04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Х - ХАЙР

Хайр зүрхэн тушаа хөндүүрлэх хамгийн дулаан энерги. Хайр хүн яагаад бүтээгдсэн, юмс яагаад оршин байгаагийн шалтгаан, бүхний эхлэл, бүх зүйлийн үндэс суурь. Хайр амьдралын эрхэм зорилго, утга учир, аз жаргалын түлхүүр, гайхамшигийг бүтээгч. Гайхамшиг гэснээс гайхамшигийг хүмүүс тэр бүр мэдрэхгүй их бага гэж дүгнэх боловч, гайхамшиг нь өөрөө гайхамшигт чанараа үүрд хадгалдаг нь үнэхээр гайхамшигтай.

Хайр бол Гэрэл. Гэрэл өөрийн чадлаас хамааран 40, 60, 100, 1000, 5000, 10000 ваттын гэж байдаг шиг хайр 8 төвшинтэй, болзолт болзолт бус гэж байх. Хайр өөрийгөө хайрлахаас эхэлж, гэр бүл, найз нөхөд, улмаар эх орон, энэ дэлхийгээ хайрлах хайр болон өргөжин тэлдэг. Хамгийн хол, хамгийн тод асдаг гэрлийг магадгүй Жинхэнэ Хайртай зүйрлэж болох аж. Айдас харанхуй, үзэн ядалт бол харгис. Тэглээ ч гэсэн гэрэл асахад харанхуйн ул мөр байхгүй болдог шиг хайр хатуу зүрхийг гэсгээдэг, хамгийн хүнд шархыг ч эдгээдэг, эвдрэлцсэнийг ч эвлэрүүлдэг. Хайр хамгийн аугаа хүч чадал.

Хайр үгүй хүн сохор, түүний ертөнц айдас, үзэн ядалтаар дүүрэн харанхуй ширэнгэ ой. Түүнд амьдралын зорилго, утга учир гэж үгүй. Өтгөн ойн шугуйн дунд урдах замаа харах гэрэлгүйгээр явж чадахгүйн адил хайр үгүй хүн амьдрахад бэрх. Тиймээс хүн бүрт хайр хэрэгтэй. Хайр бол хамгийн наад захын амин хэрэгцээ, хамгийн үнэ цэнэтэй зүйл. Харанхуйгаас ирсэний дараа ч гэсэн гэрлийн үнэ цэнэ нэмэгддэг. Хайр бол сая жинхэнэ АЛТ.

Хайр үгүй бол хичнээн их мөнгө байлаа гээд аз жаргал үгүй. Хайр байгаад мөнгөгүй бол амьдрах хэцүү. Мөнгө ба хайр нь тархи зүрх хоёр шиг, хоёр хөл, хоёр гар шиг хоёулаа чухал. Хайр зүрхэнд нутагладаг бол Мөнгө тархинд ургадаг. Тиймээс хүн тархиа ажиллуулж, зүрхээрээ амьдардаг. Хүний ухааны өргөн нь зүрхний гүнтэй тэнцүү билээ. Хайрлаж чаддаг, хайр дааж чаддаг хүн л сая жаргалтай амьдардаг. Энэ ертөнцөд та ганцхан хүн, харин ганцхан хүний хувьд та бүх л бүтэн ертөнц нь болох жаргал. Жинхэнэ эр хүн сая эмэгтэйд хайртай болдоггүй, харин нэг эмэгтэйг сая замаар хайрладаг; амьдралаа авч явах ухаантай байдаг. Жинхэнэ эмэгтэй хүн эр нөхрийнхөө дасгалжуулагч, дээш дэвших хүч байдаг; амьдралаа аврах тэвчээртэй байдаг.

Хүний нүд болор талст, Хайрын цагаан гэрэл болор талстыг нэвтрэн өнгөрөхдөө солонгорон, гоо сайхныг тодорхой харуулдаг. Хүн бүр өөрийн гэсэн гоо сайхантай байдаг. Гоо сайхан бол хайрын амт, Гоо сайхныг бүтээнэ гэдэг урлаг. Муухай хүн болгон муу биш. Сайхан хүн болгон сайн биш. Хайр нэг удаагийн сонголт, насан туршийн шийдвэр. Нэг удаагийн цэнгэлээр нэг насны жаргалаа солих нь буруу. Мэдрэмжээр бус итгэлээр амьдрах нь зөв. Яаж хайрлахаас хэнийг хайрлах нь чухал. Ямар ч сонголттой тулгарсан хайрандаа үнэнч байх нь хүний ёс. Маргааш харамсах зүйлгүй амьдрахын тулд өнөөдөр зөвийг үйлдэх нь ухаан.

Хайр нь бүтээн байгуулах зохистой байдалд хүрэх өгсүүр замд үйлчлэх хамгийн сайн шим тэжээл агаад ухамсарыг хөдөлгөн, оюуны нөөц чадавхийг сэргээж, үйл ажиллагаанд оруулдаг. Хүслэнт зорилгодооо хүрч байвал ямар ч үр дагавар байлаа ч гэсэн аз туршихаар хүнийг маш хүчтэй эзэмддэг энэхүү хайрын аугаа их хүчийг бүтээлч үйлс, чанартай амьдралын гольдролд чиглүүлбэл та магад асар хурдан амжилтанд хүрнэ.

Хайрын зорилго нь өөрийн хүсч байгаагаа авах бус харин хайртынхаа хүсч байгаа тэр хүн болох явдал байдаг. Хайрын төлөөх амьдрал үр хүүхдүүддээ өвлүүлж болох хамгийн үнэ цэнэтэй өв хөрөнгө байдаг . Хайр, үнэнч сэтгэлийг өөрөөр хэлвэл сахилга бат, дуулгавартай байдал гэж болдог.

Хайр бол хамгийн гүн үндэслэдэг хамгийн олон салаа мөчир ургуулдаг, хамгийн олон төрлийн жимс өгдөг, хамгийн сайхан хамгаалалт болдог, мөнх наст МОД. Хайр хэзээ ч хариу нэхдэггүй, хэзээ ч урвадаггүй, бас дуусдаггүй. Хайр уурладаггүй, атаархдаггүй, зохисгүй авирладаггүй, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр мөнхөд оршдог бөгөөд хайргүй болсон хүн гэж байдаггүй, сэтгэлээ гээсэн хүн л гэж байдаг. Зүрхэндээ тарьсан хайрын үрээ сайхан мод болтол нь өдөр бүр услаарай. Урган байгаа саглагар сайхан модоо өдөр бүр арчилж, хамгаалж, тордож байгаарай.

Хайр бол Бурхан. Бурхан бол хайр. Хайраар илэрхийлбэл үнэн. Хайраар үйлдвэл зөвт байдал. Хайраар бодох нь амар амгалан. Хайраар ойлгох нь эв нэгдэл. Хайр хамгийн төгс чанар. Тиймээс хайраар яръя! Хайраар сэтгэе! Хайраар амьдаръя! Амьдралаа хайраар гэрэлтүүлье!

ХАЙРЛАЖ ЧАДДАГ, ХАЙР ДААЖ ЧАДДАГ ХҮН Л ЧАНАРТАЙ БАС ГЭРЭЛТЭЙ АМЬДАРЧ ЧАДНА!

МОНГОЛОО ЧАНАРЖУУЛЪЯ, БАС ГЭРЭЛТҮҮЛЬЕ!

ЗОХИОГЧ ЛХАГВАСҮРЭНГИЙН ЭНХЦОГ
enkhtsog@ldpimongolia.org


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.