04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Ц - ЦАГ ХУГАЦАА

Цаг хугацааг өнгөрсөн, одоо, ирээдүй гэж ангилдаг ч хүн өнгөрсөн рүүгээ зорчиж байсангүй, ирээдүй рүүгээ аялж байсангүй. Амьдрал зөвхөн одоо цагт л өрнөдөг. Одоо цаг бүр өөрийн ер бусын боломж, онцгой нөхцөл байдалтайгаа дахин хэзээ ч давтагдахгүйгээр, хэнийг ч үл хүлээн өөрийнхөө эрчмээр үргэлжлэн өрнөх тул амьдралын сайн сайхан бүхнийг авахад амьдрал даанч богино.

Өнгөрсөн бол түүх. Ирээдүй бол зорилго. Одоо бол Бурханы бэлэг. Тиймээс бид Одоо гэж нэрлэдэг. Одоо ... өнгөрсөн ба ирээдүйн торгон зааг, биеэ таньж өөрийгөө хөгжүүлэх эгшин, маргаашаа бүтээх алтан боломж, ялагч болгох алдрын титэм. Тиймээс цаг бүхэн боломж. Боломж бүхэн Хариуцлага. Хариуцлага бүхэн үүрэгтэй. Үүрэг бүхэн эрхтэй. Эрх мэдэл бүхэн (хүн, хөрөнгө, санхүүгийн) нөөцтэй. Хүн бүрт тэгш өгөгдсөн хамгийн үнэтэй хөрөнгө бол цаг хугацаа.

Та гэртээ байхдаа 100% гэртээ байж, ажил дээрээ байхдаа 100% ажил дээрээ байж, машин барихдаа, хүнтэй ярихдаа 100% одоо цаг дээр төвлөрөөд нэг үзээрэй. Хэдийгээр бүхнийг хийх хангалттай цаг байдаггүй ч гэсэн, хамгийн чухал ажлаа хийх цаг бидэнд хангалттай байдаг. Амжилттай нэгэн байсанаараа цагийн менежменттэй нэгэн болчихдоггүй. Харин цагийн менежменттэй байх нь таныг амжилтын эзэн болгодог.

Зогсолтгүй эргэх цаг хугацааны хүрдэнд бүх юмс тодорхой хугацаанд оршиж, удалгүй элэгдэн хуучирч, бас нөхөн төлжиж, эргэлт буцалтгүйгээр цаг хугацааны шинэ орчил, шинэ шинж чанарт шилжиж байдаг. Хүн төрөлхтөн ирээд буцах ахархан амьдралдаа хязгаарлагдмал цаг хугацаанд шахагдан, сайжруулах шаардлагатай нөхцөл байдалтай байнга тулгарсан ч, шийдвэрлэж чадаж байснаараа илүү хөгжингүй соёл иргэншил, илүү сайхан амьдрах орчин нөхцлийг үе залгамжлагчиддаа өвлүүлсээр иржээ.

Хүн улам бүр нийгэмшиж, соёлжихын хирээр цаг хугацааны үнэ цэнийг төдий чинээ өндөр үнэлж, бага хугацаанд илүү ихийг бүтээж, тооноос чанар руу шилжих шинэчлэлийг хийдэг ажээ. Шинэчлэл бүхэн бүтээлч шийдлээр эхэлж байсан ч бүтээлч шийдэл бүхэн шинэчлэл болж байсангүй. Шинэ юм гэж сайтар мартагдсан хуучин зүйлийг хэлдэггүй, харин дутагдлаа зассан хуучин зүйлийг хэлдэг. Шинэчлэл урт удаан цаг хугацаанд хэвээр байхаараа уламжлал болон хувирдагч шинэ цаг үе, нийгмийн шаардлагаар улам бүр боловсронгуй болж, баяжин хөгждөг нь хорвоогийн жам ажээ.

Уламжлал соёл чухал боловч хөгжил дэвшил илуу чухал. Хөгжил дэвшил чухал боловч тусгаар тогтнол хамгаас илүү чухал. Тусгаар тогтнол чухал боловч хоцрогдол, хоосрол, хожимдол, хуучралаасаа өөрчлөлт шинэчлэл нь цаг хугацааны сорилтыг илүү давдаг. Тийм учраас нэгхэн амжилтанд сэтгэл ханалгүй, нээх тэнүүн сайхан таатай орчинд умбаад байлгүй, нэг үйлдлээ нөгөөгийнхөө суурь болгож, цаг үргэлж өсөн хөгжиж, өөрчлөгдөн шинэчлэгдэж байж, цаг хугацааны их урсгалд оршин тогтнохоос өөр замгүй.

Улиран өнгөрөх цаг хугацаа та биднээс сэтгэлгээний том шинэчлэлийг шаардаж байна. Улс орны хөгжлийн чиг баримжааг инфляцийн өсөлт бууралтаар тодорхойлдоггүй, харин оюун сэтгэлгээний шинэчлэлээр тодорхойлдог. Сэтгэлгээний шинэчлэл бол цаг хугацааны шалгуур байдаг. Хүн сэтгэлгээгээ шинэчилж байж л амьдралын бүх хүрээнд, нийгмийн бүх салбарт тулгамдаж байгаа олон асуудлыг аргалах амар хялбар арга замыг хайхын оронд, стандартын шинэчлэл, хуулийн шинэчлэл, мөнгөний бодлогын шинэчлэл, цагийн менежментийн шинэчлэл гэх зэргээр даван гарах бүтээлч шийдлийг тунгаан боддог. Өөрийгөө өөрчилсөн нэгэн бусдыг өөрчилдөг бол сэтгэлгээгээ шинэчилсэн хүн цаг үеээ шинэчилдэг.

Цаг хугацааны үнэ цэнэ нь мөнгө биш харин хүний амьтай дүйцнэ. Хүн улам их мөнгөтэй болж болдог бол хэзээ ч улам их цаг хугацаатай болдоггүй, улам залуу болдоггүй. Мөнгийг алдсан ч, дахиж олж болдог бол алдсан цаг хугацаа амьдралд дахин олддоггүй, эргэж ирдэггүй. Хүний амь насыг ч, Цаг хугацааг ч мөнгөөр үнэлье гэсэн ч жинхэнэ үнэ цэнийг хэзээ ч төлж чадахгүй. Цаг хугацаа бол амь нас шиг дахин давтагдашгүй гайхамшиг, хайрлан дээдэлбэл зохистой хамгийн эрхэм баялаг.

СЭТГЭЛГЭЭГЭЭ ШИНЭЧИЛСЭН МОНГОЛ ХҮН ЯМАР Ч ӨНГӨРСӨНИЙГ ТУУЛСАН БАЙСАН, ХИРГҮЙ ТУНГАЛАГ, ГЭРЭЛ ГЭГЭЭ ГЯЛБАСАН ИРЭЭДҮЙТЭЙ БОЛЖ ЧАДНА!

СЭТГЭЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛ ХИЙСЭН МОНГОЛ УЛС ДЭЛХИЙ НИЙТИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГААС ДУТАХГҮЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ БАЙЖ ЧАДНА!

АГШИН БҮРИЙГ БҮРЭН АШИГЛАЖ, ХОСГҮЙ АМЖИЛТЫН ЭЗЭД БОЛЦГООЁ!

ОЮУН СЭТГЭЛГЭЭГЭЭ БАЙНГА ШИНЭЧИЛЖ, ХӨГЖИНГҮЙ МОНГОЛЫН БАХАРХАЛ НЬ БАЙЦГААЯ!

ЗОХИОГЧ ЛХАГВАСҮРЭНГИЙН ЭНХЦОГ
mongolia_enkhtsog@yahoo.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.