03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

“Нугасны муухай дэгдээхэй” (болсон явдал)

BabyDuck

Одоогоос сар гарны өмнө би дэлгүүр орчихоод гэр уруугаа буцаж явлаа. Дөрвөн замын уулзвар дээр иртэл урд талын машин маань явдаггүй зогсчихлоо. Мөн нөгөөх замын машинууд ч хөдлөхгүй болчихлоо. Би гайхаж урагш хартал дөрвөн замын уулзварыг чанх огтлоод хэдэн ангаахайгаа дагуулсан бор нугас алхаж явааг олж харав. Дагаж яваа дэгдээхэйнүүд нь өрвийсөн ёстой л нэг хөөрхөн амьтад юмаа. Үүрнээсээ бараг анх удаа гарч хорвоотой танилцаж байгаагаас гарцаагүй. Эхийгээ жаахан хурдан явахаар зэрэг хуйлраад нарийхан хөлөө жирэлзүүлээд дагаад л гүйцгээх юм. Ийм хөөрхөн амьтад гэж бас байдгаа гэж бодон өхөөрдөн харж байлаа. Тэнд зогссон бүх машины жолоочид бүгд л өхөөрдөж харж байсан нь гарцаагүй.

Нөгөө хэд маань замын голд орох үед хамгийн сүүлд явсан сөөвгөр ангаахай буцаад харайлаа. Хар хурдаараа жирэлзэн гүйж очоод нэг зүйлийг хэд зулгаагаадхав. Энэ үед ээж нугас чар чар гэж дуугархад зулгааж байсан юмаа орхичихоод буцаад л жирийлгэв.

Хэсэг овоо дагаж  явж байснаа ахиад л буцаад жирийлгэв. Миний инээд хүрч түүнд дороо нэр бодож олов. Бүрзээхэй.....

Бүрзээхэй, өт ч юмуу нэг зүйлийг хэд зулгаатал ээж нь урьдынхаас арай чангаар уурласан бололтой чар чар гэж дуудхад Бүрзээхэй буцаад л жирийлгэв. Лав тэнд харж байсан бүх хүмүүс инээсэн байх. Нялх амьтан гэж хорвоо дэлхийг уяруулж, нялхруулж байдаг хойно доо.

Яг энэ мөчид том тэрэг хүнгэнэн хажуугаар дайран орж ирээд дөрвөн замын уулзварыг чиглэлээ. Өндөрлөсөн спорт маягийн жийп машин яах ийхийн зуур хаазаа нэмлээ. Ажилдаа яарсан уу? эсвэл тэдгээр ангаахайнуудыг хараагүй юу ямар ч гэсэн зогсохгүй бололтой. Энэ дуунаас цочсон бололтой Бүрзээхэй замын гол уруу буцаад жирэлзэн гүйж гарав.

Машин ч замын голд ирхэд Бүрзээхэй яг доогуур нь орж байгаа харагдав. Яг л том дугуйны доогуур орчихлоо. Би дуу алдсанаа нүдээ аниад доош харав. Яадаг муу фашист бэ? дайрчихлаа шүү. гэж үглэж байлаа. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа ямар л юм харагддаг бол гэж зүрх шимшрэн хархад зам дээр дээш харан сарвалзаж байгаа Бүрзээхэйг олж харав. Тэр амьд байна. Ямар ч гэсэн амьд гарч, бэртсэн бололтой босч чадахгүй сарвалзаад л байна. Эргэн тойронд байгаа машинуудыг хальт хархад шоконд орж ам нь ангайж нүд нь орой дээрээ гарчихсан олон царай харагдав. Ээж нугас чар чар орилсоор Бүрзээхэй дээр гүйж ирэв. Гэвч Бүрзээхэйг босгож чадсангүй, тэр сарвалзсаар л.... Лав л бэртсэн бололтой. Гэтэл баруун талын замын эхэнд байгаа том жийпнээс  настай авгай, миний урд талын хөнгөн тэрэгнээс нэг годгор охин хоёр зэрэг гарч ирээд Бүрзээхэй дээр очив. Буурал үстэй эгч Бүрзээхэйг алган дээрэ тавьж бэртсэн газрыг нь хайж байгаа бололтой няхуур     ажиглана. Тэнд замаа хөөгөөд явах нэг ч жолооч байсангүй бүгд  Бүрзээхэйг сэтгэл зовон харж байлаа. Гэтэл хэн нэг нь Амьтны эмнэлэг, амьтны эмнэлэг яв гэж хашгирхад буурал үстэй эгч толгой дохиж байна.

Нэг залуу гарч ирээд эх нугасыг ангаахайнуудтай нь аюулгүй газар уруу туугаад явлаа. Нөгөөх годгор охин авгайтай ярилцаж байгаад хамт амьтны эмнэлэг явахаар болов  бололтой. Аваарт орсон хүнийг дамнуурган дээр авч явдаг бол Бүрзээхэй хүний алган дээр өргүүлээд эмнэлэг явлаа. Нөгөөх эгч бүрзээхэйг алган дээрээ тун болгоомжтой авч явсаар машиндаа суув. Миний урд талын годгор охин ч Хондагаа асаан авгайн машиныг дагав. Зүүн талын машинууд зай тавин Бүрзээхэйг авч яваа машиныг гаргалаа. Би тэр 2 машины араас харж байхдаа. Өө ямар сайхан сэтгэлтэй хүмүүс бэ? энэ жоохон амьтныг тоохгүй байж болно шүү дээ. Жижиг бие гэж байхаас жижигхэн амь гэж байдаггүй юм байна даа, энэ хорвоо ч сайхан сэтгэлтэй хүмүүсээр дүүрэн юм даа гэж бодов.

Тэнд байсан машинууд зугуухан хөдөлцөгөөв. Бүгд л дотроо энэ сэтгэл уярам үзэгдлэлийг бодсоор хөдөлцгөөсөн байх даа. Би жолоогоо мушгин хөдөлк байхдаа булан тойрч байгаа Бүрзээхэйгийн хөлөглөсөн жийпийг харж: Бүрзээхэй золиг минь золтой машинд дайруулчихсангүй шүү! чи яасан зүггүй монди вэ? зүрх зогсоочих шахлаа. Ахиад зүггүйтээд үзээрэй чи гэж Бүрзээхэйг сэтгэл дотроо загнаж билээ.

 

П.Батзориг


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.