04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

“Аско”

asko

Олон жилийн өмнө юм даа манайх Охайо мужийн Акрон гэдэг хотод амьдарч байлаа. Манай байранд Речил гэдэг хараагүй хөгшин амьдардаг ба түүний цорын ганц ам бүл нь Аско гэдэг нохой байсан юм. Речил гуай дэлгүүр явахдаа Аскогийн цээжний бэхэлгээнд холбосон урт бариулаас барьж нөгөө гартаа таягаа тулж явна. Аско хараагүй хүмүүст хөтөч хийдэг нохойн сургууль төгссөн үнэмлэхтэй нохой байв. Бас л хөгширтлөө олон жил Речил өвөөд нүд, хараа нь болж явсан ажээ. Манай байрныхан бүгд л Аскод их сайн. Манай хүүхдүүд бас эрхлүүлж л байдаг юм. Аско гэрлэн дохойгоор гарахдаа ногоон гэрэлийг хүлээж багаад асахаар нь хөдлөнө. Речил өвөөгийн хөлд тээгэлдэх зүйлийг ер андахгүй. Замын хашлаганд тулаад зогсох бөгөөд Речил гуай Аског зогссон болохоор ямар нэгэн саад байна гэж ойлгоод таягаараа тэмтэрч олоод хөлөө өргөж гарна. Байшингийн булан тойрохдоо Речил гуайг булан мөргүүлэхгүй гэж холуур зугуухан  тойрно.

Аскогийн харц бүхэн Речил гуайг хамгаалсан харц байдаг байлаа. Тэр хоёрыг явж байгааг холоос харж гараа даллан хүн мэндчилж байвал Аско 2 удаа хуцна энэ нь. Речил гуайд хүн мэндчилж байгааг мэдэгдэж байгаа хэрэг юм. Би сүүлдээ Речил өвөөтэй танилцаж, хааяа гэрт нь орж ярьж хөөрдөг болж билээ.
Миний аялсан аялал ялангуяа Банхарын маань тухай тэр сонсох дуртай бөгөөд Аско чи сонсож байн уу? Аялдаг сайн нохой байсан гэж байна шүү гэж ирээд л нохойтойгоо ярьдагсан. Тэдний хөргөгч, жорлон бүх өрөөний хаалганы бариулаас тохой хирийн хэмжээтэй бүдүүн олс уяатай байдаг бөгөөд Аско Речил гуайд эдгээр хаалгануудыг онгойлгохдоо хэрэглэдгийг би харж үнэхээр биширч билээ.Аскогын нүд нь нэг л ухаалаг  бөгөөд  намирсан хонгор шаргал үстэй нүдэнд дулаахан нохой байв. Тэр өвөл Речил гуай зүрхний өвчнөөр нас барж Аског холын хамаатныхан нь аваад явсан юм. Дараагийн хавар нь боллоо. Нэгэн бүтэн сайн өдрийн өглөө манай байрны гадуур хүмүүс цуглараад ямар нэгэн юм болсон бололтой байлаа.

Тэгтэл бага охин Анука маань уйлчихсан орж ирлээ. Аско гээд цааш үг хэлж чадахгүй болохоор би ч год үсрэн гарлаа. Доош бууж хүмүүс цугларсан 1 давхарт очиход Речил талийгаачийн 102 тоот хаалганы үүдэнд гулдайн хэвтэж байгаа хонгор шаргал үстэй нохойг олж харлаа. Зарим хүмүүс нулимсаа арчиж байх юм. Хөөрхий дөө. Аско маань зөнгөөрөө үхэхээ мэдээд гөлөгнөөс нь тэжээсэн хайрт эзэн, өөрийн гэр уруугаа зүтгэн зүтгэн ирж хаалгаа налан амьсгал хураасан байлаа. Байрны хүмүүс ирсээр л цугларсаар л....
Бүгд л сайн анд нөхрөө алдсан мэт толгой гудайн зогсоно. Нохой шиг үнэнч байна гэдэг үг ийм л учиртай ажээ. Адгуус амьтан ч гэсэн хүнд ингэж үнэнч байж чадаж байхад хүмүүс бид нар нэг нэгэндээ үнэнч байж чаддаг байх хэрэгтэй юм даа гэж бодон зогсож билээ.

 

П.Батзориг


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.