04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

"Миний эхнэр, Хулгайч" (өгүүллэг)

123

Галт тэрэг жигд бүүвэйлэн хурдална. Цонхоор Сибирийн чилгэр хуснууд жирэлзэн өнгөрч хааяа ойн цоорхойд хуучин модон байшингууд харагдана. Галт тэргэн дотор дулаахан агаад тохилог. Манай купенд гэр бүлийн 2 буриад, нэг орос залуу, бид дөрөв Улан-Үдээс  хамт сууцгаасан билээ. Бид ч хоорондоо нэг их юм ярьсангүй явсаар гэр бүлийн хоёр маань Иркутьскт буулаа. Галт тэрэгний зогсоол дээр цас хуйсганана. Удалгүй галт тэрэг дохиогоо өгөн зугуухан хөдөлхөд уур цан болсон хот, зорчих хүн, машиныг харж явсан орос залуу бид хоёр дор бүрнээ юм бодсоор хэсэг чимээгүй явлаа. Галт тэрэг хотоос холдон цасан тал, их ойн дундуур довтолгоход харанхуй болж орчныг бүчин авав.

Гэтэл нөгөөх залуу маань ам нээн цэвэр Монгол хэлээр та хаа хүрэх вэ? гэж асуудаг байгаа. Би Москва явж байна, харин өөрийг чинь орос хүн гэж бодсон эндүүрчээ гэхэд инээмсэглэснээ аав маань Монгол, харин ээж маань Орос хүн л дээ гэснээ чемонданаа уудалж 1 шил цагаан юм гаргаад  ирэв. Би Красноярскт буух юм тэр болтол зай ч байна, ингэж уйдаж явахаар ахтайгаа танилцая ярьж хөөрье дөө гэхэд би ч дуртай зөвшөөрлөө. Эхний 3-н хундагыг танилцсаны төлөө гээд шахамдуухан явуулсан учир дор, дороо халж үг яриа цэлмээд явчихав. Одоо л би түүнийг тогтоож сайн харлаа. Бага байхад зурагтаар гардаг байсан Болгарын "Километр бүрд киноны Сергейтэй тун төстэй залуу байв.

Намайг Володя гэдэг би төмөр замд өссөн л дөө. Монгол нэр маань Болдоо гээд инээснээ, намайг бага байхад ээж маань ааваас салаад нутаг буцчихсан юм одоо хүртэл ээжийнхээ сургийг гаргаж чадаагүй л явна. Аав минь харин саяхан өөд болсон доо гэснээ нэг хундагалж өсгөсөн аавынхаа төлөө, төрж өссөн Монгол нутгийнхаа төлөө гээд нэг татлаа. Аав минь заримдаа нилээд халсан үедээ хөхөө шувуу өндөгөө бусдын үүрэнд орхиод нисдэг шиг ээж чинь чамайг орхиод л явсан даа гэдэгсэн гээд санаа алдав. Дүү нь хятад бараа дараад явж байна, Красноярскт амьдарч байгаа л даа. Эхнэр маань тэнд бий гэхэд нь эхнэр чинь тэгээд ямар, ажил төрөл эрхэлдэг, ямар хүн байдаг юм бэ? гэвэл Володя Эхнэр маань хулгайч гээд инээснээ дараах түүхийг ярьж билээ.

-Жигжид  цонхоор будрах цасыг ширтэн зогсоно. Енисеи   мөрөн дээгүүр уур манан савсаж гудамжны гэрэлд будрах цасны талстууд гялтганана. Энэ бол Красноярск  хотын шөнө. Жигжид Володяг хүлээж санаа зовж зогсоо нь энэ билээ. Аль өдөр л хоёулаа зах дээр салсан одоог хүртэл байхгүй болохоор санаа зоволгүй ч яахав. Володятай багаасаа найзалж нэг ангид сурч Төмөр замын хэдэн шар байшингийн дунд бага насаа өнгөрөөсөн хоёр билээ,. Хүн бүр ганзагын наймаанд явж эхэлсэн үед тэр хоёр ч гэсэн наймаа хийхээр Сибирийн хүйтэн хот  Красноярскт ирсэн нь энэ ажээ. Цаг гарны дараа Володя даарчихсан гараа үрчсээр орж ирэв. За яав нөгөө хэдэн тарваганы арьсаа өгчихсөн үү? гэхэд арьсаа ч өгчихсөн, харин жижиг хар цүнхтэй юмаа алдчихлаа дотор нь бага хэмжээний рубль, хамгийн гол нь миний паспорт байсан  юм гээд пааранд гараа ээв. Нөгөөх мөнгө чинь байгаа биз дээ гэхэд тэрийг өмдөн дотроо хийчихсэн байгаа л даа гээд дуугүй болов. Хоёулаа цонхоор Енисеи    мөрнийг ширтэн юм бодоцгоон зогслоо.

Энэ үед Красноярск  хотын өмнөд дүүргийн нэг навтгар шавар байшинд ийм яриа болжээ.

Уг байшинд цыган 3-н айл шахцалдан  амьдарна. Тэд зах дээр дуулж, бүжиглэж, мэргэлж төлөглөж, луйвардаж олсон зүйлээ зарах зэргээр амьдарцгаана. Гаднаас Элова зузаан ноосон ороолтоо гүвсээр орж ирлээ. Ширээн дээр цай ууж суусан ээж, бэргэн эгч нар дээрээ ирсэнээ өдрийнхөө олзыг ширээн дээр асгалаа. Эрээн хулдаас бүтээсэн ширээн дээр  цаг, түрийвч, бугуйвч гээд л баахан зүйл харагдана.

Энэ бол Эловагын өнөөдрийн суйлсан зүйлүүд ажээ. Лора авгай түрүүвчнүүдийг нэгжиж рублуудыг ширээн дээр гарган тавьсанаа нэг жижиг хар цүнхнээс хэдэн рубль, улаан өнгөтэй паспорт гаргаж ирэв. Паспортыг нээж аман дотроо уншиснаа Монгол улс гэнэ үү? хаана ч байдаг улс юм бэ? чөтгөр бүү мэд гэж мөрөө хавчсанаа паспортын эзний зургийг харж орос ч юм шиг, үгүй ч юм шиг гэхдээ царайлаг залуу байна шүү! гээд энэ паспортоор ч юугаа хийхэв дээ гай л болно гээд буланд байгаа хогийн сав уруу шидсэн нь онолгүй шалан дээр торхийн унав. Аза босч түүнийг хогийн  саванд хийхээр авсанаа саваагүйтэн нээж үзвэл нүдэнд дулаахан залуугын инээвхийлсэн зураг өөдөөс нь ширтэж байв. Аза паспортыг хаях гэснээ больж өрөөндөө авч ороод дахин сайн хархад гоё залуугын зураг дахин ширтсээр байсан учир яагаад ч юм бэ хаяж зүрхэлсэнгүй дэрэн доороо хийчихлээ. Аза энэ жил 18-н нас хүрч буй хонгорхон охин ч түүний цыган гэр бүлийн тэнэмэл амьдрал түүнд олигтой боловсрол олгоогүй билээ. Эгч Элова нь түүнд бүжиглэж, хүмүүсийг залилах ялангуяа халаас суйлж сургасан ажээ. Газар шүргэм эрээн даавуу даашинз намируулан гунхан алхах гоолиг бие, хөөрхөн царайг нь шохоорхсон цыган, орос эрчүүд олширч байсныг тэр яахан мэдэх билээ. Аза дахин паспортыг гарган хархад түүний сэтгэлдээ төсөөлж явдаг үлгэрийн хан хүү санаанд нь буугаад явчихав.

Яагаад ч юм бэ энэ залуутай нэг ч удаа болов уулзахгүй бол нэг л юм дутуу байх юм шиг бодогдож улмаар тэр бодол нь хуурай дэрсэнд гал орох мэт дүрэлзэн дариухан олж уулзах хүслээр солигджээ. Яаж олж уулзах вэ? Аза Эловад ойртож энэ цүнхийг хаанаас авсан бэ? гэхэд авсан захынхаа нэрийг хэллээ. Маргааш нь Аза нөгөөх зах дээр нь очиж хайсан боловч тэр өдөр олсонгүй. Дараагийн өдөр бас л нилээд хайсан боловч олсонгүй урам нь хугарсан амьтан явж байтал урд талд нь явж байгаа залуугын куртканы халааснаас түрийвчний булан цухуйж харагдах нь тэр. Хоёр өдөр халаас суйлаагүй Эловад загнуулахад бэлэн болоод байсан учираас тэр  залууд ойртон хүмүүсийн нүд хариулж байгаад суйлав. Түрийвчийг алчуурандаа нуунгуут хажуугаар нь хурдхан алхаад гарахдаа нүдний булангаар хартал нэг л танил царай харагдав. Ахиулаад хартал эрж яваа залуу нь дүрээрээ мөн байлаа. Өөрийн эрхгүй явдал нь удаашран зэрэгцэж алхлаа. . Өнөөх залуу гартаа савтай цай, хэдэн пирожки барьсан харагдана. Хэсэг явсанаа нэг лангуун дээр ирээд нөгөө зүйлээ татар ч юмуу буриад царайтай залууд өгөөд огт сонсож байгаагүй хэлээр хоорондоо ярьцгаав. Аза хэсэг харж байснаа ойртон энэ таны түрийвч мөн үү? тэнд унагаачихлаа гээд сарвайхад Володя яаран халаасаа дарж үзсэнээ нүд нь том болж баярлалаа, их баярлалаа гээд түрийвчээ авав. Аза түүнийг сайн тогтоож харлаа, зурган дээр байснаас ч гоё залуу байна гэж дотроо бодов.

Намайг Аза гэдэг чамайг хэн гэдэг вэ? гэхэд намайг Володя гэдэг би холоос яваа хүн л дээ гэж тэр залуу өөрийгөө танилцуулав. Аза дуугүй инээмсэглэж хэсэг харж зогсосноо баяртай гээд эргэв. Түүний сэтгэл нэг л хөнгөрөөд ямар нэг үл мэдэгдэх баяр хөөр сэтгэлийг нь бүчин авлаа.  Володя пирожкигаа   Жигжидэд өгөөд өөрөө ч нэгийг идэв. Гараа арчихаар алчуураа хайтал хатуу хавтастай зүйл гарт нь баригдахад гаргаад иртэл паспорт нь гараад ирэв.

Хоёулаа мэл гайхаж цэл хөхөрчээ. Аза түрийвчийг нь буцааж өгөхөөс өмнө паспортыг нь халаасанд нь хийснийг тэд яаж мэдхэв дээ. Маргааш нь Володя, Жигжид 2 тусдаа лангуун дээр бараагаа дэлгэж зогсоцгоолоо. Үд болход өчигдөрийн цыган охин дуулж бүжиглэж хүмүүс цугларч алга таших нь сонсогдоно. Володя ямар цовоо охин вэ? гэж хааяа харж байлаа.

Орой болж буух болход Володягийн бараа олигтой зарагдсангүй бараагаа хурааж байтал бүжиглэдэг  цыган охин ирсэнээ, царай чинь баргар байх чинь наймаа чинь өөдтэй болсонгүй дээ гэж асуухад Володя, за энэнд миний наймаа л дутаж гэнэ гэж бодсоноо чи өөрийнхөөрөө би өөрийнхөөрөө явбал сайнсан гэхэд охин тачигнатал хөхөрсөнөө, ганган залуу минь маргааш би нэг юм бодъё доо, наймаа чинь сайн байх болно гээд дэрэвгэр сормуусаа хөдөлгөн нүдээрээ инээвхийлсэнээ эргээд явчихав. Хажуугийн лангууны бүдүүн орос авгай энэ охиныг бид Кармен гэж дууддаг юм, яг Кармен дуурь дээр гардаг шиг гоё бүсгүй болно доо гэхэд Володя аман дотроо Кармен, Кармен гэж давтлаа.

Маргааш нь Володя, Жигжид 2 бараагаа дэлгэн мөн  л зогслоо. Энд тэнд хэдэн Монголчууд хятад бараа дэлгэсэн байх ажээ.

Нар гарч дулаарах үед цыган охин ирж дуулж бүжиглэж гарлаа. Хажууд нь хөгшин цыган өвгөн баян хуур хөгжим дарна.

Таборууд   талаар аялна

Таборууд  тэнгэрээр аялна гэж дуулан бүжиглэнэ. Гартаа жигжиг шагшуур хөгжим барин бүжигтэйгээ хослуулан шажигнуулна .  Хүмүүс нэмэгдсээр л...алга ташсаар л ...

Хэдэн залуус зөвхөн Азагийн туяхан бэлхүүс, уяхан хөдөлгөөнийг харж зогсоно. Аза дуулж байснаа Володягийн лангууруу зааж хүмүүсээ тэр залуугын зарж байгаа хүүхдийн хувцас хамгийн хямд, чанартай нь шүү гэж хашгирч байлаа.

Орой зах тарахад Володя ашиг ихтэй харин Жигжид базаасангүй буулаа. Аза энэ мэтээр хэдэн өдөр  Володягийн лангууны өмнө хүн бужигнуулсан учир бараа нь хурдан зарагджээ. Тэр хоёр ахиад л Монгол уруу бараанд явлаа. Аза хэд хоног зах дээр ирсэн боловч Володя харагдсангүйд сэтгэл нь нэг л хоосон оргиод явчихав. Арга ядаад дэргэдэх лангуун дээр зогсдог байсан орос авгайгаас асуухад Монгол уруу бараанд явчихсан удахгүй ирнээ гэв. Аза тэвчээртэй хүлээхээр шийдлээ. Нэг өдөр Аза сэтгэл нь гэгэлзсээр захын хаалгаар орход захаасаа хоёр дахь лангуун дээр зогсож буй Володяг олж хараад дотор нь уужрах шиг болов. Аза ойртон очисноо за ганган залуу минь үндсэн ажилаа хийхгүй яасан удав аа гээд инээмсэглэхэд Володя сая түүнийг харж бүжигчин жаахан охин минь сайн сууж байна уу! гээд хариу мэндэлхэд Аза дургүй янзтай бас жаахан гэчихжээ чи тэгвэл өвөө гээд хэлээ гаргахад нь Володя элгээ хөштөл инээвэл Аза улам хөмсгөө зангидахаар нь Володя инээхээ больж чамайг надад их тусалсан болохоор чамд бэлэг авчирсан, манай Дарханы үйлдвэрийн дулаан нэхий бээлий гээд хүрэн өнгөтэй үстэй бээлий өглөө. Аза баярлан үсэрч би яг золушка шиг болох нь ээ гээд бээлийг өмсөж дээр өргөн Володяд харууллаа. Энэ орой Аза Эловад салам загнуулав. Ойрдоо халаас суйлж мөнгө олоогүй нэг орос залуутай хэд хэд уулзсан гээд л толгой тархигүй авч гарав.

Чи зөвхөн цыган хүнтэй л суух ёстой, новшийн Оросуудтай санахын гарз шүү гэж харцаа ширүүсгэн харав. Үдэш болж шавар байшингийн том пийшинг налан Аза суух бөгөөд түүний дэрэвгэр сормуус үл хөдлөнө. Түүний оюун бодол тэртээ зах дээр Володягийн дэргэд оччихсон дуулж бүжиглэж байлаа.

Хонгор зүрх нь анх удаа зовиуртайгаар лугшин эзнээ зовоох ажээ. Хэдэн өдөр гэрийн хорионд орсон нь галзуурхад ганц хуруу дутуу гэгч л болж байлаа. 3 хоног гэртээ хоригдсоны дараа нэг сиймхийгээр Володягийн байдаг зах уруу гүйхээрээ очжээ. Гэвч Володя бас л алга байлаа. Тэр бодолд орон зогсож байтал Кармен гэж дуудхад эргэж харвал Володятай ойр лангуунд зогдсог орос авгай дуудаж байв.

Володя бас бараанд явчихсан харин чамд үүнийг өгсөн гээд хайрцагтай зүйлийг сарвайв. Хайрцагыг нээвэл Монгол хатны хувцастай модол хүүхэлдэй гарч ирхэд Аза дуу алдсанаа гараараа зөөлхөн илж царай нь гэрэлтээд явчихав. Авгай инээмсэглэн Азаг харсанаа даанч цыган айлд төрчихсөн юм даа гэж амандаа бувтнав. Хаалга цэлсхийн онгойж Аза багтаж ядсан баяр хөөртэй орж ирхэд Элова Качива хоёр түүнийг аль хэдийн хүлээж байлаа. Аза тэднийг харангуут хайрцагтайгаа ар талдаа нуухад Элова ухасхийн хайрцагтайг шүүрч авсанаа дотроос нь гоёмсог хувцастай хүүхэлдэйг гаргаж ирсэнээ, чи нөгөөх орос залуутайгаа уулзаад ирэв уу? гэж хашгирхад Аза үгүй тэр чинь Монгол залуу гэвэл Элова улам уур нь шатан Монголчуудыг ямар зэрлэг хүмүүс гэдгийг чи сонссон уу? гээд хүүхэлдэйг хоёр хувааж шалан дээр шидэв. Аза дуу алдан хүүхэлдэйг шүүрэн авахад Элова түүнийг үсдэн татлаа. Хэзээ ч эгчийнхээ үгнээс гарч байгаагүй Аза нүд нь хилэнт чоных   шиг болж эргэж Эловагын  үснээс нь зууран шалан дээр дарсанаа, Володяг ахиж доромжилвол би чамайг ална шүү гэж шүд зуун хэлэв. Энэ өдрөөс хойш Элова тэр гайтай залууг үзэн ядаж эхэллээ. Аав нь Одесст байдаг Размекийн хүүтэй Азаг гэрлүүлнэ гэж ярьж байгаа энэ үед Азаг тэрнээс нь хурдан салгах хэрэгтэй гэж бодсоноо нээрээ хүргэн ах Будулайгийн нийлдэг гудамжны атамануудаар түүнийг үхтэл нь зодуулж ахиж Азатай уулзахаас айдаг болгох хэрэгтэй гэж амандаа үглэж байлаа.

Үргэлжлэл  бий...


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.