05 сарын 09, Пүрэв
°C
USD 3,381.47
USD 3,381.47
EUR 3,630.68
JPY 21.77
GBP 4,217.37
RUB 36.86
CNY 467.97
KRW 2.48

Хадам аав болох нь ээ... наргианы үргэлжлэл

Эхлэл хэсэг: Буянтай сайхан хадмууд \ наргиан \

Хадам аав ээж нар ийм "добрые" байдаг "бол ?? !!!" гээд жаахан "наргиа"-дахтал ёс суртахууны хүндхэн асуудалд орчихов би. Миний блогыг уншдаг таньдаг мэддэг хүмүүс тал талаас утастдаад тасдаж "идэх" нь ээ... "Болиоч ээ чи. Хэзээ байхдаа чи хадамтайгаа таардаг байсан юм бээ?. Чамайг мэднэ шүү. Бэлэвсэн чөтгөр тааралдвал хадам ээжийгээ өгчих юм сан гэж ярьдаг биз дээ" гэж дотны найз минь эхлээд мэндийн зөрөөгүй уурлав. Түүний дараа шартсаныхаа маргааш манай хаалгыг тогших болгондоо хадам ээжид хөөгдөөд, шат руу түлхүүлж, хэдэн хавиргаа "хадуулж” сурсан Ганбаа утастлаа. "Чи мөн дүүрчихсэн амьтан юм аа. Чам шиг хадам ээжтэй байсанаас цасны алмас хүзүүдээд агуйд амьдарч байсан нь дээр" гэж нулимав. Ная гарсан эмгэнд түлхүүлж байдаг лойчихсон ч сүг бол доо... Уухаараа хөл нь "мэдээгүй" болчихдог гайхал.

  Багын нөхөр минь надад нилээн гомдсон байдалтай "Чиний наад ухаан санаа эрүүл үү? Хадмаа "магтдаг" хүргэн  чамаас өөр нарны аймагт байдаг юм болуу? Би сансрын хөлөг зохиовол хамгийн түрүүнд хадам аав ээжийгээ суулгаад сөнөсөн гариг руу нисгэнэ гэж боддог юм шүү дээ... Эсвэл чи тийм сайн хадамтай байх юм сан гэж "зүүдээ" биччихсэн юмуу? Мөрөөдлөө ч гэсэн очиж очиж "хадам" шүү. Сүүлийн үеийн "Ягаур" байсан бол ч бас яахав гэх сэн. Эр хүн чинь машин мөрөөддөг болохоос чам шиг "буянтай хадам" мөрөөддөггүй юм. Чи бүр солиорчихжээ. Энэ муусайн хадам нараас болж олон сайхан амьтны үрс галзуугийн эмнэлгийн ор хоногийн тоо гүйцээн хэвтэж байгаа. Удахгүй чи тэдний араас түргэнээр очих юм байна даа" гэж егөөдлөө.

  Сургуулийн анд ярьж байна. "Намайг бодоход чи нэг ч улираагүй сургуулиа төгссөн "боловсролтой" хүн. Чиний бичсэнийг уншаад надаас усан тэнэг хүн байдаг гэдэгт би бараг зуун хувь итгэлээ. Хадмуудад хэзээ ч сайхан үг хэлээд хэрэггүй. Хадмуудад "салаавч" өгөх хэрэгтэй. Хадмуудад хэзээ ч олигтой юмны бараа бүү харуул. Дандаа нойтон бөгсөө харуулж бай. Хоол өгвөл булуу өг. Цай өгвөл гашилсан цай өг. Архи өгвөл найрка өг. Чихэр өгвөл хятадын хортойг өг. Ааруул өгвөл "хорхойтой"-г өг. Хувцас өгвөл чанаргүйг өг... Чи намайг хадмуудаасаа болж, гудамжинд гарч, архичин болж баларч явсаныг мэднэ дээ. Хадмууд маань надад муу юм хийж, намайг "зовоож" явсаныхаа төлөө бурхны шийтгэлийг амсаж, урт наслаагүйг чи мэдэж байгаа."

  Над руу олон хүн ярьсан. Ажлын газрын манаач өвгөн ч дутсангүй сургаалиа айлдлаа . "Хүү минь, "хадам" гэдэг чинь хүний амьдралд гай төвөг болж явдаг "буруу номын" хүмүүс шүү дээ. Бид чинь будда шүтдэг бол тэд чинь аллахыг "шүтдэг" террористууд гэсэн үг. Афганистанд бүгдийг нь саперчин болгоод мины талбай цэвэрлүүлвэл зохино. Өвгөн ах нь тавин жил хадам ээжтэйгээ амьдарлаа. Үглээ чавганцад хоёр нүдээ "ухуулсаар" өөрөө би дал шүргэлээ. Өглөө сэрэх болгондоо "амьд байна уу" гэж өрөөг нь шагайхад хар үүрээр босчихсон гимнастик хийгээд гүйж явдаг юм. Өвдөхийг ердөө ч мэдэхгүй. Тэгэхэд надад өвдөхгүй юм алга. Ханиалгахадаа хүртэл хахаж үхчих гээд байдаг юм. Хорондоо энэ муу босоо ороолонгийн дараа "орох" юм сан гэж шүд зуух боловч энэ хөх чавганц мөнхийн ус уугаад мөнхөрсөн юм шиг мөддөө тонилох янз алга" гэж уйлагнав.

  Наргиа болгож бичсэн блогынхоо сэтгэгдлийг олж уншвал "Сайхан сэтгэлтэй хадмууд нэг миллиард хүн дотор нэг олдож магадгүй", "Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй. Мөөмөө унжуулаад хадамтайгаа яваарай", "Хадмуудаас болж хүний амьдрал хүйтэн дайны хөнөөлд өртдөг", "Өнөөдөр чи хадмуудыг магтаж байна. Маргааш чи тэдэнд толгойгоо хагалуулнаа", "Мэдрэл муутай юмуу солиорсон хадам л хүргэн бэрдээ дэлгүүрээс хоол ундыг чинь бэлдэж өгнө дөө", "Кккк... Чи хадамдаа “алгадуулж” үзээгүй нөхөр байна", "Манай хадам ээж миний цайны ганц цагаан костюмыг угааж өгч байна гээд өнгий нь алдуулаад будаа... Цагаан юмнуудыг нь нэг тусдаа, хар бараан юмнуудыг нь нэг тусдаа угаана гэдгийг мянга хэлээд ойлгодоггүй юм. Цайны ганц костюмыг минь үүдний хөл арчдаг таартай хамт угаасаныг юу гэж ойлгох вэ? Энэ одоо үзэн ядалтын нойтон хэлбэр мөн үү ?" гээд өч төчнөөн юм бичжээ.

  Хаанаас олоод дуулчихсан юм бэ аав залгалаа. "Ухаанд нь ухна үхчихсэн лүд ээ, юугаа дэмийрээд байгаа юм бэ?. Миний хадмууд ямар "яргачид" байсаныг чи мэддэг бол ингэж солиорохгүй байсан байх... Гурван есийн хүйтэнд "Гэр хүйтэн байна. Босож зуух галла" гээд өвлийн шөнө хөөж босгоод нүүрс шигшүүлэн үүр цайлгуулгадаг сан. Нус нулимстайгаа холилдсон би хөлдөж үхэхгүйн тулд хоёр гараа цасаар үрсээр өглөөтэй золгодог байлаа. Хоёр гар нь "хөлдөөд" мод шиг болсон намайг хадмууд маань "хүйтэн усанд гараа дүр. Чи гаргүй болчихвол чиний оронд хэн мод хөрөөдөж, түлээ хагалан, худгаас ус зөөх вэ. Маанаг аа, зүгээр гараа усанд дүрээд яахав, хүүхдийнхээ даавууг угаа" гээд чиний баастай даавуунуудыг түмпэнд овоолоод шиддэг байсан юм. Хадмуудаасаа тустай гартлаа аав чинь есөн эрүү гэдгийг л туулсан юм шүү дээ. Харин өрх тусгаарлаж, хадмын хаяанаас холдож хорвоогийн аз жаргалтай золгосон. Миний мэдэхэд хүргэнээ "боолчлолын нүд"-ээр хардаггүй хадмууд гэж байдаггүй юм" гэж өнгөрсөн улирсан "зовлонт амьдралаа" ний нуугүй илчлэв.
  Өвөө  эмээ минь аавын залууд "харгис хэрцгий" байсаныг сонсоод надад хэлэх үг олдсонгүй. Зүгээр "балайрсан" юм аа. Зөгнөлт санаа гэж хэлэх гээд аавд загнууллаа... Аавтай ярьсаны дараа аав ер нь өөрөө хэр зэрэг "хадам бэ?" гэдэг асуулт тавив. Эхнэрийн хэлж байсан үг өгүүлбэрүүд гэнэт санагдлаа. "Танай аав яггүй хөгшин шүү. Харамч хахир гэж үгээр хэлшгүй. Энэ хүнд "зүрх сэтгэл" гэдэг юм байдаг бол уу? Амралтын ганц өдрөө очоод гэр орныг нь цэвэрлээд, хиртэй хувцас хунарыг нь угааж, индүүдээд өгөхөд ганц удаа "баярлалаа" гэж хэлдэггүй. Зориуд сувилагч найзаа дагуулж очоод хэдэн витамин тариад өгөхөд ч надад биш юмаа гэхэд нөгөө сувилагч бүсгүйд аяганы амсар зуулгадагүй яхир хүн. Баярлалаа гээд хэлчихдэг амнаас нь ам унах биш" гэж ярьсаныг санав.

  Аавд би энэ тухай хэлэхэд би хэлэх нь хэлсэн юм аа. Даанч тэд ойлгоогүй юм гэж толгойгоо салаавчлав. Хүн ойлгохгүй ямар хэлээр яриад тэд таны хэлэхийг ойлгоогүй хэрэг вэ? гэтэл аав, улиг болсон "баярлалаа" гэдэг үгийг хэлээд яах вэ гэж бодоод англиар хэлсэн юм даа гэж гүрийлээ. Та англиар яаж хэлсэнээ санаж байна уу гэвэл "данх уу" гэсэн юм гэж хэнэг ч үгүй туув. Данх уу гэж байгаа юмуу, данх уу? гэж асууж байгаа юмуу? Та гадаадаар хэлж чадахгүй будилж байхаар "гялайлаа" гээд сайхан монгол хэлээрээ санаанд нь тустал хэлэхгүй яав даа гэхэд аав, гялайлаа гэж хэлсэн чинь ойлгохгүй хуруун дахь бөгжийг минь гайхан хараад байхаар нь гадаадаар хэлсэн чинь буруу хэлчихжээ. Яг үнэндээ бол "танк юү" гэж хэлдэг байх аа инээд хүргэлээ. Цайны хувьд бол дэлгүүрээс авсан сүү нь гашилсан тул хар цай хүнд өгөөд яах вэ гээд тэр чигээрээ "буруу харчихсан" юм билээ...

  Эхнэрийн минь ээж "ямар хадам бэ?" гэж харьцуулж бодлоо. Хөөрхий ная гарсан чавганц чих хатуу, нүд юм харахгүй. Таягаа олохгүй бол орноосоо босож, өөр өрөө рүү явж, амьдралын "эрээн мярааныг" харж, дутагдал доголдлыг хэлж үглэж чадахгүй. Таягаа "олчихвол" босож ирээд "Эхнэр чинь ажлаасаа ирэх болчихлоо. Аяга ус гал дээр тавиач. Наад хэдэн хүүхэдтэйгээ "нуугдаж" тоглоод "нурааж" хаясан гэр орноо жаахан эмхлээч. Та нарын тарааж хаясан юмыг "даван гарч" хөдөлгөөнд оролцож чадахгүй байна" гэж үглэнэ. Хөлөө өргөж даахгүй, чирч явдаг хадам ээжийн зам дээр шалны мод тавихад л "түгжээнд" орно шүү дээ. Түүнийг өөртөө саад болгохгүй гэхдээ би өрөөнийхөө үүдэнд индүүны утас тавьчихдаг юм. Хадам ээж түүнийг давж чадахгүй баахан үглэж байгаад буцна.

  Гаднаас найз нөхдөө ирвэл хадмын өрөөний үүдэн дээр охиныхоо дээсийг тавихад ирж "үймүүлэхгүй" амар байдаг юм. Эмгэн таягаараа тэмтрээд "Энэ юу вэ?" гэхэд "Та цаашаа ор. Хөл доор чинь могой байна. Хортой могой хортой могой..." гээд айлгачихна. Могой гэхээр хадам ээж "шокт" орно. Нутагт нь могой их байдаг тул багаасаа “могой” гэхээр сүнс нь зайлдаг хүн. Ариун цэврийн өрөө ороход нь зам тавьж өгөхийн үүднээс би хэдэн хүүхэддээ "тушаал" өгч, "Хонгор жаахан үрүүд минь, шалан дээр тарааж хаясан тоглоомон дундуураа "зам" гаргаад эмээгээ гарга" гэнэ . Тэгээд хадам ээжид "Ногоон гэрэл аслаа. Яваарай яваарай" гэж өсгөгчтэй микрофон шиг хашгирч хэлнэ...
  Миний хувьд "хадмын дарамт" бараг үзээгүй дээ. Өндөр настай хадам ээж "хэлгүй" болчихвол үглэх нь дуусах боловч хадам ээжийн "ам" бас энэ гэр оронд тус нэмэр их ээ. Гараараа тэмтрээд юм юмыг мэднэ. "Хүүхдүүд ээ усны өрөөний цоргоо хаа. Эмээ нь хааж дийлсэнгүй. Гал зууханд хиншүү үнэртээд байна. Хүргэн ээ чи очоод хар даа. Нэг юм шатаад байна. Би хуруугаа түлчихээд авч чадсангүй" гэнэ. Гарынх нь мэдрэмж сайтайг хэлэлтгүй. Архины шил ундааны шил хоёрыг барьж үзээд ялгаж хэлнэ. Хамрынх нь үнэрчийг... "Хүргээн чамаас шанел тав үнэртээд байна. Эхнэр чинь уг нь шанель арван есийг түрхдэг дэг ээ..." гэж нүүр түлэхээс сийхгүй.

  Хадмаа "үздэг" хүмүүс энэ хорвоод ховорхон байдаг юм шиг байгаа юм. Хүн болгон "хадам" гэж ярихаар үл таашаасан өнгөөр хүлээж авдаг. Чихээ гараараа бөглөөд, шүлсээ газар хаяна. Гар нь өөрийн эрхгүй чичрээд хүнээс зүрхний эм сурна. Халуунтай хүн шиг хамаг хөлс нь цувна. Сүнс нь зайлсан амьтан өмнө нь бурхны хөрөг бус Гитлерийн зураг байсан ч “амь өршөө” гэж мөргөх ч багадана. Зарим нэг нь үхлийн олс хүзүүндээ зүүхийг хүссэн мэт өмдний тэлээ, гутлын үдээс рүүгээ гар нь явж байх шиг... "ХАДАМ" гэдэг үг яагаад "ҮХЭЛ" гэдэг үгтэй адилхан сонсогддог юм бол?...

  Нэг найзынхаа төрсөн өдрийн баяраар очоод "Хадам чинь сайн уу?" гэж асуутал юу болсон гэж санана. Нөгөө хүргэн уурлаад "Миний төрсөн өдөр хадмын бие асуудаг чи хэн бэ? Тэр хүний нэрийг ганц өдөр дурсахгүй өнгөрч болохгүй байна уу?" гэж агсан тавиад золтой л хөөгөөд гаргасангүй. Хадмаа төрсөн өдрөө урьдаг "соёлтой" хүн хаанаас байх вэ. Харин ирж гай болж магадгүй гэж бодоод найз маань хадам аавыгаа "Та хотын утаанаас гарч салхи амьсгалаад ир" гээд таньдаг хүнийхээ  ачааны том тэргэнд суулгаад говийн нүүрсний уурхай руу "илгээчихсэн" байсан юм.

  Ай даа, хадам гэдэг үгийг үгсийн сангаас авч хаяя гэсэн хүн ч тааралдана. Уул нь тэд нар чинь араатны төрөлд биш хүний төрөл зүйлийн "амьтан" шүү дээ. Манай энэ хадам ээж гэхэд л малын эмчид биш хүний эмчид үзүүлдэг. Улсаас тэтгэвэр авна. Тэтгэврээ авахаараа үнэн хоншоортой. Хүн бүрт дуртай юмыг нь авч өгнө. Хэдэн хүүхдүүд эмээгээ "хошгируулж" байгаад хорооны банкнаас гэр хүрэх хооронд хэдэн цаасыг нь гүвнэ. Нөгөө банк нь манай байрнаас хоёр зуухан метр зайтай тул нэг давхрын ганц хоёр дэлгүүрийг "цөлмөөд" баян эмээгийнхээ "банкыг” арай “дампууруулчихалгүй" орж ирнэ.

  Таягаараа миний өрөөний хаалгыг эмгэн зөөлөн тоншоод "Хүргээн ганц юм авахуулах уу? Дотор ямар байна даа?" гэх шиг юм яриад "инээд" хүргэнэ. Би хөл дээрээ дэвхрэг шиг босон харайгаад " Та жаахан хүлээж байгаарай. Үүдэнд хортой могой байгаа шүү. Болгоомжтой байгаарай" гэж хэлэхэд дүлий эмгэн сонсохгүй "Хүргээн, би чамайг бүтэн өдөржин хүлээх үү? Чамд би боломжийн санал тавьж байхад болгоогооч. Хадам ээж гэдэг чинь чиний ээжээс ялгаа үгүй" гэж үглэнэ. Шоколаданд дуртай хадам ээж вискитэй шоколад авч идээд жаахан "пийшингээ халаасан"-ыг нь би ч мэддэггүй. Эмгэн ч мэддэггүй. Сэтгэл нь тогоотой сүү шиг “хөөрсөн” эмгэн хүргэнээ халамжлах гээд сүйд...

 Чих хатуу өндөр настангуудад хүн амыг эрүүлжүүлэх төслийн дагуу хорооноос хадам ээжид сонсголын аппарат үнэгүй өглөө. Дүлий хөгшин сонсгол "ороод" цаана чинь "баллаж" гарав. Жавхлангийн дуунаас аваад репперүүдийг сонсоно. Хүүхдүүдийн том чихэвчийг гуйж аваад толгойгоо гэдгэнүүлээд сонсоно. Сүүлдээ авьяас нь тодров уу, юм хэлэх болгондоо “үглэж” хэлнэ. Угаасаа үглээдүү хүн имижээ олоод авав уу гэлтэй “Харанхуй болж Хот нойрсоноо. Хамаг гэрлээ унтрааж Хаалга үүдээ түгжээрэй. Салхи шуургатай байна. Салхивчаа хаахаа мартав аа. Сандал ширээгээ холдуулаарай Салга эмгэн бүдэрлээ” гээд санаа бодлоо нэг шаагисан бороо шиг хэлдэг болов.
  Солонгосын олон ангит кинонуудыг "сонсгол"-оороо "үзнэ". Ямар азаар хүн амыг эрүүлжүүлэх төслөөс "хараа" оруулж өгсөнгүй вэ. Хараа орчих юм бол эмгэн "дийлдэхгүй". "Гутлаа арчиж орж ирсэнгүй, шалаа угаасангүй, цонхоо арчсангүй, наад халтар цонхоор чинь цаад байрны хөгшчүүл нарлаж суугаа нь харагдахгүй байна. Оймсоо тайлаад орондоо орооч" гэж үглэж яншаад салахгүй...
  Хадам гэхээр хар дарсан зүүд ч бас биш юм аа. Хүнтэй суухадаа суух хүнээ биш удам судрыг нь, хадмуудаа ямар хүн бэ гэдгийг эхэлж шинжвэл алдахгүй дээ... Шартсан хүргэнийхээ шарыг тайлж өгдөг сайхан буурлууд зөндөө л байна. Манай байранд хүргэнтэйгээ нийлээд "тас" болтлоо “савдаг хадам хөгшин байдаг. Хоёрын хоёр архичныг "хүмүүжүүлэх" гэж аргаа барсан охин нь аавыгаа "том архичин", нөхрөө "бага архичин" гэж дуудана... Хадам гэсэнээс сүүлийн үед том хүү нэг охиноос салахаа байлаа. Арван естэй шижигнэсэн "хүргэн" гучин естэй "хал хүргэн"-ээс "Аав аа, таны бэр буулгах цаг боллоо" гэж хэлвэл хаашаа харж үхнээ...

Хориннэгдүгээр зууны хадмууд \ наргианы төгсгөл \


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.