04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

ТЭНГЭРИЙН ТУХАЙ ТАВАН АСУУЛТ (ярилцлага)

ТҮҮНИЙГ ЦЭРЭНДОРЖИЙН ПҮРЭВСАМБУУ ГЭДЭГ.
ТЭРЭЭР ӨӨРИЙГӨӨ БОЛОН ОРЧЛОН ЕРТӨНЦИЙГ ТАНИН МЭДЭЖ, ОЙЛГОН УХААРАХЫН ТӨЛӨӨ БҮХИЙ Л АМЬДРАЛАА ЗОРИУЛЖ ИРЖЭЭ. 1959 ОНД УЛААН БААТАР ХОТОД ТӨРСӨН. ТҮҮНИЙ ГОЛ СОНИРХДОГ АСУУДАЛ НЬ "ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ТҮҮХЭНД ОЛОН УЛС ГҮРНҮҮД СҮЙРЧ МӨХСӨН АТАЛ БИДНИЙ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД ТҮҮХИЙН ЭЛДЭВ АДАРМААТАЙ НУГАЧААГ ДАВАН ТУУЛСААР ИРСЭНИЙ УЧИР ШАЛТГААН БУЮУ ЭДҮГЭЭ ЦАГИЙН МОНГОЛЧУУД ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ӨМНӨ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ"
Түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч үзэл бодлынх нь ертөнцтэй танилцья  гэвэл доор Face Book хаягаар нь орж үзээрэй.
https://www.facebook.com/purevsambuu.tserendorj.1

1.         Мөнх Тэнгэрийн сэдвээр ярьдаг, бичдэг, номлодог хүмүүс, бүлэг, шашины сект маягийн байгууллагууд, бүр цаашилбал Чингис Xааны нэрийг архины шошиго болгон ашигладаг шиг Монголчуудын энэ дээд шүтээнээр бизнес хийдэг хувь хүн, байгууллагууд ч эрчимтэй ажиллаж эхлээд байна. Ер нь Мөнх Тэнгэр гэж юу юм?

Хариулт: Тиймээ...Үнэхээр эх захгүй, эмх замбараагүй, хөл толгойгүй л юм болж байна. Гэхдээ миний хувьд буруутгахгүй байгаа. Яагаад гэвэл Мөнхтэнгэрийн тухай ч, Чингис хааны тухай ч буруу ч бай зөв ч бай ярьж л байна гэдэг нь хамгийн чухал зүйл. Бас Та бидний хаан сайхан эцэг Чингисийг маань сайн муугаар нь дуудан, энэ дэлхийн маш олон хүн хоолоо олж идэж байна даа. Тэгэхээр дуурсах алдартай буянтай сайхан хүн мөн байгаа биз. Цаг нь болохоор энэ бүхэн цэгцрэн, хаан Чингисийн сэтгэл оюуны мөн ямар гэгээн сайхан байсныг, ер нь Монголчууд гэдэг маань бие сэтгэлийн болоод ухаан санааны хувьд  хүмүүнт ертөнцийн Ээж нь, Аав нь мөн юм байна. Хүн төрөлхтөний зам мөр мухардсан түүхэн цаг үеүдэд энэ МОНГОЛ хэмээх гайхалтай өвөрмөц гэгээн үндэстэн л өндийн босож ирээд, хүн төрөлхтөнд Эхийн сэтгэл, Эцгийн хайрааар хандан гараас нь хөтөлж, зөв зам мөр өөд нь чиглүүлэн залдаг юм байна гэдгийг хүн төрөлхтөн өөрсдөө ойлгон ухаарах цаг үе тун удахгүй ирэх болно. Монголчууд гэдэг чухамдаа “хэн” болохыг зөвөөр танин мэдэж ухаарах нь хүн төрөлхтөний хувьд ухамсар сэтгэхүйн нэг шат дэвшиж буй гэгээн сайхан үйл хэрэг мөн юм.

Харин МөнхТэнгэрийн тухайд бол. Та бидний өвөг дээдэс үнэхээр гайхалтай гэгээн, оюун сэтгэлгээний хувьд өндөр дээд түвшний хүмүүс байжээ. Бод л доо. Уул ус, газар орон, тэр ч бүү хэл тэнгэрийн эрхсүүд, оддын ордын нэрийг хүртэл яаж тэгж гайхалтай зөвөөр оноож өгч чаддаг байнаа. Бахархах бахдах сэтгэл төрөх юм. За тэгэхээр “Мөнх” гэдэг үг бол байсан, байгаа, байсаар байх болно буюу эхлэл ч үгүй төгсгөл ч үгүй үргэлжлэнэ гэсэн санаа. Харин “Тэнгэр” гэдэг үг нь оюун санаа хэмээх гайхалтай мөн чанарын тэнүүн уужим, тэнэгэр уудам оршихуйн ертөнц гэсэн санаа юм. Тэгэхээр бидний өвөг дээдэс маань “МөнхТэнгэр” гэдэг ойлголтоороо ил далд хамаг орчлонгийн хэлхээ холбоо бүхий зүй тогтлыг цогцлоон бүтээгч, мэдэн зохицуулагч Эх Дээд Оюун Санааны хүчин зүйл байгааг илэрхийлжээ. Гэхдээ үүнийг “хаа нэгтээ байдаг, очоод уулзаж болох” гэх мэтээр ойлгох нь гэнэн төөрөгдөл болно. МөнхТэнгэрийг оюун санааны мэдээллийн эхлэл төгсгөлгүй ертөнц гэж ухаарах нь зөв болно. Зүйрлэвэл бидний биологи биеийн амин чанарын үндэс нь ус юм. Энэ дэлхийн усны эх атомыг бид мэдэхгүй. Гэхдээ бид усгүйгээр амьд байж чадахгүй. Ус бидний биенд нэвчин шингэж тэжээдэг. Тиймээс усыг хайрлан хүндлэх хэрэгтэй. Үүний нэгэн адил бид оюун ухаантай эхлэл үүслээ мэдэхгүй. Тиймээс МөнхТэнгэр хэмээх ойлголтын дор бидний оюун санааг үүсгэн бүтээгч “тэр нэгэн хүч”-ийг дээдлэн биширч, хүндэтгэн хайрлаж, хүн бидэнд заяасан оюун санаагаа улам сайхнаар төгөлдөржүүлэн хөгжүүлж, дээшлүүлэхийн төлөө чармайн зүтгэх учиртай. Энэ л хүн болж төрсөний утга учир.

2.         Миний хувьд энэ талаар 20 гаруй жил судлаж, сурталчилж, бас ч үгүй ном судар бичээд яваа хүн. Арай нэг амьдралд ойр, онол - гүн ухааны  хувьд амьдралд үр ашигаа өгдөг, хувь хүмүүс өөрийн итгэл үнэмшилийн хэмжээнд авч явууштай байдлаар илэрхийлэх гэж оролддог л доо. Энэ талаар та бид нилээд ойролцоо мэт харагдаад байгаа, энэ талаар юу гэж бодож байна.
Хариулт: Тийм ээ. Би өөрийг чинь анзаараад л, ажиглаад л явдаг. Ерөнхий зүг чиг нэг байгаадаа их баяртай байдаг. Таньд амжилт хүсье. Миний хувьд бол боддгийн. Энэ дэлхий дээр олон үндэстэн, угсаатан, ястан бүхий олон янзын хэл яриа, ёс заншил, урлаг соёл байгаа нь миний хувьд үнэхээр баяр бахархал юм. Хэрвээ хүн төрөлхтөнийг нэгэн их “гацуур мод” юмаа гэж төсөөлвөл энэхүү гацуурын үзэсгэлэн төгс “чимэг зүүлт” нь манай гаригийн үндэстэн, угсаатан, ястнуудын язгуур соёл нь мөн юм гэж боддог. Тиймээс хэдий бид ялгаатай зүйлс байдаг боловч, нэгэн гаригийн агаараар амьсгалж, усаар нь ундаалж, шим шүүсээр \ургамал амьтан\ нь тэжээгдэж, нэгэн нарны илч туяан дор аж төрдөг хэрнээ хэдий болтол ингэж олон шашин, олон сурталд хуваагдан талцаж тэмцэлдэх ёстой юм бэ?. Энэ бүхэнд ямар ч утга алга. Одоо хүн төрөлхтөнд нэг л номлол хэрэгтэй болжээ гэж бодсоор яваад, ертөнцийн юмс үзэгдлийн тухай нэгэн цогц онол номлол бүтээсэн. Энэхүү онол нь сүнс, хүн, амьдрал, дэлхий, үхэл, хар эрчим хүч, цагаан эрчим хүчний тухай хүн төрөлхтөний мэдлэг мэдээллийг боловсруулан, бүхэл нэгэн цогц системтэй онол болгож нэгтгэн зангидсан. Тиймээс үүнийг шашин ч, шинжлэх ухаан ч няцааж үл чадах хүч чадлыг агуулж байгаа. Өөрөөр хэлбэл Монголчууд бид хүн төрөлхтөний философи сэтгэлгээнд нэгэн том хувь нэмэр оруулж байнаа л гэсэн үг.
3.         Монгол гүн ухаан гэхлээр манайхан Буддын гүн ухааныг яриад явчихдаг. Мөнх Тэнгэр үзэл хэдийгээр Бөө мөргөлөөс эхлэлээ авсан ч гэсэн, Монголчуудын гүн ухаан байх боломжтой гэж бид үздэг. Гүн ухаан бол учир шалтгаан, ул үндсэтэй сэтгэлгээ. гэтэл Монголд үүнийг шашинжуулаад, бүр цаашилбал учиргүй ид шидийн мэт, бүүр цаашилбал Бурхан гэх ойлголттой хутгаад бантагнуулаад байгааг хараад сэтгэл жаахан гонсойдог...энэ талаар?
Хариулт:  Яг үнэн. Одоо ёстой холион бантан туйлдаа хүрлээ. Монгол гүн ухааны
бусдаас ялгаатай нь, аливаа юмс үзэгдлийг сэтгэн шинжих арга ухааны хүчээр, орчлон ертөнцийн зүй тогтол, мөн чанар, учир шалтгааныг  танин мэдэж, ухааран ойлгож ирсэн явдал юм. Монгол түмний хүн амьтан, амьд байгальтайгаа зөв сайхан харьцаж ирсэн хандлага ёс заншил,түүх соёл, хууль цаазыг мөрдлөг болгоод түүхийн гүн рүү аялбал аандаа Монгол гүн ухааны мөр тод зурайх болно.
4.         Мөнх Тэнгэр үзлээ жинхэнэ утгаар нь илэрхийлж чадаж байгаа улс бол манай яруу найрагчид, дуу хөгжимийн уран бүтээлчид, зураачид маань байх шиг. Хаа хамаагүй энэ ертөнцөөс тасархай, параллель ертөнц, эсвэл биднийг асран тэтгэгч бумбын орон хаа нэгтээ огторгуйд байдаг мэтээр тайлбарлаж, тэр ч байтугай тэндээс мессеж дамжуулаад суудаг гэгээнтнүүд олширлоо... Энэ талаар?
Хариулт: Энэ бас үнэн. МөнхТэнгэр  үзэл гэдэг  маань эцсийн эцэст орчлонгийн жам ёс, зүй тогтол,мөн чанарыг зөвөөр танин мэдэж ухаараад, тэр зарчмыг ахуй амьдралдаа баримтлан дагана гэсэн үг шүү дээ. Хүмүүнд сэтгэл ба ухаан гэдэг хоёр огт өөр мөн чанар заяагдсан байдаг. Сэтгэл  гэдэг бол аливаа хандлагын сайн мууг ялган таньж хариу үйлдэд илэрхийлэх мэдрэмжийн эрхтэн. Харин ухаан гэдэг нь  мэдээлэл хуримтлуулах мэдлэгийн сав эрхтэн юм.  Бидний өвөг дээд ухаан ба сэтгэлээ зөв сайхан сүлэлдүүлж, аливаа бүхэнд гэгээн сайхнаар хандаж иржээ.Яагаад гэвэл энэ дэлхийд сэтгэл оюунаа хөгжүүлэн дээшлүүлэхийн төлөө л түр зуур ирсэн гэдгээ гүн гүнзгий ойлгож ухаарсан учраас.Хөгжсөн оюун ухаан нь өөрийн ухамсарын түвшинд тохирох  “Тэнгэр” хэмээх оюун санааны  оршихуйн ертөнцүүдийн аль нэгэнд “залрана” гэдгээ сайн мэдэж байгаа учраас тэр. Харин тэр элдэв шалдав гэгээнтэнд би тэр болгон итгэдэггүй. Одоо ер нь “дамжааны сургалт” төгссөн бөө гэгээнтэнээр “бороо ороод” байгаа юм биш үү.аан. Гэхдээ энд нэг юмыг хэлэхгүй байж болохгүй нь ээ.Тэнгэрийн эрхэс од гаригс нь өөр өөрийн хүч чадал, мэдээлэл бүхий долгионыг цацруулан түгээж байна. Энэ нь хүний оюун санаанд сайн юм уу муугаар хүчтэй нөлөө үзүүлж байдаг. Одоо хүн төрөлхтөнд ирж буй оддын ордын үйлчлэл нөлөөлж эхлээд байна. Их л “юм” амсаж туулах байх даа. Та бид

5.Мөнх Тэнгэрийн үзэл санаа Монголын язгуур үзэл санаа үүнийг эрүүл саруул хөрсөн дээрээ буулгаж , бусдын үзэл суртал, оюун санааны боолчиллоос бид мултармаар байдаг. Яаж мултрах вэ?
Хариулт: Үнэхээр сэтгэл догдлуулсан бахдам сайхан асуулт байна. Шулуун шудрагаар хэлэхэд  бидний Монголчуудын өмнө тулгараад байгаа энэхүү хүнд хэцүү нөхцөл байдал нь Монголчууд бидний сэтгэл оюуны хүч чадлыг сорьж буй түүхэн үзэгдэл юм. Та бид эндээс Монголд маань ер нь юу болоод байна вэ?.Эх дэлхий дээр маань бас юу болоод байна?. Хүн төрөлхтөн хаашаа яваад байна?. Байгаль дэлхий яагаад ингэтлээ аймшигтайгаар бохирдон хордож, сүйрч доройтоод байна?. Ер хүн гэдэг чинь “Хэн” юм бэ?

Түүний дотроос Монголчууд бид чухамдаа “ХЭН” юм бэ?.. Хүн төрөлхтөний түүхэнд олон улс гүрнүүд сүйрч мөхсөн атал бидний цөөхөн Монголчууд түүхийн элдэв адармаатай нугачаанд арчигдалгүй  даван туулсаар шинэ мянганы торгон босгон дээр хүрэлцэн ирсэний түүхэн учир шалтгаан нь чухамдаа юу юм бол?. Эх дэлхийн аж төрлийг хүнд хэцүү тухайн тухайн цаг үед төвшитгэн тэгшилж ирсэн Монголчууд бидний хүн төрөлхтөний өмнө энэ удаагийн үүрэг хариуцлага чухам юу юм бэ? Гэдгээ л ойлгон ухаарч, сэрж сэхээрэх нь Монголчууд та бидний амин чухал тэргүүн зэргийн асуудал мөн. Харин миний хувьд дээрх асуулт бүрийн хариуг маш тодоор, маш сайн харж байна Та бүхэндээ хэлэхэд сэтгэл тун таатай байна. Монголчууд бидний эрин цаг үе ирж явна. Монгол түмний хийморь сүлд улам сайхнаар бадран гийх болтугай.

Ярилцсан. З. Эрдэнэбат


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.