04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

ЗОХИОЛЧ Д.ЭНХБОЛД: ТЭД СЭРНЭ ГАГЦХҮҮ ХЭЗЭЭ СЭРЭЭХИЙГЭЭ МӨНХ ТЭНГЭР МЭДНЭ

enkhbold

Ярилцлагын төгсгөл хэсэг

Асуулт: Монголын өнгөрсөн, өнөө, ирээдүйн талаар хэдхэн мөрөнд багтаагаад хэл гэвэл юу хэлэхсэн бол?

Энхболд: Арвангуравдугаар зуун нэртэй роман бичиж байна.Одоогоор ид л дундаа явж байгаа юм.Гэхдээ би энэ романы төгсгөлийг олж харсан учраас ийн уйгагүй , тэр харсан зурагтаа хүргэх гэж зүтгээд байгаа юм л даа.Тэнд чиний асуултын хариулт нь байгаа юм.Тэр зуунд монголчууд хаана эс байлдсан гэх вэ.Бид ч энийг юү эс андах билээ анд минь.Монгол хүн болгоныг, цэрэг дарга ноён хэнийг ч болов нэг нэг амьтан дагаж явдаг байсан нь надад харагдсан юм.Зайлуул тэр цэрэг дарга ноён харь үндэстний нутагт сум илдний тусгал болон унахад нөгөө дагуул амьтан нэг тийшээ харайлгаж гардаг.Тэр нь монгол нутгийн гүнд байх нэг агуй.Тэд тэнд ирж нойроо авдаг өнөө ч унтаж л байгаа бололтой.Тэд сэрнэ гагцхүү хэзээ сэрээхийгээ Mөнх Tэнгэр мэднэ.Ийм л юм.

А: Хоюулаа одоо Монгол Тэмүүллийн тухай ярья. Тэмүүлэлгүйгээр улс үндэстэн оршин тогтнож хөгжин цэцэглэнэ гэж байхгүй.

Манжийн үед хэдийгээр улс төрийн зорилгоор орж ирсэн гэх боловч Буддизмын нөлөөн дор монгол тэмүүлэл эгээрэл гэгээрэл байсан байx. Хорьдугаар зуунд Монгол Тэмүүлэл коммунизм, социализм байлаа. Хориннэгдүгээр зуунд Монгол Тэмүүлэл хүч чадал, эрх чөлөө, аз жаргал байгаасай гэж би хүсдэг. Энэ талаар өөрөө ямар бодолтой явдаг вэ?

Энхболд: Монгол хүний хамгийн гол тэмүүлэл бол монголоороо байх.Монголоороо байхын тулд орилож хашгичаад л цээжээ балбаад л явах ямар ч хэрэг байхгүй.Хүүхдүүдээ монголоор мэндлүүлж сургаагүй атлаа монголын түүхийг судлаж байна гэж дөвчигнөөд л, монголчуудын тухай сайн муугаар яриад л овилгогүйтээд явдаг нэг нөхрийг би мэддэг ийм л болчихгүй байх юмсан гэж боддог.Тэрний оронд эртийд цагийн хүрдээр нэг хүн гарч байна билээ Дарханд амьдардаг тэр хүн төрөл бүрийн гутал хийдэг л хүн юм билээ.Тэр хүн монголоороо байна.Ийм л байх хэрэгтэй.Бид бүгдээрээ тэр хүн шиг болчихвол эрх чөлөө тусгаар тогтнол маань тэр хирээр батжаад явчихна шүү дээ.Аз жаргал гэдэгт хэмжээ дамжаа байдаггүй хэн сэтгэл хангалуун байна тэр хүн аз жаргалтай байна.

А: Тэмүүлэлдээ хүрэх, хэрэгжүүлэхийн тулд бодит байдлын тухай, энэ ертөнц хэрхэн "ажиллаж" байгаа талаар үнэн бодит төсөөлөлтэй байх ёстой. Нэг ёсондоо үндэсний философитой байх ёстой гэж боддог л доо. Нүүдэлчин монголчуудын цөлх ухаан, малын бэлчээртээ явахдаа орчлонгийн мөн чанарыг таньж байсан тэр гайхалтай зөн совингийн, бүхнийг хамрагч мэдрэмж сэтгэлгээ харийн үзэл суртал, улс төрийн болон зах зээлийн элдэв "үзэл онолоор" орлуулагдаад байгаа юм шиг санагдахгүй байна уу?

Энхболд: Монгол ухаан монгол сэтгэлгээ сэтгэхүйн тэжээл нь харьцангуй юм шүү.Бүгд л тийм байдаг л даа.Бидний хувьд бэлчээрийн мал аж ахуйгаасаа саллаа л бол монгол гэдэг үндэснээсээ тасрах нь тэр.Өнөөдөр Хятадууд Өвөрмонголчуудыг ингэж салгаж байна.Тэд мөхөхгүй байгаад байхгүй юу.Тэгээд хятад ухаан сая л үндсийг нь олж хараад таслаж байна.Малаасаа татгалзсан Өвөрмонголчуудад тохилог орон сууц өгч байна шүү дээ.Харин монгол төр сөргүүлээд малаа алдсан монголчуудаа урьж ирүүлээд малжуулчихмаар байгаа юм.Хятад хүнийг ханз үсэгнээс нь монгол хүнийг малаас нь салгачихвал тэд дорхноо л нэг үндэстэн болно доо.

А: Өөрөө ер нь шүтлэг бишрэл, итгэл үнэмшилийн хувьд аль талын хүн бэ дээ? Би хувьдаа аль нэг шашиныг даган баясдаггүй нэгэн. Хэрэв "бурхан" гэж байдаг бол тэр нь Монголын маань Хөх тэнгэрийн чанад дахь Мөнх Тэнгэр буюу Орчлон гэж бодож итгэж явдаг. Бас аливаа шашныг үгүйсгээд байдаггүй. Харин шашныг улс төрийн эсвэл аль нэг атгаг зорилгоор ашиглаад байгааг хараад тэвчиж чаддаггүй. Шашныг ашиглаж хүмүүсийн тархийг угаах, оюун санааг нь удирдах, боолчлох, дуулгавартай, хүлцэнгүй бүлэг хүмүүсийг буй болгох явдал Америкт төгс төгөлдөр шатандаа хүрсэн гэж хэлж болно. Одоо энэ арга Монголруу улам бүр нэвтэрсээр байна. Үй олон шашны сектүүд буй болж хүмүүс улс төрийн үзэл баримтлал, хүйсийн ялгаа, насны зөрүүгээрээ хуваагдан "ялгагдах"аас гадна шашнаараа хуваагдан талцаж үндэстэн маань эргээд хэзээ ч нэгдэж нийлэх чадваргүй жижиг бүлгэнцэрүүд болон бутарсаар байна. Шашныхан дотроо ч хөрөнгө мөнгө, зэрэг дэвээрээ эрэмбэлэгдэж монгол лам нар том том жийп унасан бизнесменүүд болж хувирлаа. Бөө нар гэж хүний өвчин зовлон, мухар сүсгэн дээр "тоглож" шидийг олж, сүрийг үзүүлдэг хүмүүс гараад ирлээ...
Монголын боловсролын салбар үндсэндээ дампуурч жинхэнэ шинжлэх ухааны үндэстэй мэдлэг, амьдралд хэрэг болох туршлага чадвар суулгахын оронд хоёрдугаар зэргийн мэдээллээр оюутны толгойг дүүргэх болов. Энэ үзэгдэл ганц монголд ч биш баруунд ч нэвт шувт байдаг гэхэд нэг их хэлсдэхгүй боловуу. Ер нь хүнд гол мэдлэг чадварыг эзэмшүүлэхээс илүүтэйгээр зэрэг дэв горилсон, эрх мэдэлд хүрэх зорилгоор их дээд сургуулийг "гурилдаж" явсаар байгаад нэг дүүргэдэг явдал хэвийн зүйл боллоо. Монголчууд "Мэдлэг бол Хүч" гэж ярьдаг байв. Одоо мэдлэг эрдэм гол биш Мөнгө бол Хүч гэж ойлгоод мэдлэггүй толгойгоор мөнгө хийх гэж хулгай дээрэм л хийж байх шиг...
Монголчуудын нөгөө дэлхийг хөдөлгөж явсан дайчин ёс зүй салхинд хийссэн мэт арилж. Aз туршиж, амь өрсөн босч ирэхийн оронд амьдралд гутсан гомдсон залуусаар хот орон газар маань дүүрлээ. Амьдралын бэрхшээл зовлонг даван туулж байж аз жаргалыг мэдрэнэ гэдэг ойлголт алга болж аливаад итгэх итгэлээ алдсан бухимдаж бачимдсан хүмүүс гэр бүлээ хүйс тэмтэрч, аав хүү хоёр хутга шөвгөндөө хүрэлцэж явдаг боллоо. Энэ бүхэн бол бидэн рүү орж буй харийн соёл, харийн заавар, харийн ёс суртахууны нөлөө гэж бодож байна. Биднийг зориуд сэтгэлийн тэнхээгүй, хүсэл зориг тэмүүлэлгүй, хүч чадалгүй, эр зориг - дайчин чанаргүй, эрх чөлөөний мэдрэмжгүй үxээнц дуулгавартай "хэрэглэгч" болгон хувиргах ажил аль хэдийн эхэлжээ гэж бодогдохгүй байна уу?
Улс төрчид маань гадныхны утсан хүүхэлдэй мэт авирлах боллоо. Хэн нэг нь нэг тийшээ явж ирээд л тэр хуулийг тэгж өөрчилөх хэрэгтэй байна, эсвэл нэг хурал дээр хэлсэн, хийсэн шийдвэрээ гадны нэг өндөр албан тушаалтан айлчлаад мордонгуут л дараагийн хурал дээр эсрэгээр нь хэлж ярьж хэлж эхлэх жишээтэй. Ийм жишээнүүд үй олон гардаг болж. Хэрэв ингэж л бусдаар бурантагнаасаа дугтруулж амьдрах ёстой юм бол Ази тив дэх Америкийн нэг муж болчихсон нь дээр юм бишүү гээд хэлчихмээр санагддаг. Xүний дохио зангаагаар хөдлөнө сэтгэнэ, үйлдэнэ гэдэг чинь тэр хүний л тоглоом болоод дуусна гэсэн үг биздээ?
Эцэст нь хэлэхэд Монгол эх орон маань тал дүүрэн мал бэлчисэн тайван амгалан нутаг орон биш болж, тамын тогоо мэт нүх, судаг шуудуугаар дүүрч, хүн ард маань гишгэх газаргүй болж байгааг өөрөө харж байна. Бидэнд хүч чадал, эрх чөлөө, аз жаргалыг авчирч байгаа өөрчлөлт бол нэг хэрэг. Гэтэл тийм биш байнаа...Бие, сэтгэл, оюуны хямрал, хэзээ ч төлж баршгүй өр шир, барууны хүмүүс шиг худал инээж, хувийн нууцаа хадгалж байгаа нэрийн дор бусдаас зугтаж дайжиж, ээжийгээ асрамжийн газарт аваачиж өгчихөөд моргэйжээ хэрхэн төлөх вэ хэмээн бачимдан явах ирээдүй л хойч үеийг маань угтаж байх шиг санагдана. Бид өөдрөг, хүч чадалтай, эрх чөлөөтэй, аз жаргалтай байя гэвэл ардчилал, эрх чөлөө, хүний эрх гэсэн сайхан баг өмсөж ирсэн харийнханы нүүр рүү эгцлэн харж, бие даан сэтгэж, ул суурьтай гэрээ хэлцэл хийж, ертөнц дахинд юу болж байгаа тухай бодитой мэдээлэлд тулгуурлаж чоно шиг санаагаар явсан цагт л хожил манай талд ирнээ гэж л бодож явна даа…

Энхболд: Энэ асуултууддаа чи өөрөө хариулаад явчихсан шиг санагдаж байна.Зүгээр энд нэг дурсамж ярихад миний өвөг эцэг Сономпил ертөнц гадагшаа хязгааргүй,хүн дотогшоо хязгааргүй гэхдээ энэ хоёрын уулзварт бясалгалын хүчээр хүрч болно гэж айлддаг өвгөн байсан юм.Хүн төрөлхтөн хэзээ ч юм гэрлийн хурд гаргаж авлаа гэхэд тэрүүгээр нь аялаад хаа хүрэх вэ.Хамгийн ойр хөрш од Хөхдэй мэргэн хүрэхэд дөрвөн жил гээ биз дээ.Харин хүний зөн бодол сэрэл мэдрэмж асар их хурд хүчийг өөртөө агуулж байна.Үүнийг гэгээрч ойлгосных нь хувьд би Буддын шашныг хүндэлж биширч явдаг юм.Орчлонт ертөнцөд асар их мэдээлэл агуулагдаж байгаа.Өнөөгийн шинжлэх ухаан түүнийг мэдэрч барьж авах бяр чадал суугаагүй байна.Ийм үед сэрж мэдэрч л тэр нууцын зах зух руу өнгийж болох арга байгаа.Би нэг том модны мөчир дээр сууж байгаа цагаан сахалтай хүнийг харсан юм.Зүүдэлж биш гэгээн цагаан өдөр барин тавин харсан.Энэ бол мэдээлэл гэхдээ надад зориулагдсан мэдээлэл гэж би хүлээж аваад л боловсруулж байгаа хэрэг.Ийм мэдээлэл хүн бүрт л ирдэг гэж би боддог.Гагцхүү түүнийгээ хүлээж авах сэрэл мэдрэмж нь хүн болгонд адилгүй байна.Амьтан болгон сүнстэй.Нэг эст амёб ч сүнстэй.Оргүйгээс үүсдэггүй устаж үгүй болдоггүй тэр олон сая живаа сүнс тэгвэл хаачдаг хэрэг вэ.Тэд мэдээлэлийн асар том бүсийг бий болгож байгаа төдийгүй тодорхой түвшинд хурдсаж орчлонт ертөнцөөр аялаж явдаг гэж л би төсөөлдөг.Ингэхээр орчлонт ертөнцийн хамгийн гол баялаг бол сүнс.Бидний бие бол түүний өмсгөл.Шунал бол сүнсний цангаа.Зарим хүн их цангасан сүнстэй төрдөг.Сүүлийн үед төрийн өмчийн хороон дарга асан хэцүү нэрт,сайд асан Отгонбаяр,Нямдорж гишүүн гэх мэт асар их цангасан сүнстэй хүмүүс тодорч байх шиг байна. Ийм хүмүүст холын мэдээлэлийг хүлээж авах чадвар байхгүй.Өөрийнх нь бие гэрийн зүүн хаяаны хөлийн авдар хоёр яг адилхан зүйл гэдгийг ойлгодоггүй.Нөгөө хөлийн авдраа л гоёод элдэв эрээн мяраан эд өлгөөр хучаад байхыг боддог.Гэтэл гадуур нь асар үнэтэй мэдээлэл хөврөөд л байдаг.Өөрөөр хэлбэл ийм хүмүүс орчлонгийн амьтан биш хамгийн ядуу мэдээлэлийн хүүдий болж үлддэг.Гэх мэтээр яриад байвал ихийг ярьж болно.Цаашаа их тэмтэчвэл төөрч мэднэ.Хүмүүс бас нэг Бат-Отгон,Орифлеймчин гараад ирлээ гэх байх…

Зохиолч Д.Энхболдтой олон хоног завчилж, цахим шуудангаар хийсэн ярилцлага маань ийнхүү өндөрлөж байна. Зав зайгүй ажил, амьдралын завсарт миний олон асуултад уйгагүй хариулт бичсэн анд Энxболддоо маш их баяраллаа. Энэ завшааныг ашиглан АНУ-д амьдарч буй зохиолч, сэтгүүлч, яруу найрагч, зураач - бүтээлч андууддаа уран бүтээлийн болон ажил амьдралд нь их амжилт хүсэн ерөөе! Та бүхнийг Мөнх Тэнгэрийн Хүч ивээх болтугай!
З.Эрдэнэбат


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.