05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Шагналын сувагтай болмоор байна.

( Монголоо хөгжүүлэх том санаа)

Эх орноо хөгжүүлэх талаар бодсоор байгаад хүмүүсийн нэг чухал хэрэгцээг хангах арга оллоо. Энэ бол тэдний шагнуулах хэрэгцээ, тэр тухай мэдээлж байх ТВ суваг!

Үе үе-ийн засгийн газарууд, ялангуяа сүүлийн хорин жилийн турш Mонгол Төрийн тууштай хэрэгжүүлж ирсэн гайхалтай ажил бол ард түмнийхээ шагнуулах хэрэгцээг хангаж ирсэн явдал юм. Эрүүл байх, цэвэр агаар, аюулгүй хүнс, ард түмний эрх ашиг машиг ч яамай байна.

Шагналыг үл тэвчидэг байсан хүмүүс ч ( Баабар) шагнал тэврээд гүйдэг болчихсон байгаа. Жил тойрон өдөр шөнөгүй шагнаад байхаар доогтойхон мушийдаг байсан Ардчилсан ерөнхийлөгч (Ц.Элбэгдорж) маань ар өвөргүй шагнал түгээдэг хүн болчихдог нь бас өөрчлөлт шинэчлэл юмуудаа... Шагнал ардчилагдаж байгаа нь ч байж болох. Эсвэл ерөнхийлөгч болохлээр тийм нэг халдвар авдаг байж ч болох юм. Сандал суудлаас нь халдаж болох шүү дээ! Монголын нийгэмд ийм шагнах, шагнуулах асар их хэрэгцээ хүлээлт байгаа тул тусдаа Шагналын ТВ суваг нээх санаа төрснөө та бүхэндээ уламжилж байна. Одоо энэ суваг маань хэрхэн ажиллах талаар хэдэн үг хэлсүү Би гэдэг хүн:

Энэ сувгаар дан шагналын мэдээ, шагнал авах болон шагнуулсан хүмүүсийн сурталчилгаа, реклам xоногийн 24 цагийн турш явж байх ёстой. Хэд хичнээн хүн энэ өдөр шагнуулав, xэдэн жил ажиллаад, хэдэн уран бүтээл, (заавал уран бүтээл байх албагүй л дээ) хаана хийгээд шагнуулав,  Хэддахь удаагаа ямар ямар шагнал авав, яагаад, хаанаас, хэний үед авав гээд урсгана шүү дээ. Бас шагнал авахад арай “оочер нь” хүрээгүй байгаа хүмүүсийн тухай хэлчихвэл тэр хүмүүсийн санаа амрах таатай нөхцөл бүрдэх юм.  Бас  шагнагдах ёстой хүмүүс шагнагдаагүй тухай асуудал дэвшүүлсэн, хурц шүүмжлэл бүхий нэвтрүүлгүүд  байвал бас зүгээр. Шагнал авсан  болон аваагүй хүмүүс хэрхэн зөрчилд оров, байдал ямар байгаа, үндсэн хуулийн цэцэд хүрэхгүй шиг шийдэгдэх боломж байгаа эсэхийг мэдээлж байх. Өөр ямар ямар шагнал шинээр буй болж байгаа, тэр шагналуудыг хэн хэн авах, өгөх болж байгаа талаар гэх мэт.

(Өө! нээрээ.., шагнах, шагнагдах эрхийн талаар үндсэн хуулинд байхгүй байгаа юм байна шүү хүмүүсээ!)

Энэ сувгийн хамгийн сонихорлтой хэсэг нь гадаад орнуудын тухай мэдээ байх ёстой нь мэдээж. Жишээ нь Шварцнеггер Америкийн цагаан ордоноос Ард түмний гавьяат авсан тухай, Боб Марлеи-д алтан гадас одон манай төрөөс өгснийг ч бас гадаад мэдээндээ шургуулж байвал гэж...За тэгээд барууны хэн хэн гэгч урлаг спортын одууд төр засгаасаа соёлын гавьяат зүтгэлтэн,  соёлын тэргүүний ажилтан гэх мэт шагналыг авсан тухай мэдээнүүдээр эхлэх ёстой.  Шагнал гэдэг бол аливаа ард түмэн, үндэстний үнэт зүйлийн баримжааг харуулдаг зүйл тул тэр орнуудад ямар байдгийг манай хүмүүс ойлгох бас суралцах зүйл ч гарч болно шүү дээ!  Энэ нь бас түүхэн баримт ч болж хадгалагдана. Xарин хөтлөгч нь огт өөр ая дангаар яривал зүгээр, жишээ нь Хойд Солонгосын ТВ хөтлөгчийнх шиг хоолойгоо чичрүүлэн уянгатай уншиж байвал гэж бодлоо. Ийм сувагтай болчихвол Монголын Үндэсний олон нийтийн ТВ-ний мэдээний цагийн  50%  нь хэмнэгдэнэдээ ядахнаа...Ингээд брайншторминг (уураг тархины хүчээ уралдан дайчлахуй гэсэн үг юм шиг байгаа юм) хийвэл олон олон санаа төрөхөөр байна л даа.., гэхдээ энэ хүрээд өндөрлөе дөө...

З.Эрдэнэбат


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.