04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Тусгаар Тогтнолын Төлөө! жүжгийн найруулагчтай хийсэн ярилцлага

Монголын тулгар төрийн 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Монголын Олон Нийтийн Телевизээр “Тусгаар Тогтнолын Төлөө” нэртэй жүжиг гарсан билээ. Жүжиг Монголчуудын Тусгаар Тогтнолоо олсон түүхэн эгзэгтэй үеийн тухай баримтат зохиол дээр үндэслэсэн бөгөөд Монголд ч, гадаадад суугаа монголчуудад ч гүн сэтгэгдэл үлдээж, Монголын Тусгаар Тогтнолын Төлөө амь амьдралаа золин явсан тэдгээр хүмүүсээр бахархах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлж билээ. Ингээд энэ жүжгийн уран бүтээлчидтэй ярилцсан ярилцлагынхаа эхний хэсгийг толилуулж байнa.

Энэ жүжгийг найруулагчаар, найруулагч Баянбилэгийн Туяа ажилласан бөгөөд тэрээр 1995 онд Соёл Урлагийн Их Сургууль, 2002 онд Радио Телевизийн Дээд Сургууль-д найруулагч мэргэжил эзэмшижээ. Одоо Монголын Олон Нийтийн Телевизийн Уран Бүтээлийн 3-р нэгдэлд найруулагчаар ажиллаж байна.

 

- Тусгаар Тогтнолын Төлөө! энэ үг Монгол хэмээх айлын үе үеийн  эрэмгий дайчин, эх нутаг, элгэн саднаа гэсэн охид хөвгүүдийн зүрх сэтгэлд тээгдэж өнөөг хүрч дээ... Өнөөгийн Монгол “эх орон” гэж цээжээ дэлдэх хүмүүсээр дүүрэн болж. Чиний хувьд Эх Орон гэж ер нь юув дээ?

- Эх орноосоо хол байх үедээ, багадаа эрэг дээр нь тоглож өссөн Туул голын чулууг дандаа зүүдэлдэг байсан. Минийхээр эх орон гэж эгэл энгийн юм шиг хэрнээ сэтгэлд үргэлжид хоногших төрж өссөн эх нутаг.

- “Тусгаар Тогтнолын Төлөө!” жүжгийг бүтээхээр зориг шулуудсан тухайгаа ярьж өгвөл сонин байна...Ер нь хувь уран бүтээлчийн  хувьд юу нь өөрийг чинь энэ жүжгийг бүтээх хүсэл эрмэлзлэл төрүүлэв?

- Би их сониуч хүн л дээ. Ер нь байнга л эрэлхийлнэ. Хэнээс ч хамаагүй мэдэхгүй, чадахгүй юмаа асууж, ажиглаж эрэл хийх дуртай. Ямар нэгэн уран бүтээлийн санаагаа  эрж хайхдаа хэний ч хөндөж байгаагүй сэдвийг олохыг чухалчилдаг.

Манай телевизийн салбарт МУСГЗ Б.Жаргал найруулагчийн түүхэн цаг үеийн сэдвээр хийсэн хэдэн сайхан жүжиг бий. Уран бүтээлчид маань зардал мөнгөөс нь айж энэ жанрыг хөндөж чадахгүй байсаар 20 иод жил болж. Гэтэл нэг өдөр Түмээ эгч (Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаяр) миний ажлын өрөөд орж ирээд:

“- За чи энэ жил юу хийх төлөвлөгөөтэй байна даа? Надад түүхийн сэдвээр судалсан цуглуулсан зүйл зөндөө бий  шүү! гэчихээд гараад явсан. Ер нь тэгээд Монгол улсын жинхэнэ түүхтэй холбоотой түүний баримтат зохиол олны хүртээл болж чадаагүй яваа нь надад “сайхан олз” болсон л доо.

-  Энэ дэлгэцийн бүтээл Монгол Улсын маш эгзэгтэй түүхэн үеийн тухай жүжиг. Гэтэл өнөөдөр Монгол Улс бас л маш эгзэгтэй цаг үеийн босгонд тулж ирээд байна. Миний хүртэж ойлгосноор энэ жүжиг ер нь маш ноцтой сэрэмжлүүлэг юм шиг санагдсан шүү...

- “Бид болохоо байлаа. Тэр ч болохгүй, энэ ч бүтэхгүй, чадахгүй” гэж байхын оронд хийж бүтээж байгаа хүмүүсээ дэмжих сэтгэл даан ч энэ монголд алга. Би нэвтрүүлэг бэлтгэх явцдаа олон хүнтэй уулдаг. Тэдний зарим нь залхуурч, зарим нь улс төржиж, зарим нь дор бүрнээ өөрийн юмаа хийж л байна . Энэ жүжиг маань тэр улс төрч, шоучин, “аймхай туулай” нарт зориулагдсан гэж болно. “Өвөг  дээдсээ хүндэлдэггүй, тэднийхээ тэмцэл ялалтыг мартддаг ард түмэнд алдаа эндэгдэл  давтагдсаар байх болно” гэдгийг  хэлэх гэж хичээлээ.

Tusgaar_Togtnol- Жүжигт  олон сайхан мастерууд тоглосон байсан,  жишээ нь Ардын жүжигчин Цэрэндагва гэх мэт... тэдгээр мастеруудтай ажиллахад хэцүү байвуу? Бэрхшээлгүй бүтэх уран бүтээл гэж байдаггүй. Ялангуяа Телевиз - дэлгэцийн бүтээл. Жүжиг бүтээх явцад тохиолдсон сайхан болон саар тохиолдлоосоо яриач? Бас жүжигт оролцсон уран бүтээлчидийнхээ тухай...

- МУАЖ Цэрэндагва ax бол Монголын дэлгэц киноны урлагийн супер однуудын нэг. Бид хамтарч уран бүтээл хийдэг байсан болохоор жүжигтээ тоглуулахаар урихад ямар ч асуудал гараагүй.. бас xэний ч хөндөөгүй сонирхолтой сэдвийг дэлгэсэн учраас хүмүүст их хүрсэн байх гэж боддог. Цаг тулгуу, бэлтгэл хийх нөхцөл хомс байлаа. Гэхдээ богино хугацаанд зориг гарган хийсэндээ энэ жүжгийг бүтээгчид бид сэтгэл хангалуун байгаa. Шөнийн 02 цагаас өглөөний 7 цаг хүртэл зогсолтгүй ажилллах бол юу ч биш. Жүжигчид маань өдөр нь өөр бүтээлд тоглочихоод шөнө нь манай зураг авалтанд оролцож байсан гэсэн үг. Зарим нь ядарсандаа  зураг авалт завсарлах, гэрэл тавих гэх мэтийн хооронд түр дугхийнэ. Миний хувьд унтах, хоол идэх гэх мэтийг бараг мартсан гэж болно. Гэхдээ жүжгээ хийж байх тэр өдөрүүд миний хувьд хамгийн сайхан өдөрүүд байсан.

- Жүжиг өнгөрсөн наадмын үеэр гарсан, би гурван ангийг гурвууланг нь алдалгүй үзсэн л дээ. Түүхийн баримтан дээр тулгуурласан бүтээл боловч найруулагчийн уран сайхны шийдэл  болох тэрхүү гурван улсын гэрээний үйл явцын хэцүү, ээдрээтэй уур амьсгал, нөхцөл байдлыг үзсэн хүн бүр л амьсгал даран харцгаасан байх. Жүжгийн дараа үзэгчид ер нь юу гэж байх юм, олон үзэгчид, судлаачид өөрт чинь жүжгээс төрсөн сэтгэгдлээ хэлсэн байх...

- Янз бүр байсан. Заримаас нь хатуу үг сонссон ч гомдоогүй ээ. Харин ч би юун дээрээ алдаж онож байснаа мэдсэн. Хүмүүс “Tанай үндэсний тв гээр ийм утга агуулгатай бүтээл гарч болдог болсон уу. Овоош дээ” гэж байсан. Бас ажилаар Солонгос улсад хэд хоног байх  хугацаанд тэнд ажиллаж амьдардаг хэдэн монгол залуус, танай тв гээр гарсан жүжиг гээд л “Тусгаар Тогнолын төлөө” жүжгийн маань тухай ам  булаалдан ярихад надад их сайхан л байлаа.

- Ер нь гэрээ хэлэлцээ хийнэ гэдэг бол шатар нүүхтэй төстэй, түүнээс ч хэцүү хатуу, хариуцлагатай ажил юм даа... чоно санаатай байж л үндэсний эрх ашиг, улс гүрнийхээ тусгаар тогтнолыг авч гарна тиймүү? Жужиг төгсөхдөө чоно ульж төгсдөг, тэрхэн агшинд монгол хүн бүрийн сэтгэл сэрдхийж цөс, цус нь огшисон байх гэж боддог юм...

- Манай жүжгийн зөвлөх найруулагч Мөнхдорж гуай  зохиол уншиж дуусаад Түмээ эгч бид 2 луу харж сууснаа “та хоёр чинь эрчүүдээс илүү сэтгэдэг хүмүүс юмаа” гэхэд урам орсон шүү.  Хоёр том их гүрэн Луу, Баавгай хоёрын дундах цөөхөн хэдэн Монголчуудын маань өвөг дээдсийн ухаан сүйхээ ямар мундаг байж вэ гэх бахархал намайг энэ жүжгийг хийж байхад омогшуулж байсандаа, ганц би ч биш жүжигт оролцсон бүх уран бүтээлчид  тийм сэтгэгдэлтэй байгаа нь харагдаж, мэдрэгдэж байсан.

- Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна? Монгол хэлээ хамгаалах хадгалах тухай ажилд идэвхийлэн оролцож байгаа гэж дуулсан юм байна. Энэ тухайгаа жаахан дэлгэрүүлж ярихгүй юу? Миний бодлоор Монгол маань Америкийн Нэгдсэн Улсын аль нэг засаг захиргааны нэгж шиг л болчихсон юм шиг санагдсан. Бүх юм англи хэл - бичиг үсгээр. Уг нь бол Монгол газар нутаг дээр нэг л хэлээр ярьж бичиж байвал зүгээрсэн. Бид чинь өөрийн бичиг үсэг, соёл - үнэт зүйлтэй тусгаар улс биздээ? Англи хэлээ сурах нь сурна л биз, гэхдээ Монгол газар нутаг дээр Монгол бичиг соёл л ноёлож байх ёстой гэж би боддог.

- Миний ойлгосноор хэрэв бид монгол бичигтэйгээ байвал 7 сая шахам үгийн сантай байх нь харин крилл бичигтэй болсноор даруй 2 дахин бага, өдөр тутмын хэрэглээндээ 100 хан үгээр ярилцаж байна гэж хэлний эрдэмтэд үздэг юм билээ. Энэ бол аймшиг. Бас нэг аймшиг нь хар нялхаас нь гадаад хэл сургах явдал. Хүүхдийг сүүн шүдтэй үед нь гадаад хэл сургавал эхлээд тагнай дараа нь нүүрний хэлбэр   өөрчлөгддөг гэж эрдэмтэн Д.Наранчимэг судалсан нь бий. Мөн сэтгэлгээ нь хувирдаг гэдэг. Хэрэв монгол сэтгэлгээгүй болчихвол энэ улс орон, Монгол үндэстэн яах болж байн аа?!. бас cаяхнаас бас нэг бүтээлрүү шамдан орсон. Хийсэн бүтээснээрээ монгол улсад их зүйл үлдээсэн хэдий ч хэн ч дурсаж байгаагүй ардын дайсан гэгдэгч хэд хэдэн түүхэн хүний тухай судалгаа хийж байна. Мөн зугаа цэнгэл эрэлхийлэгч үндэстэн хэрхэн устсан тухай үлгэр хийх төлөвлөгөөтэй байна. Хийх юм их байнаa.

- Цаг зав гаргаж ярилцсанд баярлaлаа.

 

Цахим шуудангаар ярилцсан З. Эрдэнэбат

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.