05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Сауны “сонгууль”

Хошин өгүүллэг

Ойрд уулзаагүй хэдэн нөхөдтэйгээ хамт саунд орлоо. Эрчүүд болсон хойно яаж зүгээр байх вэ ганц хатуу юм дундаа тавьчихаад мар мар хийцгээв. Дугараа болгон дээр хүн бүр хүслээ хэлж, “ хөөрхөн ерөөл ” хэлэх юм. Над дээр дугараа ирэхэд цагаа болохоор үг орж ирдэггүй, дэмий л ээрч байтал Пагвын хадам эцэг саяхан өнгөрсөн санаанд оров.

-Тэгэхээр нөхдөө … ийм байна аа... Энэхүү дугарааг найз Пагвын талийгаач хадам аавын төлөө... шартсан үед ганц зуу гаргаад өгдөг буянтай хөгшин байж билээ гэтэл Пагва,
-Чи манайд ирэхэдээ талийгаач хөгшний зул асаасан хадагтай хөрөгтэй зөндөө л тулгасан шүү дээ. Бүр бурхан болгоод Гандангийн дэнж дээр “ шавар баримал “ болгоод залсан биз дээ гэж намайг шүүмжиллээ.
-За тэгвэл үүнийг... Дагдангийн ээжийн худалдаж авсан шинэ үнээ сумочин шиг том бух төрүүлэхийн төлөө өргөдөг ч юм билүү?... Эсвэл цайгаа хувааж уух “ сайхан ааштай “ бэлэвсэн өвгөнтэй болоорой гэх үү...
Тэгтэл Дагдан далдагнаад босоод ирлээ.
-Тэнэг минь шууд бух төрнө гэж хаа байх вэ. Эхлээд тугаллана. Дараа нь тугал нь бяруу болно... Тэгээд ч танайх шиг гэрээрээ дүүрэн эр “тугалтай” болвол хэцүүдэнэ шүү дээ... Захын хуучин гутлын лангуу шиг гэр дүүрэн бакиал өрөөд тавьчихсан, хамгийн том нь одоо чинийх юм уу даа... Дөчин таван размер, дөчин гурав, дөч, гучин найм... Бүгдээрээ адилхан хоншоор нь цоорчихсон байдаг нь юу ч вэ дээ... Наад хундагаа хурдан явуулаадах. Чамд би охин үрийн тэнгэр ерөөж өгье. Тэр нь “ мисс “ болж Хайнань аралд зургаа татуулаад... гэж мангартав.
-Байз байз, битгий шар гозойлгоод бай. Бидний дунд ганц “улс төрчин “ Баавайгаа ерөнхийлөгч болохын төлөө энэ хундагыг өргөе. Дүүрэгт нэр дэвшсэн хүн хотод гарч ирж л таарна. Хотод гарвал улсад... Дараа нь ерөнхийлөгч болоод бид хэдийг аваад далайн чанадад задгай арал дээр шотланд вискигээр дайлаад суух цаг ирнэ гэж намайг мөчөөрхтөл нөгөө хэд маань Баавайг дэмжиж, зуун арван хувийн саналаар “ ерөнхийлөгч ” болголоо. Дагдан хоёр гараа өрөөсөн хөлтэйгээ өргөсөн тул олон санал хураав.
Нэгэнт “ ерөнхийлөгч ” болсон Баавайд “ олон түмний ” хүсэлтээр хундага дүүрэн архи өгөв.
-Өчүүхэн надад итгэж “ Монгол улсын ерөнхийлөгч ” гэдэг нэр хүндтэй эрхэм үүрэг оноосонд та бүхэнд баярлавч баршгүй. Монгол улсын төлөө морь нохой мэт зүтгэе. Өвлийн хүйтэнд малгайгүй уур савсуулаад Их тэнгэрийн амны цасыг өөрийн биеэр арилгахаа андгайлъя. Миний бие та бүхний хүсэлтээр “ ерөнхийлөгч ” болсон болохоор хүндэт сонгогч та бүхний хүсэл зоригийг туйлд нь хүртэл биелүүлэхийн тулд оюун санаа эд материалын тусламжыг цаг тухай бүрд нь тасралтгүй үзүүлэхээ амалъя гэж Баавайг бардамнахад Пагва,
-Ноён ерөнхийлөгч өө та одоо яг юунаас эхэлж ажлаа хийнэ гэж бодож байна вэ? хэмээн асуулт тавив. “ Ерөнхийлөгч ” харин мундаг хүн болохоор бодох ч үгүй хариулж гарлаа.
-Эхлээд машинаа солъё. Алийн болгон “ Аксент ” унах вэ. Гутлын хар тосоор гялалзтал тосолсон юм шиг хар мерседес авъя гэхэд Дагдан,
-Сум нэвтэрдэггүй хуягласан... гэж хошуу нэмэв.
-Тиймээ, Дагдангийн хэлдэг зөв. Герман явж өөрөө сонгож ирсэн нь дээр байх аа... Хөөе Дагдан чи надтай хамт яваач гэв.
-Улсын зардлаар уу?...
-Юу гэж би албаны юманд өөрийнхөө халааснаас мөнгө гаргах вэ.
-Эхнэр хүүхдээ авч явж газар үзүүлье л дээ...
-Дагдаан чи битгий давраад байгаарай. Улсын хөрөнгийг хайрла. Харин түүний оронд чи тэр мөнгөөр өөртөө таарсан хөл дүүжлэх юмтай бол.
Пагва над руу нүд ирмэж,
-Энэ хоёр чи бид хоёрыг орхиод гарч өгөх нь л дөө. Хоёулаа зүгээр байхгүй ээ. Авлигатай тэмцэх газар “ матаж ” өгнө дөө гэж барьцлаа. Түүний энэ үгэнд Баавай барьц алдсан бололтой,
-Адгийн амьтан минь, жаахан тэвчээртэй бай л даа. Анд нөхдөө би яаж мартах вэ. Эхлээд Дагданг герман авч явъя. Дараа нь та хоёрыг ээлжлээд Япон, Америк руу авч явна. Юу ч болоогүй байхад “ бөгс ухдагаа ” болиоч гэж аргадав.
-Машины хувьд ойлгомжтой. Тэргүүн хатагтайгийн хувьд ямар төлөвлөгөө байна?
Миний асуултыг Баавай шууд хариулсангүй, бага зэрэг тунгаан бодож, архины даруулга хиамнаас тасалж аван зажилсанаа,
-Солих л болох байх даа. Монгол улсын нүүр царай байна. Залуухан мисс бүсгүй л нүдэнд харагдаад байна гэж ажиггүй авлаа.
-Зээл... надад банкны зээл хэрэгтэй. Юун төлөө “ерөнхийлөгч” найзтай билээ томхон хөдөлнө шүү гэж Дагданг хэлэхэд
-Хэд орчмыг авах вэ? гэж Баавай түүнээс эмээх мэт харав.
-Зуун сая доллар...
Дагдантай барьцаж би ч “ зээл ” хүслээ. Пагва ч надаас хоцорсонгүй. Монгол банк лав “ Зоос ”-гүй болсон дог. Анод нь бол бүр “ катодгүй “ болсон байх... “Ерөнхийлөгч ” эргэлзэж эхлэв.
-Нөхдөө, та нар дэндүү амиа бодож байна шүү. Надад юу ч үлдээхгүй улсын сан хөмрөгийг хоосолчихлоо. Ерөнхийлөгчийн хувьд би эхлээд хөл дээрээ босоодохъё. Африкт алмаазны уурхай худалдаж авъя. Номхон далайд амралтын газар байгуулах аралтай болъё. Хойд мөсөн далайд цагаан баавгай агнах отогтой болж авъя...
-Америкт үл хөдлөх хөрөнгө ав. Алс нь чамайг “ буруутаад ” дээлээ нөмрөх үед аминд чинь орно шүү. Гонконгийн биржээс хувьцаа худалдаж ав. Хожим нь чамд шүүх, цагдааг “ худалдаж ” авахад хэрэг болно. Энэ албан тушаалд байгаа дээрээ нөөц ихтэй уул уурхайн хэдэн лиценз “ дарж ” ав. Бололцоо байвал хотын төвд аятайхан бүх газрыг “ булааж ” ав. Ямар албан тушаал, эрх сүр дутах биш. Боломжийг зүгээр хий хоосон хаяж болохгүй.
-Үргэлж чи “ толгой дээр асахгүй ”. Нэг л өдөр чамайг цуппари хийгээд зайлуулна. Алсаа бодож, ёндоотой хийнэ шүү.
-Ерөөсөө би та гурвыг “ зөвлөхөөрөө ” авдаг юм билүү? Аймаар “ жунгаа санаатай ” улсууд байна шүү дээ, миний “ муу найз ” нар...
-Тэгээ тэг. Би “ цөмийн хаягдлыг ” нь хариуцъя. Энэ Пагва Хойд Солонгос, Иранд уран гаргах ажлыг удирдаг. Дагдан машины “ өвчтэй ” юм чинь Норвегиэс нефть оруулж ирнэ биз гэж би гуяа алгадан хашигирлаа...
Чингэтэл хэн нэгний маань утас орилов.
-Хэн бэ? Чухал “ ажил ” ярьж байхад яршигтай юм
-Яаж улс орон хөгжинө дөө, байнга утастдаад байхад...
-Ерөнхийлөгч өө таны утас л “ бахираад ” байна даа
-Өө харла, эхнэр байна.
-Энэ хүүхнүүд “ улс төр ”-ийг хэзээ ойлгоно доо. Эрчүүд нь нэгнийгээ дэмжээд “ ерөнхийлөгчийн ” алтан суудалд “ залруулж ”, өөрсдийнхий нь хувь заяаг утсан дээр дүүжигнүүлж байхад хүртэл утастдах юм. Горьгүй амьтад аа...
-Хаана байна гэж асууж байна.
-Гавайд амарч байна гэж хэлээч
-Яадгий тэгээд хэлчих. Хэдэн мисс охидтой хамт гээ...
-Больё. Тэгж алуулахаа больё.
-Цаг ингэхэд хэд болж байна аа?
-Оройны ес...
-Хэдүүлээ гэрийн зүг гэлдрэх үү дээ, аягүй бол тойрохоо зуруулна шүү
-Маргааш эрт ажилтай. Ингээд хөдлөе дөө
-Тэгье. Харьцгаая.
-Хэдүүлээ цагийг сайхан өнгөрөөлөө
-Хэлээд юу гэх вэ. Баавай “ ерөнхийлөгч ” баллаж өгөх нь байна шүү
-Бид хэд “ улс төр ”-д орвол улс орон урдахаасаа дор болох юм байна
-Муу амтай юм. Хэзээ байхадаа чи сонгуульд орж гийгүүллээ
-Чамайг бодоход дүүргийн иргэний төлөөлөгчийн хурлын сонгуульд хоёр удаа нэр дэвшсэн хүн шүү
-Гайхуулах юмаа олов оо? Нэр чинь дэвшсэн болохоос “ гарч ” ирээгүй уначихаа биз дээ
-Ерөнхийлөгчийн “ тамгын газрынхаан ” маргаанаа зогсоо. Гараад ганц юм “ цохих ” уу?
-Халууны шил минь болиоч. Юм бол “ даварч “ байх юм.
-Болно болно. Өнөөдөртөө хангалттай.
-Тийм шүү, тасарч унаад алийгаа алдана. Маргааш чухал ажилтай. Тарцгаая.
Хагас сайнд уулзъя.
-Пагваа чи харин дараагийн ерөнхийлөгчийн “ сонгуульд ” нэр дэвшинэ шүү. Мөрийн хөтөлбөрөө авч ирээрэй
Ийнхүү бид хэд салж, гэр гэрийн зүг гэдэн гэдэн явсан юм даа.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.