04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Жүжигчин О. Гэрэлсүх: Өнөөдөр ОюуТолгойн гэрээ гэж бараг Хиагтын гэрээ шиг алдартай, дуулиантай зүйл үргэлжилсээр л байна.

Монголын тулгар төрийн 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Монголын Олон Нийтийн Телевизээр “Тусгаар Тогтнолын Төлөө” нэртэй жүжиг гарсан. Жүжиг Монголчуудын Тусгаар Тогтнолоо олсон түүхэн эгзэгтэй үеийн тухай баримтат зохиол дээр үндэслэсэн бөгөөд Монголд ч, гадаадад суугаа монголчуудад ч гүн сэтгэгдэл үлдээж, Монголын Тусгаар Тогтнолын Төлөө амь амьдралаа золин явсан тэдгээр хүмүүсээр бахархах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлж билээ. Ингээд энэ жүжигт Оросын дипломатч Александр Яковлевич Миллер-ийн дүрийг бүтээсэн жүжигчин О. Гэрэлсүхтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.

- Сайн байна уу Гэрэлсүх ээ, ажил төрөл, амьдрал, уран бүтээл өндөр үү?

- Уншигчид, үзэгчиддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Миний уран бүтээлийг үзээд ярилцлага авч байгаад талархаж байна.

- Одоо яг юу хийж явна?

 

- Сүүлийн үед миний бие янз бүрийн телевизийн олон ангит кинон дээр ажиллаж байна. Жишээ нь Боловсрол телевизийн "Хайрын эрэлд", SBN телевизийн "ГЭР" олон ангит кинонд гол дүрд тоглосон. Одоо мөн Боловсрол телевизийн шинэ захиалга болох "Наран мандах нутаг" гэсэн нэртэй 40 ангит киноны төсөл дээр найруулагч, жүжигчинээр ажиллаж байна. Уг киноны зургийг ирэх хавраас Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт авна. Манайхны ихэнх кино хотын амьдрал харуулдаг бол энэ киногоор хөдөөний амьдрал, хот хөдөөгийн сэтгэлгээний ялгаа, соёлыг сөхөн тавих сонирхолтой байна. Түүнээс гадна МNB TV-ын Тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулж хийсэн "Тусгаар Тогтнолын Төлөө" тележүжигт тоглосон гэх мэтийн телевизийн уран бүтээлүүд байсан. Мэдээж бас өөр дэлгэцийн уран сайхны кино, кино өдрүүд зохион байгуулах, киночидод зориулсан сургалт хийх гэсэн ажлууд хийж явна.

- Тусгаар тогтнолын 100 жилийн ой тохиож байгаа энэ жил Тусгаар Тогтнолын Төлөө тележүжигт тоглохыг чинь хараад нэг уулзаж , яриа хөөрөө дэлгэх юмсан гэж бодсоор өдий хүрлээ. Эчнээ танил болсон гэхүү дээ... Александр Яковлевич Миллер гэж тэр Орос дипломатчийн дүр маш таалагдсан... Ер нь энэ хүнийг 1914 - өөс 1915 онд 9 сарын турш гацаж байсан Гурван Улсын гэрээг гацаанаас гаргасан хүн гэж үзэх юм билээ. Энэ хүн ер нь өөрийн чинь хувьд ямар хүн бэ?

- Энэ жүжигт тоглох саналыг надад найруулагч Туяа тавьсан. Их цаг хугацаа тулгуу хийгдсэн уран бүтээл байсан. Гэвч уран бүтээлийг ач холбогдол, үр нөлөөг ухаарч дуртайяа хамтран ажилласан. Уг нь оросуудын дүрд Улаанбаатарт амьдардаг суурин оросууд тоглохоор тохирсон байсан боловч зохиолын утга санаа, улс төрийн шалтгааны улмаас оролцож чадахаа больсон гэж дуулсан. Найруулагч маань намайг та л энэ дүрд дүр төрхөөрөө таарна, бас зан чанарыг ч гаргаж чадна гэдэгт найдаж байна гэсэн. Орос хүний дүрд би өмнө нь Д. Намдагын "Хярааны хонхорт" жүжгийн цагааны офицер Волковын дүрд тоглон дипломын ажлаа онц сайн дүнтэй дүгнүүлж байсан.

TTT_jujgiin_hesgees

Харин энэ удаад Александр Яковлевич Миллерийн дүр бол улс төрч, дипломатч хүний дүр байсан. Жүжгийн зохиолч, найруулагч, нүүр будагч нар надад товч үүх түүхийг нь хэлж өгч, фото зургыг нь үзүүлсэн. Тэдгээр материалтай танилцаад өөрийн төсөөлөлөө бий болгосон. Ухаалаг, хатуу байр суурьтай, зальжин, Хаант Орос эх орныхоо төлөө юу ч хийхээс буцахгүй эрийн дүрийг нууж хаалгүйгээр үзүүлмээр санагдсан. Тэгэж байж манай орны Тусгаар тогтнолын түүх, манай эх орончдын түүхэн тэмцэл, алдаа, оноо тодорно. Орос орны дипломатч хүн, Хаант Орос улсын төлөө л шаламгайлан зүтгэгч хүний дүр гаргасан.

- Гурван Улсын гэрээ хэмээн олон улсын дипломат толь бичигт орсон тэр хэлэлцээрт Г.Чагдаржав (Ардын жүжигчин Цэрэндагва)   Манлай баатар Дамдинсүрэн (Жүжигчин Ялалт) Монгол Улсын ардын жүжигчин Бирваагийн Мөнхдорж (зөвлөх найруулагч),  найруулагч Туяа, Гавьяат жүжигчин Равдан, Соёлын гавьяат зүтгэлтэн нэвтрүүлэгч Батбаяр, СТА Пүрэвдорж, Ганхуяг, Даваасүрэн, зохиолч Ц.Түмэнбаяр нартай хамтарч ажиллаа. Эдгээр хүмүүстэй “хэлэлцээрийн ширээний” ард суухад ямар байв? Төрсөн сэтгэгдлээсээ бас жүжиг бүтээх явцад гарсан сонин сайхан тохиолдлуудаасаа ярьж өгөөч...

- Ихэнх уран бүтээлчидтэй би МҮОНРТ-д найруулагчаар, УДЭТ-т жүжигчинээр ажиллаж байхдаа хамтран ажиллаж байсан. Зохиолч Түмэнбаяр гуай үнэхээр цаг гаргаж, судалгаа хийж удаан хугацаанд зохиолоо гаргасан юм билээ. Зураг авалтын үед бидэн дээр хоол цай хийгээд ирсэн. Түүний яриа маш сонирхолтой, зочилсон хоолыг үүр цүүрээр идэхэд их амттай байсан. Найруулагч Туяа маань бүх ялгаатай дүрүүдийн тал дээр хэдийнээ онцлог төрхийг бодсон, тэр байтугай жижиг хэрэгслүүдийг хүртэл бэлдсэн байсан. Телевизийн 600-студи ачаалал ихтэй байсан болохоор бид шөнийн цагаар зураг авалт хийсэн. Тиймээс бэлдэх хугацаа бага болохоор олон удаа давтан зураг авч чадахгүй нэг сценийг цөөхөн тоогоор авч байсан. Манай нэрт үгийн мастер Равдан гуай үнэхээр гайхалтай, хүн бүрийн үгийг тогтоочихоод та нар тэр энэ үгээ мартчихлаа, тэгж хэл, ингэж хэл, эсвэл битгий унтаад байгаач гээд байсан.

- Монгол Улс өнөөдөр маш их гэрээ хэлэлцээрт орох болж, гадныхан ч бас Монгол руу цувцгаах болж...

- Өнөөдөр Оюу Толгойн гэрээ гэж бараг Хиагтын гэрээ шиг алдартай, дуулиантай зүйл үргэлжилсээр л байна. 100 жилийн дараа баримтат кино болгон үзүүлбэл сонин юм болох л байх. Гэхдээ Монголчууд бид олон жил тусгаар улс явсан болохоор аливаа нэгэн гэрээ хэлэлцээр, улс төрийн асуудал дээр харьцангуй туршлагатай гэж боддог. Хуучин ЗСБНХУ-ын республикуудийг аваад үзэхэд тусгаар улс байгаагүй болохоор ардчилалын явц удаавтар байх шиг байна. Саяхан бас Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны ой болсон. Сонирхолтой материалууд их байдаг юм билээ.

- Гадныхан гэснээс өөрөө Герман, Солонгост суралцаж байсан гэл үү? Ямар мэргэжлээр хаана хаана сурч байв?

-Би СУИС-д жүжигчинээр, ХБНГУ-д театрын шинжлэх ухаан, аялал жуулчлалаар сурсан. Мөн Солонгост кино найруулагчаар сураад тэнд анхныхаа киног Солонгосын уран бүтээлчидийн дэмжлэгтэйгээр найруулсан. Намайг суралцахад гүн туслалцаа үзүүлсэн багш, сургууль, байгууллага, дэмжигчид, хамтран суралцагчиддаа үргэлж талархаж явдаг.

 

- Монголчууд өнөөдөр харийн соёл, харийн үнэт зүйлсийг сохроор даган дуурайгаад байгаа юм шиг санагдах юм. Уг нь бид өөрсдийн нүдээр, өөрсдийн соёл үнэлэмжээр ертөнцийг харж юмаа бүтээвэл тэр нь хүн төрөлхтний соёлд шинэ зүйл болж орох бус уу?

- Киноны салбар дээр ярья. Дээхэн үед манай үзэгчид Солонгосын олон ангит кино их үздэг байсан. Өдгөө Солонгос маягын амьдралын хэв маяг, төрх, үг хэллэг, зан байдал газар аваад байна. Гадны кино үзүүлнэ, үзнэ гэдэг бол хажуу айлынхаа амьдралыг өнгийж харсантай л адил. Кино гэдэг бол зурагт үлгэр. Бид өөрсний үлгэр, домог, туульсын асар их өв уламжлалтай. Бид өөрснийхөө үлгэрийг үзэж, хийх хэрэгтэй. Тиймээс олон ангит кино гэдэг бол олон ангит үлгэр гэсэн үг. Энэ талд зөв талын соёлын гольдрол гаргах гээд л бид ажиллаж байна.

- Амьдрал цаг үргэлж шинэчлэгдэж, өсөж өөрчлөгдөж, нийгэм, соёл дэвжин дээшилж байх учиртай. Үүнд урлагийн ач тус, хүч нөлөө хязгааргүй. Хэдийнээс энэ том “тулааны талбарт” гарав?

- Би анх 14 настай байхдаа Монгол кино үйлдвэрийн "Амьдралын нахиа" гэдэг кинонд тоглож байсан. Түүнээс хойш 10 гаруй жүжигт жүжигчинээр, 20 киноны уран бүтээлд жүжигчин, найруулагч, продюссерээр ажилласан. Театрын тал дээр намайг миний тоглосон Ромеогын дүрээр мэддэг.

- Монголыг тийм хүн аврана, ийм улс төрийн хүчин аврана, уул уурхай аврана, буддын шашин аврана гээд л шашин, улс төрийн үзэл суртал - онол ярьсан хүмүүс их болж. Миний хувьд Монголыг үндэсний соёл, урлаг нь аврана гэж боддог. Өөрөө энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

- Энэ тал дээр санал нэг байна. Монгол дээл, монгол хуур, монгол хөөмий, монгол гэр, монгол дуу, монгол морь гэх мэтээр их ярьдаг. Гэхдээ монгол хүн хамгийн чухал. Үүнд түүх, соёл, монгол ахуй ихээхэн үүрэгтэй. Улс орны хөгжил гээд үзвэл өөр зүйл ярих нь мэдээж.

- Гадны соёлоос ч авах гээх зүйл бий гэдэгтэй маргахгүй, жишээ нь Германд сурч байсан хүний хувьд Германаас, ер нь “Хөгшин Европ” гэдгээс авах зүйл юу байна гэж бодож явав?

- Аливаа нэг улс түмэн өөрийн хичээж явдаг чармайлт гэж байдаг юм шиг. Түүнээс соёл нь илрэн гардаг ч байж болох юм. Германд цаг барих, нямбай цэгцтэй байх, цэвэрч байх гэсэн гурван зүйлийг эхлээд сурах хэрэгтэй гээд эхэлж байлаа. Эдгээр шинж чанар орчин үеийн нийгэмд баримтлахгүй бол болохгүй анхан шатны зүйлс. Солонгост ажилсаг байх, эх оронч байх, хамтдаа сүргээрээ байх гэдэг их чухал юм шиг билээ. Бидний Монголчуудын хувьд уужим тэнүүн байх, тэвчээртэй байх, зоригтой байх гэдгийг эрхэмлэж явсаар ирсэн байх гэж боддог.

- Господин Миллер шиг балансыг нь тааруулж, тэнцвэрийг нь олох хэрэгтэй л гэж би хувьдаа боддог.  Тусгаар Тогтнолын Төлөө жүжигт Хятад, Монгол хоёр тэс хөндлөн болчихоод байхад тэр үед Монголд Ерөнхий Консул байсан Миллер хэлэлцээрийг яг л голоор нь явуулаад байдаг.  Гэхдээ л Оросын эрх ашиг нэгдүүгээрт гэдэг нь өөрийн чинь царайнаас харагдаад байсан шүү...

 

- Хэ, хэ. Тиймээ Оросын эрх ашиг нэгдүгээрт. Яагаад гэвэл би орос хүний дүрд тоглож байгаа юм чинь. Харин монгол үзэгчид маань үзэх болно гэдгийг тооцоолж байгаа учраас гадны хүний эрх ашиг гэдгийг ухаарч аваасай гэсэндээ тийн тоглосон. Тэгвэл миний санасан санаа хүрэх нь тэр.

- Өөрөөс чинь  олон юм асуумаар байсан болов ч цаг заваар тааруу байгааг тань ойлгож сүүлчийн асуултаа асууя: Ер нь өөрөөрөө байх боломж гарч байна уу? байнга л өөр хүний дүр бүтээсээр яваад ар гэр амьдралаас тасарчихаад байдаг юмуу? өөрөөрөө байх үедээ юу хийдэг вэ?

- Яаж ийж байгаад зохицуулахыг боддог болохоор нэг их ар гэрийн ажил тасрах явдал гардаггүй. Гэхдээ л их хөдөө гадаа зураг авалт, аялалд явдаг. Өөрөөрөө байх үедээ олны дунд ороод явахыг боддог. Би чинь жүжигчин болохоос онцгой хүн биш шүү дээ. Хүмүүсийн амьдралыг ажиглах гэж боддог. Хүн судлах гэж. Танил болчихоор хүмүүс хүндэтгээд бодит амьдралаас хөндийрүүлэх гээд байдаг. Өөрөөрөө байх үедээ жирийн эгэл зүйлсийг л эрхэмлэдэг.

- Эцэст нь нэг хүсэлт байна: - Гадаадад байгаа Монголоо санасан Монголчууд интернетийн хэдэн сайтыг байнга л эргүүлж суудаг. Та нарын бүтээж байгаа жүжиг, кино бидний хувьд сэтгэлийн дэм бас эм болж байдаг. Тэдгээр Монголчууддаа юу хэлмээр байна даа?

- Би өөрөө гадаадад олон жилээр сурч байсан болохоор бүх зүйлийг амссан. Нэн ялангуяа бидний киног интернетээр үздэг Монголоо санасан Монгол үзэгчиддээ их баярладагаа илэрхийлмээр байна. Дугаар алгасалгүй үзсэн байдаг. Нэг ч гэсэн хүн үзэж байвал бидний ажил бүтэж байна гэсэн үг. Энд тэгтлээ их дотоодын кино, дотоодын бүтээгдэхүүнийг ойшоодоггүй хүмүүс мэр сэр байдаг. Гэсэн ч монголчууд өөрийн гэсэн аж амьдралтай болохоор өөрийн гэсэн киногоо хүргэсээр байх болно.  Та бүхэндээ эх орны чинь аж амьдралыг уран сайхны хэлбэрээр хүргэсээр байх болно. Зорьсон хэргээ бүтээгээд сайн яваад ирээрэй.

- Баяраллаа Гэрэлсүхээ, Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Цахим шуудангаар ярилцсан З. Эрдэнэбат ( Germany)


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.