05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Мөхөөлдөс (өгүүллэг)

Амралтын өдөр би дуу хөгжим үзэх, сонсох дуртай. Харин  өнөөдөр бүр нойр хүргэж нозооруулсан өдөр аж. Нүд анилдана.  Интернетээс монгол угсаатны дуу хөжим үзэж суухдаа манай гэрээс холгүй цагаачдын байранд монгол, төвд, тэр байтугай дээд монголчууд байдаг тухай сонссоноо сая санав. Тэр газраар нэг орж үзэхсэн гэж бодсоор яваад өдий хүрчээ. Гадаа халуун байлаа. Гудамжны хар тос үнэртэж зам гарахгээд зогсоход өнгөрсөн машины яндангаас гашуун халуун утаа хамар цоргино.

Гурван давхар байшин аж. Гаднах шат, довжоон дээр нь цагаан арьст хүмүүс налайн суужээ. Нарлаж байгаа бололтой юм. Аагим халуунд эд нар л улцан цагаан биеэ ил гарган хар шил зүүцгээн далайн хөвөөнд хэвтэх хав адил тарвайцгаана. Энд тэндгүй мөхөөлдөс худалдах аж. Миний дуртай Mагнум ч харагданa. Мөхөөлдөсний цаг иржээ. Дотогш орлоо. Аль ч газарын үүдэнд байдаг хүлээн авах хэсгийн жижүүр цагаан арьст хүүхэн инээмсэглэсээр угтав.

 - Нутгийн хүмүүсээ эрж явна хэмээн тоглох, хошигнох маягтай хэллээ. Гэтэл гаднаас нэгэн бяцхан охин ороод ирэв. Тоодойсон ногоон дээлтэй аж. “Энэ газар анх удаа дээлтэй хүүхэд үздэг байна шүү” гэж бодож зогстол, жижүүр хүүхэн: -  Энэ хүн та нар дээр ирж байгаа гэнэ дагуулаад явахгүй юу гэж уриалгаханаар охиноос гуйлаа. Халууцаж хөлс нь бурзайсан болцгор охин шууд л миний гараас хөтлөөд цахилгаан шатанд оруулчихлаа.

 - Та хэнтэй уулзах гэж яваа юм бэ гэж тааруухан аялгатай англи хэлээр шулганав.
Би: - Өө, би зүгээр л энэ хавийг сонирхож явна гэлээ. Охин: - Гадаа мөхөөлдөс зарж байналээш дээ хэмээн хэлэх зуур цахилгаан шатны хаалга нээгдлээ. Бид хоёр урт хонгилоор явах зуур өрөө бүрт л мөхөөлдөс зарж байгаа хүмүүс харагдав. Сонин юм. Охинд хандаж,  - Энд ч бас  мөхөөлдөс зарж байгаа юм бишүү гэвэл охин хаа нэгтээ алга болоод өгсөн байв. Би нэг өрөө рүү шагайвал тэнд монгол гэмээр олон бүсгүйчүүд суух нь сууж, хэвтэх нь хэвтэж хүүхдээ хуурайлж, хөхүүлж байгаа харагдав. - Орж болохуу? хэмээн англи хэлээр эхлээд асуулаа. Ээжүүд бүгд л надруу анхааралтай гэгч нь харцгааж байв. Цонхны наана суух залуухан, тас хар үстэй бүсгүй нүдэнд туслаа. Хаанаас нь ч харсан монгол хүндээ. Би түүнд дөхөж очоод, - Та монголоор ярьдагуу гэж эх хэлээрээ асуулаа. Хүүхдээ хөхүүлж буй эмэгтэйн сүү асгарах аж. Мяраалаг, яг л нэг бамбарууш шиг хүү эхийнхээ сүүг залгилан надруу нэг нүдээрээ бас харж байлаа. Эмэгтэй суудлаа засаж, энгэр заамаа жаахан янзласхийгээд, - Ярьдаг гэж маш цэвэр монгол хэлээр хариуллаа. Харахад халх монгол яав ч биш тэр бүсгүй ямар ч уран зурагт дүрслэгдэхийн аргагүй үзэсгэлэнтэй , энэрэнгүй, тэнгэрлэг харагдах аж. Намайг монголоор ярихад тэнд байсан бүх ээжүүд  өндийцгөөж, өөр хоорондоо, - Энэ хүн чинь монголоор ярьж байна гэцгээн надад дөхөх маягтай... Би ч баярлаж, сэтгэл онгойгоод ирэх шиг болов. Ногоон дээлт охин гаднаас гүйгээд орж ирлээ. Миний гараас татан хонгилруу хөтлөж,
 - Та надад мөхөөлдөс аваад өг хэмээн тун өөриймсөг бас монгол хэлээр хэллээ.
 "Би  ерөөсөө өөрийн дуртай мөхөөлдөс авч энэ олон сайхан монгол ээжийг дайлаад монгол хэлээрээ хэсэг ярьж сууя байз" гэсэн бодол зурсхийн орж ирэв.  
- Би та нарт мөхөөлдөс аваад ирье, та нар дуртай биздээ? гэлээ. - Дуртай, дуртай хэмээн шуугилдахдаа бүгд л монголоор яриадах шиг болов. Заримынх нь дуу Монголын баруун аймгаас ирсэн юм шиг сонсогдоx aж .

Өрөөнөөс гардагийн даваан дээр, араас - Заавал авч өгдөг юмш дээ гэж хэлэх сонсдоход эргэж харвал нөгөө бандгар жаалын ээж энгэр нь шал нойтон дээлийн товчоо товчилж суух нь харагдав.

- Заавал авчирнаа гэж хэлээд ногоон дээлт охин бид хоёр хонгилоор ширүүхэн шиг алхлаа. Хаа ч мөхөөлдөс зарж байгаа хүмүүс харагдсангүй.  "Бүгд гадагшаа гарсан бололтой. Дотор орлого багатай байсан биз" гэж бодогдоод явчихав. Халуу төөнөсөн шатан дээр бие биенээсээ хөндийхөн хэвтэх цагаан арьст хүмүүсийн тааламжтай налгар байдал үргэлжилж байв. Мөхөөлдөс зарж байсан машинууд алга. Ногоон дээлт бид хоёр гудамжийг хөндлөн гулд нилээд гүйлээ. Г анц ч мөхөөлдөсний машин байдаггүй.
Сонин юмаа гээд охинийг буцааж жижүүрийн хүнд хүлээлгэж өгчихөөд өөрөө мөхөөлдөсний машин хайн гүйж гарлаа. Байдаггүйээ. Айх сандрах зэрэгцэж эхлэв.
Үгүй ямар хачин юм бэ? , хаашаа алга болчихдог байнаа одоо, яадаг билээ хэмээн аахилан гүйх хооронд хөхнийх нь сүү асгаран байгаа нөгөө бүсгүй нүдэнд харагдаад байв.  Хэдэн гудам  дамжиж гүйлээ. Тэндээс гарснаас хойш бүтэн цаг өнгөрөв. Мөхөөлдөс олохгүй яасан ч буцаж болохгүй. Ямар хачин юм бэ... тэр олон мөхөөлдөс зардаг машинууд хаашаа алга болчихвоо!    Ёстой баларсан юм...

- Заавал авч өгдөг юмшдээ гэх дуун  хадахад би давхийн сэрлээ.

Өө! юу вэ!? би чинь унтаж байсан хэрэгүү гэж бодмогцоо зүүдээ үргэлжлүүлэх гэж өөрийгөө хүчлэн унтахыг хичээлээ. Унтаж өгдөггүйээ. Нүдээ тас аниад, биеэ хураагаад хэвтэх тусам сэрсээр байв. - Одоо яанаа тэдэнд мөхөөлдөс авч очиж чадсангүй, тэд намайг хүлээж байгаа хэмээн цонхны цаана наранд гялалзах модны навчисыг ширтэн хэвтсээр байв.

З. Эрдэнэбат.         2012.06.20


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.