05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Хайр гэдэг хувь заяаны их шоглоом (Өгүүллэг)

Бие биедээ хайртай байцгаая.

Бурхан минь та хайраар тоглохдоо хааяа нэг их алдах юм. Тэр алдааны чинь золиос би болон төржээ. Даанч яав. Тэглээ гээд би нэгэнт хүмүүн заяаг олоод төрчихсөн болохоор яалтай. Хүнд, хамгийн үнэн ч үлддэг нь явж, явж хүний амь юм хойно би ямар үхэлтэй биш. Би сайхан л амьдарч байна. Сайхан нь юунд гээч? Оюун санаандаа. Би зөвхөн оюун тархиндаа л сайхан амьдардаг. Сайхан амьдарч байгаа учраас би инээмсэглэдэг. Харин намайг инээмсэглэхээр тэд ямар дургүй гээч. Тэд гэдэг нь миний эргэн тойрон, өөрөөр хэлвэл та нар юм шүү дээ. Хүн, эргэн тойрныхон дундаа л хүн байж чаддаг гэдгийг би мэднэ л дээ. Аан, харин би хүн биш ч юм билүү, хэн мэдлээ.
Хэн ч мэддэггүй, хэний ч ойлгоддоггүй тийм орчлон гэж байдгийг та нар мэдэх үү? Тэр орчин бол ердөө л эргэх. Эргэх гэхээр та нар өөрсдийнхөө тэр эргэлтийг бодож магадгүй.

Цас байснаа бороо болдог шиг, зун байснаа өвөл ирдэг шиг, эсвэл хайлсан туглага шиг байснаа хаврын хавсрага шиг болдог тэр эргэлт биш юм. Энэ бол хүнд ганцхан олдсон хувь заяаны эргэлт юм. Хувь заяа гэхээр нөгөө л байдаг, ярьдаг, хэлдэг тэр хувь заяаг бодох байх. Гэтэл тэр биш юмаа. Эр хүн, эм хүн болох тэр эргэлт, тэр хувь заяа юм. Танд төсөөлөхөд хэцүү байж мэднэ. Орчлон хорвоо гэдэг уужим юм хойно тийм хувь заяа бас байнаа. Магадгүй, хүмүүс яг одоо намайг адгийн муухайгаар бодсон ч, хэлсэн ч гэсэн энэ бол бас ч гэж тэр болгон олдоод байдаггүй хувь заяа юм шүү гэж би хэлнэ. Учир нь орчлонг эр нүдээр харж байснаа эм хайраар зөөллөх, эсвэл уярал ухаарлаар бодож байснаа эр бяраар шийдэхийн ялгааг та нар мэдэхгүй. Би тэдний нэг нь юм . . .

Тиймээ, би та нарын, өөрсдийгөө эрүүл саруул хэмээн бодогсдын, бусдыг өөрсдөөсөө дорд үзэгсдийн үзэн яддаг, үгүй ээ бүр үгүй хийчих юмсан гэж боддог, сэжиг төрүүлэм хүмүүсийн нэг. Магадгүй, та нар намайг чулуугаар шидмээр санагдаж болно. Санагдах ч биш бүр шидэж ч болно. Шидүүлсээр ч ирсэн. Улаан цайм чулуу биш юмаа гэхэд харах харцаараа, харилцах харьцаагаараа, байгаа байдлаараа та нар тэр үл үзэгдэх чулуугаа шидсээр ирсэн шүү дээ. Хамгийн гайхамшигтай нь хувь заяа нь ингэж эргэсэн бидэнд үүнийг тэвчих тэвчээр даанч их заяажээ. Тиймийн учир бид үхэж үрэгдсэнгүй. Хүн бүрт хүсэл мөрөөдөл байдаг шиг надад ч гэсэн “зөвхөн над шин хүмүүст зориулсан өөр гариг байдаг болоосой” гэж мөрөөддөг юм. Өөрөөр хэлвэл биднийг энэ гаригт багтахааргүйгээр тэгж их үзэн ядаж, нүд үзүүрлэдэг гэсэн үг.

Өрөвдмөөр байгаа биз? Өрөвдүүлэх гэсэндээ биш зүгээр л ойлгуулах гэсэндээ энэ үгийг хэллээ. Би харахад эр хүн ч гэлээ би дотоод сэтгэлдээ эм хүн. Хамгийн их зориг гаргасандаа хэлж байгаа минь энэ. Ийм хүмүүс маш олон байдаг юм. Магадгүй та ч байж мэднэ. Зарим нь над шиг ил гарч хүмүүсийн нүдний үзүүр болно. Харин зарим нь бусдаас нуугдаж, та нартай нийлэн над руу чулуу шиднэ.
Гэхдээ ямар ч байлаа гэсэн хүмүүс бид, бурханы зохиосон “хайр” гэдэг хувь заяаны их тоглоомын нэг л өрөг явагдаж байгаа нь энэ. Тоглоом хааяа шоглоом болдог . . .

2012.02.25


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.