05 сарын 09, Пүрэв
°C
USD 3,381.47
USD 3,381.47
EUR 3,630.68
JPY 21.77
GBP 4,217.37
RUB 36.86
CNY 467.97
KRW 2.48

Буянтай сайхан хадмууд наргиан

Сүүлийн үед би ээждээ жаахан “атаархдаг” болов. Ээж юм бол хоёр хөгшнийг тэнгэрт тултал магтана. "Хоёр хөгшин" гэдэг нь ээжийнхээр бол "хадам аав, ээж" минийхээр бол "өвөө эмээ хоёр" л доо. Ээжийн яриагаар "хадам хөгшид" гэдэг "буян нь бялхсан буурлууд" байх аж. Ер нь ч тэгээд эцэг эхийнхээ хоолыг хороож, хэдий болтол явах вэ, аз таараад ээжийн буян ирвэл сэтгэлтэй, хүн чанартай, авъяаслаг, амьдрах чадвартай, бурхан шиг “хадмууд” таарах ч билүү гэж бодох боллоо.

  Ээж шиг надад аз таараад “хадам” хэмээн хашлаган дотор хажиглан бичдэг ч халз учрахаараа хамгийн буянтай “хадмууд” учирч, алган дээрээ өнхрүүлэх ч юм билүү. Залуу зандан дээрээ хадмынхаа "халамжинд" очсон нь хамаагүй дээр санагдлаа... Өвөө эмээ хоёр бол ээжийг ааваас илүү "эрхлүүлсэн" л дээ. Намайг "залгингуут" хөл алдаж гүйгээд "Эвий минь, шатаар гарч байгаад хальтирч унаад хүүхдээ доргиох вий" гээд олон жил "ажилгүй" орцны "буг" болсон манай байрны цахилгаан өргүүрийн сэлбэг хэрэглэлийг Сингапураас олж ирээд "ажилтай" болгуулсан.

  Ээжийн гэдсэн дотор "усан бассейн"-д сэлж сурсан намайг төрөнгүүт хажуу айлын байрыг худалдаж аваад ханыг нь цоолон хаалга хийгээд, өрөөгөө олон болгочихсон. Нэг өрөөнд нь хүүхдийн жижигхэн усан сан хийлгэсэн нь намайг хорь хүртэл "үнэгүй" бассейн байлаа. Өсөж томроод ирэхээр өнөөх нь "жулдсан" тул саунна болголоо. Аав ээжийг байхгүйд би байрныхаа хүмүүсийг "сауннадуулаад" утасны нэгжээ цэнэглэх мөнгөө олчихно.

  Хагас бүтэн сайнд бид өвөө эмээгийн зуслан дээр очиж, үнээний халуун сүү ууж, элгэн тараг идээд... Хашаандаа тарьсан үхрийн нүдний бутнаас гараараа бус амаараа шууд тонгойж жимс идээд... Ээжийг минь хоёр хадам хөгшин нь газар гишгүүлэх ч дургүй. Ажлаасаа оройтлоо гэхэд хэн нэг нь такси аваад ирж байгаа юм чинь. Бэрдээ "дурлана" гэж байдаг бол уу?.. Өвөө эмээ хоёр “бэр”-ийгээ дэлгүүр рүү ч явуулахгүй. Юу хэрэгтэй аваад ирье гээд дэлгүүр рүү өөрсдөө харайна.

  "Та мөнгө аваад яваач" гэхэд "Үгүй үгүй. Мөнгө хэрэггүй. Чи тэр мөнгөөрөө өөртөө уруулын будаг ав" гэж хэлнэ. Ээжийг ажлаасаа ирэхэд хөргөгчийн тавиурыг сагсайтал идэх юмаар дүүргээд, өчигдөр бэр минь хуушуур идсэн, өнөөдөр банштай цай хийж өгнөө гээд уралдаад гүйнэ. Эмээ хятад хоолны курст сууж, өвөө солонгос хоолны курст явсан тул зун цонхоо онгойлгоход манай цонхон доогуур явсан хүмүүс "Энд хятадын элчин сайд суудаг юм" "Кимчи үнэртээд байна. Солонгосын консул байдаг байх аа" гэж тааж ядна.
  Миний дараа гурван "бурхан" гарсан тул ач нараа сургууль, цэцэрлэг, дугуйлан секц хамаг юманд нь эмээ өвөө хоёр л хүргэж өгнө. Өвөө буруу талдаа залууртай машин барьж үзээгүй ч ганц хоёр удаа ээжийг үзвэр үйлчилгээнд хүргэж өгөөд сурчихлаа. Англи хэл байтугай оросоор "извините пожалуйста" байхгүй хүмүүс чинь ач нарынхаа хичээлийг давтуулсаар "Ая бэг юу паадн" гэдэг боллоо.
  Эмээ ач нартайгаа математикийн гүнзгийрүүлсэн сургалтанд явсаар "тоочин" болчихсон. Тооны машин шиг цээжээрээ бодно шүү дээ. Өвөө комьпютерийн дамжаанд яваад ач нартаа тоглоомын бүх программыг табелд нь нүдээ аниад шивж өгдөг болсон. Формат хийж, вирусны программаар үйлчилнэ гэж дүвчигнэнэ шүү дээ, хааяа онгирохоороо...

   Тэд ач нараа "Нэгдүгээр бурхан, хоёрдугаар бурхан" гэж дугаарлан нэрлэнэ. Би бол яриа байхгүй "нэгдүгээр" нь шүү дээ. Дүү нарыг төрөх болгонд давхрын айлуудын байрыг худалдаж авч байраа томруулсаар манайх найман давхрыг тэр чигээр нь эзэгнэдэг болов. Ач нараа тайван нойрсуулахын тулд дуу чимээнээс хамгаалсан цонхны шил, өрөөнд нь халуун орны арлыг санагдуулам хиймэл далд мод, кауктус суулгасан. Матар авчирч өгөөч гэвэл Амазона мөрөнгөөс амьдаар нь бариад ирэх л хоёр. Үлгэр ярихаараа орон орны үлгэр ярина. Өнөөдөр Сомали, маргааш Багами гээд... Чукча үлгэр ч мэднэ.

  "Эмээ өвөө” болох гэж тэд их сайн бэлдсэн л дээ. Бүр “сайн“ эмээ өвөө болох гэж зүтгэсэн улсууд. Түүнчлэн “сайн хадмууд” болох гэж их хичээсэн. Ээжийн найзууд ярьдаг юм. “Чи хамгийн азтай эмэгтэй шүү. Чиний хадмууд бол бурхны илгээсэн хүмүүс. Ийм буянтай хадмууд байхад нөхөр ямар ч байсан яадаг юм” гэж санаа алдацгаана.

  Тэгэхээр ээжийн минь "буянтай буурлууд" гэж бурханчлан тахих нь аргагүй шүү дээ. Ээжийг минь сахиусан тэнгэр шиг л хайрладаг миний хоёр буурай мөн тэнгэрлиг хүмүүс шүү. Үүнээс үүдэн би хадамд гарахаар эргэлтгүй шийдлээ. Үүнийг хамгийн хурдан шийдэх арга бол сонинд зар өгөх юм. Эмэгтэй хүн зар өгөх эвгүй л дээ. Гэвч ээжийн минь "хадмууд" хөл гар нь “муудаад” өнөө маргаашгүй "тэтгэвэртээ" суух гэж байхад шалгалтын өмнөх өдөр сайхан унтаж амрахад нүүрэн дээр суусан ялааг үргээж өгөх "хадам" хэрэгтэй биз дээ.

  "Бэрийнхээ төлөө хөлөө хугалахаас буцахгүй буянтай сайхан хадмуудтай танилцана гэвэл яадаг бол?"..."Миний охин шалгалтандаа бэлтгэж байгаа юмуу? Аав нь захиралтай чинь багын найз. Шалгалтанд оруулахгүй дүнгий нь тавиулаад өгөх үү? Дипломын ажлаа надад өг дөө. Би шинжлэх ухааны хүрээлэн дээр очоод доктор найзаараа бичүүлээд ирье. Бэрээ өвлийн амралтаар нь Бали арал руу явуулж дулаацуулъя. Харин зуны амралтаар нь Греланди явуулж сэрүүцүүлье" гэдэг бол сайхнаа. Хадам гэснээс бас нэг юмыг мартчихаж. "Үлгэрийн хан хүү"-гийн тухай эхлээд бодох хэрэгтэй байсан юм бол уу? "Хан хүү" байхгүй бол "хаан аав", "хатан ээж" хаанаас олдох сон...

 

Хадам аав болох нь ээ... \ наргианы үргэлжлэл \

Хориннэгдүгээр зууны хадмууд \ наргианы төгсгөл \


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.