05 сарын 08, Лхагва
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,640.06
JPY 21.94
GBP 4,239.57
RUB 37.18
CNY 468.64
KRW 2.49

“МОНГОЛД – 4” – Нийгмийн даатгал.

niigmiin daatgal

- Сайн байна уу? Та Нийгмийн даатгалын талаар хэр мэдээлэлтэй байна?
- Ажлаас л бөглөдөг болохоор тийм ч сайн мэдэхгүй. Бас эрүүл мэндийн даатгал гээд л аваад байдаг ш дээ.

* * * - Сайн байна уу? Та ЭМД-аа ашигладаг уу?
- Үгүй. Би бараг 3-н жил эмнэлэгт үзүүлээгүй. Түй, түй (шившив)

* * * - Сайн байна уу? Та 1990 – 2000 оны НД –ын даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийн талаар хэр мэдээлэлтэй байна? Хөөцөлдөж үзэв үү?
- Сайн мэдэхгүй. Ажилласнаар тооцох л юм гэсэн. Хөөцөлдөөгүй

* * * - Сайн байна уу? Та 1990 – 2000 оны НД –ын даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийн хуулийг юу гэж үзэж байна вэ?
- Би юу гэхэв дээ. Таатай л юм болсон. Манай эхнэр хөөцөлдөөд өөртөө бас надад ажилласан 10-н жил олоод ирсэн.

* * * - Байна уу? Наагуур чинь 90-2000 оныг ажилласанд тооцож байна гэх юм. Мэдэж байгаа юм байна уу? (гадаадаас найз утсаар ярьсан ярианы хэсэг)

* * * - Сайн байна уу? Та ЭМД-тай юу?
- Даатгалтай. Тэгсэн мөртлөө л байнга мөнгө төлдөг ш дээ.

Эдгээр яриа бол энэ сэдвийг бичихээсээ өмнө ойр тойрныхноосоо асуусан асуултын хариу. Монголдоо байгаа бид нэг иймэрхүү мэдээлэлтэй байхад гадаадад суугаа зарим нэг маань бага мэдээлэлтэй байх магадлал өндөр. Тэгэхээр НД-ын талаар товчхон мэдээлэл хүргэхээр гарлаа.

(Ер нь МОНГОЛД цувралыг товчхон, ойлгомжтой байдлаар хүргэхийг ОРЛОО-ИНФО зорьж байгаа)
Нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Батжаргалтай уулзаж нилээн дэлгэрэнгүй мэдээлэл авснаа та бүхэнд хүргье. Дашрамд хэлэхэд өөрийнхөө зорьж яваа асуудлаа хэлэхэд тэрээр

- Уг нь төрийн ажлын талаарх иймэрхүү мэдээллийг бид сайтуудад тарааж өгөх ёстой юм. Гэтэл сайтын зүгээс ингэж хандаж байгаа нь их сайхан байна. Таны асуултанд бололцооныхоо хэрээр хариулахад бэлэн гээд их нааштай хүлээж авсан шүү.

БЭ (Орлоо-Инфо): Манай “Орлоо.инфо” сайтад гадаадад суугаа Монголчууд маань мэдээлэл авах гэж их хандаж байгаа. Тэрний нэг нь энэ нийгмийн даатгалын талаарх мэдээлэл. Тэгэхээр асуултаа шууд шинэ хуулиас эхлэх үү?

Б.Б: Шимтгэлийн нөхөн төлөлтийн (ШНТ) хууль. Энэ нь 1990-2000 оны хооронд ажил нь завсардсан хүмүүсийн нийгмийн даатгалыг ажилласнаар тооцож нөхөн төлүүлэх юм. Гэхдээ энэ нь дотроо хоёр хуваагдана. 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй болон эрхлэх боломжгүй байсан иргэд, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэдийг хамруулах юм. Тодруул¬бал, тухайн онуудад 18 болон түүнээс дээш настай, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаагүй, хорих ял эдлээгүй, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тогтоол¬гоогүй байсан иргэд хамрагдана.

БЭ (Орлоо-Инфо): Яагаад 1990-1995, 1995-2000 гэж хоёр хуваагаад байна?

Б.Б: 1995 онд нийгмийн даатгалын хууль гарсан. Үүнтэй л холбоотой. Энгийн ойлголтоор бол 1995 оноос өмнө хөдөлмөрийн дэвтэртэй, түүнээс хойш нийгмийн даатгалын дэвтэр байх ёстой гээд ойлгож болно.

БЭ (Орлоо-Инфо): Хэдийгээр танай вэб хуудсаар ямар бичиг баримт цуглуулах ёстойг зарласан байгаа ч гэсэн дахиад нэг асуумаар байх юм.

Б.Б: Иргэний үнэмлэх, Хорооны тодорхойлолт, хамгийн гол нь 1995 оноос өмнө ажиллаж байсан бол завсардах хүртлээ бөглөсөн Хөдөлмөрийн дэвтэр, мөн 500 төгрөг тушаасан бичиг. Харин огт ажиллаагүй буюу 1990 онд сургууль төгсөөд наймаа хийгээд явчихсан хүмүүс бол хөдөлмөрийн болоод нийгмийн даатгалын дэвтэр хэрэггүй.

БЭ (Орлоо-Инфо): Тэр дэвтрүүд заавал хэрэгтэй юу? Хаанаас олох вэ? Манайхны зарим нь тэр дэвтрээ хаяад явчихсан байх нь элбэг.

Б.Б: Заавал хэрэгтэй. Бид тэр хүнээс хэдэн төгрөг нөхөн төлүүлэхээ тодруулахын тулд дээрх дэвтрүүдийг шаардаад байгаа. Тэр хөдөлмөрийн дэвтрийг Үндэсний төв архиваас шүүлгэж авна. Хэрвээ тэнд байхгүй бол шүүхээр шийдвэрлэнэ.

БЭ (Орлоо-Инфо): Гадаадад суугаа Монголчууд маань хэрхэн хамрагдах вэ?

Б.Б: Монголдоо итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулна. Хамгийн гол нь Шинэчилсэн бүртгэлд хамрагдаж хурууны хээ болон регистерийн дугаар (РД) нь баталгаажсан байх ёстой. Шинэчлэгдсэн бүртгэл явагдсанаар 2 сая 800 мянга орчим хүн бүртгэгдсэн иргэний бүртгэлийн сантай болсон. Манайх одоо РД-ыг хийгээд л тэр хүний мэдээллийг иргэний бүртгэл мэдээллээс авч байгаа. Тэгэхээр шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй болон РД зөрчилтэй бол ШНТ-д хамрагдах боломжгүй болно. Аа тийм. Хэрвээ та итгэмжлэгдсэн төлөөлөгч сонгох гэж байгаа бол гадаадад явах үедээ та аль хотод бүртгэлтэй байсан тэндээсээ сонговол төвөг багатай байх болно шүү. Өөрөөр хэлвэл таныг оршин сууж байсан хуучин хаягаар чинь бүртгэнэ гэсэн үг. Жнь: Та гадаад явахдаа Сэлэнгэ аймагт харъяат байсан бол тэр аймгийнхаа ах дүү нараас төлөөлөгчөө сонгоорой. Хэрвээ УБ-т байдаг хүн сонгочихвол тэр хүн чинь заавал Сэлэнгэ аймаг явж хөөцөлдөх шаардлагатай болно.

БЭ (Орлоо-Инфо): Манайхан чинь байраа зараад яваад өгчихсөн байдаг шүү дээ. Тэгэхээр яах вэ?

Б.Б: Зүгээр. Бид тэр хүнийг чинь хуучин оршин сууж байсан хаягаар нь л баримжаалахгүй бол болохгүй. Тухайн хороо, дүүргийнх архиваас олохоос өөр аргагүй.

БЭ (Орлоо-Инфо): Өөр гадаадад суугаа иргэд анхаарах ёстой вэ?

Б.Б: МУ Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээртэй 4 орон байдаг. Тэр нь БНСУ, Казакстан, ОХУ, БНУУ юм. Эдгээр орнуудад түрүүний миний хэлдэг он жилүүдэд ажиллаж байсан бол бас шимтгэл төлөхгүй. Гэхдээ тэр орондоо албан ёсоор шимтгэл төлөөд ажиллаж байсан бол шүү дээ. Хэрвээ “хар”-аар ажиллаж байсан бол эндээ шимтгэлээ төлнө. Жнь: 1991 он хүртэл энд оёдлын үйлдвэрт ажиллаж байгаад Унгар улсад гэрээгээр ажиллсан хүн тэр ажиллсан жилээ энд оруулан тооцож шимтгэл төлөхгүйгээр шууд бичүүлнэ гэсэн үг.

БЭ (Орлоо-Инфо): За, ШНТ-ийн талаар ийм байдаг байж. Гадаадад байгаа хүмүүс маань яаж сайн дураар НД-д хамрагдах вэ? Орлогыг нь яаж тодорхойлох вэ?

Б.Б: Мөн л итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулаад хамрагдана. Хамрагдаж байгаа хүн маань өөрийнхөө сарын орлогыг сонголт хийн тогтоогоод татвараа төлж болно. Жнь. Тухайн хүн сарын 500000 орлоготой гээд түүнээсээ бодож өгч болно. Ихэвчлэн хүмүүс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140400 –аас бодож сарын 17000 орчмыг төлдөг. Сайн дураар хамрагдаж байгаа хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. 2 жилийн өмнө гэхэд 60000 орчим хүн байсан бол энэ жил 110000 хүн хамрагдсан байдаг. Нэг үеэ бодвол ирээдүйгээ бодсон иргэдийн идэвхи дээшилсэн нь харагдаж байгаа.

БЭ (Орлоо-Инфо): Сайн дураар хамрагдахад яг ямар даатгалд нь хамрагдаад байна? НД чинь дотроо 5 даатгалыг хамруулдаг

Б.Б: Тэтгэвэрийн, Тэтгэмжийн, Үйлдвэрлэлийн ослын гэсэн 3 төрөлд нь хамрагдана. Тэтгэвэрт нь 10%, Тэтгэмжид нь 1%, Үйлдвэрийн осолд нь 1% ингээд нийтдээ 12% -ийн татавар төлдөг. Гадаадад суугаа хүмүүсийн хувьд Тэтгэвэрийн, Тэтгэмжийн даадтгалд хамрагдана гэсэн сонголт хийж болно.

БЭ (Орлоо-Инфо): Гадаадад сурч байгаа оюутнууд сайн дураар хамрагдаж болох уу?

Б.Б: Болно. 18 хүрсэн иргэн бүр хамрагдаж болно. Ирээдүйдээ хэрэгтэй.

БЭ (Орлоо-Инфо): Иргэдэд үзүүлэх өөр хөнгөлөлт гэж байх болов уу?

Б:Б: Нэгд: Нийгмийн даатгалын хууль байна. Хоёрт: Сайн дураар хамрагдах бололцоо байна. Гуравт: Шимтгэлийн нөхөн төлөлтийн хууль байна. Энэ бүгдийг төрөөс үзүүлж байгаа хөнгөлөлт гэхээсээ илүүтэй энэ өнгөрсөн он жилүүдийн онцлогт тохирсон “гарц”-ууд гэж ойлгож болно. Мөн нийгмийн даатгалын шинэтгэлийн бодлогыг одоо хаврын чуулганаар оруулахыг хичээж байгаа.

БЭ (Орлоо-Инфо): Шимтгэлийн нөхөн төлөлтийн хугацаа хэдий хүртэл хэрэгжих вэ? Шахсан хугацаа бий юу?

Б.Б: Байлгүй яахав. Энэ оны 8-р сарын 1-н хүртэл явагдана.

БЭ (Орлоо-Инфо): Тэрнээс цааш сунгахгүй юм уу? Жишээ нь газар өмчлөлийг сунгасан шүү дээ.

Б.Б: Сунгахгүй байх. Учир нь Тэтгэвэрт гарах хүмүүсийн мөнгийг дараа жилийн төсөвт суулгаж өгдөг учраас 8 сараар тасалж байгаа. Хэрвээ сунгалаа гэж үзвэл тэр жилдээ тэтгэвэр тогтоолгох хүмүүс нэг жил алдана гэсэн үг. Сунгаа ч уу, үгүй ч үү. Тэгэхээр яарахгүй бол хохиролтой байгаа биз.

БЭ (Орлоо-Инфо): Яг энэ НД-ын байгууллагт ажиллаж байгаа хүний хувьд гадаадад суугаа Монголчууддаа юу гэж зөвлөмөөр байна?

Б.Б: Тухайн хүний төрөхөөс авхуулаад үхэх хүртэлх нийгэмтэйгээ харьцах харилцаа учраас хүн их хариуцлагатай хандах хэрэгтэй гэж боддог. Залуу зандан насандаа хүн хөгшрөхгүй юм шиг бодож, хайхрамжгүй хандах тал байдаг. Ялангуяа Монголчууд. Гэтэл хөгширсөн хойно гурван жил байтугай гаравхан сар дутчихаад яаж ч болохгүй яваа хүн байж л байдаг. Хожим хойдохоо бодож энэ даатгалын асуудалдаа хариуцлагатай хандаасай гэж бодож байна. Үүний тулд хүмүүс маань үндсэн бичиг баримтандаа хянуур байж, маш сайн хадгалж байх хэрэгтэй. Хараад байхад тийм хүмүүсийн бичиг баримтны асуудал өөрт нь зовлон байдаггүй. Хоёрт, хүн өөрийнхөө төлөө амьдардаг болсныг дахиж нэг сайн бодоорой. Өөрийнхөө төлөө гэдгийг манайхан эдийн засгийн тал дээр маш сайн ойлгодог хэрнээ нийгмийн харилцааны наад захын энэ мэтийн дэвтэр зэргийг хямгадаад явдаггүй. Гуравт, манай нийгмийн даатгалын ерөнхий газраас цахим мэдээлэл авдаг сайт ажиллуулахын тулд хувь хүний бүртгэл явагдаж эхэлж байна.
http://www.ndaatgal.mn/regnd/
Энд хамрагдсанаар та өөрөө өөрийнхөө мэдээллийг шалгаад байх боломжтой болно.

* * *

Эндээс үүдээд Төв архивын хавиар эргэлдлээ. Хүн ихтэй, хөл дараатай харагдана. НД-ын Шимтгэлийн нөхөн төлөлтийн хууль гарснаас хойш бүр ч их ачаалалтай байгаа нь илт. Би хүлээж, хүлээж хүн сийрэх үеэр Үндэсний төв архивын лавлагаа, мэдээлэл судалгааны тасгийн архивч Д.Бат-Ундралтай уулзаж хэдхэн зүйл асуув.

БЭ (Орлоо-Инфо): Танайх өдөрт ийм ачаалалтай ажилладаг уу?

Д.Б: Манайх урд нь өдөрт 60 орчим хүнд үйлчилдэг байсан. Одоо НД-ын шинэ хуультай холбоотойгоор өдөрт 150-200 хүн ирж байна.

БЭ (Орлоо-Инфо): Хүмүүс хөдөлмөрийн дэвтрээ л хайгаад явах юм уу?

Д.Б: Манайд 15 байгууллагын 3915 хүний хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хувийн хэрэг зэрэг бичиг баримт хадгалагдаж байдаг. Мөн 373 байгууллагын даргын тушаалууд, цалингийн тодорхойлолтуудаа ирүүлсэн. Бид эдгээр байгууллагын нэрсийг гадаа зоочихсон байгаа. Дээрх байгууллагууд одоо байхгүй, татан буугдсан гэсэн үг.

БЭ (Орлоо-Инфо): Би НД-ын талаар явж байгаа учраас тэр талынхаа зүйлийг асууя. 1990-2000 оны хооронд хаа нэг газар ажиллаж байснаа батлах зорилгоор л энд ирж байгаа. (ХД, эсвэл ажилд орсон гарснаа батлах гэх мэт) Тэгэхээр хүн танайд ирээд яг яах ёстой вэ? Гадаа байгаа хүмүүсийг харахад ойлголт их багатай, тэгээд тэр үү их бухимдалтай байгаа харагдана.

Д.Б: ХД-ээ хайж байгаа бол эхлээд гадаа байгаа татан буугдсан байгууллагын нэрсээс өөрийн ажиллаж байсан байгууллагынхаа нэрийг хайгаад, байж байвал эндээс анкет авч Хөдөлмөрийн дэвтэр үү, ажилд орсон гарсан тушаал уу, эсвэл цалингийн тодорхойлолт уу гэдгээ ялгаж бөглөөд өгнө. Манай ажилтан түүнийг нь 5-10 хоногийн дотор шүүгээд эндээс лавлагаа гаргаж өгнө. Ердөө л энэ.

БЭ (Орлоо-Инфо): 10 хоног гэхээр жаахан удаан юмаа даа?

Д.Б: Манай архив цаасан архив. Цахим биш. Дээр үед бүх үйлдэл гарааг хийгдэж байсан. Тэгэхээр ажиллагаа ихтэй. Нөгөө талаасаа энэ баримт бичиг нь тухайн хүндээ маш чухал хэрэгтэй баримт учраас нямбай хандаж, үнэн зөв гаргаж өгөхгүй бол болохгүй.

БЭ (Орлоо-Инфо): Хайсан материал маань эндээс олдохгүй бол шүүх явна гээд байх юм энэ талаар?

Д.Б: Тэгнэ. Өөрийн оршин суугаа дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад ажиллаж байсан гэдгээ шүүхээр батлуулна гэсэн үг. Хорооны тодорхойлолт, манайхаас архивт байхгүй гэсэн лавлагаа, хамт ажиллаж байсан 2-оос дээш хүний баталгаа, 70200 төгрөг төлсөн баримт зэргийг бүрдүүлэх байх. Яг тухайн шүүх өөр тодруулах ёстой материал шаардахыг үгүйсгэхгүй.

БЭ (Орлоо-Инфо): Танай төлбөр?

Д.Б: Нэг оны 1000 төгрөг. Та тэтгэвэрээ тогтоолгохын тулд дараалсан 5 жилийн цалингийн тодорхойлолт авбал 5000 төгрөг болно.

БЭ (Орлоо-Инфо): Иргэдэд анхаарвал зохих зүйл байх юм уу?

Д.Б: Архиваар үйлчлүүлэхдээ асуух он сараа сайн мэдэж ирмээр байдаг. Ирчихээд хэзээ, хаана, ямар хэлтэс тасагт ажилд орсон, гарснаа сайн мэдэхгүйгээс (санахгүйгээс) болж их цаг алддаг.

* * *

Эрүүл мэндийн даатгал (ЭМД). Энэ даатгал гадаадад байгаа Монголчуудад төдийлөн хамаатай биш. Гэхдээ энэ даатгал маань иргэдийн дунд их ойлгомж муутай байдаг учраас ЭМДГ-ын мэргэжилтэн Б.Энхболортой уулзаж хэдэн асуултанд тодруулга хийв.

БЭ (Орлоо-Инфо): Гадаадад суугаа монгол иргэд маань ЭМД-д хамрагдаж болох уу?

Б.Энхболор: Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд Монгол Улсын иргэн эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах бөгөөд гадаадын иргэн харъяалалгүй иргэн сайн дурын үндсэн дээр даатгуулж болно. Харин гадаадад ажиллаж амьдарч байгаа монгол иргэд өөрийн улсдаа ирсэн өдрөөсөө эхлэн болон монголд амьдарч байх хугацаандаа эрүүл мэндийн даатгалд хамрагдаж болно.

БЭ (Орлоо-Инфо): За тэгвэл. Манайхан дунд ЭМД-тай хэрнээ мөнгө төлөх юмаа гэсэн яриа амь бөхтэй оршдогоо. Энэ талаар . . .

Б.Энхболор: Эрүүл мэндийн даатгалын сангаас 8 төрлийн тусламж, үйлчилгээний төлбөрийг даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн байгууллагад төлдөг. Даатгуулагч 2-р шатлалын буюу аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол зардалын 10%-ийг, харин 3-р шатлал буюу төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлсэн бол зардлын 15%-ийг өөрөө хариуцан төлөх ёстой байдаг. Үлдсэн бусад зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг. Харин төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцан төлдөг бол дээрх төлбөрөөс чөлөөлөгддөг. Эрүүл мэндийн даатгалын сангаас жилдээ нэг даатгуулагчид 1 328 000 төгрөг хүртэлх тусламж, үйлчилгээний зардлыг хариуцдаг.

БЭ (Орлоо-Инфо): Гарах зардалыг яаж мэдэх вэ? Тийм жагсаалт байдаг юм уу?

Б.Энхболор: Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд хамтран даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас олгох хэмжээг тогтоодог бөгөөд оношийн бүлгээр тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн байгуулагуудад олгодог. Эрүүл мэндийн даатгалаас хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл санхүүжилтийн хэмжээг тусгасан танилцуулга тараах материалыг нийгмийн даатгалын хэлтсүүдээс авч болно.

2

а. Та ЭМД-ын шимтгэл төлөх хувь хэмжээ

1

б. ЭМД-д хамрагдсанаар дараах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авна.

3
Тайлбар: Даатгуулагч төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд эмнэлгийн шатлалаас хамаараад тусламж, үйлчилгээний зардлын 10%, 15%-ийг нь өөрөө хариуцан төлөх бөгөөд үлдсэн хэсгийг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан төлнө гэсэн үг. Харин төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцдаг даатгуулагчдын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн төлдөг.

в. Мөн үйлчлүүлэгч дараах эрхтэй байна.

4

БЭ (Орлоо-Инфо): Тэгтэл ямар хувийн эмнэлэг болон, ямар эмийн сангуудаар мөн ямар эмийг даатгалаараа авч болохыг мэдэж болох уу?

Б.Энхболор: Бололгүй яахав. Та http://www.ndaatgal.mn/list/Eruul%20mend линкээр ороход өрх сум, багийн эмчийн бичсэн жороор үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн нэр төрөл, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр үйлчлэх эмийн сангийн жагсаалттай танилцаж болно. Мөн эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээт эмнэлгүүдийн жагсаалтыг харах боломжтой.
БЭ (Орлоо-Инфо): Танай ЭМД-ын газраас эмнэлэг болон эмийн сангуудаар хяналтаа яаж тавидаг юм бэ? Яавал үйлчлүүлэгч чинь элдэв маргаангүйгээр өөрийнхөө эрхийг эдлэх вэ? Ний нуугүй хэлэхэд манай эмнэлгүүд наад захын боолтын материалыг хүртэл өвчтөнөөр гаргуулдаг нь нууц биш. Тэгээд ч өвчинд шаналсан хүн эмчийнхээ үгийг л дагахаас биш даатгалын талаар эмчтэйгээ маргалдаад байж чаддаггүй шүү дээ.

Б.Энхболор: Маш зөв асуулт байна. Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын нэхэмжлэл жагсаалт, өвчний түүх, оношлогоо шинжилгээний бичиг, эмийн жор болон бусад холбогдох анхан шатны баримтыг үндэслэн шалгадаг бөгөөд эрүүл мэндийн байгууллагуудад тусламж, үйлчилгээний чанарын хяналтын байцаагч нар очиж хяналт тавьдаг. Даатгуулагч эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар эрүүл мэндийн даатгалын сангаас авах тусламж, үйлчилгээний төрөл, төлбөрийн талаарх мэдээллийг авсны үндсэн дээр өөрийн эрх үүргийн хэмжээнд эрүүл мэндийн байгуулагуудад хяналт тавьж хамтран ажиллах боломж нээлттэй. Мөн үүнтэй холбоотой даатгуулагчаар дамжуулан эрүүл мэндийн байгууллагуудад хяналт тавих мэдээлэл өгөх зорилгоор манай газраас олон арга хэмжээг үе шаттайгаар авч байна. Үүний нэг нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын вэб хуудсанд эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээллийг байнга шинэчилж, цаашид эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан даатгуулагчийн төлбөр
ийн хэмжээг шууд утсаар болон мессежээр хүргэх арга хэмжээг авахаар төлөвлөж байна. Мөн эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эмийн сангууд даатгуулагчдад хөнгөлөлтэй эм олгосон кассын тасалбарыг өгч байгаа. Энэхүү тасалбар дээр эмийн нийт үнэ, эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх дүн, даатгуулагчийн төлөх дүнг харуулсан байна. Энэ нь даатгуулагчид мэдээлэл өгөх нэг талаараа эмийн сангийн зардлыг хянах нэг боломж олгож байгаа юм.

Эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг харуулсан телевизийн богино хэмжээний нэвтрүүлэг тараах материал бэлтгэн, иргэд даатгуулагчид хүргэн ажиллаж байгаа.

За тэгээд Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалдаа хамрагдаарай хүмүүсээ . . .

Түмэнбаярын Бум-Эрдэнэ. 2013. 04. 04

“Монголд-3”- Газар өмчлөл
“МОНГОЛД-2”- Иргэншил
“МОНГОЛД-1”- Банк санхүү


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.