05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

“Баавгайн анчин бүсгүй” (өгүүллэг)

(Сибирьт аялаж явахдаа сонссон түүхээсээ сэдэвлэн бичлээ)
Давтсан мөнгө шиг дугариг цагаан саран хүглийсэн  их тайгын дээрээс уйтайхан ширтэнэ. Тайгын гүнд хааяа нэг шар шувуу хүүглэн дуугарч,   цоx чарр хийн нисэн өнгөрнө. Ойн чөлөөнд хэдэн урц сүүдэртэн харагдах бөгөөд эргэн тойронд хотолсон олон цаа буганы  амнаас уур савсах нь сарны гэрэлд тодоос тод харагдана.
Модны сүүдэр барин чимээ чагнан, сэм алхаж яваа хүн бол Оймакан овгийн сайн анчин Килат. Тэрээр цааны арьсан унти гутлаараа өвс, хөвдөн дээр болгоомжтой гишгэлэн урагшлахдаа хамгийн захын урцыг тасралтгүй ширтэх ажээ.

Олз уруугаа үсрэх гэж буй чоно ингэж л гэтдэг болов уу? гэлтэй. Илга бүсгүй урцны нь гадаа хүн сэмхэн гишгэлэн явахыг сонслоо. Удалгүй цааны арьсан үүд сөхөгдөж сарны гэрэлд нэгэн хүн орж ирэх нь үзэгдэв. Килат урцны цоорхойгоор тусах сарны гэрэлд цааны арьсан нөмрөгний цаанаас эмэгтэй хүний үзэсгэлэнтэй царайг олж харлаа.

Унтаж буй бүсгүйн дэрэвгэр сормуус сарны гэрэлд сүүдэртэн улам үзэсгэлэнтэй харагдуулна. Тиймээ энэ бол түүний хүсч ирсэн тэр бүсгүй, Килат гараа зугуухан явуулж цааны арьсан нөмрөгийг сөхтөл бүсгүйн гар гялсхийн түүний хоолойнд хутга тулгаснаа Оймаканы өмхий амт Килат чамайг нэг л хөдөлвөл сүнс чинь тэнгэрт халина шүү! гээд хутганыхаа үзүүрийг Килатын гүрээрүү бага зэрэг түлхэв. Ийм юм болно чинээ бодоогүй бардам анчин эр харц буулган бүсгүйн гарыг дагуулан хархад эвэр иштэй Онтус анчны махир хутга хоолойд нь тулгасан байхыг сая олж харлаа.
Килат хүд хүд инээснээ нөхөр чинь баавгайд бариулаад сэг болсноос хойш чамд эр хүн хэрэгтэй байгаа биз дээ. Нөхөр чинь үxсэний дараа хадам аав чинь чамайг авах ёстой боловч тэр хөгшин буга шиг амьтан ийм залуу хүүхнийг яаж дийлэх вэ? дээ харин над шиг зоригт анчин эрээс татгалзахгүй юм байгаа биз  гээд нэг гараараа хүүхний хутгатай гарыг барьтал бүсгүйн нөгөө гарт бас хутга гялалзан Килатын баруун мөрөнд ишиндээ тултал зоогдов. Килат дуу алдан муу өлөгчин чоно чинь дүрчихлээ шүү! гээд баруун мөрөө барин тонгойлоо. Илга арагш ухран хоёр гартаа хоёр хутга барьсан чигээр нүд нь очтон гялалзах нь сарны гэрэлд Килатад аймшигтай харагдлаа. Илга, муухай өмхий амт чамайг ахиж нэг хөдөлвөл миний хутга зүрхийг чинь цоо хатгана шүү! гэж шүд зуун хэлхэд Килат урцнаас гуйвсаар гарч одлоо.

Маргааш өглөө нь Илгагын урцны үүдээр нялаасан цусыг харсан хадам эцэг доголон Сайнаги өвгөн толгой сэгсэрэн буцаж алхлаа. Энэ өдрөөс хойш нилээд хэдэн өдөр өнгөрч отог, овгуудын дунд Илгагын тухай амтай болгон ярьцгааж байлаа. Оймаканыхан хүчтэй эрчүүдтэй ,цаа буга олонтой учир ихэнх овгууд цаанаа дургүй ч наанаа дагалддаг байсан цаг билээ. Удалгүй хэдэн овгийн толгойлогчид цугларч Оймаканы сайн анчин Килатыг үхлүүт шархдуулсан хэргийн тухай шүүн хэлэлцэв. Урт саарал хөмсөгөн доороос хув шиг гялтайх нүдтэй Оймаканы ахлагч хөмсөг зангидан тэр муу эмийг отог омгоос хөөх эсвэл Килатад өгөх хэрэгтэй гэхэд урц тойрон суусан толгойлогчид толгой дохицгоолоо.
Маргааш нь мандахын улаан нарнаар олон овгийн хүмүүс цугларсан байх агаад Килат их л сүржин байдалтай Оймаканы ахлагчийн дэргэд зогсоно.
Дээд Отгийн бөө Хис -Ук шар шувууны өд хатгасан нөмрөгөө зассанаа гараараа дохиход цаа буганд буруу харуулж суулгасан бүсгүйг хэдэн эрчүүл хөтлөн авчирч овгийн ахлагчдын өмнө буулгалаа.

Тас хар гэзэг нь нүүр мөрийг нь бүрхэн унажээ. Бүсгүйн хоёр цоглог нүд задрах үсний дундаас тэдгээр хүмүүсийг ажиглаж байхдаа өөрийнхөө хийсэн зүйлд гэмших биш харин улам эрэмшсэн шинжтэй харагдана. Хис -Ук бөө босч цугларсан хүмүүсийг тойруулан нэг харсанаа Овгийн ахлагчдын цуглаанаас гарсан шийдвэрийг танилцуулж Килатад Илгаг эхнэр болгон өгөхөөр шийдсэнийг танилцуултал эмэгтэй хүний час хийсэн дуу бөөгийн яриаг тас цохилоо. Хурсан олон цочиж Илгаг гайхан харцгаав.   Зөвхөн эр хүний зөв эм хүний буруу байдаг гэдгийг лав тэнгэр эцэг хэлээгүй байлтаа. Зөв бурууг нь уг учигыг нь олоогүй байж ганц бие эм хүнд ял асууж болно гэж үү! Би Оймаканы хүнтэй сууж цусандаа булингар оруулахгүй ээ. Та бүгд мэдэж байгаа би болон манай Улу овгийн өвөг дээдээс дээр цагт тайгын иргэд хойт нугийг захирж байсан Монгол цэргүүдийн үр сад, монгол цустай хүмүүс гэдгийг.
Килаттай би яав ч суухгүй хэрэв тэр намайг авахыг хүсч байгаа бол намайг үхсэн хойно л миний хүүрийг аваг л дээ хэмээн цангинахад бүгд ихээхэн цочицгоов. Ихэмсэг зогсож байсан Килатын царай хүрлийгээд явчихлаа. Авгай, хүүхнүүд жиг жуг хийлцэнэ. Оймаканы ахлагч урагш давшлан  босч яасан зоргоороо ярьдаг эм бэ? чи, чамайг боолын боол болгосон ч яадаг юм бэ? гэхэд Илгагын нүд хилэнт чонын нүд шиг очитон гялалзсанаа арьсан хүрэмнээсээ эвэр иштэй богино хутга сугалан гаргаж ирсэнээ намайг боол болгох хүн байвал хүрээд ир л дээ хамтдаа тэнгэрт очиё гэхэд Оймаканы ахлагч ихэд зэвүүцэн арагш нэг алхам ухрав. Хэн ч дуугарсангүй чимээ аниргүй байдал нэг хэсэгтээ ноёрхолоо. Амаа таглуулсан Оймаканы ахлагч уур бухимдал нь багтаж ядан сууна. Хэсэг хугацааны дараа нам гүмийг эвдэн, бөө Хис-Укын хоолгой нургилж эхэллээ.
Энэ маргааныг зөвөөр шийдэх мэргэн аргыг тэнгэр эцэг сая надад шивнэлээ. Илга бүсгүй: Хак-Сыл ууланд байдаг хүзүү цагаан дошгин баавгайг алж  маргааш мандах нарнаар энд авчирвал Килатын эм болохоос чөлөөлөе, эс чадах аваас түүний эм болгон өгье гэхэд Оймаканыхан голлон уухай хашгиран дэмжлээ. Овгийн ахлагчид энэ шийдвэрийг бүгд дэмжсэн бололтой дуугүй тарцгаав. Бөөгийн цохолсон  хүзүү цагаан тэр том, баавгай нөхрийнх нь нүүрний арьсыг хуулан ар нуруун дээр нь тавьж, тал биеийг нь идчихсэн байсан тэр аймшигт араатан мөн гэдгийг таамаглаж байлаа. Нөхрийнх нь шарилыг амьтан шувуу идэж үгүй болоогүй байхад өөр хүний эм болох тэр тусмаа эртнээс өстэй Оймакан эр хүнд очино гэдэг түүний санаанд багташгүй зүйл байлаа.

Тэр баавгайг алж ирэхгүй бол Монгол цустай гэх Улу овгийнхны хувьд гутамшиг болох тул Хис-Ук бөөгийн энэ зальт хорон санаанд юу агуулагдаж буйг Илга сайн мэдэж байлаа. Түүнийг тэр догшин араатны амыг таслана гэхэд итгэх хүн тун цөөхөн байлаа. Илгаг хэн ч хөөрхий гэсэнгүй, хадам эцэг өвгөн сүүмийж цэхийсэн нүдээрээ Илгаг харахдаа амьд хүнийг бус аль хэдийн баавгайд бариулсан үхдэлийг харж байгаа мэт харлаа. Сарны гэрэл урцан дотор тусхад Илга явах цаг болсоныг ойлголоо. Тэрээр цаа буганы арьсыг нарыхан зүссэн  урт сураар хэвлий, цээжээ нягт ороож хамгааллаа. Ширэн бүс ороож 2 хутга зүүж гартаа охор хар жадыг бат гэгч нь атгалаа. Бага байхад аавынх нь хэлж байсан Зэвсэгтэй хүн гэдэг сайн анд нөхөртэй хүн гэсэн үг тиймээс айна гэдэг илүү шүү гэж хэлж байсныг дурсан бодлоо. Эцэг нь түүнийг хар багаас анд сургажээ. Бид хэдийгээр тайгын иргэд боловч өвөг дээдэс маань Монголчуудын үр ач учир бид   дайчин байх ёстой, чоноос илүү зориг ухаантай байж Монгол хүн байдаг гэж өвөг дээдэс минь ярьдаг байсныг мартаж болохгүй гэж ярьж байсан эцгийнхээ сургаалыг саналаа. Илга мэлтийх сарны гэрэлд жим дагасаар хадат уулын бэлд ирлээ. Олон анчин алж чадаагүй тэр аймшигт араатан энэ хад асганд л байх ёстойг зөнгөөрөө тэр мэдэрч байлаа.
Хад асгыг зугуухан нэгжсээр өмнө нь харагдах харанхуй нүхнээс ямар нэгэн амьтаны тасалдсан хүнд амьсгалахыг тэр сонслоо.
Илга салхины баримжааг ажиглангуут салхины доороос хянамгайлан мөлхөж эхэллээ. Илга амьсгаагаа түгжин харанхуй нүхийг тогтоон хархад баавгайн хар хоншоор цухиуж харагдав .
Илга баавгайг яаж нүхнээс гаргах, яаж алах талаар бодож эхэллээ. Гэвч Илгад өөрийн бэлдсэн нэгэн зэвсэг байлаа, энэ нь хориод ширхэг хурц үзүүртэй төмөр гадаснууд юм.

Илга баавгайг бөх унтаж буйг мэдээд буцаж мөлхөснөө илгэн уутнаас олон төмөр гадсаа цаадах хэдэн хуш мод хүртэл үзүүрийг нь дээш харуулан шороонд зоолоо. Баавгай ямар ч гэсэн арав орчим харайх хооронд нилээн хэдэн гадсанд урьд хойт савраа нэвт хатгах ёстой байлаа. Илга буцаж баавгайд дөхөснөө богино жадаараа   сарьсан хоншоорт нь нилээд хүчтэй хатгаад хашгирхад баавгай хүрхэрэн сэрэнгүүт нүхнээс огло харайн гарч  ирлээ. Баавгай даравгар том амаа ангайн архирхад уул хад нурах шиг болход хир баргийн хүн шээс алдахаар ажээ. Илга хэдийгээр зоригтой ч гэсэн хамаг үс нь хуйхтайгаа хийсч одох шиг санагдав. Илга гараа далалсанаа хуш модыг чиглэн гүйхэд баавгай Илгаг тас татахаар харайлаа Хуш модны дэргэд ирэнгүүт баавгай архирах биш харин муухай орилон урьд сарвуугаа хазлаа. Сарны гэрэлд урьд сарвууг нь нэвт хатгасан төмөр гадас гялтайж харагдана. Баавгай довтолгооноо зогсоож сарвуунд зоогдсон гадсыг хазан  хашгирч байх үед Илгагын охор хар жад баавгайн хавирганы дундуур ширтхийн орж онох ёстой оволзон хөдлөх зүрхний тольтыг нэвт сүлбэвээ. Хүглэгэр том баавгайн ам хэдэнтэй ангалзаад уул нурах мэт Илгагийн өмнө лүгхийн уналаа.
Маргааш нь болж овгуудын хүмүүс уван цугларсаар л ...
Оймаканы ахлагч Хак-Сыл уулын зүг саравчлан харж байснаа бага үд хүртэл хүлээгээд ирэхгүй бол хэдэн сайн анчин эрчүүд томилон Илгагын биенээс үлдсэн хэсгийг олж ирэх хэрэгтэй гэхэд эмэгтэйчүүд энд тэнд гинших  нь сонсогдов.

Ийн хүлээсээр бага үд өнгөрхөд ялангуяа Улу овгийхон нус нулимс болцгоолоо. Хис-Ук бөө босч уул уруу явах анчдын нэрсийг дуудаж эхэлтэл бөөн шуугиан дэгдэж хүмүүс нэг зүйлийг заан үймэлдэнэ. Уулын жимээр том хүрэн баавгай ирж яваа нь холоос харагдлаа. Бүх эрчүүд жад хутгаа барин отоонд хэвтлээ. Илга ч өнгөрчээ түүнийг идчихээд одоо бид нарыг идэх гэж байна гэж хэн нэг нь бувтнана.
Баавгай ойртон ирэхийг харвал амьд баавгай биш баавгайны арьсыг зөрүүлж тэвхэдсэн модон дээр тохож чирч яваа нь харагдав. Баавгайн данхайсан том толгой, араа шүд нь  ярзайх нь аймшигтай харагдана. Хурсан олон уухайлан хашгирч хөөрөн үсэрцгээлээ.
Илга баавгайн арьсыг модноос мултлан Хис-Ук бөөгийн өмнө шороо манартал хаяж дээрээс нь түй гэж нулимаад амьсгаагаа даран зогсов. Илгагын хувцас, гар хөл бүгд цус болж хатсан байлаа. Түүний зоримог хурц хоёр нүд уруу эгцэлж харах хэн ч байсангүй ээ. Энэ явдалаас хойш Улу-овгийн толгойлогч Илга бүсгүй болж, овгоо авч өмнө зүгийг зорин олон тайгыг гатлан нүүж одсон гэлцэнэ.
Магадгүй тэд Монгол Чонын улиан сонсогдох тэр газарт дөхөж очсон ч юм бил үү!

 

П. Батзориг

pbatzorig@yahoo.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.