11 сарын 13, Лхагва
°C
USD 2,703.07
USD 2,703.07
EUR 2,980.95
JPY 24.74
GBP 3,472.90
RUB 42.33
CNY 386.05
KRW 2.33

Д.Энхболд: Америк бол нэг төрлийн туршилт хийгдэж байгаа газар юм уу даа

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч Доржзовдын Энхболдтой гурван сэдвээр ярилцаж түүнийхээ эхний хэсгийг өмнө нь нийтэлсэн билээ. Энэ удаад дараагийн хэсэг буюу Америк хэмээх их гүрний тухай хөөрөлдсөнөө хүргэж байна..

-Зохиолчид хорвоогийн явдлыг бүхлээр нь харж, харьцуулж, эргэцүүлж, дүгнэж л явдаг. Одоо өөрийн чинь 10 жил амьдарсан Америкийн  тухай хэдэн асуулт байна. Юуны өмнө Америкийн талаар хэдхэн үгэнд багтаагаад өөрийн бодол дүгнэлтээ ч гэх юм уу, сэтгэгдлээ хэлээч…

-Америк бол нэг төрлийн туршилт хийгдэж байгаа газар юм уу даа гэж боддог юм. Олон үндэстний хүмүүс нэгдэн нэг гэр бүл болж амьдарч чадах уу, үгүй юу гэдгийг туршаад байгаа юм шиг санагддаг хэрэг л дээ. XIII зуунд манай дээдэс бас тэгж туршиж үзсэн. Мэдээллийн хомсдолоос үүдээд манай туршилт бүтээгүй юм болов уу гэж би дотроо л бодож явдаг юм. XX зуунд Зөвлөлт бас ийм туршилт хийсэн систем нь гажуудаад нурсан гэж боддог. Америкийн талаар одоогоор надад хэлэх юм алга. Зөрчил бол их л байх шиг санагддаг.

Гэхдээ зөрчлийг нь баллуурдчихвал бүх юм дагаад арилах нь тодорхой учир энэ зөрчлийг яаж зохицуулж байгаа нь сонин санагддаг. Дэлхий дахин америкчуудыг олон таван хошуутай эрээн далбаагаа дагаад намирч байдаг үндэстэн гэж боддог шиг байгаан. Миний хувьд бол тийм биш. Үндэстэн болгон нь өөр өөрийн хөрсөө даган ургаж байгаа олон ургамалтай тариан талбай шиг газар. Задарч мэднэ, эсвэл эсрэгээр улам нягтарч ч мэднэ. Зөрчлийн язгуур нь үндсэндээ яргачихсан байгаа болохоор мань мэтсийн хөрсөн дээрхийг нь л харж байдаг ойрын хараатай хүмүүс олж  уншиж чадахгүй л дээ.

 .

Америк иргэн банкны, харин цаад банк нь Хятадын барьцаанд байна

 .

-Даян дэлхийн хамаг л зовлон зүдгүүр, дарлал мөлжлөг, дайсагнал, дайн самууны голлох шалтгаан нь Америкаас үүдэлтэй байна. Засаг захиргаа, гадаад улс төрийн бодлого нь нөгөө л империалист, эзлэн түрэмгийлэгч шинжээ хадгалсаар байна гэдэгтэй санал нэгдэх үү? Америк түүний хань хамсаатнууд болох Израйл, Герман, Их Британи, Франц гэх мэт улсууд ардчилал, эрх чөлөөг түгээх нэрийн дор дэлхийн өнцөг булан бүрт түрэмгийлэл үйлдэж дайны галыг шатааж байна шүү дээ. 1798 оноос өнөөг хүртэлх хугацаанд Америк 150 орчим их бага дайн хийжээ.  Мөн дайтаж байгаа талуудыг хоёуланг нь дэмжиж байлаа. Дэлхийн 2-р дайнд л гэхэд нацистын Германыг бүх талаар  дэмжиж, санхүүжүүлэх мөртлөө, Зөвлөлтийг бас нууцаар дэмжиж тагнуулын мэдээ сэлт хүртэл солилцож байв. Энэ тухайд ямар бодолтой явдаг вэ?

-Асуулт бол айхавтар хатуу асуулт юмаа. Усыг нь ууж байгаа худгаа хайрлах сэтгэлгээ миний багын хүмүүжил юм даа. Гэхдээ байгаа үнэнийг бас нуух аргагүй. Өнөөдөр АНУ-ын хүн ам 315 саяд хүрсэн гэсэн нэг тоо байдаг. Үүний тун багахан хэсэг нь ажил эрхэлдэг бололтойдог. Гэхдээ тэр ажил эрхэлж байгаа хүмүүс нь ихэвчлэн цагаан захтнууд. Эгэл бор ажлыг нь цагаач нар хийдэг. Үйлчилгээний ажил бол ерөнхийдөө цагаачдын гарт орсон бололтойдог. Шатахуун түгээгүүрийн газрууд нь энэтхэгчүүдийн, түргэн хоолны газрууд нь мексикчүүдийн, томоохон зоогийн газар ресторанууд нь хятад, япон, солонгос, италичуудын гарт байдаг бололтой. Өөрөөр хэлбэл, энэ улс бүхэлдээ маш том шимэгч, аа бас асар олон шимэгчдийг тэжээгч ийм л дүр зургаар надад харагддаг. Дээхнэ нэг сонин дээр гаалийн нэг ажилтны ярилцлага гарсан байсан л даа. Өдөр бүр хятадаас хэдэн арав зуун том том хөлөг онгоцнууд пиг дүүрэн бараатай ирээд хоосон буцацгааж байхыг нь хараад уйлмаар санагддаг гэсэн утгатай. Нарийндаа бол уйлах дэндүү багадна. Эх оронч Америк хүн буугаа шүүрээд босмоор. Гэтэл харин ч цэргүүд нь арабуудтай дайтахаар явцгааж ард нь Япон, Германчууд машинуудаа энэ улс орон руу шахаж байна. Сүүлийн үед Солонгос нэмэгдлээ. Өндөр технологи нь ч эдгээр орнуудын мэргэжилтнүүдийн гар руу зугуухан шилжиж байгаа дүр бууж байна. Би Хайрлейгийн нэг үйлдвэрт ажиллаж үзсэн л дээ. Инженерүүд нь бүгд япончууд, супэрвайзер, мастер ээлжийн ахлагч нар нь америкчууд байх жишээний. Иймэрхүү хандлагад эмзэглэдэг Америк хүмүүс байдаг ч дуу хоолой нь дэндүү сул байдаг шиг санагддаг. Харин олонхи Америк хүмүүс ийм зүйлд сэтгэлээ чилээхийн оронд том дэлгүүр хоршоогоороо хэсч өөрийгөө гоёх бас дахин хэлэхэд бусдын үйлдвэрлэсэн хувцсаар биеэ ороохоо л гол болгодог шиг санагддаг. Ийм байдал өдөр ирэх бүр лавширч тэр хэмжээгээр иргэд нь төрөөсөө, төр нь банкнаасаа, банк нь Хятад, Японоос хараат болсоор байна. Өнөөдөр жирийн Америк иргэн банкны хэдэн буман долларын барьцаанд харин цаад банк нь Хятадын барьцаанд байна. Цагтаа дайнд нэрвэгдэж ядарч сульдсан Герман, Япон, Солонгос улсыг түүртэлгүй чирээд босгоод ирж чадсан Америк өнөөдөр өдөр бүр сульдаж байгаа нь илэрхий мэдрэгддэг болсон. Аргагүй ч байх өөрөөсөө дөрөв дахин олон хүн амтай Хятадыг чирж явна шүү дээ. Гэхдээ өгөөмөр сайхан сэтгэлээр биш залхуурлаасаа болж.

 .

-Америк дотоод  зөрчил, ялзрал, ялгаварлан гадуурхах хандлагадаа идэгдэж, нийгмийн тодорхой хэсгийн эсэргүүцэл тэмцлийг цэрэг цагдаагийн хүчээр дарж унтрааж байна. Жилд саяас дээш оюутан сурагч галт зэвсэг сургууль дээрээ хэрэглэсний золиос болж, шархдаж гэмтэж байна. Xүн амын 14 хувь буюу 40 сая орчим хүн бичиг үсэг гүйцэд тайлагдаагүй. Өнөөдөр 2.3 сая буюу дэлхийд хамгийн их хоригдолтой, хамгийн олон хүнийг цаазаар авдаг улс болоод байна.  Нөгөө ардчилсан, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг зарчим хааччихваа? Энэ талаар Америкт байгаа манай монгол тв-үүд, сэтгүүлч, зохиолчид маань таг л байх юм. Тэр байтугай Америкийн суртал нэвтүүлэгчийн ажил албатай болчихсон юм уу гэмээр харагдах юм. Нөгөө үнэн мөнийг эх орон нэгтнүүддээ хэлэх чинь юу болсон бэ гэж асуумаар санагддаг л даа?  

-Энэ чинь асар их үзэл сурталжсан нийгэм юм байна лээ ш дээ. Энэ талаараа хуучны манайхтай их адилхан. Би өөрөө тэр нийгэмд залуу насаа өнгөрөөсөн болохоор их танил байгаа юм чинь. Харин манай залуучууд бол нэг их сайн ойлгодоггүй юм шиг санагддаг. Тэгээд л тэр хүрээнд нь орчихдог байх. Гэхдээ Америк тас хар нүх биш нь бас тодорхой. Энд боломж ч бас бий. Нөгөөтэйгүүр манай монголчууд Америкийн сүүдрээс их ангид аж төрцгөөдөг нь ч нөлөөлдөг байх. Ер нь л шаруудтай нь барьцаад явдаг шүү дээ. Харуудын юм уу, латинчуудын хороолол руу барагтай бол шагайхгүй. Чайна таун руу нь хааяа л нэг хятад хоол идэх гэж л очицгоодог. Тэгээд гэрэлтэй талд нь амьдраад явцгаадаг болохоор нөгөө талд нь юү болоод байгааг бараг ойлгодог ч үгүй байх. Тэгээд яахав өөрсдийн аж төрдөг орчныхоо тухай нийтлэл нэвтрүүлэг хийгээд байдаг юм болов уу даа л гэж бодож байна шүү дээ. Энэ бол том өвөр. Ухаад байвал юм юм л гарах нь ойлгомжтой. Өөрсөддөө нэг их хамаагүй хар өврийг нь ухаад ашиг байна уу гэж боддог байлгүй дээ. Өчигдөр оройн мэдээгээр нэг англи хүүхэн Ройтэрийнх байсан байх шүү Бангладешид болсон үйлдвэрийн ослын талаар авч өгч байнаа. Хөөрхий Бангладеш бол өрөвдмөөр л аж төрцгөөдөг ард түмэнтэй улс юм байна л даа. Нэг байшин нураад баахан бүсгүйчүүд дарагдчихсан юм байж. Нөгөө англи хүүхэн чинь нүдээ гурвалжлуулж, хөмсгөө зангидаж байгаад л эрх баригчдынх нь арчаагүйн тухай, барилга байшингийнх нь хэврэгийн тухай, яагаад ийм байшин барьж байгаа  юм ч гэх шиг загнаж гарч байна. Үгүй тэр хэн бэ. Эцсийн эцэст тэрэнд түүний эх орон Англид, загнаж зандарч байгааг нь олон сувгаараа гаргаж байгаа Америкад, Бангладешийн тэр осол ямар хамаа байнаа. Хөмсгөө зангидчихаад л загнаад байгаа тэр хүүхэн нурангийн дороос арав гаруй хоногийн дараа амьд гарсан ядарсан Бангладеш бүсгүйд гурван доллар өгчихгүй л байгаа шүү дээ. Тийм хэвтэж бусдын хэрэгт оролцох ямар вэ дээ. Түүн шиг л бид энд ирчихээд эдний орон гэргүйчүүдийг зурагтаараа гаргаад л өмхий Трампп ингэж баяжиж байхад хөөрхий Смит энд ингээд гүүрэн доор орогнож байна гээд үзүүлээд байх ямар бол. Бидэнд өөрсдөд маань асуудал хангалттай байгаа шүү дээ.

 .

Бид өөрсдөө энэ унаж байгаа асар том амьтны сүүдэрт дайруулчихгүй байхыгаа л бодох хэрэгтэй

 .

-Америк ер нь амьдын диваажин, адгийн там хоёр зэрэгцчихсэн нийгэм юм биш үү? Хүн амын 1 хувь нь хагартлаа баяжиж хөлжчихсөн, үрээс үрд, үеэс үед төрийн эрх мэдлээ дамжуулж “өмчилж” байдаг, хэн ч халдашгүй эрх дархтай, хүссэн хэмжээгээрээ цалин пүнлүүгээ тогтоодог дээд ангитай,  99 хувь нь насан туршийн өр ширэндээ баригдаад бие, сэтгэл, оюуны боолчлолд нэрвэгдчихсэн, шударга ёсоор цалин хөлс авдаггүй мөлжигдөж байдаг нийгэм юм биш үү?

-Нийгэм өөрөө ер нь хэн юм бэ гэсэн асуулт энд нуугдаж байна. Хүн сүрэг, хонин сүрэг хоёрын хооронд ямар ялгаа байдаг юм бэ. Яагаад манай хашир малчид хонин дотроо хэдэн сайхан сэрх, хэсэг саваагүй эм ямаа агуулаад явдаг юм бэ. Ноолуурт нь болдог уу. Үгүй л байхгүй юу даа. Тэр хэдэн саваагүй ямаа чинь сүргээ соргог сайхан бэлчээрт хөтлөж хүргэдэг хөтөч нь. Нөгөө хэдэн том сэрх нь эм ямаагаа хөр цас хүйтэн жавартайд нөмөрлөж байдаг нөмөр нөөлөг нь. Нийгэм ч адилхан. Ямаатай бол ямаатай, сэрхтэй бол сэрхтэй. Тэр хэдгүй бол нийгэм чинь дороо л эргэлдээд байна. Энэ тухай Маркс багш чамгүй сайн бичсэн тул мань мэт түүний онолын бэлчээрийн эхэн дээр дороо эргэцээд яах вэ. Бид социализмийн үед төгсөшгүй дугаарлалт дунд амьдарч явлаа. Хоногийн хоолны махаа авах гээд хүнсний 20-р дэлгүүрт оочерлоно. Эмэгтэй хүний гоёлын саатай алчуур ээждээ авчих санаатай дугаарлаж зогссоноо би тод санаж байна. Улсын их дэлгүүрийн дөрөвдүгээр давхарт тэр алчуурыг зарж байсан. Харин алчуур авах гэсэн хүмүүс дөрөвдүгээр давхарт хэд нугалараад доошоо шатаар хөвөрч нэгдүгээр давхарт бас хэд нугаларч цагираглаад гудамжинд гарсан байсан. Миний хувьд өглөөний 11 цагаас оройн 7 хүртэл зогсч байж эр хүн гэсэндээ ээждээ ямар ч гэсэн тэр алчуурыг Улсын их дэлгүүрээс салгаж аваад л харьж байсан юм. Би ч яахав эр бор зүрхээрээ хөлөө чилтэл зогссон, над шиг хүн ямар олон байсныг мөнөөх гогцоорсон урт цуваанаас ойлгож болноо доо айн. Гэтэл тэгж зогсдоггүй хүмүүс бас байсан. Тийм хүмүүсийг арын хаалгачид гэдэг байсан даа. Дарга нар, тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөтэй хүмүүс тэр арын хаалгачдад багтдаг байсан. Анги мөн үү гэвэл мөн шүү дээ. Хүүхдүүд нь уралдаанд шалгалтад орохгүй, орсон ч хоосон цаасан дээр өөрийн нууц код дугаарыг бичээд л хамгийн дээд оноо авч Ардчилсан Герман, Унгар, Чех зэрэг арай дөнгүүр хөгжилтэй орны сургуулиудад явчихна. Төгсч ирээд мэдээллийн эх сурвалжууд дээр суучихна. Түүнийхээ ачаар үе залгамжилсан арын хаалгачид болно. Харин нийгмийн  99 хувь нь дугаарлаж зогсоно. Орон сууцны өргөдлийнхөө араас, ганц хос костюмны төлөө, хоёр зуун грамм цөцгийн тос авахын төлөө дугаарлаад л байна зогсоод л байна. Насаараа дугаарлаад орон байртай болж чадалгүй хойт насандаа ч хүлээсээр байгаа хичнээн монгол хүн байгаа гэж чи бодноо. Гэтэл АНУ-д тэр алга. Түүний оронд зээлийн систем нэвтрүүлсэн байна. Хүлээхгүй хэрэглэнэ. Хэрэглэснийхээ төлөө төлнө. Хэдийг хэзээ хэрхэн төлөхөө төлөгч өөрөө шийднэ. Энэ бол магадгүй зэгсэн шударга шийдэл байх. Бас хамгийн шударга бус шийдэл ч байж мэднэ. Яагаад гэвэл энэ сонголт америкчуудыг залхуу болгож байгаа хамгийн том шалтгаан гэж би хараад байгаа юм. Энэ сонголт өөрөө хөөс үйлдвэрлэдэг. Цалингийн хөөс түүнийг дагасан, дагуулсан бараа материалын үнийн хөөс бий болгож Америк өөрөө энэ хөөснийхөө хурдыг гүйцэхээ больсон учраас бусдыг зардаг, төд удалгүй л нөгөөдүүл нь хөөсрөөд шуугиад гүйцэгдэхээ больдог. Япон Герман Солонгос ингэсэн өнөөдөр Хятад ингэж байна маргааш магадгүй Энэтхэг Индонез улс хөөсөрч эхлэх байлгүй. Гэхдээ энэ бүхнийг өдөөгч нь Обама юм уу түүний засаг захиргаа биш. Ердөө л хувийн өмч. Би хагас солиорчихсон юм уу гэмээр эмч мэднэ. Чикагогийн дунд зэргийн эмнэлгийн нэлээн дээгүүр зиндааний нөхөр л дөө. Хэр зэрэг мэдлэг чадвартайг нь бол би мэдэхгүй. Харин хувийн өмчийн донтой,  донтох бололцоотой түүнийгээ ч чадамгай ашигладаг л нөхөр. Мичиган нуурын баруун талд буюу Чикаго хотод том байшинтай. Зүүн эрэгт нь ч асар том байшинтай. Хоёр хүүхэдтэй энэ гэр бүл Майамид бас Калифорнид том том байшинтай гэж байгаа. Байшингаа улам л томруулаад л байна. Яг өнөөдөр Мичиган нуурын зүүн эргийн байшиндаа өргөтгөл хийж байна. Яах гэж, ердөө л үнийг нь өсгөх гэж тэр шүү дээ. Энэ солиотын байшинг авдаг бас нэг солиотой хувийн өмчийн хэнээтэй нөхөр энэ улсад байна шүү дээ. Бүр сая саяараа байна. Ийм хөрс дэвсгэртэй улстай дайн энх, философи, ухаан зухаан ярих ямар ашиг байна. Зүгээр л мөрөөрөө унаг л дээ. Гагцхүү бид өөрсдөө энэ унаж байгаа асар том амьтны сүүдэрт дайруулчихгүй байхыгаа л бодох хэрэгтэй. Бас хоёр талд маань энэ галзуурал солиорлын араас мөр даган мөшгиж яваа маргаашийн том том уналтууд бий. Түүнд өртчихгүй үлдэхээ бодох хэрэгтэй. Түүний оронд юу ярьж байгаагаа мэддэггүй нөхдийн суртал ухуулга дагаж хуйлраад байвал том мангасын сүүдэрт цохиулаад Ливи, Ирак шиг самуураад л дуусна.

 .

Эрх чөлөө тусгаар тогтнол ганцхан л олдоно

 .

-Монголд ардчилсан хөдөлгөөн дэгдлээ гэхэд CNN, BBC, NBC, Reuters гэх мэт том том мэдээллийн компаниуд “Асар их байгалийн баялагтай энэ орон ардчилсан хувьсгал хийлээ” хэмээн шуугилдаж, улстөрчид нь “Монголд улсад анд нөхдийн гараа сунгана” хэмээн амлацгааж байв даа. Тэр цагаас хойш 23 жил өнгөрлөө. 2.8 сая хүн амтай Монгол улсад тусламжийн гараа сунгах тусам авилгал, хээл хахууль, албан тушаалын арилжаа, хулгай дээрэм цэцэглээд байдаг нь Uncle Sam-ийн “хичээл зүтгэл” юм боловуу гэж бодож явдаг шүү. Ер нь Uncle Sam манайхаас юу хүсээд, юу хийгээд явдаг юм бол?

-Танай хөрш маш их сайхан зантай улс байжээ гэж бодъё. Тэр сайхан зангийнх нь төлөө чи сар бүрийнхээ цалингийн тодорхой хувийг өгөх үү. Ийм л юм болоод байна шүү дээ. Өөртөө байгаа мянган долларынхоо зууг нь дараа сард газарт булах юм шүү гэж галзуу хүн ч бодож чадахгүй. Нэгэнт хүний нийгэм хөрөнгөжсөн, амьдралынх нь учир утга хөрөнгө мөнгөтэй салшгүй холбогдсон болохоор энэ тухай бодохоос өөр яах ч юм билээ. Андын гэгээн мутар гэж юм хаа ч байхгүй. Хэн нэгэн гараа сунгаж л байгаа бол хуруунуудынхаа салаанд мөнгө хавчуулаад буцахын тулд гэдгийг ойлгох цаг болсон. Харин тэр салаанд хэдэн төгрөгийг хэзээ хэрхэн яаж хавчуулж буцаахаа л бид мэдэж байх ёстой. Би Баярцогтыг зүгээр л мэдэн будилаад байгаа гэж боддоггүй, Ганбаатарыг ч тэнэг л учраас хашгираад байгаа юм гэж боддоггүй. Ийм юм байх ёстой учраас л болоод байгаа юм. Америк ч тэр баруун Европ, Япон ч тэр эдийн засаг нь асар их хөөсрөлттэй шүү дээ. Гурван төгрөгийн ажил үйлчилгээг гурван зуун төгрөгөөр хийдэг. Энэ бол солиорол гэхдээ хэн нэгний биш хүн төрлөхтний солиорол. Өнөөдөр энэ солиорч халуурсан нийгэм рүү эдийн засаг нь хүйтэн байгаа тэр хэсгийнхэн хошуурч байна. Зулгааж байна мэрж байна хулгана шиг л зөөж байна. Нөгөөдүүл ч манай руу айлчилж л байгаа зуун монгол хүний энэ орноос мэрж эх орон руугаа зөөсөн мөнгийг ганц хулгайчийн гарыг цайлгаад ганцхан зангиатай хүн  л буцаагаад аваад ирж байна шүү дээ. Эндээс маш том зөрчил үүсдэг, ийм зөрчил үүсээсэй ч гэж нөгөө зангиатай нөхөр бодож байдаг. Ийм зөрчил өнөөдөр Сирид хамгийн тодоор харагдаж байна шүү дээ. Манайд гэвэл Дорнодын газрын тосны орд газар дээр харагдаж байгаа. УИХ-ын даргыг яваад очиход өөдөөс нь Бээжин хав шиг нэг жоохон нөхөр боргож угтдаг. Энэ бол Монголчуудыг доромжилж байгаа маш том доромжлол. Ийм юмнаас сургамж аваад ингэж өвчигнөөд байгаа хөрөнгө оруулагчдыг хязгаарлах болж өгвөл огт оруулахгүйгээр үүдээ хааж түгжих хэрэгтэй ш дээ. Мөнгө олдож болно. Харин эрх чөлөө тусгаар тогтнол ганцхан л олдоно дахиж олж авах бараг боломжгүй.

 .

-Ер нь өөрөө Америк явахын өмнө Америкийн талаар ямар бодол төсөөлөлтэй байв. Ирсэн хойноо энэ хүмүүсийг ажиглаж, харж, хамтарч ажиллаж байхад чинь ямар бодол сэтгэгдэл төрж байв? 

-Ний нуулгүй хэлэхэд, хүүхэд байхын л Америкад очиж үзэхсэн гэж мөрөөддөг байсан шүү. Гэхдээ тэр үед  хэзээ ч биелэхгүй жинхэнэ утопи мөрөөдөл байсан л даа. Мөрөөдөл маань даанч увайгүй жижигхэн эх сурвалжтай. Бохь, хөх жийнсэн өмд цамц, мөрөвчтэй үүрдэг цүнх зэрэгт л Америк мөрөөдөл нуугддаг байлаа шүү дээ. Тиймхэн мөрөөдөлд бүхэл бүтэн нэг хоёр үеэ алдсанаас коммунизм ялагдсан юм болов уу. Ер нь бол Зөвлөлт маягийн нийгэм байгуулах үзэл онол нь зөв байсан гэж би боддог. Харин хэрэгжүүлэх арга эвээ олсонгүй. Дэндүү хийсвэрлэснээс коммунизм нэг хэсэгтээ нурчихлаа. Би ч тэр нурангийн л нэг тоос  шүү дээ. Хэрвээ би АНУ-д ирээгүйсэн бол коммунизм яагаад гарцаагүй вэ гэдгийг ойлгохгүй л өнгөрөх байж дээ гэж боддог. Өнөөгийн залуус коммунизм гэхээр шүлсээ үсчүүлээд пүү пай болдог. Коммунизм гэдэг бол манай Баабарын ойлгоод яриад байгаа тэр богинохон зураас биш л дээ. Коммунизм бол Маркс ч мөн Ленин, Сталин, Чөрчилл, Рейган, Горбачев ч мөн. Коммунизм гэдэг бол нурсан ЗХУ, өнөөгийн АНУ, маргаашийн Европын холбоо, нөгөөдрийн Хятад, Энэтхэг юм. Гагцхүү энэ коммунизм бий болтлоо маш их зарлага гаргана тэрний нэгд нь өнөөдөр би сууж байна. Бүр тодорхой хэлбэл, маргаашийн коммунизмын төлөө өнөөдрийн капитализмд зүтгэж явна даа.

.

Ерөө голын эргээр ямар ямар өвс ногоо ургадаг вэ гэж надаас асуувал би хариулж чадахгүй нь мэдээж. Цөөхөн хэдийг, голын ширэг ганц нэг ялман өвс байдаг байх гэж таах төдий л юм ярина биз дээ. Түүн шиг энэ олон америкчуудын ааш аягийг тийм ийм гэж хэрхэн хэлж чадах билээ. Ямар ч гэсэн үнэмшчихвэл ч үнэмшчихмээр худлаа инээх юм. Арилжаа наймаа хийвэл харин голчтой хийчих царайтай. Хятадууд шиг эхлээд заль үнэ хэлэхгүй ер нь л зарна гэж бодсон тэр л үнийг шууд хэлдэг нэг тал байна. Худлаа үнэн ч гэсэн хүнд тусалчих санаатай ухасхийх юм хаа очиж. Ухаандаа хальтираад унах шахан гэдэгнэж байхад гүйлдэж ирээд түшээд авах жишээтэй. Хулгай зэлгий бараг алга юм байна хөөе. Машин тэрэгний хаалга, шил онгорхой хоносон ч доторхи нь байсан газартаа байж байх юм ёстой хачирхмаар. Иймэрхүү л юм ажиглалаа шүү дээ хө.

.

УИХ хавьцаа элдэв шалдaвын юм ярьдаг нөхөд мэр сэр бий. Тэд явна, Монгол үлдэнэ

 .

-Америк болон барууны орнууд Монголд одоо хуулиа яаж хийх, эдийн засгаа яаж явуулах, боловсролоо хэрхэн хөгжүүлэх тухай зааж зааварлаж байна. Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэх, боловсрол олгох чадвар тэгтлээ хоцрогдчихсон хэрэг үү. Тэгээд ч дээр миний хэлсэнчлэн тэд бидэнд заахаар тийм ариун явдалт Uncle Sam мөн үү гэж бодохоор байгаа юм. Tүүний хэлсэн болгоныг дагаад байвал бурантаглуулсан тэмээ гэдэг  шиг л юм болмоор санагдах юм.

-Хүн болгон хэн нэгэнд ямар нэгийг зааж сургахыг хүсдэг. Тэр бүхнийг дагаад намирчихвал харин ёстой хоосон зэлмүүн үлдэнэ дээ. Өнөөгийн Африк шиг гэчихвэл Анголчууд уурлачихгүй байгаа. Одоо Улаанбаатарт хичнээн ч багш байгаа юм тоогоо алдсан бололтойдог. Хятад барилгачид байшин барихын зэрэгцээ хятад хүүхэд яаж үйлддэгийг заагаад ч байгаа юм шиг. Америк мэргэжилтэн, Англи мэнэжэр, Франц биеэ үнэлэгч, үгүй тэр байтугай эртийд цагийн хүрдээр Улаанбаатарын гүн шөнөөр гараа халаасандаа хээвнэг хийчихсэн гүйх тооны алхаж яваа Чили залуу гарч байна.

.

Сурвалжлагч түүнээс “Үгүй чи энд юү хийж яваа юм” гэсэн чинь

-Зэс боловсруулах талаар монголчуудад заах ухааны юм ярьж байдаг байгаа. Ийм л болсон юм бишүү. Харин үр хүүхэддээ тэднээс ухаан залах талын юм бодож яваа монгол эцэг эх даанч дээ байхгүй байлгүй дээ. Бид чинь үр хүүхдээ миний удам гэж боддогоос миний үүл манан гэж боддоггүй биз дээ. Харин манай УИХ хавьцаа хэсэг бусаг элдэв шалдaвын юм ярьдаг нөхөд мэр сэр бий шүү. Чи тэдний яриа хөөрөөг сонсоод эмзэглэж байгаа байлгүй дээ. Тэрэнд нэг их эмзэглээд хэрэггүй биз дээ. Тэд явна, Монгол үлдэнэ шүү дээ.

 .

-Америкийн гадаад өр 170 триллион доллар байна. Xүн амын 15.8 хувь буюу 47.7 сая хүн хоногийн хоолоо залгах төдий амьдралтай. Олон сая хүн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын гадуур үлдчихсэн, орон байргүй, эм тангүй мөхлөө хүлээгээд байж байдаг. Ийм их асуудалтай  Uncle Sam маань Монголыг мөлжихгүй, шулахгүй, хулхидахгүй, улс орныхоо эрх ашгийг хамгаалах гэсэн улстөрчдийг авилгадахгүй, аргалахгүй гэх баталгаа байна уу гэж боддог.

Америкийн өндөр өндөр барилга, өнгө, мөнгөнд хууртаж, Америкт очсоныгоо амьдын диваажинд очсон мэт ар гэр хүүгээ зарлан тунхаглаж явдаг, эх орон руугаа нэг талыг барьсан ухуулга сурталчилгаа маягийн Америкт тал зассан нэвтрүүлэг хийж, FOX мэт мэдээллийн компаниудын мэдээгээр тархиа угаалгаж яваа эх орон нэгтнүүдээ хараад үнэндээ яс хавталзах шиг болдог доо…

Ер нь Америкийн энэ ноёрхол, түрэмгийлэл, дэлхийн улс орнуудыг “бужигнуулдаг” явдал хэр удаан үргэлжилэх бол, юу гэж бодож байна Энхболд оо?  

-Би Америк судлаач биш гэж дээр хэлсэн дээ. Үнэндээ энэ том улс орны хаана нь юу болоод байгааг өмнө харагдаад байгаа жижигхэн бяслагны араас ухаан зулаггүй хөөж яваа мань мэт яаж харах билээ дээ. Орон гэргүйчүүд байна уу гэвэл байна, ядуучууд нэмэгдээд л байгаа юм шиг санагддаг уу гэвэл санагддаг. Гэхдээ энэнд чинь санаа нь зовдог түүнийг засч сайжруулахын тулд ажиллаж байдаг дэлхийн магадгүй хамгийн том засгийн газар энэ улсад чинь байгаа шүү дээ. Тэд санаагаа чилээг. Миний хувьд хэзээ нэг гэрийн бараа харна даа гэж л тарчилж яваа амьтан. Юун тэр дээгүүр сэвэхтэй мантай. Энд ирснийгээ нэг их сүрхий уулын оройд гарчихсан шиг боддог ч үгүй. Яахав миний амьдралд ийм нэг зурвас үе байх зураг төөрөг байсан л юм байж гэж л боддог шүү дээ. Харин ч үр хүүхэд маань энд байгаагаа буруугаар ойлгоод буруу хүмүүжил зуршил шүтээнтэй болчих вий л гэж түгшиж явах юм даа. Хулхидах, авилгадах, шулан мөлжихийн тухайд хэнд ч тийм зуршил байгаа. Америкчууд ч хүн л юм чинь, эд хөрөнгийг шүтдэг нийгмийн гишүүд л юм чинь тийм зан гаргана. Бид харин тэрнээс нь өөрийгөө хамгаалах л хэрэгтэй. Энд тодорхой хугацаагаар амьдарч үзсэн хүмүүс харин тэр талын сайн дархлаатай болоод нутгаа зорьдог гэж би боддог шүү.

 

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ҮХЦ ийн дарга Б.Одбаярын бүдүүлэг үйлдэл бидэнд юу ойлгуулав?
ҮХЦ ийн дарга Б.Одбаярын бүдүүлэг үйлдэл бидэнд юу ойлгуулав?
11/10/2019
1. Хүүхэд наснаасаа л охидуудын биед нь эрээ цээрээгүй хүрч, айлгаж ичээдэг байснаас улбаатай бидний бүдүүлэг харилцааны согогийг мэдрүүлэв. Эцэг эхчүүд, багш нар энэ талаар ѳѳрсдийн үр хүүхдүүддээ багаас нь хэлж сануулж заншаагүйн гай. Одоо хэр нь гудамжинд хийх ажилгүй бѳѳгнѳрч зогссон эрчүүд дэргэдүүрээ ѳнгѳрѳх бүсгүйчүүд рүү шалиг харцаар харж, элдэв гаж үг хэллэгээр хашгиралдан, хѳх ѳгзгѳнд нь эрээ цээргүй хүрч айлгаж ичээсэн нэгнээ бахдан инээлдэх дүр зураг нь бидний харилцааны соёлын нийтлэг хэм хэмжээ. Бид энэ байдалдаа бүр дасал болчихсон 2. Зарим эрчүүд эмэгтэйчүүдэд гологдож
АМЕРИКТ БИЗНЕС ЭРХЭЛЖ БУЙ МОНГОЛЧУУДЫН ТѲЛѲВ БАЙДАЛ
АМЕРИКТ БИЗНЕС ЭРХЭЛЖ БУЙ МОНГОЛЧУУДЫН ТѲЛѲВ БАЙДАЛ
Хүний нутагт бусдын эрхшээл дор ажиллаж байсан монголчууд аажимдаа ѳѳрсдийн бизнесээ босгож баялаг бүтээж эхэлсэн нь анхаарахгүй байж болохгүй үзэгдэл юм. Монголчуудын үнэт зүйл болох : -дасан зохицох чадвар -бусдын эрхшээл дор ажиллах дургүй чанар -эрсдэлээс айдаггүй зоримог зан энэ үзэгдэлд хүчтэй нѳлѳѳлж байна. “United Mongolia” АББ ын “Шинэч” багийнхан АНУ д бизнес эрхэлж буй монголчуудын мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор монголчууд олноор суурьшдаг Виржина, Мериланд, Чикаго, Висконсин, Миссиури, Миннесота, Денвэр, Юта, Сиэтл, Сакраменто, Сан- Франциско, Лос -Анжелос, Лас -Вегас зэрэг
ЖОРЛОНГОО ѲѲРЧЛѲХГҮЙГЭЭР БИД ХѲГЖИХГҮЙ
ЖОРЛОНГОО ѲѲРЧЛѲХГҮЙГЭЭР БИД ХѲГЖИХГҮЙ
10/24/2019
“Жорлонгоо ѳѳрчилье” нэртэй тѳсѳл санаачлан хэрэгжүүлж байгаа Ц.Оюунгэрэл, Ц.Оюундарь нарын тухай “Уг нь их зѳв сэдэв барьж авчээ. Гэхдээ эд нар үүгээрээ 2020 оны сонгуульд нэр дэвших боломжоо хангаад, хэргээ бүтээвэл хаяж орхих байх даа” хэмээн харамсангүй бодож байснаа нуух юун. Улстѳрд хүний эрхийн чиглэлээр ѳѳрийн байр сууриа бэхжүүлж, УИХ ын гишүүн, ЗГ т сайд хийж байсан Ц.Оюунгэрэлийн талаар сайн муу элдэв мэдээлэлтэй байснаас нүүр тулан уулзаж байсангүй. “Түүнтэй уулзаж ярилцлага хийгээч” хэмээн А.Хандсүрэнгийн тавьсан саналыг хүлээж авсан юм. Түүнтэй уулзан нүд рүү нь харж байгаад

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.