03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Авирмэдийн Хандсүрэн: 1989-90 -ээд оны тэр өдрүүд...

Монголын Ардчилсан Холбооны Анхны Цуглааны ойд зориулав. Зураг дээр: Хандаа 1990 оны 4 сарын 22-ний өдөр (зүүн гараас 2-т)
З.Э: За Хандаа минь, бид чинь одоо бүгдээрээ зуугийн талыг давсан насанд хүрчихлээ. Нас ахиад ирэхлээр яаж амьдрав, юу хийж бүтээв гэхчилэн асуултууд хөвөрдөг бололтой юм. Саяхан л бид чинь 30-аад насны улс Ардчилсан Хөдөлгөөний "партизанууд" явлаа. Бидний дундаас чи бол хамгийн удаан Ардчиллын ‘гал тогоонд’ ажилласан эмэгтэйчүүдийн нэг тул дурсамжаасаа хуваалцах боловуу гэж чамд хандлаа...

А.Х: Би Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул л даа. Таван настай байхдаа Улаанбаатарт орж ирсэн. Айлын дээрээсээ гурав дахь хүүхэд. 4 дүгээр сургуульд 8 ангиа дүүргээд 1973 онд Төмөр замын техникумд Радионы ангид суралцаж төгсөөд Монголын Анхны радио өргөн нэвтрүүлгийн станцын техникч болж Дорнод аймагт томилогдож ажиллаж байлаа. 1980 оноос Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд холбоо дууны техникчээр ажиллах болсон. 1990 оноос Ардчиллын талд ажиллах болсондоо. 

З.Э: Монголын Ардчилсан Холбооны анхны хурал Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд болсоныг сайн санаж байнаа...

А.Х: 1990-ээд оны тэр жилүүдэд ёстой гэрийн бараа харахгүй ажиллаж, Дугуй зааланд хонож өнжиж, МоАХ-ныхоо хар утасыг өвөртлөөд л 18 аймаг, 4 хоттой завсар чөлөөгүй холбоо залгуулж, мэдээлэл дамжуулж, хүлээж авч Холбооны удирдлагуудад дамжуулах ажил хийж байсан.

Би чинь МАХН-ын гишүүн биш мөртлөө байгууллагынхаа МАХН-ын үүрийн хурлаар олон удаа донгодуулж, МоАX-ны гишүүн болсоныхоо төлөө 10 жил ажилласан ажилаасаа шууд халагдаж байлаа.

З.Э: Гэр бүлтэй, бага насны үр хүүхэдтэй бүсгүй хүн хувьсгалд оролцоно гэдэг хэцүү байсан байхаа...

А.Х: Тиймээ тэр үед - 1990 онд ганц би ч биш, МоАХ-ны гишүүдийн нилээд хэсэг нь ажил амьдралгүй болох битгий хэл амь насаа ч алдахаас айдаггүй, нийгмийг өөрчилье гэсэн зорилгодоо бүхнээ зориулж явдаг хүмүүс байсан. Нэг жишээ хэлэхэд 1990 оны 4 дүгээр сарын 27-нд МоАX төрийн ордныг бүслэхийн урьд шөнө МоАX-ны лийдерүүд маань: "Та нар амь насаа алдаж ч мэднэ, шоронд орж ч мэднэ тиймээс сайн бодож шийдээрэй" гэж захиж байсныг сайн санаж байна. Бид тэр шөнө 12 цагт тарцгаасан юмдаг. Би гэртээ очоод унтаж байсан охиноо сэрээж, “Ээж нь өглөө буцаад явна, миний охин ээжийнхээ хойноос явж болохгүй. Ямар нэгэн юм болвол Жагаа эгчийндээ очоод аавыгаа хүлээж уулздаг юм шүү. Ээж нь шоронд орж ч магадгүй, үхэж үрэгдэж ч магадгүй” гэж хэлсэн. Тэр үед 6 дугаар ангид 14 настай байсан охин маань: “Ямар нэгэн юм болвол би гурван дүүтэйгээ Сүхбаатарын талбай дээр гарч өлсгөлөн зарланаа ээжээ” гэж байж билээ. Би охиноосоо ийм үг гарна гэж бодоогүй. Охины маань энэ үг миний санаа сэтгэлийг улам шулуутгаж, хүч нэмж өгч билээ. Ингээд үүрээр 4 цагийн үед МоАX - ныхны коодолж нэрлэсэн 52 гэдэгрүү явсан. Тэр нь Нэргүй докторын гэр байсан юм. Тэр өдөр бол Монголын Ардчиллын хамгийн эгзэгтэй өдөр байсан гэж боддог. Бидний өөдөөс цэрэг цагдаа нарыг 2 давхар эгнээгээр жагсааж, Төрийн ордныг хамгаалалтанд аваад мөргөлдөөн гарахад тун ойр үйл явдал болсон юмдаг.


З.Э: МоАX өлсгөлөн зарлахад чи хаана байсан бэ? 1990 оны 3 сарын 7-нд...

А.X: Тэр үе бол миний амьдралын хамгийн хүнд үе байсан даа. Яг талбай дээр та нар өлсгөлөн зарлаад хэвтэхэд би ганц хүүдээ хань болгохсон гээд тээж явсан үрээ 1 дүгээр төрөхөд авахуулж байсан. Цаашдаа байдал ямраар ч эргээ билээ, энэ эхэлсэн үйл хэргээ л эцэст нь хүргэх минь гэсэн бодол л давалгайлж тийм шийдвэр гаргасан.. Тэр өдөрөөс хойш 20 жил өнгөрч. Одоо би таван хүүхэд , зургаан ачтай. Хамгийн отгон зээ маань энэ жил Монголын Ардчилсан Хөдөлгөөний 20 жилийн ойн жил төрсөн.

З.Э: Цаг зав гаргаж асуултанд маань хариулсанд баяраллаа Хандаа. Ардчилсан хөдөлгөөний ойн жил чамайг Монгол Төр алтан гадас одонгоор шагнасан гэж дуулсан юм байна. Баяр хүргэе.

Журмын анд хамтран зүтгэж явсаны хувьд МоАХ-ны Анхны цуглаан болсон энэ өдөрийн мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Цахим шуудангаар ярилцсан З. Эрдэнэбат


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.