04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

"Салалт" (Өгүүллэг)

salalt

Сарнай Зоригтыг сугадан алхана. Намар оройн тогтуунд хотын гудамжаар хайрын хаврыг мэдэрч алхана гэдэг бас л нэг жаргал. Сарнай гэнэтхэн түсхийтэл инээд алдав.

- Яасан бэ?

- Саяын алиалагчдыг бодоод. Хөөрхөн юмаа. Эд яаж ийм юм бодож олдог байна аа?

- Бөмбөлөгөө хагалаагүй бол ч тэр хоёрын хайр өнгөрсөөн. Ингэхэд тэд тэр бөмбөлөгөө хийх гэж зовсон байх даа?

- Бөмбөлөгтөө хайртай ч гэсэн хагалахаас өөр замгүй юм даа

- Харин тийн. Пүдхийтэл мөргөлдөөд л хоёр тийшээ өнхрөөд унахын. Тэгээд хашрахгүй дахиад л бие биен рүүгээ гүйх нь хөөрхөн тээ. . .

Зоригт Сарнай хоёр циркийн үзүүлбэр үзчихээд харьж яваа нь энэ. Хөөрхий алиалагчийн хөгтэй явдлыг хөгжилтэй нь аргагүй ярьж, яг л залуухан охин шиг инээх Сарнай Зоригтын сэтгэлийг улам нялхруулна. Аз жаргал гэдэг атгаад авсан хүндээ алхам бүрт мэдрэгддэг сэтгэлийн амттан ажээ.

Циркийн манеженд томоо гэгчийн хийн бөмбөлөгтэй эр эм хоёр алиалагч зөрөлдөн алхана. Тэд өөр өөрсдийнхөө бөмбөлөгийн сайхныг илэрхийлж, илж таална. Төдөлгүй бие биенээ олж харан сэтгэл алдарч, хөтлөлцөн алхана. Хийн бөмбөлөг нь том учир гар нь арай чүү гэж хүрэх ажээ. Улам бүр дотносох тэд тэврэлдэн үнсэх гэвч яагаад ч хүрэхгүй. Асар их хүчин чармайлт гарган холоос гүйж ирэн тэврэх гэвч хийтэй бөмбөлөг хоорондоо мөргөлдөж тэд тэртээ хол үсэрч унана. Босож ирээд дахин оролдоно. Үзэгчид тэгэх тоолонд элэглэн шоолцгооно. Бүр эвхэрч унан инээлдэнэ. Эцэстээ алиалагчид бөмбөлөг саад болоод байгааг ойлгож, хагалахаар шийднэ. Эхлээд эрэгтэй нь харамсаж байгаа хэдий ч зоригтойгоо илтгэн хагалав. Гэтэл мөн л хоёр биенээ тэвэрч, үнсэж чадсангүй. Тэгээд эмэгтэй нь бас л харамсан байж хагалав. Өөрсдийнхөө хамгийн хайртай бөмбөлөгийг хагална гэдэг тэднээс ихээхэн сэтгэлийн тэнхээ шаардах ажээ. Гэвч эцэстээ тэд бие биенээ тэвэрч, үнсэж, хайрлаж чадаж байв. Алиалагчдын үзүүлсэн сюжет энэ.

Үүнийг Сарнай дахин дахин бодож, бодолдоо болон хөгжилтэйхэн инээж яваа юм. Сарнайгийн зөөлөн хар үс салхин аясаар намилзаж, сахилагагүй гэмээр очис тохь суусан харцанд нь зочин юм шиг гэрэвшинэ.

“Өдий насанд ийм сайхан бүсгүй надад заяах гэж. Би ч бас азтай моньд шүү” гэж Зоригт нэгэн бодлын бүсгүйгээр, нөгөө бодлын өөрөөрөө бахархаж явав. Бахархахаас ч яахав. Энэ хоёр дөч гарсан хойноо учирч, эргэх хорвоогийн эерүү аашинд ээнэгшсээр ойрмогхоноос Зоригт Сарнайгийнд ирж нэг гэртээ оржээ.

Хоёул инээлдсээр, хөтлөлцсөөр, хослохын жаргалд умбасаар гэртээ ирцгээв. Сарнай угаалгын өрөөнд ортол зах нь яльгүй хиртсэн Зоригтын эрээн цамц өөрийг нь хүлээх мэт хөглөрөн хэвтэнэ. Хоёр ч хоног хэвтэж байгаа цамцыг Сарнай угаах гэтэл яагаад ч юм “энэ чинь өөр хүний цамц” гэсэн хөндлөнгийн салхи исгэрээд ирлээ шүү. Ер нь Зоригтыг энд ирснээс хойш гадны хүн гэх нь ч хаашаа юм гэхдээ л энэ минийх биш гэсэн бодол үе үехэн тэгж бодогдоод байх нь сонин. Зоригт ч гэсэндээ “танай энэ, танай тэр” гэж ярьдаг. Тэгэхээр өөрийнх нь зөв ч юм шиг. Сарнай цамцыг тэр чигт нь орхиод жаахан хоол бэлдэхээр гал тогоо руу явлаа. Мах гаргаж, ногоо арилгах зуураа “Ямар хоол хийдэг билээ” гэж бодов. Уг нь өөрийнхөө хүслийг чагнавал хуурай хоол идмээр. Гэвч Зоригтоос асуухгүй бол, эртээрхэн хоолноос болж ам зөрсөн санагдана. Шөл идэх байсныг нь мэдэлгүй хуурга хийсэн хэрэг л дээ. Тэрийгээ санан асуух санаатай том өрөөнд ортол Зоригт хамаг хувцсаа тайлаад шидчихсэн нүцгэн тэрийж харагдав. Түүний энэ байдал Сарнайд аятай санагдсангүй.

Гэнэтхэн дургүй нь хүрээд асуусангүй эргэлээ. “Үгүй ер, хийгээд өгсөн хоолыг идвэл идэг, байвал байг” гэж бодогдож байна. Сарнай үе үехэн хуйрагнаад ирдэг энэ сэрэхүйгээ дарах санаатай дуу аялав.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.