04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

“Монголд-3”- Газар өмчлөл

mongol gazar

Зураглал-1

Залуухан хосууд УБ хотын гэр хорооллын захад уулын хяр дээр шахуу газар үзэж явна. Тэдний араас тэр хавьд л амьдардаг болов уу гэмээр өвгөн дагажээ
-   Манай энэ хавьд өөр газар байхгүй дээ. Амьтан хатгаад дуусч байна гэж хэдэн ёрдгор мод хатгасан газрыг заана. Залуу
-   Жаахан хазгай дуу л юм гээд яахав дээ авчихвал зүгээр юм биш үү? гэж бүсгүйд шивнэхэд
-   Чи цаад өвгөнтэйгөө ярь л даа. Ямар ч бичиг баримтгүй юм байж ийм өндөр үнэтэй байх даа яахав дээ. Арай дэндүү юмаа.  Одоо тэгээд наадахыг чинь хөөцөлдөхөөр баахан мөнгө орно ш дээ
-   Буулгахгүй гээд байна шүү дээ. Эсвэл болих юм уу? Ямар хэцүү юм бэ?

 Зураглал-2

Эх нь гадаадад байдаг охинтойгоо утсаар ярьж байна
-    Ээж, та нөгөө газар хөөцөлдсөн үү? Намайг энд мунгинасаар байтал бүх хүн газраа аваад дууслаа ш дээ. Та нар нээрээ хүнийг ойлгохгүй юмаа. Олигтойхон хөөцөлд л дөө.
-   Ээж нь хөл гар өвдөөд гадуур дотуур явж чадахагүй юм. Чи хүн амьтнаас сурвал болохагүй юм уу?
-     Би эндээс яаж ч чадахагүй байна ш дээ.

Зураглал-3

Хоёр залуу хувцас хунараа уралцан ноцолдоно.
-    Манайх гэж байна. Манайх энд таван жил амьдарч байна.
-    Чи битгий солиороо. Нийслэлээс өмчилчихөөд байхад чи муу зайлаарай.
-    Ёстой гайгүй байлгүй. Явдаг газраар нь явна даа . . .  Иймэрхүү зураглал газар эзэмшил ба өмчлөлийг тойроод  мэр сэр гараад, сонсогдоод байгаа юм. Мэдээж ном журмаараа явагдаж байгаа юм байлгүй л яахав. Бүгд болохгүй байгаа юм биш. Гэхдээ ойр байгаа би ойлгохгүй зүйл зөндөө байхад хол (гадаадад) байгаа Монголчуудад маань ойлгомжгүй зүйл их байгаа нь тодорхой. Эндээс л эхлэх үү дээ.
“Газар өмчлөл” энэ үгийг манайхан сонсоод олон жилийн нүүр үзжээ. Би энэ сэдвийг хөндөх гэж суухдаа чухам яавал бусдад тэр тусмаа гадаадад суугаа нутаг нэгтнүүддээ шинэлэг мэдээлэл өгөх вэ гэж бодож байлаа. Учир нь газар өмчлөлийн талаарх хууль, дүрэм, журам гээд хангалттай мэдээлэл интернетээр дүүрэн байсан болохоор тэр. Гэлээ ч гэсэн бага зэрэг давтсан байж болох ч товчхон сануулъя.

  1. МУ-ын нэг иргэнд  
           УБ хотод . . . . . .  0.07 га
           Аймагт   . . . . . . . 0.35 га
           Суманд   . . . . . . . 0.5 га    газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлнэ.
  2. Өмчлөхийн тулд заавал эзэмших эрхтэй байна.
  3. Эзэмших эрхийг дүүргийн засаг дарга олгоно.
    4.   Өмчлөлийг нийслэлийн засаг дарга олгоно. Тэгэхээр дүүргийн засаг даргыг давж нийслэлийн засаг дарга газар өмчлүүлэхгүй гэсэн үг.
  4. 2008.05.22-нд газар өмчлүүлэх хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр нэг өрхөд 0.07га байсныг иргэн бүрд болгосон. Мөн нийслэл болон аймаг, сумын төвд байсан бол одоо улсын чанартай зам дагуу ч өмчлүүлэх болсон.
  5. Газар эзэмших, ашиглах тохиолдолд заавал 18 нас хүрсэн иргэн байх ёстой. Харин "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль"-д Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэхээр заасан тул 0-18 насны хүүхэд бүр хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан газар өмчлөн авах эрхтэй. Хуулиндаа насанд хүрээгүй иргэнийг эцэг, эх нь төлөөлөх үүрэгтэй юм байна.
  6. Бас нэг мэдвэл зохих заалт байх юм. Энэ нь "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль"-ийн гуравдугаар зүйлд Нийслэлд бүртгэлтэй иргэн Нийслэлд буюу аль ч аймаг, сумын нутаг дэвсгэрт, бусад иргэд буюу хөдөө орон нутагт бүртгэлтэй иргэдийн хувьд нийслэлээс бусад аль ч аймаг, сумын газарт газар өмчилж авахаар заасан байдаг юм байна.

*  *  *

За тэгээд Нийслэлийн өмчийн харилцааны газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Соёлхүүтэй уулзаж газар эзэмшил болон өмчлөлийн талаар нилээн дэлгэрэнгүй ярилцлаа.

БЭ (Орлоо-Инфо):   Сайн байна уу? Би гадаадад суугаа Монголчууддаа газар эзэмших болон өмчлөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэсэн юмаа.

Т.С:   Энэ талаар манайх хангалттай мэдээлэл цацдаг даа. Яг юу сонирхсон юм бол?

БЭ (Орлоо-Инфо):  Харин тийм. Газар гэдэг өөрөө нилээн олны анхаарлыг татсан сэдэв юм байна. Тэгээд газар өмчлөлийн асуудал маань олон жил дамнан яригдаж байгаа болохоор нет-д овоо ч мэдээлэл байх юм. Гэхдээ гадаадад байгаа Монголчууд маань нилээн шинэлэг мэдээлэл хүсэх юмаа.

Т.С:   За тэгвэл хурдхан шиг асуучих уу

БЭ (Орлоо-Инфо):  Гадаадад байгаа Монголчууд маань хэрхэн, яаж газраа өмчилж авах вэ?

Т.С:   Ер нь бол хуулиараа Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй. Гэхдээ одоогоор иргэдийн эзэмшиж байгаа газрыг өмчилж байгаа. Тэгэхээр гадаадад байгаа Монголчуудын хувьд энд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан газар эзэмших. Эзэмшсэн газраа дараа нь өмчилж болно. Материалаа бүрдүүлээд л өгчихвөл болохгүй юм ерөөсөө байхгүй. Гагцхүү итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байх ёстой. Тэгэхгүй бол гадаадад байгаа хүний нэрийг бариад хэн нэгэн газар өмчлөөд авчихаж болзошгүй.   

БЭ (Орлоо-Инфо):  Энэ газрын асуудал их маргаантай байх юм. Тэгэхээр ард иргэд мөнхийн айдас гэхээр хаашаа юм нэг тийм санаа зовинолтой байх юмаа.

Т.С:   Асуудлын гол нь хаана газар авах вэ гэдэгт байгаа юмаа. Амьдрал дээр иргэд цахилгаан, зам, ус, гээд дэд бүтцээ бараадаж газраа авах гэдгээс хамаарч газрын хомсдол үүсээд байна. Нэг бодлын аргагүй л дээ. Хэн ч гэсэн адаглаад цахилгаан очсон газрыг авах хүсэлтэй байна. Тэрнээс болоод хомсдол үүсдэг. Наймаа үүсдэг. Түүнээс биш газар нь дуусчихаад байгаа юм байхгүй.

БЭ (Орлоо-Инфо):  Ингэхэд та өөрт оногдох газраа авсан уу?

Т.С:   Үгүй. Хүмүүс итгэдэггүй юм. Би бусдын л адил байгаа. Ер нь одоогийн байдлаар УБ хотын нийт иргэдийн дөнгөж 7,4 % л газраа өмчилсөн байгаа шүү дээ. Уг нь энэ тоо арай өндөр байж болох байсан. 2008 оноос эхлэн өрхөд биш иргэнд 0,07 га болгочихоор бага харагдаж байгаа. Учир нь урд нь өрхөд өмчилсөн газраа салгаж байна. Тэгээд дээрх өмчилсөн иргэд маань ихэнх нь угаасаа хашаанд байсан, түүнийгээ л өмчилсөн гэсэн үг. Сая Ганхуяг сайд 2018 он хүртэл сунгалаа. Тэгэхээс өөр арга алга.

БЭ (Орлоо-Инфо):  Яагаад ийм тайван байна? Хэрэг дээрээ хүн болгон л санаа тавиад бужигнаад байх шиг.

Т.С:   Түрүүний миний хэлдэг дэд бүтцээ дагасан хомсдол. Түүнээс биш хөдөө орон нутагт бол чөлөөтэй байгаа. Бүр УБ хотоос ч том талбай оногдож байгаа. Яаж ч бодсон 3 сая хүнд хүрнэ л дээ.

БЭ (Орлоо-Инфо):  Гадаадад суугаа Монголчуудад зориулж нийслэлийн газрын албанаас ямар нэгэн арга хэмжээ авдаг уу? Тэд нар маань хэд хэдээрээ нийлж хөрөнгөө оруулаад, өөр өөрсдийн суугаа орны онцлогтой хотхон байгуулахсан гэсэн мөрөөдөлтэй байдаг. Түүнийгээ ч хэд хэдэн хүн цухалзуулж байсан юм.

Т.С:   Бусдаас илүү эрх эдэлнэ гэж байж болохгүй л дээ. Сүүлийн үед манайхны нэг юм их ажиглагдаж байгаа. Тэр нь юу вэ гэвэл манай иргэдийн ихэнх нь эцэг эх, ах дүү төрөл саднаа дагасан өөрийн гэсэн орон нутагтай байдаг. Тийм болохоор ах дүүсээрээ нийлэн хөдөө оногдож байгаа “том” хэмжээтэй газраас авч тариа ногоо гэх мэтийн хэрэгцээндээ ашиглаж байгаа. Тэгэхээр тэр хотхон байгуулах хүсэлтэй байгаа хүмүүс ийм замаар хүслээ шийдэж болно. Дэд бүтцийн асуудлаа өөрсдөө шийднэ гэсэн үг. Түүнээс биш хотхон барина гээд хот тэдэнд илүү эрх эдлүүлэхгүй.

БЭ (Орлоо-Инфо):  Зуслангийн газрыг хэзээ өмчлөх вэ? Өмчлөх сургаар хүмүүс одоо эзэмшиж байгаа газраа өндөр үнээр зараад байх юм.

Т.С:   Зуслангийн газар маш их маргаантай. Эхлээд цэгцлэх шаардлагатай байгаа. Маш замбараагүй. Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн, гол усны сав газар, ойн сангийн газар буучихдаг. Тэрнээс гадна хэмжээ гэж замбараагүй байдаг болохоор шууд өмчлөөд эхлэх юм бол болохгүй. Тэгэхээр энэ бүгдийг ерөнхий төлөвлөлтөд оруулж байж л шийдэх байх. Өмчлөхийн хувьд өмчилнө. Ер Монгол орон даяар газар өмчлөлийн ажил дөнгөж эхэлж байна гэж ойлгож болно. Учир нь одоо зөвхөн ахуйн хэрэглээний буюу хашааны газрыг л өмчилж байна. Цаашдаа үйлдвэрлэл болон үйлчилгээний газрыг өмчилнө гэхээр их ажил байгаа биз?

БЭ (Орлоо-Инфо):  Газрын харилцааны талаар иргэдийн хооронд маш их маргаан байх юмаа. Энийг яах вэ? Нэг газар сонголоо гэхэд тэр хавьд нь амьдардаг нэг өвгөн хэдэн шон хатгачихаад үнэн худал нь мэдэгдэхгүй манайх гээд хэвтчихдэг.

Т.С:   Хууль. Иргэд маань хуулиа ерөөсөө харахгүй юмаа. Хэрвээ хардаг бол их энгийн шүү дээ. Ерөөсөө шат дамжлаг нь ч ойлгомжтой. Эхлээд газраа сонгоно. Эзэмшдэг эсэхийг нь шалгуулна. Их амархан шалгаж байгаа шүү дээ. Тэгээд кадастраа зуруулаад дүүргийн засаг даргаас эзэмших гэрчилгээ авна. Дараа нь нийслэлийн засаг даргын шийдвэрээр өмчилнө. Тэгэхээр эзэмших эрхгүйгээр шууд нийслэлээс өмчлөлийн бичигтэй гэсэн янз янзын юм яриад будлиулаад байгаа нөхдүүдийг хуулиа бариад л шийдчихнэ гэсэн үг.

БЭ (Орлоо-Инфо):  Сүүлийн үед сертификат гэж нэг юм яригдаад байх юм. Энэ ямар утгатай яриа яваад байна?

Т.С:   Аан, энэ ерөөсөө хуулийн төсөл яригдаж байгаа юм. Болд гишүүн, Оюунгэрэл гишүүн хоёр ийм хуулийн төсөл яриад яваа. Энэ нь МУ-ын иргэн бүр газар эзэмшихээс хойш бүгдэд нь газар өмчлөх сертификат олговол ямар вэ. Тэгвэл иргэд түүнийгээ эдийн засгийн эргэлтэнд оруулж болох юм гэсэн санаа. Төсөл төдий гэж ойлгож болно.

БЭ (Орлоо-Инфо):  Ягаан тасалбар шиг юм болох юм байна. Одоо хүмүүс нэг үеэ бодвол арай өөр ойлголттой болсон. Гэсэн ч гэсэн гадныхан нөгөө сертификатыг нь цуглуулчих юм биш байгаа?

Т.С:   Газрыг зөвхөн МУ-ын иргэнд л өмчлүүлнэ гэдэг хуультай. Гэхдээ дээрх яриа бол одоохондоо төсөл төдий.

БЭ (Орлоо-Инфо):  Зарим нэг иргэд маань уулын амыг тэр чигээр нь хашчихсан байх юм. Тэр яаж өмчлөөд эсвэл эзэмшээд байна?

Т.С:   Тэр бол эзэмшээд байгаа юм биш. Өмчлөл бол бүр биш. Харин Байгаль орчны яамтай байгаль хамгаалах эсвэл аялал жуулчлалын зориулалтаар ашиглах тусгай гэрээний дагуу явагддаг байх. Би тэр талаар сайн мэдэхгүй.

БЭ (Орлоо-Инфо):  Та хувь хүнийхээ зүгээс гадаадад байгаа монголчууддаа газар өмчлөлийн талаар юу гэж зөвлөмөөр байна? Та хүүхэддээ хэлж байна гэж бодоод нэг зөвлөөч

Т.С:   Үгүй яахав дээ. Би хүүхдүүддээ энэ хотын 30,40 зарим газраа 50,60 жил ашигласан ийм газрыг авах гээд хэрэггүй дээ. Үнэндээ бол хөрсний бохирдол дээд цэгтээ хүрчихсэн ийм газраас хөдөө, эрүүл газар авбал дээр дээ л гэдэг. Олон жилийн хугацаанд нэг хашаанд олон л жорлон ухсан байдаг байхгүй юу. Аан бусдад бол би учиргүй зөвлөнө гэж юу байхав. Хаа хүснэ түүнийгээ л авах нь хүний эрх. Гагцхүү хуулийн хүрээнд байх ёстой.

БЭ (Орлоо-Инфо):  За баярлалаа.

*  *  *

Газар олголт, эзэмших хэмжээнд хамгийн их маргаантай байж болзошгүй газар нь аль нэг дүүргийн газрын алба гэж сонсоод би Баянзүрх дүүргийн өмчийн харилцааны хэлтэс буюу газрын албанд очлоо. Тэндхийн албаны хүмүүстэй уулзвал өнөөдөр сонссон яриагаа л сонсох тул зүгээр л газар хөөцөлдөж буй зарим нэг иргэнтэй уулзъя гэж бодлоо.
БЗД-ийн 23-р хороо буюу Улиастайд газар хөөцөлдөж байгаа иргэн Х.Ч-тэй уулзав. (иргэд нэрээ нууцлахыг чухалчилж байлаа)

БЭ (Орлоо-Инфо):   Та ямар асуудлыг, хэдий хэр хугацаанд хөөцөлдөж байна?

Х.Ч:   Жил тойрон. Арай дэндүү. Манай гэрчилгээ гарчихсан юм. Гэтэл гэрчилгээг маань өгөхгүй юм.

БЭ (Орлоо-Инфо):   Яагаад? Тийм “но”-той юм уу?

Х.Ч:   Үгүй. Манайх нэг айлын эзэмшилд байсан 2 айлын газрын хагасыг авсан юм. Тэгээд манай гэрчилгээ гарчихсан. Гэтэл нөгөө айлын чинь бичиг баримт бүрдээгүй байна. Тэрийгээ бүрдүүлж байж ав гэсэн. Гэтэл би гэрчилгээгээ авч зээл авмаар байдаг. Мэдэхгүй. Би тэдний өмнөөс хөөцөлдөж чадахгүй.

БЭ (Орлоо-Инфо):   Ямар сонин юм? Тэр айлын юм танайд ямар хамаатай юм? Яг “цэвэр” биш юм болов уу?

Х.Ч:   Тэр айлын хаалгаар манайх гардаг юм.

БЭ (Орлоо-Инфо):   Айн? Юу гэсэн үг вэ? Танайх хашаандаа хаалгагүй юм уу?

Х.Ч:  Тойроод битүү айлтай болохоор байхгүй. Тэднийхээр дамждаг юм. Анхнаасаа тэднийхээс авахдаа булангийн хэсгийг л авдаг буруутлаа гээд надад зурж үзүүллээ.  Үнэхээр тойроод гарцгүй хашаа зураад байх юм. Би ойлгосонгүй.  Тэр уурлав бололтой яваад өглөө.

*  *  *

Нэг ах сууж байна. Түүнийг Содном гэх. Учраа хэллээ. Тэгтэл

Содном:   Ухайс, эднийг нэг сайн матарлаад өгөөрэй.

БЭ (Орлоо-Инфо):   Та яг ямар асуудлаар энд яваа юм?

Содном:   Манайх Баянзүрхийн товчоонд нэг хашаа хатгасан юм. Аль ноднин өвлөө. Тэгсэн чинь одоо эзэмших гэрчилгээ өгдөггүй.

БЭ (Орлоо-Инфо):   Яагаад? Болдоггүй газар юм болов уу? Хөөгөөд байна уу?

Содном:   Хөөгөө ч үгүй л байна л даа. Гэхдээ л болдоггүй. Сонгуулийн өмнө л болно гээд байсан юм. Тэгсэн одоо байхгүй. Нөгөө хүүхэд нь ч гараагүй л дээ . . . надад хэлэх үг олдсонгүй.

 *  *  *

Хаалга тас савсаар нэг хүүхэн гарч ирэхдээ

-     Тэгээд би хохироод үлдэх болж байна уу? Ёстой гайгүй байлгүй . . .

БЭ (Орлоо-Инфо):   Өөрөө ямар асуудлаас болоод ингэж их уурлав?

-    Чамд ямар хамаатай юм?

БЭ (Орлоо-Инфо):   Үгүй ээ, би гадаадад байгаа Монголчууддаа газар өмчлөлийн талаар мэдээлэл өгөх гэсэн юм. Тэгээд ихэвчлэн ямар асуудал үүсээд иргэдийг бухимдуулаад байна л гэж . . . Таныг хэн гэдэг вэ? Боломж байвал та асуудлаа яриач. Бусдад хэрэг болж магад . . .

-    Намайг Ц гэдэг нэр битгий бичээрэй. Аягүй бол эд нар зуучихна. Би нэг залуугаас газар авсан байхгүй юу. Тэгсэн тэр нэг заваан юм хүний газрыг надад зарчихсан байгаа юм.

БЭ (Орлоо-Инфо):   Ээ, судлахгүй дээ. Ирээд асуусан бол хэлээд өгдөг юм биш үү

Ц:   Асуух гэсэн чинь би дагуулаад ирье. Та зүгээр гэртээ л байж бай гээд нэг юм дагуулаад ирсийн. Уг нь би үнэмлэхийг нь үзсэн юм. БЗД-ийн газрын албаны байцаагч гээд байсан чинь одоо болохоор ийм хүн байхгүй гээд байгаа юм.

БЭ (Орлоо-Инфо):   Залилан юм биш үү. Цагдаад хандах юм байна шүү дээ.

Ц:   Өргөдөл өгсөн л дөө. Нөгөө хүн нь байхгүй. Гэтэл газраа чөлөө л гээд байгаа. Эд нар өөрийнхөө хүнийг бол ингэхгүй ш дээ. Яаж ийж байгаад л аваад өгнө.

БЭ (Орлоо-Инфо):   Аан, за за ойлголоо.  

Ингээд цааш нь хэд хэдэн хүнтэй уулзлаа. Манайханд хэд хэдэн дутагдал байнаа. Үүнийг би шүүмжлэх гэж биш анхааруулах гэж оруулж байна. Гадаадад байгаа хүмүүс маань хүнээр дамжуулж хөөцөлдөх гэж байгаа бол давхар анхааруулна биз.

Үүнд:

  1. Газар өмчлөл болон эзэмшилтэй холбоотой хуулиа, дүрмээ дахиад нэг хараарай
  2. Хүний амаар битгий яваарай.
  3. Хэн нэгэнтэй тохироо хийвэл заавал нягталж шалгаарай. Хүн гомдох вий, үнээ нэмчих болов уу, энээ тэрээ гэж битгий нэрэлхээрэй
  4. Бичиг баримтыг нь сайн шалгаж магадлаарай
  5. Интернет болон албаны хүнээс мэдээлэл сайн аваарай
  6. Кадастрын зураг гээч юмыг эрхэм болгоорой. Энэ зураггүй ямар ч хөдөлгөөн битгий хийгээрэй.  

Одоо Өрхийн хэрэглээний 0,7 га газраа өмчилж аваагүй иргэдэдээ зориулж дараах зөвлөмжийг хүргэж байна. (Албаны маягаар)

Иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авахыг хүссэн өргөдлийг харъяалах орон нутгийн Засаг дарга /газрын алба/-д гаргана. Өргөдлийн загварыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаар тушаалаар шинэчлэн баталсан байдаг. Өргөдөлд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3. дахь хэсэгт заасан материалуудыг хавсаргана. Үүнд:

  1. Гэр бүлийн 16 нас хүрээгүй гишүүний төрсний гэрчилгээний нотаиатчаар гэрчлүүлсэн хуулбар.
  2. Гэр бүлийн ам бүлийн байдлын тухай баг, хорооны Засаг дарга /тосгоны захирагч/-ын тодорхойлолт.
  3. Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар.
  4. Хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг. /хэрэв газрыг дундаа хэсгээр өмчлөхөөр бол өмчлөгч бүрийн хувьд ногдох газрын хэмжээ, байршил, заагийн тойм зураг/
  5. Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/

Өмчлүүлэх үйл ажиллагааны дараалал:

  1. Газар өмчлөх хүсэлтээ харъяалах орон нутгийн Засаг дарга /газрын алба/-д гаргана.
  2. Газрын алба хүсэлтийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан хянаад дээд шатны газрын албанд шилжүүлж тус шатны Засаг даргад өргөн барина.
  3. Дээд шатны Засаг дарга иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргаж харъяалах орон нутгийн газрын албанаас иргэнд газар өмчлүүлэх шийдвэр, кадастрын зураг, хөрсний хянан баталгааны хуудсыг гардуулна.
  4. Иргэн Үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн газарт хандаж өмчилсөн газраа улсын бүртгэлд бүртгүүлснээр иргэний газар өмчлөх эрх үүснэ.

Шинээр төлөвлөсөн газрыг өмчлүүлэхэд:

  1. Харъяалах орон нутгийн Засаг даргад буюу газрын албанд тухайн газрыг эзэмших хүсэлт гаргана.
  2. Газрын алба өргөдөл өгсөн дарааллын дагуу бүртгэж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан Засаг даргын захирамжаар эзэмших эрх олгоно.
  3. Эзэмшсэн газраа өмчилж авахыг хүсвэл хүсэлтээ харъяалах орон нутгийн Засаг даргад гаргаж дээр дурьдсан дарааллаар шийдүүлнэ.

Газар өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримт:

  1. Өмчлөгч, хамтран өмчлөгч нарын иргэний үнэмлэхний хуулбар /насанд хүрээгүй хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар/ нотариатаар гэрчлүүлсэн байна.
  2. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэр /эх хувь/
  3. Газар өмчлүүлэх тухай захирамжийн хуулбар
  4. Газрын кадастрын зураг /эх хувь/
  5. Газрын хянан баталгааны хуудас /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/
  6. Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, хэдэн хүний өмч, талбайн хэмжээ, газрын үнийн талаар тодорхой бичнэ/ өргөдлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.
    Үйлчилгээний хөлс:
  7. Баталгаажуулахад – 2500T /яаралтай – 5000T/
    2.   Хувийн хэргийн үнэ -2500T
  8. Гэрчилгээний үнэ - 5000T

Батлагдсан загварын дагуу мэдүүлэг авч бөглөөд бүрдүүлсэн баримт бичиг, мөнгө тушаасан баримтын хамт тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа дүүргийн мэдүүлэг хүлээн авах цонхонд өөрийн биеэр хүлээлгэн өгнө. Баталгаажсан гэрчилгээгээ олгох цонхноос өөрийн биеэр ирж, иргэний үнэмлэхээ үзүүлэн авна.

За тэгээд Газар өмчлөл гэдэг чинь Монгол хүн болж төрсний хувьд ганцхан удаа олдож байгаа боломж шүү. Анхааралтай бас идэвхитэй хандаарай хүмүүс ээ . . .

Түмэнбаярын Бум-Эрдэнэ.                               УБ хот.   2013.3.29

“Монголд-3”- Газар өмчлөл
“МОНГОЛД-2”- Иргэншил
“МОНГОЛД-1”- Банк санхүү


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.