганцаараа бүхнийг хийнэ гэдэг хэцүү, харилцаа хэрэгтэй. Харилцаатай гээд буруу хүмүүстэй нөхөрлөөд байвал, эсвэл өөрөө буруу хандлагатай байвал чанартай харилцаа тогтоож чадахгүй. Тиймээс хандлага чухал. Гэтэл хандлага зөв байгаад мэдрэмжгүй нэгэн байвал зөв хүн гэж үнэлэгдэхгүй. Тиймээс мэдрэмж чухал. Өөрчлөлт мэдрэмж, хөгжил уялдаа шаарддаг!

Бэрх цагт нийгмийн эрэлтийг мэдэрч, бусдыг илүү сайхан ирээдүй рүү уриалан дуудаж, дэлхий ертөнцийг өөрчилсөн Чингис Хаан, Махатма Ганди, Мартин Лутер Кинг гэх зэрэг агуу хүмүүс түүхийн хүрднээ олон байсан. Цаг хугацаа бүхнийг өөрчилдөг гэж ярьдаг ч, цаг хугацааг өөрчилж, өөрчлөлтийг хийх ёстой хувь заяаныхаа эзэд бол бид гэдгийг агуу хүмүүсийн намтар бидэнд сануулдаг. Бид л өөрсдөө өөрчлөлтийг хийх ёстой хүмүүс бөгөөд хэрэв өөр хүмүүс, өөр цагт ирж өөрчлөлтийг хийнэ гэж хүлээвэл өөрчлөлт хөгжил ирдэггүй. Агуу өөрчлөлтийг хийхийн тулд та агуу хүн байх албагүй. Харин бусдаас түрүүн нийгмийн хэрэгцээ, шаардлагыг мэдэрч, бусдаас их үүрэг гүйцэтгэвэл та агуу их өөрчлөлтийн эзэн болж чадна. Түүхийн бүх өөрчлөлт нэг л хүнээс эхэлж байсан бөгөөд дараачийн өөрчлөлтийг та эхлүүлж магадгүй юм шүү.

Даан ч алив өөрчлөлт, хөгжил аяндаа бий болдоггүй. Өөрчлөх, хөгжих хэрэгцээ шаардлагыг олж харах тэр цэгээс өөрчлөлт хөгжил эхэлдэг. Өөрөөр хэлбэл алив асуудлыг бий болгосон сэтгэлгээтэй нь адилхан сэтгэлгээгээр шийдвэрлэж болдоггүй бөгөөд хүний сэтгэлгээний үндсэн хэв маягт суурь өөрчлөлт явагдсан цагт л сая өөрчлөлт, хөгжил боломжтой болдог. Энэ нь шинэ газар уруу зөвхөн шинэ замаар л хүрдэгийг нотолдог. Асуудлыг шийдэх Илүү сайн арга зам үргэлж байж байдгийг гэрчилдэг.

Хүний сэтгэлгээ эерэг ба сөрөг гэсэн 2 хэлбэрт ангилагддаг бөгөөд эерэг бүхэн сөрөг юу ч байхгүйгээс илүү дээр байдаг. Хүн сөрөг бодлоо эерэгээр сольсоны дараа л сая амьдралдаа эерэг өөрчлөлт гаргаж эхэлдэг бөгөөд зөвхөн эерэг сэтгэлгээ л Илүү сайн замаар Шинэ газар хүргэдэг, илүү сайхан орчин бүрдүүлж өгдөг.

Эерэг сэтгэлгээ сайнаар бодох, өөдрөгөөр төсөөлөхийг хэлэх боловч зөвхөн хийж чадна гэсэн хандлагатай сэтгэлгээ биш бүхэл бүтэн амьдралын хэв маяг юм. Эерэг сэтгэлгээ сэтгэлийн дарамтаа даван туулан, эрүүл мэндээ сайжруулахад тусалдаг төдийгүй ирээдүйдээ итгэх итгэлтэй болгодог; бусдад харагдахгүйг харж, мэдэгдэхгүйг мэдэрч, боломжгүйд хүрдэг баатруудыг бүтээдэг. Эерэг сэтгэлгээ бол 100% өөрчлөлт мөн!

Тиймээс сөрөг бодлоосоо салъя! Буруу хандлагаа засъя! Муухай үгээ больё! Та чадна! Та ялна! Харин хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч бүү бууж өг!

ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛДЭГ ХҮН НАСАН ТУРШДАА ҮНЭ ЦЭНЭЭ АЛДАХГҮЙ АМЬДАРЧ ЧАДНА!
НИЙГМИЙН ЭРЭЛТЭД МЭДРЭМЖТЭЙ, ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭТЭЙ МОНГОЛ ХҮН МОНГОЛОО ӨӨРЧИЛЖ, ТҮҮХИЙГ БҮТЭЭЖ ЧАДНА!

ӨӨРЧЛӨГДӨЕ! МЭДРЭМЖЭЭ ХӨГЖҮҮЛЬЕ! ЭЕРЭГЭЭР СЭТГЭЕ!
ИЛҮҮ САЙХАН АМЬДАРЦГААЯ!

ЗОХИОГЧ ЛХАГВАСҮРЭНГИЙН ЭНХЦОГ
enkhtsog@ldpimongolia.org


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.