04 сарын 29, Даваа
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

"Сибирийг туулсан нь" (номноос)

Бадарчин-93 аялалын тухай бичсэн ном маань удахгүй Москва хотноо хэвлэгдэх гэж байгаа бөгөөд уг номноосоо Сибирт бидэнтэй тохиолдсон зарим адал явдалуудаас товчлон толилуулъя. Сибирийн байгаль, ан амьтан ургамал, үндэстэн ястаны ахуй, ёс заншилын тухай бичсэн зүйлээсээ энэ удаа оруулсангүй, Үүний дараагаас Хар сүмийн нууцаа үргэлжлүүлнэ.

6 сарын 9

Үүр цайж байх үед Нацагням, Дэндэв гуай хоёр хашгирч намайг сэрээв. Тэр хоёрыг их л сандарч тэвдэсэн байхыг хараад би ч цочих шиг болов. Хэдийн гэгээ орсон боловч Сибирийн их тайга дотор бүдэгхэн гэгээ тусна. Нацагаа миний хажуу тал уруу заахад нь өндийж харвал нэг хөгшин хүн хэвтэж байна, би цочин ухасхийж бослоо.

Эргэн тойрноо харвал олон шарил байх бөгөөд бид нар шарилын газар хоносон байлаа. Энэ нь эвенкүүд нас барагсадаа ил тавьж оршуулдаг ёс заншилтай тул олон ил шарил байсан ажээ. Саяхан өөд болсон бололтой нэг өвгөний дэргэд би шөнөжингөө хамт унтсан гэж бодохоор нуруу хүйт даана. Шарилыг сайн харвал нүдийг нь шувуу аль хэдийн ухчихсан байлаа. Шөнө арай л шарил дэрэлж унтаагүй л байх....

Энэ өдөр бид гуравт хоол идэх ямар ч хүсэл байсангүй.

6 -р сарын 29

Бид энэ өдөр 62км зам туулж Тимтон голыг гарч хоноглохоор буудаллав. Гал түлж хоолоо хийв. Хүнсний нөөц маш бага болжээ. Хоёр өдрийн л хүнс үлдсэн байна.

Хоол гал дээр даргин буцалж хуурай модны гишүү чад чад дуугарч хаая оч үсрэнэ. Гэтэл гэнэт Банхар (аялалд авч явсан нохой) чанга хуцахад гайхан хартал харанхуй тайгын хаанаас ч гараад ирсэн юм бэ буу барьсан өндөр хүн зогсож  байлаа. Тэрээр, нохойгоо хурдан барь! тэгэхгүй бол буудлаа шүү! гээд бууныхаа амыг Банхар уруу чиглүүлхэд Нацагаа нохойгоо уяанаас нь барив. Тэр хүн буугаа чиглүүлсэн хэвээрээ түүдэгт ойртов. Сахал үс нь ургасан , тайрсан цэрэг шинель өмссөн ширүүн харцтай орос хүн байлаа. Түүний гар дахь карабин бууны ам харлан онгойж ёозгүй харагдана. Тэр, алтан эдлэл, мөнгөө бүгдийг гаргаарай гэж захирангүй хэллээ.

Бид нарт алтан эдлэл байтугай төмөр эдлэл нь ч бараг байхгүй хүмүүс, цөөн хэдэн рубль л байсан юм. Би түүнд, бид наймаачид биш Монголоос явган аялаж Америк хүрэх гэж яваа эрчүүд билээ. Бидэнд цөөн хэдэн рубль л байна, хэрэв танд өгвөл бид өлбөрч үхнэ, Харин та бол буутай учир өлсөх аюулгүй шүү дээ гэхэд түүний бууны ам арай доошоо болов. Хоол маань буцалж шөлний хорхой хүргэм үнэр ойр хавиар ханхална. Дэндэв гуай, Монгол ёсоор хээр хоол болж байхад ирсэн хүн бол хамгийн хүндтэй зочин байдаг юм та нааш суу хоол ид гэхэд тэр тээнэгэлзэн зогсоно. Нацагаа хоол хийгээд өгхөд буугаараа занган энэ хожуул дээр тавь гэж зангав. Төдөлгүй гэнэтийн зочин маань хоолоо дуу чимээтэй сорон идэж эхлэв. Түүдгийн гэрэлд нүүрийг нь даган хөлс урсана. Хоолоо идэж дуусав бололтой хөлсөө арчаад цаад талд байгаа хожуул дээр суув. Гэвч буу нь байнга бэлэн харагдана. Тамхи асуухад нь бид гурав тамхи татдаггүй гэхэд тэр дуугүй болов. Нохойг маань зааж сайхан нохой байна надад л таарах нохой байна гэхэд нь би энэ жинхэнэ Монгол нохой танихгүй хүнийг унтаж байхад нь багалзуурыг нь тас хаздаг юм гэхэд тэр дуугүй болов. Түүний ширүүн харц арай зөөлөрчээ. Хэсэг дуугүй сууснаа би өнөөдөр турш та нарыг дагасан юм гэснээ, үүргэвчээ задлан гурван ширхэг сайхан сортой булганы арьсийг бид нар уруу шидчихээд наадах арьсаа зарж хоолондоо хэрэглээрэй, та нар эр хүний замаар яваа хүмүүс байна замдаа болгоомжтой яваарай, над шиг шоронгоос оргосон олон зуун хүнийг Сибирь багтаадаг гэдгийг битгий мартаарай гэж хэлээд харанхуйд уусах мэт алга болов.

7 сарын 6

Сүүлийн хэдэн өдөр хүн амьдардаггүй тосгонууд дайралдаx боллоо. Дайны дараах дүр зургийг санагдуулах юм. Цонх нь онгойж харлаж, нурж эвдэрсэн хашаа, байшингууд....

Учирийг мэдэх хүнээс хожим асуухад Сталины үед цөллөгт ирж зам барьж байсан хүмүүс эндээ суурьшиж амьдарсан бөгөөд энэ нь бас л цөллөг байсан юм гэдгийг сонссон юм. Бид гурав мөн нэг ийм тосгонд орж ирлээ. Амьд амьтан алга бололтой Гэтэл тэртээ захад байгаа шавар байшинд гэрэл ёлтойж харагдана. Бид явсаар байшинд орлоо. Огидос хүрмээр өмхий үнэр, сүүмэлзэх лааны гэрэлд хэзээ хэзээгүй болчихсон хатингир өвгөн сууж байлаа. Өвгөний эргэн тойронд хориод муур өлөн нүдлэн эргэлдэнэ. Бид гал түлж өөрсдийнхөө хүнснээс хоол хийж өгхөд өвгөн арайхийн ярьсан нь, Хөгшин минь өөд болоод арваад хонож байна, надад хөдлөх тэнхээ алга, энэ хэдэн өлөн муурнууд хөгшнийг минь идчих гээд байна, та нар буян болж хөгшнийг минь гэрээс холдуулж газарт булж өгөөч гэж гунигтай нь аргагүй дуугарав.Бид гурав ам, хамраа боогоод мухрын өрөөнд орлоо. Аль хэдийн хөөгөөд бараг босоод суух шахсан цагаан толгойтой эмгэний цогцос байлаа. Бид хөнжилд нь боож гадагч гарахдаа өвгөнд сүүлчийн удаа эмгэнийг нь харууллаа.Өвгөн ойртож хатаж холцоруутсан уруулаа эмгэнийхээ духанд хүргэхэд хэдэн нулимс дуслаа. ямар сайхан залуу нас, ямар хүнд амьдралыг энэ хоёр буурал хамтдаа туулсан болдоо гэж би бодов. Аль хэдийн бүрэнхий болж алсад шар шувуу зэвүүн гэгч хүүглэнэ. Газар нь зөөлөн хөрстэй тул нүх амархан бэлэн болов. Шарилыг хөнжилтэй нь хамт нүхэнд хийж буллаа.  Ойгоос мод авчиран огтолж загалмай болгон зангидаад толгойн тус газарт зоож ёслол үйлдэв. Ингэж амьдралдаа анх удаа христийн ёсоор хүн оршуулав. Бид нилээд хүнс, чүдэнз өвгөнд өгч харанхуй ойд хоноглохоор цааш хөдлөв. Өвгөн уйлъя гээд ч нулимас нь гарахаа больжээ. Бурхан өршөөг та нарыг. Би тун удахгүй байхаа, намайг өөд болохоор энэ хэдэн муур л нэг сайн цадаж авах байх даа гээд санаа алдав. Тосгоноос холдон алхаж явахдаа эргэн хархад ёлтойсон гэрэл уйтгартай сүүмэлзэн байв.

7-сарын 14

Амга мөрөн хүрхэд хэд хоног явах хэрэгтэй. Хоолгүй 3 дэх өдрөө явж байна. Гэдэс их өвдөж, толгой эргэнэ. Мангир түүж идсэн боловч ам заваараад өөдтэй болсонгүй. Өдрийн 2 цагийн орчимд чононд бариулсан бугын сэг оллоо. Үнэр танар орсон ч арай гайгүй хэсгээс нь огтолж аваад зэрлэг сонгинотой шарж идэв. Ура, шинэ эрч хүч.

7-сарын 20

Өнөөдөр би шинэ нэр томъёо бодож оллоо. Дэндэв гуай Нацагаа хоёр өвсөн дээр хэвтэж байгаад зөндөө инээлээ.

1. Аялалын үүргэвчийг социализмын материал техникийн баaз

2. Уул өөд авирахыг Коммунизм өөд урагшаа

3. Уулын уруу буух-ыг Капитализмыг алгасч

4. Буудаллаж амрахыг- тэтгэвэрт гарах

5. Тосгон, суурин харагдахыг Ильчийн дэнлүү, бусдыг нь мартжээ. Өнөөдөр ч их инээлээ, маргааш юу л болдог бол.

7 сарын 21

Бидэнд 2 ширхэг хутга бий. Өөр ямар ч зэвсэг байхгүй. Өнөөдөр дайралдсан жолооч замд долоо найман баавгайтай дайралдсан их болгоомжтой явахыг сануулав. Шөнө түүдэг тойроод  хоолоо идчихээд бүгд л дуугүй сууцгаана. Маргааш Баавгайт хавцал ийг дайран өнгөрнө.

Бид гурвын дотор зөвхөн энэ газрыг яаж эсэн мэнд гарах вэ? гэдэг бодол эргэлдэнэ. Эцэст нь миний толгойд нэгэн арга орж ирлээ.

7 сарын 22

Өглөө 6-д босч. Хоолоо идчихээд хөдөллөө. Энэ удаа Катюша гэдэг зэвсэг бүтээсэн бөгөөд түүнийгээ бариад Баавгайт хавцалыг өнгөрөх болно. Бидний Катюша бол урт модны үзүүрт бензинд дүрсэн даавууг боогоод Нацагаа барьж явна.

Дэндэв гуай чүдэнзээ асаахад бэлэн байна, Би савтай бензин бас бэлэн барьж явах бөгөөд. Хэрэв Баавгай дайрвал Дэндэв  гуай Нацагаагын барьсан урт модны үзүүр дэх бензинтэй даавууг асаахад Нацагаа дайрсан баавгайг галаараа түр хоргооход нь би бензинээ баавгайруу цацна. Энэ үед Нацагаа галаа баавгайд хүргэж бусад нь ойлгомжтой..ийм зохион байгуулалтайгаар хийгдсэн байлаа.

Энэ өдөр бид нар уруу ямар ч баавгай дайраагүй билээ. Катюша ч аюултай зэвсэг байсан шүү.

8-сарын 1

Нацагаа анчны хавханд хөлөө хавчуулчихсан. Хөлийнх нь боолт нэвтрэн гутал нь цус болжээ. Гишгэсэн газар нь цус харагдана. Шүд зуугаад алхаад байна. Өнөөдөр ч ингээд амаръядаа. Ойн мөөг шарж иднэ ээ. Хамгийн гол нь Нацагаагийн хөлийг эмчлэх хэрэгтэй.

8 сарын 3

Томтор тосгонд нэгэн том дурсгалын самбар байх бөгөөд түүн дээр 1987 онд -71* хүртэл хүйтэрч дэлхийн хүн амьдардаг цэгийн хамгийн хүйтэн боллоо гэсэн бичиг байв. Үнээний эвэр хөлдөж уначих гээд гэртээ оруулж байсан гэж нутгийхан ярив.

8 сарын 9

Усгүй хоёр хонов. чурапча орход бас л хэд хоногийн хугацаа хэрэгтэй. Их ой тайга байгаа мөртлөө ямар ч ус байдаггүй. Оройхон жижигхэн тогтмол ус оллоо. Дотор нь хорхой шавьж, хулгана үхсэн байна. Гэвч тэднийг холдуулж байгаад. ханатлаа ус уулаа. Ингэж байхдаа Улаанбаатар хотынхоо карантны усыг их санав.

8-сарын 11

Өнөөдөр хар өдөр байлаа би намагт шигдчихлээ. Тэр хоёр хойноос орвол гурвуулаа намагт орох тул нөгөө хоёроо намгаас хурдан холдууллаа. Дэндэв гуайг урт мод олд ирэхээр явах хооронд Нацагаа загас барихаар бэлдсэн байсан сатурктай дэгээгээ над уруу шидэж хувцаснаас минь дэгээдэв. Ингэж тогтоохоос өөр арга алга. Энэ намаг хөлгүй учир улам л доош сорж байна. Их хүйтэн юм. Ашгүй Дэндэв гуай урт мод авчирч намайг татаж гаргалаа. Загасны дэгээ нурууны махнаас онги татсан тул Дэндэв гуай таван салаа тавьж боолоо.

8 сарын 13

Кын орох замд нэг сонин түүх сонслоо. Өнгөрсөн жил энэ зам дээр хоёр бамбарууш харагдах болж хүмүүс ирж шоколад , боов, зэрэг амттан авчирч өгдөг нөгөөх хоёр бамбарууш ч үүнд дассан гэнэ. Ойролцоох тосгоны сургуулийн хүүхдүүд автобусаар ирж сонирхож, чихэр жимс өгдөг болжээ. Хоёр бамбарууш үүнд дасч сүүлдээ хүн ирэхээр урьд хоёр савраа юм гуйж байгаа юм шиг дээш нь харуулдаг гэнэ. Нэг өдөр Магаданаас циркийхэн ирээд тор хаяж тэр хоёрыг барьтал ой дотроос эх нь гарч ирээд хөөсөн гэнэ. Гэвч машинтай хүмүүсийг гүйцэлгүй олон километр дагаж давхиад эцэст нь дөрвөн сарвуу нь цоорж зам дээр хэвтэж байсан гэнэлээ.

Эх баавгай хоёр бамбаруушаа зам дагуу үлдээгээд юм гуйлгаж орой нь хамтдаа тэр цуглуулсан амттанаас нь иддэг байсан гэж нутгийхан ярив.

8-сарын 18
Өнөөдөр Шор голын гацаанд хонов. Энд Миша гэж 50 орчим насны эртэй танилцав. Мишагийн нэг чихийг баавгай хуулчихсан гэнэ. Энэ явдал 3 хоногийн өмнө болжээ. Миша баавгай агнахаар найз Васятай анд явжээ. Тэр өдөр ямар ч баавгай дайралдсангүй орой нь түүдэг асааж хоол хийж идээд, ганц шил архи задалжээ. Архи дуусах үед Миша бие засахаар бостол өөдөөс нь томхар амьтан хүр гээд ороод ирэхээр нь суунгуут цааш мөлхөн зугатаж цаахна байсан буундаа хүрчээ. Том хуш модыг тойрч хөөцөлдөж байхдаа ар,өврөөс нь буудсаар байгаад баавгайг унагажээ. Гэтэл баруун чихийг нь баавгай хуулчихсан байсныг сүүлд нь мэдсэн гэнэ. Миша бид хоёр хамтдаа фото зураг авахуулсан билээ. Бид энэ гацаанд сайхан дайлуулж хонов.
Өглөө нь гацааныхан биднийг үдэцгээлээ. Би эргэж харан чангаар Мишка дараа ирэхэд үлдсэн ганц чихээ алдчихсан байж болохгүй шүү гэхэд гацааныхан болон Миша, мөн манай хоёр хөгжилдөцгөөж билээ. Сибирьхахир, хүйтэн ч
тэнд амьдардаг хүмүүсийнх нь сэтгэл халуун дулаан юм билээ. Одоо Чукоткыг давчихвал...Аляска....

"Бадарчин-93" явган аялалын багийн ахлагч
Пүрэвсүрэнгийн Батзориг


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.