04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

"Бурханаас Заяасан Хайр"(дурсамж)

Саяхан нетээр Энэтхэгийн талант  шоунуудыг үзэж суутал нэгэн бяцхан охины дуулахыг сонслоо. Тэр охины хоолой бол ёстой л бурханаас заяасан хоолой байв. Харамсалтай нь тэр охин хараагүй ажээ.
Түүний гайхалтай уянгалаг хоолойг сонсож суухад сэтгэлд ямар нэгэн гуниг төрөөд явчихав. Яасан сонссон дуу вэ? Хоолой нь ч тун төстэй юм гэж бодож өөрийн оюун бодол дотор байдаг лавлах хуудсуудаа эргүүлтэл тэртээ 1995 онд Энэтхэгт явган аялаж явхад тохиолдсон нэгэн үйл явдал сэтгэлд ургаад ирэв. Дуучин охины дууг дахин дахин сонсоход сэтгэл минь гунигаар дүүрч өөрийн эрхгүй санаа алдаж билээ. Хараагүй, дуучин охины энэ дуу намайг тэртээх олон жилийн өмнө буцаагаад аваачсан юм даа.
Энэ түүхийг уншигч тандаа одоо хүүрнэе .
Энэ бол гайхамшигтай дурлалын түүх юм.
- 1995 онд Монголоос-Энэтхэг хүртэл явган аялалд хол, бартаат замыг туулж Пакистанд хоёр ч удаа амиа тавиад туучихсангүй эсэн мэнд Пакистанаас Энэтхэгийн баруун хойт хилийн боомт Атари тосгоноор хил давав. Тэр үед Энэтхэг Пакистан хоёр Пенжабын хилийн будлианаас болж хилээр нэвтэрдэг хүн гэж бараг үгүй, Пакистанд гадаадын таван сурвалжлагчийг барьцаанд аваад байсан үе байлаа.

Хоёр улсын хилийн зурвас дотор муу Зенит аппаратаа гаргаж зураг дараадчихсан чинь 2 Пакистан цэрэг гүйж ирсэнээ миний зургийн аппаратыг шувт татаж аваад хальсыг нь гаргаж цувуулж гэрэл цохиулчихаад аппаратыг маань над уруу шидчихэв. Эндээс бушуухан алхасаар Энэтхэгийн хилийн хаалга уруу орход найрсаг сайхан угтаж билээ. Ингээд Энэтхэгийн нутагт хөл тавих маань энэ. Атари боомтноос холгүй орших хот бол Амритсар юм. Тэнд Энэтхэгт алдартай Алтан сүм гэж нуурын эрэг дээр байдаг үзэсгэлэнт сүмийг очиж үзчихээд орой болж байсан тул хоноглох буудал хайж эхлэв. Мөнгөө хэмнээд хямдхан буудалд л бууна тэр нь хэцүү, хэцүү.... ханаар нь том жоом, хорхой гүйлдээд л.. Хайж хайж нэг буудал оллоо. Хоёр давхар шавар байшин цонх нь шил гэж үгүй зүгээр л төмөр сараалжтай. Үүргэвчээ оруулж өрөөндөө тавьчихаад ойролцоох дэлгүүр орохоор гарлаа. Гэтэл нэгэн уянгат дуу чихэнээ хадав. Харвал Зочид буудалын урдуур өнгөрдөг замын цаад талд 2 хүн сууж байгааг олж харлаа. Залуухан эрэгтэй, эмэгтэй хүмүүс байна. Эмэгтэй нь дуулж, эрэгтэй нь мандалин шиг том хөгжим дарна.
Би алхаагаа удаашруулж дууг сонсоход үнэхээр уянгалаг гайхалтай хоолой байв. Дэлгүүрээс гадил жимс, ус авчихаад зочид буудлын үүдний сандал дээр суув. Бүсгүйн дуунд ховсдуулсан мэт би тэндээ суусаар л байв. Хажууд үүдний жижүүр өвгөн ирж суусаныг ч анзаарсангүй. Өвгөн тамхиа баагуулж байснаа сүүрс алдав. Би өвгөнд: гайхалтай дуулах юмаа гэхэд над урууа том харсанаа толгой дохив. Би аялалд явахаас өмнө хинди хэлийг бага зэрэг сурахыг оролдсон бөгөөд аялах газрынхаа хэл, ёс заншил түүхийг судлах нь үл ойлголцох бэрхшээл, зарим аюултай зүйлүүдэд өртөхгүй байх сайн талтай билээ. Өвгөн намайг овоо тоож хэл нэвтрэлцэх юм байна гэж бодсон уу, Энэ бүсгүй нь хараагүй юм шүү дээ гээд тамхиа соров. Тэгвэл тэр залуу нь бас хараагүй юм уу? гэвэл- Үгүй ээ тэр залуу нь баян айлын хүү гэрийхэн нь баян айлын охинтой сүй тавьсаныг үл тоон энэ гудамжны хараагүй, дуучин охинд сэтгэлтэй болж салахгүй болсоноос гэрийхэн нь орхиод Бомбэй   нүүгээд явчихсан юм. Энэ 2 эндээс холгүй амьдардаг, дуулж л мөнгө олдог юм тэгээд тэр сайхан амьдралаасаа татгалзчихсан залуудаа гэв. Орой болж гудамжны бүдэг гэрлүүд аслаа. Энэ гудамж бол үйлчилгээний гудамж, олон жижиг хоолны газар гадаа том зурагт тавьж кино гаргах бөгөөд хүмүүс хоол идээд л кино үзэцгээх юм. Нөгөө бүсгүй дуулсаар  л.. Би цонхон дээр сууж тэр уянгалаг хоолойг нилээн удаан сонслоо. Өр зүрх өвдмөөр гунигтай дуу дуулав. Орой болсон учир залуу бүсгүйгээ хөтлөөд гудамж уруудаж яваа нь гэрэлд тодхон харагдана. Хоорондоо хөгжилтэй юм ярьж хөхрөлдөн яваа тэр хосыг харсан хэн ч аз жаргалтай  гэж хэлнэ. Хорвоогийн хүмүүний амьдарал гэж олон янз юм даа. Зарим нь хайртай, дуртай гэж авч суучихаад хаяж, хуурч, зүрх сэтгэлийг нь өнчрүүлж байхад зарим нь хараагүй ч гэсэн хайрлаж, дурлаж ганц олдох насаа ингэж зоригтойгоор зориулж байдаг гэж бодож билээ. Энэ шөнө хөл маань туйлын хөндүүр болж хонов. Учир нь Пакистанд бэртсэн шагай маань хавдаж явах аргагүй болсон учир ганц, хоёр хоног эмчилж аваад хөдлөхөөс өөр зам алга. Монгол аргаараа шээсээр ороон жин тавив. Нар мандаж ,мандах ч гэхдээ битүү бүүдгэр тэнгэрээс нар улааж ёлтойно, халуун бөгчим гэдэг нь айхтар. Нөгөөх уянгат хоолой ахиад л хангинаж эхлэв.
Дуу сонссоор бараг үд дунд болсон учир хоол идэхээр хөлөө чирсээр гарлаа. Хямдийг нь бодож Чапати (гамбир) дотроо вандуйтайг нь авч идье гэж бодов. Миний зам явсаар нөгөө 2-ын дэргэдүүр өнгөрлөө. Хараагүй хүний нүд гөлийгөөд нэг ; амьгүй харагддаг бол энэ бүсгүйн дэрэвгэр урт сормуус тэр байдлыг нууж жирийн үзэсгэлэнтэй нүд шиг харагдуулна. Хуучин гандсан хүрэн сарины цаанаас зорсон юм шиг хүзүү, мөр ил гарч нумран  тахирлах хөмсөг, шулуун цэвэрхэн хамар гээд л сайхан бүхнийг энэ бүсгүйд бурхан хайрлалгүй бөөнөөр  нь өгчихжээ. Энэ домогт хайрын баатар болсон залууг тогтоон харлаа. Утар Парадеш мужийн гарлын байж мэдэх цайвардуу цагаан царай, тунгалаг хар нүдтэй бас л энэ үзэсгэлэнт бүсгүйд тохирохоор залуу байв. Бүсгүй хэсэг амсхийснээ дараагийн дууг эхэллээ. Миний хамаг ухаан бодол надаас салан дээш хөвөн, үүл хөлөглөн алсад одох шиг санагдав. Юун хоолонд явах түүнийгээ мартаад би дуу сонсохоор зогслоо. Тэр 2-ын өмнөх зэс саванд бараг мөнгө алга байсан учир би нилээд хэдэн рупи хийхэд залуу гайхаж харсанаа залбирав. Миний хөл, гар, нүүр царайг залуу гайхаж харна. Халуун нар салхинд явсаар хөл, гар маань Энэтхэгүүдээс хар бүр гялалзсан Танзаны харууд шиг болчихсон юм чинь. Залууд та хоёр их сайхан дуулах юмаа, бурхан өршөөг гэхэд залуу баярлалаа гэснээ миний өгсөн рупиг халаасандаа хийж хүн гуай та Сунариг маань харж байхгүй юу би хоолонд яваад ирье гэхэд нь чи наадах мөнгөө өөртөө хадгал харин энэ мөнгөөр 3-н хүний хоол аваад  ир  гээд бас хэдэн рупи сарвайв. Хоорондоо хэдэн юм ярьсаныг нь би сайн ойлгосонгүй. Залуу намайг Ражи гэдэг юм гэж инээмсэглэчихээд гудамж хөндлөн гарахаар алхав. Сунари бүсгүй надад хандан:

-Та сайн хараарай. тэр минь зам гарч байна уу? ойр хавьд нь машин ирж яваагүй биз
-Үгүй ээ
-Одоо тэр яг хаана явна
-Хоолны газар уруу орчихлоо
-Тэр маань яасан их удаж байна аа
-Хэдхэн минут болсон одоо удахгүй байхаа
-Одоо гарч ирсэн үү
-Үгүй байна
-За тэр гарч ирлээ
-Ахаа ойр хавьд нь машин байхгүй биз, зам гарч болохоор байна уу?
-Тиймээ, машин хол байна.
-Одоо зам гарчихсан уу?
-Тэглээ
-Ражийн хувас нь танд ямар харагдаж байна.
-Хувцас нь цэвэрхэн юмаа
Ражи хоол авчирлаа. Ах нь 2 дуутэйгээ хооллож байгаа юм шиг бид гурав хооллож гарав.
Сунари: хайрт минь чи яасан удав аа
-Хэдхэн минут болсон шүү дээ
-Үгүй ээ хэдэн сар болох шиг боллоо.

Ражи инээж чамайгаа үүрээд л явдаг байж гэхэд тэгэхгүй гээд л хоёулаа инээлдэв.
Хоол идэж дууссаны дараа Сунари би танд нэг дуу дуулж өгье гэхэд одоо хэрэггүй би дууг чинь зочид буудлын цонхоор зөндөө сонссон. Харин гурвуулаа танилцаж ярьж суувал ямар бэ? гэхэд Ражи толгой дохив.
Та 2 өөрсдийнхөө тухай яриач дээ гэхэд Ражи би их мөнгөтэй болж байгаад Сунаригаа хараатай болгомоор байна, хэрэв миний нүд таардаг бол өгчихмөөр л байна гээд инээхэд энэ инээдний цаана тэр нүдээ өгхөд бэлэн байгаа юм шиг санагдаж билээ. Сунари- Тэр ч яахав дээ Ражигийн харж байгааг би л харж байна гэсэн үг шүү дээ, нэг хүн юм чинь гэхэд Ражи үгүй ээ хайрт минь чамайгаа би хараатай болгох ёстой гээд духыг нь илхэд Сунари- хэрэв би хараа орвол хамгийн түрүүнд Ражигын ганган, сайхан байдлыг хараад ухаан алдах байхдаа гээд инээв. Тэгснээ, ахаа та үнэнийг нь хэлээрэй! Ражиг хир сайхан залуу гэж бодож байна гэхэд нь би асуултанд хэсэг тулгамдсанаа Энэтхэгийн Волливоодын одууд (Америкийн Холливоод л гэсэн үг) та 2-т хүрэхгүй юм байна гэхэд бөөн инээдэм боллоо. Сунари инээгээд л байв. Түүний инээх, ярих, дуулах нь хөгжмийн эгшиг гэлтэй.
Ахаа Ражи сая хоолоо гүйцэд идэж дуусгасан уу? гэхэд тийм тийм гэвэл заримдаа хоолоо надад өгөх гээд өөрөө хоосон байдаг хүн шүү! гэхэд Ражи санаа нь зовсон бололтой хөгжмөөрөө оролдов. Халуун шарж эхэлсэн учир тэнд удаан байж чадсангүй буудал уруугаа гэлдрэв. Буудлын цонхоор тэр 2 тодоос тод харагдаж байв. Дуунд бүүвэйлэгдээд унтчихжээ. Орой болсон учир нөгөөх 2 маань явчихсан байлаа. Маргааш өглөө хөл маань овоо гайгүй болсон учир Патанкот уруу явахаар зэхэв. Буудлаас үүргэвчээ үүрээд гарч ирхэд нөгөө 2 маань ирчихсэн дуулж байлаа. Тэр 2-той салах ёс хийгээд бас хэдэн рупи өгчихье гэж бодоод очив. Ражи хэзээний танил хүн шиг алга хавсран мэндлээд, буудалд байдаг ах ирлээ гэхэд Сунари таамгаар гараа өргөж мэндлэв. Сунари бүсгүй улаан сари өмссөн нь гудамжны дуучин гэхээргүй харагдаж байлаа. Ражи, та одоо хаа хүрэх вэ? гэхэд эхлээд Дарамсала тэгээд Дели орно дараа нь цаашаа хол явна даа гэхэд Сунари та замдаа сайн явж гэртээ хүрээрэй бид 2 энэ дууг танд зориулая гээд нэг дуу эхлэв. Хамаг ухаан бодол цэлмэн миний бүх судасаар энэ уянгат аялгуу урсан орж, би салхич шувуун болон тэнгис далайн дээгүүр элин халин нисэх мэт болов. Сунариг дуулж дуусхад  зэс саванд бас ахиухан хэдэн рупи хийхэд Ражи залбирсанаа танд их баярлалаа, дараа таныг манай хотод ирхэд бид 2 сайхан байшинтай болоод байна гээд танан цагаан шүдээ яралзуулан инээж билээ. Дашрамд би энэ хоёртой ярилцаж байхдаа олон удаа ярианы толь харж байсан юм шүү.
Тэр 2той салах ёс хийж, дараа уулзахын ерөөл хэлэлцээд гудамж уруудаж алхахад ард минь нөгөөх л уянгат дуу эгшиглэн амьдралын жаргал, зовлонг агаарт сийлж бичих  шиг санагдаж билээ. Би сүүлийн удаа эргэж хархад аз жаргалтайгаар биенээ түшин дуулж, хөгжимдөж байгаа тэр сайхан хосыг харж цаашаа замаа хөөсөн юм. Сэтгэлд минь  үүрд хоногшсон тэр аялгуу уянгалсаар л үлдсэн юм даа. Би компютерын дэлгэцнээс хараагаа зугуухан холдуулж Одоо тэр хоёр маань хаана явдаг юм болдоо гэж бодов. Тиймээ тэр хоёрыг хаана явааг бурхан л мэднэ. Яагаад гэвэл бурхан тэр бүсгүйд гоо үзэсгэлэн, уянгат хоолойг хайрласан мөртөө ертөнцийг харах, хайртай хүнээ харж баясах мэлмийг харамласан юм. Тиймээс Ражи, Сунари хоёрын байгаа газрыг ганцхан бурхан л мэднэ. Хайраа гэж.... Ямар их ид шид, хүчийг өөртөө агуулна вэ?

Жич: Алдарт жүжигчин Шару-Ханы тоголсон "Бурханаас заяасан хайр" гэдэг киноны зураг авалтыг Амритсар хот, Алтай сүмд авсан болохоор би энэ нэрийг дурсамжиндаа хэрэглэлээ.
Намастэ Хиндия

 

П. Батзориг


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.