05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Ангийн тэнгэртэй эр /шог өгүүллэг/

  Эр хүн ан хийнэ гэдэг хийморьтой л ажил. Хараа голоос хоёр алдын тул загас бариад би шууд “од” болсон түүхтэй. Найз нөхдийн “цагаан атаархал” намайг ийнхүү олонд алдаршин, сонин хэвлэлийн “баатар” болоход үнэтэй хувь нэмрээ оруулсан юм. Намайг энэ аварга тул загасыг барихад бараа бологчоор явсан хоёр найз маань гар утас, зургын аппарат хоёроо зэрэг шажигнуулан “Алив, наад загасаа миний найз тэврээд зогс доо” гэж хэлээд патиарыг минь анх дарлаа. Би гэж усан тэнэг найз нөхдийнхөө хүрээнд “дурсгал” болж мөнхжих юм байх гэж тэнэгтэж байхад нөхдүүд харин намайг цааш нь ил биш цаагуураа цагдаад “өргөл” болгосон юм билээ.

  Зургаа авахуулж байхадаа би “алтан загас” барьсан юм шиг малийтал инээж, “хэрвээ би биш энэ хоёрын нэг энэ тулыг барьсан бол би зурагчин болчихсон тонголзож байх байсан даа” гэж бодохоос өөрийнхөө азтай хийморьтойд бахархаж байлаа.

Хоёр алдын тул загастайгаа авахуулсан миний зураг сонин хэвлэл, блог сайтуудаар гарсаны дараа хотын цагдаагийн газар намайг хэрэгтнээр дуудлаа. Миний "хохирогч" найз нөхөд, гэр бүлтэйгээ шарж идсэн мөнөөх тул загас биш Байгаль орчны яам болж таарав.

  Шүүх хуралд сайд нь өөрөө ирээгүй боловч яамаа төлөөлөн тамгын газрын дарга нь морилон иржээ. Загас агнах хориотой хугацаанд загас барьсан тул намайг ан агнуурын хуулийн нэгийн тав, байгаль орчныг хамгаалах хуулийн гурвын долоо, гол мөрнийг хамгаалах хуулийн дөрвийн тав, газрын хэвлийг ашиглах хуулийн зургаагийн “б”, загасны нөөц тогтоох хуулийн ес, эрүүгийн хуулийн зуун хорин хоёр, үндсэн хуулийн гуравдугаар бүлэгт заасанаар таваас арван жил хорих буюу бүх насаараа цалингийнхаа тавин хувьтай тэнцэх мөнгөн торгууль төлөхөөр төлөвлөсөн байлаа.
  Өмгөөлөгчийнхөө хөлсийг хөл дүүжлэх ганц экселээ ломбардад тавьж төлсөн надад гэр бүлийнхээ хорин нэгэн мянган төгрөгийг нийлүүлээд ч төлж барахгүй өрөнд унасан учир шууд хэлээ гаргаж, гараа өргөөд хэлсэн газар руу нь дээлээ нөмрөөд явах нь дээр санагдсан. Гэвч хүний хань болсон хойно эхнэр минь лут ухаан гаргаж, найз хүүхнүүдтэйгээ эрэн сурвалжилж байгаад Байгаль орчны сайд өөрөө Сэлэнгэ мөрнөөс барьсан гурван алдын хилэм загастай авахуулсан гэрэл зургыг олж авчирчээ.

  Лусын хаан намайг мартаагүй байжээ гэгээн минь. Шүүхийн танхимд байсан олон шүгэлдээд явчихав. Шүүх хурал завсарлаж, шүүх хуралд ирсэн хүмүүс “ Санаагаар бүү уна. Сайдтай нь барьцалдаад хэвтчих ”, “ Адилхан Монгол улсын иргэн юм байгаа биз дээ. Унавал хамт унах ёстой” гэж шуугилдана. Бас хөөрхий, тэр сайд нь над шиг загасчин гар байж таардаг нь. Махны үнээ дийлэхгүй над шиг загас жараахайгаар хэдэн хүүхдээ хооллодог юм бол уу? Над шиг бас өөрөөс нь том загас баривал атаархаж хорсдог найз нөхөдтэй байх нь дээ.
  Өмгөөлөгч надад хэллээ. “ Хэрэв Байгаль орчны яамныхан гомдлоо буцааж татаж авахгүй бол надад өөр үзүүлэх баримт байна. Өнгөрсөн жилийн зун яамны дээгүүр тушаалын хэдэн дарга нар бугын халуун цус ууж амралтын өдөр алжаалаа тайлж байгаа баримт бий. Тэтгэвэрт гарсан нэг ахмад ажилтнаа хамт олноороо үдэж, аргаль угалзын махаар дайлсан жаазтай зураг ч байгаа...” гэж намайг тайтгарууллаа. Үхсэн алгана шиг тэрүүнээс хойш дуу нь гарахгүй байсан би дуу шуу орж, тэнсэн ял авчих маягийн юм бодоод хамраа сөхөж байна. “Юун төлөө чи Монгол хүн болж төрлөө. Адилхан хамт зууралдаад унана шүү” гэж өөрийгөө зоригжууллаа. “Битгий хамраа унжуулаад байгаач. Гурван настай хүүгээсээ дор хулчгар амьтан шүү. Эр хүн шиг хараа дээгүүр бай” гэж нүдээрээ зэмлэж байсан эхнэр минь “ Сэтгэлээр унах болоогүй шүү. Үзэлцэхэдээ нэг үзэлцэнэ. Бүүр ял янгагүй сална гэж бод. Мэдээ биз” гэсэн байртай над руу ширтэнэ...

  Шүүгчид танхимд орж ирэв. Ялын тогтоол уншихыг хүндэтгэж шүүх хуралд хүрэлцэн ирсэн бүх хүн суудлаасаа бослоо. Танхимд ороо нь орсон эм эр хоёр ялаа “янаг”-лахаас өөр чимээгүй. Шүүх бүрэлдэхүүн миний “хэргийг” санамсар болгоомжгүйгээсээ гэнэ алдаж аварга тул загас барьсан гэж хөнгөлөн үзэж нэг сарын тэнсэн харгалзах ял өгөв. Ашигтай барьц авсан хүн барьцаа улам лавшруулдаг хуулиар би өмгөөлөгч рүүгээ “хэргийг хэрэгсэхгүй болговол яасан юм бэ?” гэсэн өнгөөр харахад өмгөөлөгч нүд ирмэж “ За, ингээд салсандаа баярла. Шүүгч нарын бүрэлдэхүүнд ангийн хишгэнд дуртай нөхөд байсан нь гарцаагүй. Чи тэднийг өмдөнд нь харвуулах шахлаа ” гэж хэлэв. Нээрээ шүүгч нарынхаа тарваганы боодог идэж байгаа зургыг олсон бол? ..
 Миний нөгөө хоёр алдын тул тэвэрсэн алдарт зураг “Гүүгэл” дээр тавигдаж, Дэлхийн загасчдын холбооноос “Алтан загас” гэдэг шагналаар намайг шагналаа. Намайг “матдаг” хоёр найз минь миний шагналын “угаалганд” хамгийн түрүүнд ирсэн шүү. Надад ямар бэлэгтэй ирсэн гээч. Алд хүрэм цурхай загастай... Би ирсэн бүх зочиддоо халуун талархал илэрхийлээд “Та нараас ганц юм гуйя. Зураг авч огт болохгүй шүү” гэж анхааруулсан юм. Хам “хэрэгтнүүд” нэгэн үдэш цурхай загас амтархан зооглоходоо миний “ангийн тэнгэртэй”-г ам амандаа магтлаа. Би ч тэгж байгаад “ангийн тэнгэр”-тэй эр юм аа. Бүхэл бүтэн  “анчин” яамыг нам “ялсан” хүн шүү дээ...


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.