04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Т - ТЭВЧЭЭР

Тэвчээр бол хамгийн агуу хүн чанар аж. Тэвчээр гэдэг нь хүсч байгаа үр дүнгээ хүлээх хугацаандаа учирч болох ямар нэг нөхцөл байдал, эсвэл зовлон зүдгүүрт бууж өгөхгүй байх – Хүн чанар юм. Энэ нь гутрал, гуниг, сэтгэлийн хямрал, уур цухалдалаас эсрэг утгатай. Хүлээж чаддаг тэвчээртэй хүний гарт цагаа болохоор бүх зүйл ороод ирдэг аж.

Тэвчээртэй хүн гэж төрдөггүй. Хүн тэвчээртэй болоход бүх л амьдралынхаа турш суралцах ёстой. Хэрэв энэ дэлхийд зөвхөн баяр хөөр гэж байсан бол хүн хэзээ ч эр зориг, тэвчээр хатуужлыг сурч чадахгүй байхсан. Зөвхөн зовлон бэрхшээл, сэтгэл гутрал, цаг хойшлолт тэвчээрийг хөгжүүлдэг. Нэг удаагийн тэвчээр асар их гамшигийг зайлуулах чадалтай бол нэг л удаагийн тэвчээргүй байдал бүхэл амьдралыг тань сүйтгэх аюултай.

Амьдралд эхлэлээсээ төгсгөл нь чухал бөгөөд ганцхан олдох амьдралынхаа мөч хором бүрийг утга учраар дүүрэн үдэж түүхийг бүтээн, амьдарсан шиг амьдарна гэдэг юутай эрхэм билээ.

Гэтэл энэ дэлхийд амьдарч байсан мөрөө үлдээнэ гэдэг амаргүй. Хэрэв амар хялбар байсан бол хүн бүр мөрөө үлдээх байсан байх. Гэвч тийм биш. Энэ нь тэвчээр, зориулалт шаарддаг бөгөөд асуудлаасаа хэр зугтсан, яаж шийдсэн бэ биш харин үүнээсээ хэрхэн тэсвэр тэвчээрт суралцсан, хэр зэрэг улам хатуужилтай, илүү тэвчээртэй болсон бэ гэдэг л жинхэнэ шалгуур болдог.

Хүн бидний хүсэл зорилго өрнүүн. Хүсэл зорилгодоо бид алгуур хүрдэг. Ажил төрөл маань ч алгуур бүтдэг. Энэ бол зайлшгүй байх ёстой. Тиймээс тэвчээр бол сайн сайхан төгсгөлд итгэж найдах урлаг аж. Гэхдээ бүх зүйл сайн сайхан болно гэдэг итгэж, найдаж, зүгээр суух биш үйлдэнэ, бүтээнэ гэдэг бол бас тэвчээр. Зөвхөн тэвчээр л агуу их үйлсийг бүтээдэг ажээ. Стан Мурно 6 сая шүдний чигчлүүрийг 170 литр цавуугаар нааж, Шүдний чигчлүүрэн хотыг (http://www.toothpickcity.com/) 6 жилийн турш бүтээсэн бөгөөд хамгийн тэвчээртэй хүнээр тодорсон байх юм. Тэвчээр нь нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж, суу билэгтэй сод ухаантан болоход тусалдаг. Исаак Ньютон: Хэрэв би ямар нэгэн үнэ цэнэтэй нээлтүүдийг хийсэн бол энэ нь тэвчээртэйгээр анхаарлаа төвлөрүүлэхийг эзэмшсэнээс өөр ямар нэгэн авьяас биш гэж хэлсэн байдаг. Дэлхий дээр хамгийн урт насласан хосууд тэвчээртэй хүмүүс байдаг. Тэд амьдралынх нь турш юу ч тохиолдсон мууг нь гээж, сайныг амьдралдаа авч явж, хамтын амьдралаа аз жаргалтай байлгаснаараа бусдаас илүү урт насладаг аж.

Тэвчээр таныг хүнд үед хурцалж, улам их бэрхшээлийг даван туулах сэтгэлийн зориг, хатуужилтай, улам төгс төгөлдөр болгодог. Тэвчээр танд шагнал авчирдаг. Тэвчээр хүч чадлаас илүү амжилт дагуулдаг. Тэвчээр нь таны зөв байсныг, ялалт нь таных байсныг баталдаг. Тэвчээр нь муу муухайгаас хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Гадаа хүйтэн болоход улам дулаан хувцас өмссөн хүн даардаггүй. Үүнтэй адил муу муухай зүйлтэй тулгарах тусам, тэвчээр хатуужлаа улам нэмэгдүүлж байх юм бол тэр таны оюун санааг самууруулж, уцаарлуулах хүч чадалгүй болно шүү. Та цаг үргэлж тэвчээрт суралцаарай!

ТЭВЧЭЭРТЭЙ МОНГОЛЧУУД Л ЭНГИЙН БИШ АГУУ АМЬДРАЛААР АМЬДАРЧ, ЭНГИЙН БИШ АГУУ МОНГОЛ УЛСЫГ БАЙГУУЛЖ ЧАДНА!

ЗОХИОГЧ ЛХАГВАСҮРЭНГИЙН ЭНХЦОГ
enkhtsog@ldpmongolia.org


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.