05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

"Бадарчин-93 аялал" (дурсамж)

"Буцах Замдаа"
Манай аялал Сибирь, Аляска  Америкийн баруун эргийг туулж Мексикийн хил хүрч дууссан билээ. Аялал дууссан  учир бид буцаж Аляска орлоо. Тэндээсээ онгоцоор нисч Оросын Владивостокт буугаад цаашаа вагоноор Улан-Үдэ хүрэхээр төлөвлөв. Гэвч бидэнд мөнгө байсангүй. Аялал эхлэхэд л бараг мөнгөгүй гарсан юм. Монголын Арваад компани ивээн тэтгэхээр зурагтаар рекламдуулсан боловч цагаа болохоор бүгд нүүрээ буруулчихав.
Би засгийн газарт хандаж ерөнхий Сайд Жасрай гуай дээр ортол юун мөнгө төгрөг бараг загнуулаад гарлаа. За за Засгийн газар маань мөнгөгүй л юм байлгүй дээ гээд бид аялалдаа гарсан юм. Харин Монголоос Аляска хүртэл миний дүү П.Батмөнхийн өгсөн $1000-ыг бид хүргэсэн билээ. Америкд Сайн санаат  Америкчууд, өвөр Монгол, түвдүүд их тусалж билээ. Бид Аляскаас буцах зардлаа олох хэрэгтэй боллоо.


Биднийг дэмждэг хэдэн Америкчууд Анкоридж хотын ТВ-тэй ярилцан Аляскийн  бүх Бие Хамгаалах Урлагийн клуб, Холбоодыг оруулсан шоу хийж олсон мөнгөөрөө бид 3-ыг  нутаг буцаахаар  тохирцгоов. Удалгүй ТВ-ийхэн биднээс ярилцлага авч зарлал тарааж эхлэв. Ингээд шоу эхэллээ.

Том заал дүүрэн  хүнтэй, энд  болж байгаагүй л том шоу болов. Бие хамгаалах урлагийн тамирчид чадварлаг гоё тогололтууд үзүүлж байлаа. Мөн энд амьдардаг Улан Үдийн бүжигчин Таня гэдэг буриад бүсгүй Монгол бүжиг бүжиглэж үзүүллээ. Миний шавь Нацагням Жит-кун-догийн текникүүдийг үзүүлж, би толгой, тохойгоороо тоосго хагалж үзүүлэв. 6-гаас 60 насны хоорондох бие хамгаалах урлагаар хичээлдэг хүмүүс энэ шоунд оролцсон бөгөөд  тэдэнд өөрсдийгөө сурталчлах бас нэг боломж болох  шиг санагдсан. Үүдэнд 2 том цаасан хайрцаг битүүмжлэн тавьсан нь шоунд зориулсан мөнгө цуглуулах хайрцаг юм. Шоуг зохиож буй хэдэн Америкчууд  нөгөөх 2 хайрцагыг байнга л харцгаана. Хүмүүс мөнгө хийсээр л. Шоу төлөвлөсөн хугацаанаас 1 цаг хэтрэв. ТВ-ийхэн ч ирж бичлэг хийлээ. Ингээд шоу тарж бид  , шоуг зохион байгуулсан 5-н хүн бас биднийг  байнга дэмжиж байсан 20-иад хүмүүсийн хамт Спинард мотелдоо ирцгээв. Битүүмжилсэн 2 том хайрцаг  бидний дунд ширээн дээр байна. Бид 3-аас илүү нөгөөх хүмүүсийн түгшсэн харцнууд 2 хайрцаг дээр тусах ажээ.

Би Дэндэв гуайг та онгойлголдоо гэхэд, Та ахлагч шүү дээ өөрөө онгойлго гэв. Дэндэв агсан тэгхэд 59 настай байсан, Тамирчин, зохиолч, олон орны хэл мэддэг их зарчим ч, шудрага хүн байж билээ. Би хутга аваад 2 хайрцагыг задалхад зөндөө мөнгө асгарав. Хэдэн хүн яралзан хөдөлж мөнгийг тоолж гарлаа. Нэг хархад хэдэн хэсэг тэвхийсэн ногоон дэвсгэртүүд харагдав. Аргагүй шүү дээ манайхны ярьдагаар Самарканд  (бутархай) мөнгө учираас их харагдалгүй яахав. Бид гурвын онгоцны зардал $3000 болох ёстой байсан юм. Бүх дүн гархад $3060 боловоо. Бүгд ялангуяа нөгөөх зохион байгуулсан хэд маань баярлаж, үсэрч бөөн юм болов. Нөгөөдөр нь бид 3-ыг Анкорижийн онгоцны буудал дээр 200 гаруй хүмүүс гаргаж өгөхөөр ирлээ. Бүгд сайхан үг хэлэлцэн, хаяг утсаа солилцов. Гэтэл 2 том хайрцагтай юм барьсан хэдэн хүн ирж бид Анкорижийн төм эмнэлгээс явж байна. Энд эм тариа, протезүүд, аппарат хэрэгсэлүүд байгаа Монголын аль нэг эмнэлэгт бэлэглэнэ үү гээд өглөө. Нийтдээ $10,000-ын зүйлс байсан юм. Би савыг нь хоосон буцахгүйн тулд Аляска их хүйтэн газар юм харин хүмүүс нь халуун  дулаан сэтгэлтэй юм гэж хэлхэд бүгд их л хөгжилдөцгөөж билээ.

Бас хоёр хүн томоо цүнхтэй юм өгч Америкаас Израйль хүртэл явган аялж яваа хар лам Жорж гэдэг хүн Иркутьскээс хойш байдаг Вершинск тосгонд өвчтэй байгаа учир гутал, хувцас, эм тариаг хүргэж өгнө үү? гэхэд би заавал хүргэж өгнө гэж амлалаа. Биднийг онгоцондоо орох болход олон хүний халуун итгэл сэтгэл шингэсэн гаруудыг атгаж билээ. Олон цаг ниссэний дараа Оросын Владивосток хотод буулаа . Гааль дээр нь нөгөөх 2 хайрцагтай эм тариаг маань гаргадаггүй. Гаалийн, гурван бүдүүн орос авгай нар хураана гэж омогдож эхэллээ. Яагаад? гэхэд эм тариа дамлан худалдах гэж байна та нар гэв. Нэг авгай хэдэн даралтын аппаратыг энийг шалгуулна аа гээд аваад явчихав. Өө хөөрхий цагаандаа гарсан хүмүүс вэ? гэж бодлоо. Цаана байсан шалганы офицер дээр би очоод та даргаа дуудчихгүй юу? Надад чухал мэдээлэл байна гэхэд тэр утсаар даргаа дуудав. Удалгүй залуухан хилийн цэргийн дэд хурандаа ирлээ. Би  түүнд болсон явдалыг яриад энэ бол хүмүүнлэгийн зүйл , би одоо Москва дахь АНУ-элчин сайдын яаж уруу ярих уу? эсвэл Вашингтон дахь Оросын Э.С.Я-уруу ярих уу? гэхэд Дэд хурандаагийн царай улаагаад явчихав. Тэр эргэнгүүт больцгоо гэж хашгирхад 3-н бүдүүн авгай бондгос хийтэл цочив. Дэд хурандаа 4-н цэрэг дуудаж бүх зүйлийг тоо ёсоор нь дотор нь хийлгэж боолгуулаад та нар одоо хаа хүрэх вэ? гэхэд нь вокзал гэвэл машин дуудаж манай цэргүүд хүргээд өгнө, болсон явдалд уучлаарай гээд ёслов. Бид 3 вокзал дээр ирлээ. Вагон явхад 7-н цаг дутуу байв. Хэсэг суутал дуг хийчихжээ.

Гэтэл Жорж ламд өгөх том ногоон цүнх амь орсон юм  шиг шалан дээгүүр гулсаж байдаг байгаа. Нацагаа бид 2 зэрэг үсрэн цүнхэн дээрээ суухад 2 орос бандь цаашаа зугатаав. Тэгсэн нь урт төмөр утсаар цүнхийг маань гогодоод холоос татаж байсан аж. Үүнээс хойш бид 3 ээлжилж унтав. Вагон хөдлөх боллоо. Орох гэтэл үйлчлэгч авгай нөгөөх 2 хайрцагтайг буулгаад хаячихав. Яаж ч гуйгаад нэмэр алга. Адаг сүүлд нь хэдэн доллар гарт нь атгуулхад 2 хайрцаг маань вагонд орлоо. Вагон маань нийтийн хатуу вагон байв. Үйлчлэгч авгай наадах хайрцагтай юм чинь овор ихтэй учираас зорчигчдийн зааланд авч явж болохгүй би өрөөндөө хадгалаад Улан-Үдэ хүрэхээр өгье гэхэд баярласан гэж Аляскаас авсан түлхүүрийн оосороо бэлэглэв. Ингэж явсаар хэдэн өдрийн дараа Улан-Үдэ буулаа. Буудалд буугаад ачаа бараагаа шалгатал 2 хайрцагтайгаас хэдэн аппарат алга болсон байв.  Халамжит үйлчлэг эгч маань өрөөндөө тухтай шилэн сонголт хийснийг ойлгосон юм. Улан Үдэд ч ирлээ, нутгийн зах л гэсэн үг. Харин нэг том ажил үлдсэн нь хар лам Жоржийн том ногоон цүнхтэйг хүргэж өгөх ажил үлдлээ. Дэндэв гуай, Нацагаа хоёрыгоо буудалд үлдээгээд оройны вагоноор би хөдөллөө. Бас л хямдийг бодоод нийтийн вагонд суулаа.

Вагонд хүн цөөвтөр миний талд хүн байхгүй учир цүнхээ эсрэг орон дээр тавьчихав. Цонхны дагуу цуварсан сандалууд  дээр хэдэн орос авгай цаана нь 2 эрэгтэй 2 эмэгтэй Монгол хүмүүс харагдлаа. Вагон Байгал нуурын эргээр явсаар үүр цайхаас өмнө Слюдянка өртөөнд бага зэрэг зогсоод хөдлөв. Хэсэг явтал 2 орос 1 буриад залуус миний дэргэд ирж намайг харж байгааг би олж харлаа. Тэгсэн буриад биш Монгол залуу байна. Миний цүнх уруу зааж цүнхээ авъя гэхээр нь цүнхээ алдчихаад л хайж байгаа юм байх даа гэж бодоод өө энэ миний цүнх байгаа  юмаа гэвэл дуу нь бүүр өндөрсч наадах цүнхээ өгөөдөх гэж байгаа юм биш үү? гэж зандархад би сая л учирыг ойлгов.

Аа энэ чинь Оросуудтай нийлж зэлүүд өртөөн дээр Монголчуудаа дээрэмддэг нөхөр байх нь гэж бодонгуут зэвүү хүрээд явчихав. Чонотой нийлсэн гэрийн нохойнд яагаад Монгол хүн дургүй байдаг билээ, малыг барих замыг чононд нээж өгдөг болохоор л тэр шүү дээ. Нутаг нэгт маань гараараа алдлан миний гарах замыг хаажээ.  Асуудал ойлгомжтой, ам хэлээр шийдэхгүй юм байна, гэдгийг ойлгов. Би тактикаа өөрчилж элдэв эсэргүүцэл үзүүлэлгүй за за өгөхөөсдөө гээд босч түүнд ойртов. Гол нь ойртох хэрэгтэй байв. Гар хөлөөр цохих зай тун хомс учир өөр л юм бодох хэрэгтэй байв. Хамар, хөмсгийг нь онолдуулан хамаг хүчээрээ мөргөхөд тэр дуу алдаж уналаа, энэ агшинд зав өгөлгүй баруун талын орос уруу дайртал нөгөөх нь хаанаас ч юм трубаа гаргаж ирээд намайг цохиж хүзүү мөрөнд оноход би ойчив. Босонгуут нөгөөхтэй нь ахиж барьцалдаад автал тэнд байсан хэдэн орос авгай нар намайг өмөөрөн 2 оросыг бүчээд авлаа. Энэ үед үйлчлэгч шүгэл үлээж Цагдаа, цагдаа гэж хашгирхад нөгөө хэд ч гарч зугатлаа. Хамгийн ард явсан нутаг нэгтийн маань хамар ам нь цус болж шалан дээгүүр дусалсаар гарч одов. Миний мөр, хүзүү тэсэхийн аргагүй өвдөж байлаа. Цаана байсан 4-н Монгол маань бүгдээрээ цонхоор гадагшаа ширтэж яваж ажээ.  Уг нь гэгээ ороогүй харанхуйд цонхоор юм харагдахгүй л дээ. Орос авгай нар намайг өмөөрөөгүй бол юу ч болоо билээ.

Ямар ч гэсэн Жорж ламын цүнхийг алдаагүй дээ сэтгэл өндөр бас амандаа дуу исгэрчихсэн явж билээ. Ингээд Иркутьскд буугаад орон нутгийн автобусны буудлаас 150 гаруй км зайтай Вершинск тосгон уруу хөдөллөө. 1-р сарын сүүлч болохоор Сибирийн хүйтэн гэдэг аатай байлгүй яахав.Паз автобус явсаар шөнийн 12 цагт Вершинск тосгонд хүрлээ. Цасан талд байх жижигхэн тосгонд би буулаа. Очих газар угаасаа ойлгомжтой тэр тосгонд нэг л Xристийн сүм байдаг тэнд Жорж лам амьдарч байгаа гэдгийг би мэдэж байлаа. Хүний сугаар татмаар гүнзгий цасыг ухаж явган хүний зам гаргасан байх ажээ. Би урт намтар түүхтэй том ногоон цүнхээ чирсээр Сүмийн хаалган дээр ирлээ. Хаалгыг цохиход удаж удаж англиар хэн бэ? гэж байна, би Жорж ламд Америкаас илгээмж авчирлаа гэхэд түгжээ торхийн мултарч хаалга онгойход бавгар урт сахалтай хар лам зогсож байлаа. Жорж ламтантай танилцаж цүнхийг нь өгхөд тэр удаан гэгч  нь бүх зүйлийг нэгд нэгэнгүй шалгаж авсаны дараа төмөр аяганд халуун байхуу цай хийж өгөв. Өглөө 6-н цагт автобус ирэх учираас би ингээд унтья даа гэхэд ламтан энэ ариун номын газар та өөр шашинтай учир сүм дотор хонуулж чадахгүй нь гээд намайг дагуулж гарав. Ойролцоо байх модон амбаарт оруулж гаднаас нэг бүтээлэг оруулж өгчихөөд өглөө 5:30-д сэрээнээ гээд гараад явчихав.

Удалгүй сүмийн хаалга, торхийн түгжигдэх нь сонсогдлоо. Өдөржингөө хүйтэн автобусанд нүдүүлсэн,  ходоод хоосон хонхолзох, дээр нь вагонд трубагаар цохиулсан мөр өвдөх зэрэг хүнд асуудлууд байсан ч тэсэхээс өөр аргагүй болов. Шөнийн 1 цаг болж байна. Нойр хүрч байна гэдэг жигтэйхэн. Гал хөстэй холбоотой юу ч үл харагдана. Мужааны ширээн дээр бүтээлгээр биеэ ороогоод халуун амьсгаагаараа дотроос нь халааж өөрийгөө дулаацуулав. Хэсэг дуг хийчихжээ. Сэрхэд дагжтал чичирч байлаа. Босч гар дээрээ олон удаа суниахад бие халаад сайхан болов. Энэ мэтээр өглөө 5-н цаг хүртэл олон удаа суниаж өөрийгөө халааж билээ. 5:30-д Жорж лам орж ирлээ. Тэр аяга цай, зүсэм талх, өндөгтэй барьсан харагдана. Би ламтанд та жаахан хүлээж байхгүй  юу гээд дээгүүрж хувцасаа бүгдийг нь тайлж цасаар цээжээ арьчихаад орж ирэв. Ламтан дуугүй харсаар л...
Үнэндээ эхлээс хувцасаа тайлхад осгож үхмээр хүйтэн байсан шүү! Харин угаагаад арччихаад хувцасаа өмссөний дараа халуу дүүгээд дээрээс нь аяга халуун цай уухад бие нэг л сайхан сэргээд явчихав. Энэ шөнийн цаана гарсандаа сэтгэл маань өег байлаа. Тосгоны замаар Паз-автобус  гэрлээ гялалзуулан орж ирхэд амьдралын шинэ гэрэл гэгээ шиг надад санагдаж билээ. Хожим Нөгөөх 2 хайрцагтай эм тариагаа Улаанбаатар хотын Гэмтэлийн Больницад  өгч сэтгэл амарсан шүү!

Үүнээс хойш миний шавь нартаа захидаг үг бол "Та нар хүний газар явж байхдаа Монгол хүндээ заавал тусалж яваарай"!!! "Та Монгол хүн үү? Би танд туслах ёстой" гэж хэлж байгаарай гэдэг үг байсан юм.

 

П.Батзориг


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.