04 сарын 30, Мягмар
°C
USD 3,377.03
USD 3,377.03
EUR 3,620.51
JPY 21.70
GBP 4,231.59
RUB 36.34
CNY 466.01
KRW 2.45

ГУРВАНТЭСЭЭС ЧИКАГО ХҮРТЭЛ - АРВАН ГУРАВ

БААСАН БАГШ ХИЙГЭЭД БУСАД ХҮМҮҮС 

  Бага дунд сургууль улмаар дээд сургуульд тэгээд амьдралын их сургуульд суралцахдаа олон л багшийн шавь болж тунгаасан их эрдмээс нь тунгийнхаа тэнгээр л хүртэж дээ би . Хэт гоё самбар дээр тогтоосон цаас анзаарагддаггүй . Самбар нь л харагдаад байдаг . Түүн шиг их эрдэм чадалтай багш нараасаа хүртэх чадвар минь дутагдаад ихийг шимж чадаагүй дээ ч тэгдэг юм уу их хотын захад байх бүрэн бус дунд сургуулийн бага ангийн багш өвгөн Дашдондог , говийн сумын бага сургуулийн жирийн л нэг намхан багш Баасан хоёр миний сэтгэлд хоёр зуугийн хадаасаар баттай хадаж тогтоосон томоо гэгчийн самбар шиг бүхий л шинж төрхөөрөө хадагдан үлдсэн байдаг . Баасан багш маань ногоон өнгөтэй сатинан тэрлэгнээс ер нь л салахгүй дээ . Багшийн сургууль төгсөж чадсан болов уу даа багш маань аягүйтвэл дунд сургууль төгсөөд л багшилсан байж ч мэднэ . Биднээсээ нуруугаар нэг ч их ялгараад байхгүй дээ . Хамтдаа лаптодно .

Гутлаа тайлчихаад л нэг их гялайсан цагаан өсгий гялалзуулан гүйдэгсэн . Дөрвөн ханатай цомхон гэртээ дагуулж ороод багш нь өчигдөр ийм барилт сурчихлаа шүү дээ гээд л баян хуураа шүүрч нэг их олон өнгө холилдсон барилт барьж сонирхуулна . Нөгөөх нь мэдээжээр сайн дурын барилт болохоор сайн дурын өнгөөр л дуугарч чих шуугиулна . Би юугаа мэдхэв дээ

-Ёстой сайхан л гэнэ . Багш тэр үгэнд минь ихэд урамшиж
-Дараагийн концерт дээр энэ барилтаа сумынхандаа сонсгоно доо гээд л додийно . Зарим өдөр сүүлчийн цагийн хичээл дээр хуруугаар этэн дуудаж ангиас гаргаад хаалгаар цээжээ цухуйлган
-Амбаараас хонины гуя оруулаад гийдаа хийж бай . Гурилаа аглуухан зуураарай гэж шивнэнэ . Би ч дуртай нь аргагүй гүйж очоод аглуухан гурил зуурч гийдаа хийнэ дээ . Багш ч төд удалгүй ирж духныхаа хөлсийг бурзайлган гийдаална . Тэгээд орныхоо шигэм рүү гараа явуулж орос пичень гаргаж ирээд отрядын Петров дарга өгсөн юм . Цайндаа дэвтээж ид гэнэ . Багш маань Петров даргатай чухам яажшуухан хэл нэвтрээд пичень авдагийг нь би мэдэхгүй л дээ . Петров гэж дарга нарийндаа байдаг эсэхийг ч мэдэхгүй шүү дээ . Тэгээд л багш шавь хоёр баяандаж гарна даа . Багш маань Лувсаншарав гуайн аяыг нь зохиосон Бадраа гуайн шүлэг Ленин багш гэдэг дуунд нугасгүй .

Хорвоо ертөнцийн өнгө тодрох гайхамшиг
Хотлыг гийсэн нарны ачаа хө
Хоймор залахад хийморь болж
Айл гэр тэтгэх Ленин багш минь
Хосгүй эрдэнийн суут их нараа хө өө хө хө хө өөөө гээд л дуулна . Хорвоо ерөтнцийн гэдэг дээр хоолой нь ёс шиг цахиртаад л явчихна . Зарим өдөр цахиртсан ч туулаад л гарна . Зарим өдөр барахгүй ээ тэндээ яалт ч үгүй нам зогсоно .

-Аа хоолой муу байна гэнгүүт байхуу цайгаар зайлаад
-За эхнээс нь дахиад нэг үзчихэе гэнэ . Баахан дасгал хийж хоолойгоо бүр мөсөн муутгасны дараа
-Дараагийн концерт дээр багш нь энийг дуулчих уу гэж асууна .
-Дэмий байхаа та баяанаа л дарвал дээр .

-За за тэгвэл охидуудаараа дуулуулнаа гэнэ . Тэгээд ангийнхаа хэдэн охидыг цуглуулан Ленин багшаа дуулуулах гэж үзэж тарна даа .

-Жаргал чи эхэлнэ шүү За хорвоо ертөнцийн гээд л удирдаж гарна . Жаргал хорвоо ертөнцийн гэмэгц Наран залгаж аваад Өнгө тодрох гайхамшиг гэнэ . Тэндээс нь Тунгалаг залгаж Хотлыг гийсэн нарны ачаа хө гэмэгц А . Лхагва Хоймор залахад хийморь болж  гэх мэтээр үргэлжлэх учиртай багшийн найруулга нэг л болж өгөхгүй . Тэгмэгц багш маань баяанаа дэрлэн бодлогоширно . Ангийн маань хэдэн охид аальгүй ч гэж жигтэйхэн . Бие биеийнхээ суга гэдэс рүү хатган гэдэгэ годого болон хөхрөлдөнө . Ялангуяа Сэржийн Жаргал уу хорголон нүдэнд нь аальгүйтлийн бүхэл бүтэн найрал хөгжимчид суучихаад дур дурын өнгөөр хөгжмөө балбаж байх шиг аяглана . Багш маань хэсэг бодлогоширч сууснаа гэнэт ухасхийгээд баяанаа тар хийтэл чулуудчихна .
-Хүн наана чинь ажил явуулж байна . Би та нарын тоглоом юм уу гээд л нөгөө хэддээ яг үеийн мэт гомдоно . Охидуудыг нам болон хүмүүжмэгц

-За эхлэе гээд юү ч болоогүй юм шиг баяанаа шүүрч гэмтчихээгүй байгаа гэсэн аятай илж үзсэнээ Хорвоо ертөнцийн гэдгээ өөрөө л тууж гарна даа .Цээж бичлэгийг яагаад ч алдахын эцэсгүйгээр тодорхой хэлж бичүүлнэ . Тоогоо том томоор самбар дүүргэн бичнэ . Заримдаа тийм ийм яруу найрагчийн шүлэг гэж байгаад л сайхан сайхан шүлэг найраглалыг анги дүүргэн уянгалуулан уншиж өгнө .

-Та нар том болоод надаас хамаагүй илүү эрдэм чадалтай хүмүүс болно гэж ярихад нь бид  ам амандаа

-ИНАА гэлцээд жуумалзан хөхрөлдөнө . Тийн байтал нэгдэлжих хөдөлгөөний арван жилийн ой гэж мундаг ой тулж сум орон хөдөлгөөнд орлоо . Нэгдсэн маш том концерт удирдан бэлтгэхээр аймгийн соёлын ордны хөгжмийн багш Загдсүрэн гэдэг хүн ирдэг юм байна . Тэр хүний баян хуур тоглохыг үзмэгц бурхангүй сумандаа бумбалж байсан багш бид хоёр нэг л хачин байдалд орчихсон билээ . Загдсүрэн гуайн гар хуруу баянхуур хөгжмийн товчин дээр бүжиглэж үелзэхийн төлөө төрсөн мэт жирэлзэнэ . Багш маань толгой сэгсэрч

-Үгүй мөн яралзуулж байнаа миний шавь бүү сал , яг л сүүдэр шиг нь дагаж яваад нэг ч юм үлдээлгүй сураад ав гэж наддаа шивнэнэ . Би ч Загдсүрэн гуайг сүүдэр шиг нь л дагалаа . Заримдаа хулгайгаар харж байгаад заримдаа ч шударгаар гуйж байгаад баахан даралт барилтууд сурч авлаа .Загдсүрэн гуай ч надад уйгагүй заасан даа

-Чи баруун гарынхаа таван хуруугаар энэ барилтыг барьсан бол зүүн гар чинь энэ товчин дээр дарах учиртай ингэж гэж байгаад л зааж өгнө . Концертийн бэлтгэл тармагц шөнө орой болсон байсан ч хамаагүй багшийндаа очиж өдрийнхөө сурсаныг багшдаа зааж өгнө . Багш маань миний шавь болчихсон уруулаа химлэн өнөө барилт даралтуудыг сурахаар уйгагүй хичээллэнэ . Тэрхүү том концертийн дараа багш надад

-Би урьд нь сумын үдэшлэг концертийг арай ч дэндүүлж байжээ нүд нээгдлээ гэсэн билээ . Концерт үнэхээр ч сайхан боллоо . Манай Сономдорж ах ёстой л нэг уянгалуулж өгсөн дөө . Хүмүүс алгаа хорстол ташиж

-Аргагүй л Гурвантэсдээ Банзрагч даа хэмээн чанга чанга ярилцах нь хөшигний ард тодхон сонсогдоно . Манай бригадын Цагаантогоо нэртэй залуу аргил бүдүүн хоолойгоор

Арван тэмээ байна
Ачаа нь тэгшхэн байна
Алчуур нь хийсээд байна

Амраг тэр минь байна хэмээн дуулсанд сумынхан наадмынхаа түрүүг гадны бөхөд алдаагүйдээ хөөрч байгаа мэт хөөрч дэвхцэж шүгэлдэж догдолсныг яана . Цагаантогоо ч тэр концертийн дараа байнга л аймагт дуудагдаж аймгийн соёлын ордны цэлгэр тайзан дээрээс хүнгэнүүлдэг болсон төдийгүй араажаваар ч үе үе хүнгэнүүлж  сонсогддог болсон билээ . Энэ их хөл хөдөлгөөний дараа сумынхны амьдрал хуучин хэвдээ орж нам гүм ноёрхлоо . Удалгүй өвлийн амралт ч эхлэв . Бидний хувьд өглөө эртээ түлшээ түүхээр явцгаана . Сумын төвийн хүүхэд болгон нэг нэг тэрэгтэй . Тэргэндээ тэр үед далан таван төгрөгний үнэтэй байсан гурван дугуйтай унадаг дугуйны дугуйнуудыг яаж ийж байгаад олоод хийчихнэ . Зарим хүүхдийн  тэрэгний дугуйнууд шаариган дээр суусан болохоор хөнгөн бас хурдан баахан түлш аччихаад чирээд явахад араас ирж бөгс рүү нудраад байхаас өөр зовлон үгүй . Гэтэл зарим хүүхдийнх тийм биш . Дугуйгаа шууд л гол дээр нь суулгачихсанаас дугуйнууд нь говийн зөөлөн хөрсөнд шигдэн  хөөрхөн ажил удна аа . Ангийн маань анд Батжаргалын тэрэг яг тийм тэрэгний төрөлд багтана . Манай хүн духандаа хөлс бурзайлган байдгаараа махийчихсан зүтгэж явдагсан . Бяртай болоход нь тэр тэрэгний тус чамгүй орсон гэж би боддог юм . Хожим аймгийн арслан болж аймагтаа олон удаа түрүүлсэндээ хөөрхий . Улсад ирж барилдаад хэд хэдэн удаа дөрөв давсан ч начны даваанд унаж азгүйтсэн юм . Түүнээс биш  Гурвантэсээс хоёр сайхан улсын начин төрөх байсан билээ . Улсын начин Төмөрбаатарын аав Дуламжав гуай тэр үедээ Гурвантэсийн хамгийн хурдан хоёр машины нэгнийх нь жолооч байсан юм . Тэднийх хоёр сайхан хүүтэй . Төмөрбаатар надаас хоёр анги доор миний дүү Энхтөртэй нэг анги бол аймгийн заан ах Болдбаатар нь надаас хоёр анги дээр манай ахын анги . Тээр жилийн улсын  наадмыг тодхон санаж байна . Төмөрбаатарыг тавын даваанд Баянмөнх аварга амлачихаад байж байтал нэг годойсон сурвалжлагч охин аваргаас ярилцлага авлаа .

-Таныг өнөө жил их сайхан харагдаж байна . Бэлтгэл нь ханасан байх гэж наадамчид ярилцаад байна та үнэхээр хүчний бэлтгэл их хийсэн юм уу ?

-Ер нь гайгүй байгаа шүү . Хоёр гарын шуу сулраад байсан одоо чангарсаан .

-Тавын даваанд таныг нутгийнхаа бөх амласангүй энэ жил аварга шөвгөрөх байх гэж ярилцаж байна ?

-Бэлтгэл сайн болохоор шөвгөрчих бодолтой л барилдаж байна . Төмөрбаатар гэнэ үү Өмнөговийн бөх юм гэнэ нэг залууг амлачихлаа . Амлачихаад харсан чинь сүрхий бяртай хүн харагдлаа дийлэх эсэхийг бүү мэд . Ингэж ярилцаад аварга үнэхээр Төмөрбаатарыг бараагүй билээ . Баянмөнх аварга  шавь Буманбаяраа заан цолны даваанд амлаж барилдаад үзэе гэж бодсон байх талтай . Тийм шинж ч ажиглагдаад байсан л даа . Гэтэл тэр төлөвлөгөөнд нь манай Төмөрбаатар тэр жил бяр ч ихтэй од нь ч гүйчихсэн байж таарснаас тэгж нэг айхавтар шаантаг шургуулчих шиг болсон . Бидний багад манай сум хоёр машинтай байсан билээ . Цоо шинэ ЗИЛ-130 машиныг нь жолооч Сумъяа гуай барьдаг байсан бол хуучивтар ГАЗ-53 машиныг нь Дуламжав гуай жолоодно . Хороо хашаа барих , заг түүх , хадлан тэжээл бэлтгэх гээд л сум нэгдэлд ямар л ажил гарнав энэ хоёр машин маань л баахан улс суулгаж аваад явах замдаа уралдаж хүмүүсийн сэтгэлийг хөөргөнө . Сумъяа гуай гараанаасаа хэсэг түрүүлж давхиж явсанаа гүйцэгдэн Дуламжав гуайн араас нилээн зайтай дагаж явдагсан бодвол шинэ тэргээ хайрлаад хамаагүй давхихаас болгоомжилдог байсан байх . Хүүхэд бид ямар нэгдлийн даргын хөнгөн тэргэнд сууж үзэх биш сууж үзсэнээрээ манай суманд хоёр хурдан машин байдаг гэхдээ Дуламжав гуайн машин хамгийн хурдан нь хэмээн бахархан ярилцдагсан .


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.