04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

"Ачигчаас-Дарга болсон минь" (дурсамж)

1988 оны намрын нэг өдөр би ажлаасаа халагдлаа. Олон нялх  хүүхэдтэй учир цэргийн байгууллагын цалин хаана ч хүрэхгүй учраас халагдая  гэтэл Дивизийн захирагч өөдөөс халахгүй харин дэвшүүлж ажиллуулах юм яриад явчихав. Гэвч Дивизийн захирагч амралтаа авсан хойгуур худал, үнэн эмнэлгийн бичиг гаргуулж байгаад   -р ангийн тагнуулын салааны захирагчийн ажлаа өглөө.  Ажил хайж эхэллээ. МXЗЭ-ийн Хорооны дарга, зааварлагч, боловсон хүчний байцаагч, биеийн тамирын багшийн ажилууд олдож байлаа гэвч цалин нь адилхан учраас хийсэнгүй.Нэг л их мөнгөтэй ажлыг 2 алгаа хорстол хиймээр санагдаад байлаа. Нэг өдөр автобусан дотор явж байтал 2 хүн хоорондоо ярьж байнаа. Найз нь Материал Импекс Хангамжийн Нэгдэлд ачигч хийж байгаа 14 хоногт бараг 1000 хүргэж авдаг гээд ярьж байна.

Нөгөөх нь тэр газар чинь хаана байдаг юм бэ? гэхэд яагаав 10-р хорооллын  урд талын томоо хашаанд байдаг гэж байна. Би дараагийн буудал дээр бууж эргэж автобусанд сууж 10-р хорооллыг зорилоо.

Цэргийн дүрэмт хувцас өмссөөр байгаад энгийн хувцасгүй шахам болсон бөгөөд ганц цайныхаа костюм пиджакыг индүүдэж, индүүдэж өмсөөд явж байгаа минь энэ. МИХН-ийн Боловсон Хүчин гэсэн өрөөний хаалгыг тогшлоо. Пэрэнлэй -Самбуу гээд буурал толгойтой ах сууж байна. Би ачигчийн ажилд орох гэсэн юм гэхэд хөлөөс толгой хүртэл харсанаа, чи чадахгүй ээ хүү минь, харин Боловсон хүчний Туслах 650-н төгрөгний цалинтай ажил байна гэлээ. 720-н төгрөгний ажил голоод явж байгаа хүн чинь юу гэж хийхэв дээ. Үгүй, ачигч л хийе гэвэл, хүү минь тэд нар чинь голдуу "Ааваас" ял эдэлж гарч ирсэн хүмүүс чи тэдний энд хүрэхгүй зүгээр л миний үгэнд ор гэхэд би зөрсөөр байсан учир савтай цементийн бригадын дарга Нямдорж гэдэг хүнд бичиг хийж өгөөд маргааш өглөө ажилдаа ирээрэй гэв. Маргааш нь ажилын хувцас байхгүй учир цэргийн ногоон хувцасныхаа пагон(мөрдөсийг) хуулж аваад, хромон гутлаа өмсөөд явлаа. Ингээд эхний өдөр вагонд орлоо. Нэг вагон цемент 66 тонн, 3-хүн орохоор 22 тонныг тус бүр зөөх нормтой гэнэ. 1 уут цемент 50кг жинтэй юм. Шоронд амь нэг хүмүүсийг "нэг гал" гаж ярьдаг бол энд 3 хүнтэй ажилын хэсгийг "нэг гар" гэж ярих ажээ.
Манай гард Өндөр Болдоо, Дарваан Батжаргал гэдэг 2 залуу байлаа. Энэ өдөр цементээ вагоноос складанд буулгалаа.  5-н тонныг зөөсний дараа нилээд их ядарч хамаг хувцас нэвт норж цементтэй хутгалдаж аманд  сул цемент зажлагдана. Духнаас дусах хөлс саарал цемент уруу пур хийн орж алга болно. Үдээс хойш 3-н цаг гээд нөгөө 2 маань нормоо дуусгаад яваад өгөв. Минийх талдаа л дөнгөж орж байлаа. Жаахан амраад суулаа.  Байнга гялалзтал тосолж цэвэрхэн өмсдөг офицер хромон гутал маань цементэд хутгалдан өнгө зүсээ алдаж зарим газраа халцарчээ.

Цагтаа цэргийн жагсаалын өмнө тас няс хийтэл алхдаг байсан гутал минь гэж харамсан харж байв.
Ер нь энэ ажлыг болъё гэж олон зуун удаа бодсон боловч нэгд-Нөгөөх их цалин бодогдоод хоёрт-хэдэн хүүхэд маань бодогдоод гүрийхээр шийдлээ. Оройны 9-н цаг гэхэд сүүлчийн хэдэн уут цементийг үүрэх биш өнхрүүлэн зөөж дуусгалаа. Хамаг бие хөндүүр, гар салганана. Нөгөөх айхтар хийгээд байдаг зодооны бэлтгэл сургууль энэ ажилын дэргэд зүгээр л юу ч биш болоод явчихлаа. Маргааш өглөө нь морь унаж холгуулсан хүн шиг майжигнасаар ажилдаа очлоо. Энэ ажилыг хийгээд хэрэггүй  гэж хань маань хориглоод намайг дийлээгүй юм. Ингээд эхний 1 сар бол "хүнд" гэхэд ч багадахаар 1 сарыг давж билээ. Заримдаа хоёулаа вагонд орвол 33 тонныг зөөнө. Зарим архагууд ганцаараа вагонд орж 66 тонныг зөөдөг ба Шувуу Төмөрөө, Хар Танк гэх мэт луухгарууд байдаг л гэнэ. Эндэхийн ажилын ердийн өдөр пургисан их цементээр эхэлнэ. Цементэнд гутал хувцас тэсэх биш нүүр амгүй цемент болсон хүмүүс ирсэн машинуудыг уралдан ачицгаан хашгиралдана. Аль олон машин дуудаж ачиж чадсан   Гар эрт ажил тарна гэсэн үг.

Эхний 14 хоногийн цалин 450- н төгрөг авав. Бусад хүмүүсийн цалингийн зэсийг хархад 800, 900, 1100 төгрөг байхыг хараад атаархах ч шиг. Хөхөө гэрлэх дөхлөө кинон дээр цалингаа авах гээд чемодан авч ирдэг шиг юм болоогүйд инээд хүрч явав. Эд нараас дутахгүй яаж ажилдаг болов вэ? гэдэг бодол тархинд байнга эргэлдэнэ. Ямарваа ажилд арга текник гэж байдаг учираас тэдний яаж ажиллаж байгааг сайн ажиглав. Ууттай цементний эсрэг 2 үзүүрээс барьж татаад өвдөгнөөсөө дээш гаргангуут эргэхдээ мушгин ташаан дээрээ тавьж  байгааг ажиглалаа.. Нэг өдөр хүмүүс ажил тарсаны дараа цемент өргөх, үүрэх арга барилтай болох гэж нилээд оролдлоо. Энэ мэтчилэн олон хоног оролдож овоо сурч авлаа. Ажилдаа болоод нилээд ч турлаа. 10-аар давхарласан цементнүүдийн дээдэх 2-ийг (100кг) ташаалдаж үүрч бусдыг нь нэгээр зөөнө. Савтай цементийг хагалахгүй шидэж хурааж сурлаа. Хийтэй шидвэл л хагардаг золиг юм.
Энэ их пургисан цементэн дотор амны маск зүүх ёстой байтал манай ачигч нар ер хэрэглэдэггүй байв.  Би амьсгаа давхацсан ч гүрийсээр яс хийж сурлаа. Хожим ачигч нараас нилээн хэд нь уушигны хатуурлаар нас барсандаа хөөрхий.

batzorig_26-н сарын дараа ачигч нарын ярьдагаар-би  яланд гангарлаа (ажилд сайжирлаа). Нэг удаа бээлийгүй ажиллaсан чинь хурууны бүгд өндөг цоорч  цус шүүрэн дотор нь цемент орж хорсгож байлаа. Цемент зөөсөөр байгаад (хэрэв нимгэн хувцастай бол /хажуу хавирганы хэсэг улаан нялга болж, цус, хөлс, цемент гурав наалдаж, холилдож гол таслахаа шахна. Орой гэртээ очиж нөгөөх шархаа хонины сүүл шарж байгаад түлж  боргошуулна. Даанч маргааш нь ахиад л хөлс, цементэнд задарчихна. Анх удаа ганцаараа амралтын өдөр 1 вагон 66 тонныг буулгалаа. Өглөө 5-н цагт ороод орой 6-д дууслаа. Болох юм байна гэдэг сэтгэгдэл төрж эхэллээ. Дээд боловсролтой ачигч гэж бараг байдаггүй байлаа. Нөгөө хэдийн маань ярьдаг сэдэв  хулгай, дээрэм, шоронгийн атамануудын тухай л ярина. Намайг ажилд сайжирч байгааг бүгд л ажиглаж байлаа. Нэг өглөө Хөтөлийн ганц вагонтай байлаа. 30-аад ачигчид ярьж байгаад тэр вагонд Шувуу Төмөрөө бид хоёрыг уралдуулах юм болов. Бооцоонд  нь 1 авдар архи    тавихаар боллоо. Буцах ямар ч арга байхгүй орлоо. Шувуу бид 2 зөөсөөр нөгөө хэд пиво уун сууцгаасаар. Мань хүнийг яагаад шувуу Төмрөө гэсэн бэ? гэхээр цемент үүрээд нисч байгаа юм шиг хурдан явдаг болохоор тийм хоч өгсөн хэрэг. Би дотроо  айж л байлаа. Үдээс хойш 4-н цаг болход вагонд хэдхэн уут цемент үлдлээ. Намайг хамгийн сүүлчийн цементээ үүрээд гархад Шувуу Төмөрөө сүүлчийнхээ 2 цементийг авахаар зөрж оров. Би цементээ чү гэж шидчихээд гараа өргөлөө. Шувуу Төмрөө ялагдсандаа итгэхгүй байгаа бололтой хамар нь сарталзана. Би нэг шилийг аавдаа өгөхөөр авч бусдыг нь тэдэнд өглөө. Шувууг дийлсэндээ би их баяр хөөртэй . Адраа ахынхаа ганц мэддэг дууг амандаа аялчихсан шиг алхаж явлаа. Ингээд ажилд сайн болж эхэлсэн маань зарим нэгэнд нь таалагдаагүйгээр барахгүй намайг нухчин дарах аргад шилжсэнийг би мэдсэнгүй. Нэг өдөр ажлаа дуусчихаад усанд ороод гараад иртэл нэг хүний мөнгө алга болсон хэрэг дэгдээд явчихлаа. Тэр нь явж явж атаман Тайвны мөнгө гэнэ. Сорви болсон царайтай булиа залуу ААВААС гарч ирээд удаагүй болохоор нөгөө хэд маань харцаар нь байдаг байв.
Гэтэл Чука, Баяка гэдэг 2 нөхөр бүгдийг нь нэгж л дээ гэж байна. Тэр 2-ийг халаасны хулгайчид байсныг би сонссон юм. Гэтэл Баяка нь шинэ хүнээс эхэлж нэгжие гээд миний хувцасны шкафыг онгойлгоод боодолтой мөнгө гаргаад ирэх нь тэр. Бүгд над уруу тэр дундаа Атаман аймшигтай харж байна. Бүгд усанд орж гарч ирээд дотуур өмдтэйгээ зогсоцгоож байлаа.

Тайван над уруу ойртож ирлээ, хэрэв намайг бариад авбал би яагаад ч дийлэхгүй, би аваагүй гэхэд одоо хэн ч итгэхгүй. Нөгөөх 2 залуу намайг яаж зодуулахыг харах гэж их ойрхон зогсчээ. Энэ 2-ын хатгуур оржээ гэдгийг би сая л ойлгов. Энд Сохорын газар сохроор гэдэг бичигдээгүй хууль үйлчилдэг билээ. Одоо маргаад ашиггүй өрсөх хэрэгтэй учир, хаалга түгждэг трубаг  шувт татаж аваад Тайванг 2 цохиод  унагачихлаа. Тэр жаал хэвтэж байснаа эр хүн шиг за би дийлдлээ. одоо болъё гэж дуугарч байна. Атаманууд ийм л зангарагатай байдаг ажээ. Тэгэнгүүт би даварч намайг хатгасан хоёрыг хэд сайн дэлсээд авлаа. Маргааш ажилдаа иртэл нөгөө 2 чинь яг л нохой шиг миний 2 талд дагаж   байлаа. Бусад ачигч нар надаас нэг л жийрхсэн янзтай харцгаана. Энэ өдөр Тайван ирсэн ч үгүй, намайг жаахан ширүүхэн дуугирхад бүгд  дуугарахгүй байна. Аа эд чинь айж байна гэж бодонгуут арай эвгүй  2-н  нөхрийг дуудаж шахмал ууртай дуугаар шинэ ачигч нарт туслаарай, дээрэлхвэл хохь чинь шүү! гэхэд бүгд толгой дохиж байна. Удалгүй бүгд миний үгэнд яг ордог болж сүүлд Тайван миний Жит-Кун-Догийн шавь болж билээ. Урт үстэй, Бакалын түрүү эргүүлсэн,эвгүй харцтай, айхтар ачигч боллоо би .   Нөгөө хэд шигээ ярьдаг боллоо. Хөөе хамаа, новшоо (бусад үгийг нь орхилоо) гэх мэт үг хэрэглэдэг болов
Уншигч та дандаа зодоон цохион ярих юм гэж бүү бодоорой. Тэнд л зодуулсан бол ахиж дээш гархад хэцүү байсан юм. Сохорын газар сохроор, доголонгийн газар доголонгоор гэдэгээр байхаас өөр арга надад байгаагүй юм.
Эрчүүдийн яриа гэдэг заримдаа ийм л байдаг хойно доо. Олон сарын дараа өөрийгөө анзаартал хэл  яриа , биеэ авч явж байгаа байдал нэг л бишээ. Заримдаа өөрийнхөө ажлыг нөгөө хэддээ ацаглаж хийлгээд мушгидаг болов.\ Хөзөр мурийтай тоголох\, хамгийн гол нь би архи , тамхи ердөө хэрэглэдэггүй байсан юм . За энэ ер нь дэндлээ гэж бодоод ажилаа өөрөө хийдэг болов. Нэг хүн хэсэг хүнд нөлөөлж болох юм байна лээ. Нөгөө хэдийгээ ажил дээр архи дарс ууж , мөрийтэй тоглодгийг болиулж, цалингаасаа тодорхой хуримтлал гаргаж ядуу амьдралтай нэгэндээ тусалдаг болов. Миний эрхэмлэдэг зүйл,- цэвэрч нямбай байх, үзэн яддаг зүйл маань- эмэгтэй хүнтэй бүдүүлэг харьцах. Тиймээс нөгөө хэдийг байгууллагын эмэгтэйчүүдтэй соёлтой харьцахыг байнга шаарддаг болов.

Ингээд би ажлынхаа тооцоог гаргаж үзвэл: өдөрт дунджаар 22 тонн цемент зөөдөг гэж бодвол 6 хоногт 132 тонн, сард 528 тонн, 1 жилд (амралтаа хасаад) 5808 тонн (багаар бодход) цемент үүрдэг тооцоо гарлаа.  Нэг удаа Намын Үүрийн дарга Хятадын тухай сонирхолтой  сонсгол лекц хийх хүн олддоггүй чи чадахуу гэж байна чаднаа гэлээ. Хагас сайн өдрийн өглөө болгон байгууллагууд сонин уншлага гэж хийдэг байв даа.
Би бэлтгэж эхэллээ. Хятадын цэрэг арми, тэр үеийн ард түмнийх нь ахуй амьдрал, Хятдад гарч буй шинэчлэлт зэргийг орос сэтгүүлүүд, Батлан Хамгаалах  яамнаас,энд тэндээс олон сонирхолтой мэдээ цуглууллаа. Мөн Мао-Зэ-Дун, Дэн-Сяо-Пин нарын улс төрийн гол уриа хэдэн өгүүлбэрийг хүнээр заалгаж хятадаар цээжлэв. Сонсголын өглөө боллоо. Индэр дээр МИХН-ийн захирал, орлогч захирлууд, Намын дарга нар эгнэн суужээ.  Хятадын талаар бүх мэдээлэл хаалттай байсан учираас хүмүүс их цугларсан байлаа. Ачигч нар хойгуур сууцгаана, угаасаа бид нарын байр тэр. Би ганц цайныхаа костюмаа өмсч гадуур нь цементэнд сааралтсан курткээ  нөмрөөд суулаа. Ийм лекцийг удирдах байгууллагаас дарга нар ирж хийдэг учир хүмүүс илтгэгчийг хайж ийш тийш  харцгаана. Намын дарга Сугар босч Хятадын  өнөөгийн байдал, цэрэг армийн тухай сонсголыг  Савтай цементийн бригадын ачигч П.Батзориг хийнэ гэхэд бүх хүмүүс ярсхийтэл эргэж харлаа. Намайг курткээ тайлаад индэр уруу алхахад гайхсан бас итгэхгүй энэ ч юув дээ? гэсэн олон нүд намайг харж байлаа.  Индэрийн Микрафоныг ойртуулсанаа би яриагаа эхэллээ. Эхлээд жаал шуугилдаж байснаа удалгүй бүгд нам гүм болцгоож анхааралтай сонсоцгоож эхэллээ. Миний үг, өгүүлбэр хамгийн арын суудалын хүмүүст хүрч, мэдэрч, тэмтэрч байх шиг санагдав. Ачигч нар маань  бүгд нүд нь бүлтийн харцгаана.Би нөгөөх цээжилсэн хэдэн хятад өгүүлбэрээ хэлж бас тайлбарлав. 30-минутын сонсгол 45-н минут болж сунжирлаа.  Үүнээс хойш Дарга,  ажилчидгүй надтай толгой дохидог боллоо. Миний тухай яриаг дам сонсвол: Энэ нөхөр чинь Хятадад тагнуул байсан гэнэ, Хятадад сургууль төгссөн гэнэ, хятад хэлэнд ус цас гэдэг цуу тарсан байлаа. Миний инээд хүрч л байв.

Үүнээс хойш нийт ажилчдийн   хурал дээр босч ачигч нарын төлөө үг хэлдэг, шаардлага тавьдаг боллоо. 2 жил шахам ажиллахдаа 14 хоногт 800-1000 төгрөгний цалин авдаг болсон юм. Удалгүй МИХН-ын орон тооны Үйлдвэрчний Эвлэлийн Хороон Даргад өрсөлдөх хүмүүсийн дунд миний нэрийг оруулсан байсан бөгөөд инженер мастер 4-н хүн өрсөлдөж би орон тооны анхны МҮЭ ийн хорооны дарга боллоо. Маргааш нь Үнэн сонинд гарсан байв. Ингээд ҮЭХ-ний дарга болж конторт (офист) суулаа. Тэргүүлэгч гишүүдээрээ хэдэн  зөнгөр  хөгшүүд авч тэдэнд түшиглэн  ажиллаж эхлэв. Ажилчидын орон сууцны хувиарт гарсан Но-г илрүүлж байр олгох шинэ журмыг захиргаагаар гаргуулж, ажилчидын хөдөлмөр, нийгмийн хамгаалтад төсөвт нэмүү мөнгө тусгуулж, хувцас солих амралтын байр бариулж, хөдөлмөр хамгаалалын хэрэгсэлийг шинэчилж, эмчийн үзлэгт оруулдаг болгож, жирэмсэн болон олон хүүхэдтэй эхчүүдэд олгох тусламжуудийг нэмэгдүүлэв. Энэ бүх ажлынхаа гүйцэтгэлийг  нөгөөх  хөгшчүүдээрээ хянуулж, хэрүүл ам байнга хийлгэж байж ажил маань овоо жигдэрч билээ.

Гэвч би гэдэг тогтворгүй амьтан 1 жил ажиллаад Монголын Жит-Кун-Догийн холбоогоо байгуулж спортоо хөөж энэ ажлаа орхисон юм.                                                                                      
Миний хамгийн аз жаргалтай мөчүүд цалингаа буухаар дэлгүүрээс хэдэн уут чихэр, жимс аваад , үр хүүхдүүддээ өгөхөөр гэр уруугаа алхаж явах...1992 онд миний бичсэн зүйлийг    найруулагч Сүхбаатар ах авч "Эвий хүү минь" гэдэг МУСК хийсэн бөгөөд Голд дүрд жүжигчин Эрдэнэцэцэг, Гансүхийн дүрд би тоголсон юм кинонд тоголох ч, над шиг амьтан загнуулсаар таарах юм билээ. Би ачигч нарынхаа амьдралаас сэдэвлэж бичсэн, өрөвдөлтэй түүх л дээ. Киноны дууг дуучин Болормаа дуулсан "Хорвоо буруутай гэж үү" гэдэг дуу юм. Кинонд тоголсон шагналын  мөнгөөрөө эхнэртэйгээ явж 4-н цүнх дүүрэн гутал, хувцас хүүхдүүддээ аваад очиж байсан миний жаргалтай мөчийн нэг юм. Нөгөө хэдийнхээ гутлых нь размерыг мэдэхгүй учираас хөлүүдийг нь гар дээрээ тавьж, байгаад үзгээр зураад авчихсан нэг худалдагч эгчид үзүүлэхэд баахан инээснээ тэр хавийн лангууны гутлуудыг  буулгаад ирж билээ. Би энэ кинонд тоглoж дуусаад л "Бадарчин-93" аялалдаа гарсан бөгөөд Киноныхoo нээлтэнд оролцож чадаагүй, хүмүүс их уйллаа л гэж сонсож байсан юм.

Ингэж хар бор ажил хийж явахдаа маш олон зүйлийг ойлгож билээ. . Ачигчынхаа ажилыг би одоо хүртэл хүндэлж, ачигчидаа дурсаж явдаг юм. Эндээс миний ойлгосон ганц зүйл -   ямар ч цагт хүн хүнээрээ байх ёстой" гэдгийг ойлгосон юм. Хожим амьдралын эрхээр Солонгос, Араб, Орос, АНУ -д хар бор ажил хийж явахдаа   цементийн  ачигчийн ажил шиг хүнд ажил хэзээ ч дайралдаж байгаагүй ээ. Зарим оронд хүнд гэгддэг ажлуудыг хараад ачигчийн минь ажлын хажууд  ТАЛХНЫ ҮРТЭС Л БАЙНА  гэж бодоод ханцуй шамлан тухайн ажлын цаана нь гардаг байлаа. Хүнд бүхнийг давaхад тэр ажил маань гэрэлт цамхаг минь болж байсан юм.

П.Батзориг- pbatzorig@yahoo.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.