04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

"Бадарчин-95 аялал"(дурсамж)

IMG

Уншигч та өмнө бичсэн Монголын баруун нутгийг туулсан, Горный Алтай, Казакстан, Киргиз, Пакистан, Энэтхэгийн нутгаар аялсан тухай уншсан бизээ. Харин одоо Казахстаны зүүн хойт хэсэг Хятад Улстай хил залгаа нутаг болох Зайсан    нуур, Тарвагатайн нуруугаар хэрхэн аялсан тухайгаа өгүүлье.
Горный Алтайд шөнө чононд ээрүүлэн, шоронгийн оргодол араас дагасан зэрэг таагүй зүйлүүдтэй учирсан билээ. Ингээд Горный Алтайн Уулсыг арайхийж анчин, наймаачдын зөрөг замыг ашиглан цаана нь гарлаа. Хамгийн гол нь нохойг маань оросын хилийхэн гаргаагүй.

Их хэмжээний мөнгө нэхсэн учир аргагүйн эрхэнд Монголын  Заставт үлдээхэд хүргэсэн юм. Нүд, чиx болдог нохой маань байхгүй болохоор цаг үргэлж сонор соргог  явж шөнө унтахдаа  хагас нойртой хонох шаардлагатай болдог байлаа. Харин өдөр нь 1, 2 цаг нам унтчихдаг байсан юм. Миний явсан энэ зам хил орчмын алс бөглүү нутаг учираас ан араатан ихтэй, хот тосгон цөөхөн, оргуул босгуултай газар байсан юм.1995 онд Орос улс задраад удаагүй ид бужигнаж байсан учир бүх газар нь л эмх замбараагүй, хууль бус зүйлүүд газар авсан үе байлаа.

Марко кол нуурыг тойрч Рошково тосгоноос Карабулак тосгон хүртэлх замыг товчлохоор шийдэв. Энэ ньТарвагатайн нурууны салбар   уулс билээ. Миний тооцоогоор 3-4 өдөрт цаана нь гармаар санагдав. Хэрэв Аяна-булакаар тойрч явбал 2 хоног илүү явахаар тооцоо гарсан учир ийнхүү шийдсэн юм. Өндөр шовх хадтай уулсын бачуу нарийхан амыг даган морин жимээр өгсч байлаа, заримдаа жим маань өндөр хавцалын ирмэгээр явна. Энэ үед их болгоомжтой явахгүй бол ялангуяа өндөр хадны булан тойрохдоо сууж салхийг ажиглаж гарч ирэхгүй бол Хадны нөөлөг салхинд алгадуулвал өршөөлгүй доошоо нисэх учир нутгийнханы  хэлж өгсөний дагуу явж байлаа. Ер нь аялж яваа хүн тухайн орны Байгалыг  хүндэлж, ард түмнийх нь зан үйлийг дагаж явах нь зөв байдаг билээ. Энэ нутагт казак, уйгар, дунган, үндэстнүүд амьдардаг ажээ. Үдээс хойш нэг хадны тэвцэг дээр ирвэсийн шинэхэн баас олж харсан учир болгоомжлох хэрэгтэй болов. Миний цорын ганц зэвсэг бол немц кинжал. Хэрэв араатан дайрвал яах вэ? гэдэг бодол байнга зовоож байсан учир урт модны үзүүрт кинжалаа сураар чивчиртэл нь боож жад шиг болгож нөгөө үзүүрийг мөн сураар боож хальтрахгүй болгоод таяг болгон тулж  явав.  Хэрэгцээтэй цагт эргүүлээд л жад. Орой боллоо.

Өндөр хадтай ууланд  эрт сүүдэр унаж дороо харанхуй болов. Хайж байж жижигхэн агуй оллоо. Ойр хавиас нь хуурай мөчир түүж гал асаав. Сибирийн  Шалаш гэж гал түлэх арга байдагыг саналаа. Энэ нь бүдүүвтэр модны үзүүрийг түүдэгт хийж орхиод шатах тусам лавшруулан түлхэсээр өглөөг хүргэдэг арга юм. 2  том мод олж ирээд нэгийг  түүдэгт шургуулав. Агуйн аман дээр гал маань дүрэлзэн асч цог чад пад хийн үсрэнэ. Жижиг тогоогоо гал дээр тавьж хар цай буцалгаж ууж бага зэрэг зүйл идэж аваад үүргэвчээ дэрлэн тэнгэрт анивчих оддыг ширтэн хэвтэхэд эр хүний жаргал эзгүй хээр гэдэг үг санаанд орж байлаа. Угаасаа л хүүхэд байхад аавын ярьж өгдөг үлгэрийн Синдибад далайчийн адал явдалт аялал, үсэг сураад анхны минь уншсан  Жюл Верны , Нууцат арал ном намайг аялах замд уруу татсал л даа. Нойрон дундаа бүдүүн модоо урагш түлхсээр өглөө болголоо. Өглөө болж  шувууд жиргэн байгаль сэргэхэд хээр хоносон хүний сэтгэл ямар гоё байдаг гээч. Горхины хүйтэн усаар биеэ угаачихаад цааш хөдөллөө. Үд өнгөрч байлаа. Хэсэг сэртэн хадыг ороотол хажуугын хадан дундаас амьтан майлах нь сонсогдов. Энэ хээр ишиг, хурга баймааргүй юм гэж бодоод өнгийж  хархад тэр доор янгирын ишиг хадны завсар хавчуулагдсан харагдлаа.

Үүргэвчээ орхиод хад дамжсаар бууж очиход нялх ишиг нэг хөл нь хугарчихсан бөгсөн бие нь  хаданд авчуулагдсан байлаа. Өргөж авхад нүд нь бүлтэгнэн их айж байгаа бололтой бөмбөгнөтөл чичирнэ. Дээш нь авч гараад хөлийг нь татаж хэвэнд нь оруулаад чиг барьж боож өглөө. Ойр хавьд янгир харагдааүй өчигдөр орой баруун уулын  ониор л хэсэг янгир давсныг саналаа. Тэр нялх амьтныг үлдээж төвдсөнгүй үүргэвчиндээ толгойг нь цухуйлгаж хийгээд цааш алхав. Хэд алхтал тэртээ доор хэвтэх янгирын 2 эвэр сэрийж харагдлаа.Мөн доош бууж үзвэл амьтанд бариулаад удаагүй бололтой байв. Ямар ч гэсэн энэ ишиг өнчирч хоцорсоныг ойлгов. Цаашаа замаа хөөхөд ишиг эхэндээ тийчигнэж байснаа явалтанд бүйвэйлэгдэн унтаад өгөв. Ганцаараа ярих ч хүнгүй уйдаж явсан хүн ханьтай боллоо. Түүнд Цоохондой гэж нэр өгөв. Ер нь хүн хүнтэйгээ  ярихгүй, хээр их удаан байвал хүний нийгмээс тасарвал дараа хүнтэй ярихад хэг ёг гээд сонин болчих юм билээ Ядаж байхад чихний хөгжимний маань батерей нь дуусаад удаж байдаг. Цоохондой сэрэв бололтой, хархад өлсөж байгаа шинжтэй. Цоохондой чи өлсөж байна уу? Удахгүй сүү олж өгнө өө гэж ярьсаар явлаа. Ийн явсаар маргааш өглөө нь уулнаас бууж уулын энгэрт байгаа  айлд очлоо. Дунган айл ажээ. Намхан шавар тагзанд амьдрах бөгөөд цөөн тооны үхэр, хонь,ямаатай юм. Тэнд цай ууж амарч  аваад хөдлөхдөө Цоохондойг тэр айлд үлдээж төвдсөнгүй. Ямааны сүү, угжтай аваад явлаа. Замдаа угжихад нудчин эхийгээ хөхөж байгаа юм шиг хөхөх нь өхөөрдөмөөр.  Дараагийн шөнө борооноос хоргодон шавар эргэн дор хонолоо. Цахилгаан гялалзахад Цоохондойгийн айсан 2 нүд гэрэлд харагдана. Үүргэвчин дотроо Цоохондойг унтуулж өөрөө дэргэд нь цагираглан хэвтлээ. Маргааш нь нартай сайхан өглөө эхэллээ. Эргэн доороос гарч шавар шавхайгаа цэвэрлэж угааж аваад замдаа гарлаа. Хэдэн өдөр хамт явсан болохоор овоо дасч гар хуруу долоож үнэрлэдэг болов. Цоохондойд  өгөх сүү дууссан учир усанд элсэн чихэр хийж молигодов.
Нэг өдрийн дараа үдээс хойш Уйгар айлд ирлээ. Саробулак хавьд байсан санагдана. Тэр айлынхан анх удаа Монгол хүн харж байна гээд хөл болцгоолоо. Хоол идсэний дараа (хоол нь том дамбагар гамбир амталж хуурсан махтай хольж идэв.) гэрийн эзэн Юсуф тэдний гэрээс баруун хойш 3км орчимд байхад шовгор хадыг зааж энэ бол Монгол цэргийн хөшөө юм гэсэн одоо эвдрээд хөшөө гэж мэдэгдэхээргүй шахам болсон доо энэ хавьд болсон тулалдаанд Монгол цэргүүдийн гавъяаг дурсаж Монголын нэг хаан энэ хөшөөг бариулсан юм гэнэлээ. Тэгээд энэ хөшөөг харж байх айлуудыг томилсон нь үр ач нь саяхан хүртэл энэ хөндийд нутаглаж байсан одоо Кустанай явсан байх гэлээ. Юсуф бид хоёр алхсаар хөшөөнд очлоо.   Дөрвөн талд нь шовгор хад босгож голд нь хүрмэн чулуу шиг зүйлээр хөшөө босгосон нь он цагийн урсгалд элэгдээд морьтой хүн байсан байх гэсэн дүр төдий үлджээ.

Хөшөөний эргэн тойрон шар шороо овоорч, зэрлэг ургамал дүүрэн ургасан харагдана. Би зэрлэгийг нь зулгааж нурсан чулууг нь сөхөж хөшөөрүү овоолход  Юсуф ч надад туслав Надад байсан цорын ганц хадгаа дээр нь Монгол мөнгөн дэвсгэрт тавьж хөшөөнд гарсан хагархайд хийж чулуугаар даруулав. Миний сэтгэл их хөдөлж байлаа. Энэ балгас болсон хөшөө, хүрэнтэн   сугсрах талын өндөр өвс Монгол өвөг дээдсийн минь түүхийг хүүрнэх шиг санагдаж билээ. Хөшөөний шар шороонд духаа хүрэн гурвантаа мөргөхөд өвөг дээдсийн минь дошгин морьдын төвөргөөн сонсогдох шиг болж цээжинд минь омогшил төрж байлаа.  Ийм өвөг дээдэстэй Монгол эр хүн өчүүхэн байх учиргүй билээ. Тиймээ миний аялж яваа утга учир энэ. Миний аялж яваа зам бол өвөг дээдэс та нарын минь морьтойгоо аялж, эзэлж ,нэгтгэж, бөхөлзүүлж явсан тэр зам. Их хаадын зам. Уйгар өвгөн Юсуф хэзээ нэг цагт Монгол хүн ирнэ гэж би боддог байсан юм гэж ард бувтнана. Алс бөглүү Сибирьт ч Америкийн хөгжил буцалсан хотод ч өвөг дээдсийн минь суу алдарыг магтан дурсах юм билээ.Би Юсуфынд Цоохондойгоо орхиё гэж шийдлээ. Тэд ч хөх ямаанд амлуулаад ээжтэй болгоодхов. Юсуфийнд сайхан амарч Айран гэдэг исгэлэн ундаа ууж аваад хөдөллөө. Цоохондой дээр очиход сүүлээ хөдөлгөн хуруу үнэрлэнэ. Шөмбөгөр хөөрхөн хушуун дээр нь үнсээд хурдан том болоорой гээд гэрийхэнтэй салах ёс гүйцэтгээд цэнхэрлэн  харагдах тал уруу алхлаа. Алхлаа гэснээ өөрийнхөө өмсөж хэрэглэж яваа зүйлсээ танилцуулаагүй юм байна. Мерел пүүдс маань УБ-аас Увсын Улаангом хүртэл яваад ямар ч өмсөх аргагүй болж хаясан. Аялалын гутал, японы үүргэвч, нэг хүний майхан, аяны хөнжил, жижиг тогоо, тулга, аяга. компос, газрын зураг, чихний хөгжм, зенит аппарат, зэрэг зүйлстэй явсан юм.Өдөрт дунджааар 60км алхах бөгөөд зарим бие хөнгөхөн өдөр 70км ч хүрнэ харин уул ихтэй бартаатай замд 35-40км  заримдаа 25км  зам туулах ч тохиолдол бий. 7 хоног голдуу тал газраар явсан бөгөөд үүний дараа Ойсуликаас Уржар орход бас л амаргүй байлаа.Пургисан цагаан шороотой тал, шавар намг болсон жижиг голууд зарим газар нь хужир их учир хамар амаар орж хорсгоод болохгүй учир ам, хамраа боож явж байлаа. Оройхон энэ хөндийгөөс арайхийн мултарч эрүүл хөрсөн дээр гишгэхэд хөл хөнгөрөөд явчихлаа. Удалгүй бүрэнхий болж унтах газраа олох хэрэгтэй болов. Нөмөр газар олж майхнаа засч хөнжилээ хийгээд шурган орж унтав. Ганцаараа хээр унтаж байгаа болохоор гар чийдэн хутга хоёроо гартаа ойрхон тавьж унтдаг байлаа. Шөнө дунд өнгөрөх үед дуу цахилгаантай бороо шаагин орж эхэллээ. Нойрондоо дийлдэн хэвтсээр л байв. Лав нэг цаг гаруй болсоны дараа доогуул, хажуугаар ус гүрэлзэн урсч эхлэв. Ус хөнжил нэвтлэн орж ирэх үед босохыг завдтал оройтсон байжээ.Гарахаар оролдсон боловч майхан бид 2-ыг ус мушгичихсан учир хаана цахилгаан нь байгаа яаж онгойлгохоо мэдэхгүй сандарлаа. Хамаг хувцас норж, доошлох тутам ус ихэсч байгаа бололтой урсалт нь түргэсч эхэллээ. Гарт хатуу зүйл баригдсан нь кинжал маань ажээ.

Майхныг яаралтай зүсч самардан барин  мөлхөж гарлаа. Уранхай майхан, аяны хөнжил бүгд урсан харанхуйд уусах мэт алга болов. Одоо үүргэвч маань хаана байгаа бол гэж санаа зовж эхлэв. Ядаж байхад гар чийдэн маань майхантай хамт урсаад явчихсан. Доошоо усыг хэсэг дагахад гүн харанхуй хавцал уруу шаагин орохыг хараад цаашаа явалтгүйг ойлгож буцлаа. Нилээд эрж хайсны эцэст үүргэвч хатаахаар тавьсан гутал хоёр маань шалба норчихсон жижиг хадан дээр эхний тавьсан газраа байсныг олов. Бөөн баяр...Гутлаа нойтон ч гэсэн өмсч, үүргэвчээ үүрээд өдрийн дагаж ирсэн морин жимийг хайв. Арайхийж олж аваад жим даган гэлдэрлээ. Уул өөд өгсөх тусам салхи исгэрэн ихэс ч бороо намдлаа. Хүйтэн салхи норсон хувцасыг нэвт үлээж чичрүүлж эхэллээ. 1 цаг гаруй мацаж уулын онийг давав. Цаад тал уруугаа ханан хавцлын ирмэгээр жим маань өнгөрөн гарсан тул тун удаан болгоомжтой явж байлаа. Нэг том чулууг доош нь шидээд амандаа 9 хүртэл тоолоход нөгөөх чулуу маань ёроолд түг таг хийн ойх нь сонсогдсон тул  хир өндөр болохыг гадарлав. Ямар ч гэсэн  40- 50 метр өндөртэй бололтой хавцал уруудсаар, сүүлдээ жижиг горхийг дагаж явсаар уулнаас арайхийж гарав. Бороо аль хэдийн сураггүй болж, үүл арай сийрэгшиж орчны юм алдаг оног харагдаж байв. Үүр тэмдэгрэх дөхөж л байлаа. Гэтэл жим маань явсаар оршуулгын газар уруу орчихлоо. Лалуудын шарил бололтой хавирган сар хатгасан том жижиг бунханууд, зарим газар нь шороо овоолоод пайз хатгасан юм ч харагдаж байв. Энд тэнд хатгасан машины сэнс ёозгүй чихран эргэлдэнэ. дотор сэртхийгээд эвгүй байлаа. Би шарилын газрыг тойрох санаатай хэд алхтал пүр хийн цөмөрлөө. Бороо орж дэвтсэн газар, үжирсэн банз намайг даалгүй цөмөрчээ. Нэг хархад бэлхүүсээ хүртэл шарилын нүхэнд цөмөрсөн байв. Би айсандаа хашгирлаа. Одоо хашгираад ч яахав дээ? хамаг бие арзайж , толгойтой үс босох шиг.. Хөл дор авс бололтой модон хайрцаг шиг юм мэдрэгдэв. Айсандаа ганц харайгаад нүхнээс гарчихлаа. Түй гэж нулимаад Монгол хүн л юм хойно ганц мэддэг тарниа хэд уншаадхав. Эндээс хар гүйхээрээ холдож билээ. Энэ ууланд аялалын гутал маань задарч тосгоноос орос кет авч өмссөн юм. Тарвагатай нуруу хавьд могойнд хатгуулах шахсан бөгөөд манайхны бамбай хоншоорт гэдэг могой энд их юм билээ.
Эндээс Алмата орох замдаа их элсэнд усгүй амь тавих шахсаныг уншсан бизээ. Ингэж олон орноор аялж явахдаа Монгол үгсийн тархалт Монголын соёл, түүхэнээс  үлдсэн улбаануудыг судалж, тэмдэглэж явлаа. Харин одоо нэг уншигчын асуултанд хариулъя.

Бадарчин-93-аялалд авч явсан Банхар нохой нутагтаа ирээд юу хийсэн бэ? гэж асуужээ.
Банхарыг эхний аялал дууссанаас дараа Чукоткоос очиж авчирсан бөгөөд хотод гэртээ хэсэг байлгаж байгаад. Төв аймгийн Лүн суманд байсан жинхэнэ эзэн, айлд нь нилээд бэлэг сэлтийн хамт аваачиж өгсөн юм. Хожим 1997 онд тэр айл нь хотод Баянхошуунд нүүж ирсэн бөгөөд тун удалгүй Банхарыг маань алдчихсан байсан. Ингэж аялсан нохойг нь мэдсэн хүн аваад хөдөө явчихсан байх гэж би боддог харин Лүн суманд гөлөгнүүд нь үлдсэн юм байна лээ. Сүүлд зах дээр нэг нөхөр нүдээ нээгээгүй шахам хэдэн гөлгийг Бадарчин аялалын Банхарын гөлөг гэж өндөр үнээр зарж байна гэж сонссон. Арай тийм зорилгоор авчихсан биш байгаадаа гэж боддог. Одоог хүртэл Банхараа айлд нь өгөлгүй гар дээрээ байлгаж байгаад  нүд аниулдаг байж гэж харамсч явдаг юм даа. Энэ аялалуудаараа Монгол нохойны яс, чанарыг үзье, хүмүүст танилцуулъя гэж бодсон ч бүрэн гүйцэд болоогүй дандаа Оросын хил дээр гацаж байсан түүхтэй. Төгсгөлд нь хэлхэд: Хүний амьдрал гэдэг богинохон билээ, тэр хугацааг нэгэн жалганд өнгөрөөвөл харамсалтай мэт. Тиймээс Хорвоогийн зоон дээгүүр аялан хэсч, хүн зоны амьдралыг өөрийнхөөрөө харж, ойлгох гэсэн мөхөс миний бодол энэ болой.

П.Батзориг (pbatzorig@yahoo.com)


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.