05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Хаягдсан " Юндээн " гэж...

Эм хүнд "хаягдчихаад" урвайгаад сууж байвал муухай биз дээ, эрчүүдээ... Та нар наашаа суугаад надтай ярилцаач. Битгий нээх их эхнэртээ хайртай, халамжтай хүний дүр исгэж, жүжиглээд байгаарай. Та нарыг би мэднэ шүү. Эхнэрээ шилээ харуулангуут өөр хүүхнүүд рүү утасдаад, эсвэл порно сэтгүүл үзээд муу буйдангаа үнхэлцэгийг нь хагалах шахдаг биз дээ. Тэгэхэдээ ах нь тоглосон юм аа. Тоглоом дааж чадна биз дээ. Духан дээр чинь гурван удаа "духдахад" баярлалаа гээд гүрийж чадах уу?... Чадахгүй байсан ч чадна гэж хэлээч. Яасан хийморь нь үхсэн амьтад вэ? Эр хүн шиг эрвэлзэж, эмээлт морь шиг  дайвалзаач.
  Ах нь жаахан гутрангуй байна. Эхнэр өглөө "байя" гээд гараад явсан. Намайг "хаяж" байгаа юм байх аа. Тэр муугаар дутна гэж ч юу байх вэ. Хамгийн гол нь би түрүүлээд "чамайг хаялаа" гэж хэлсэн бол сэтгэл амар, бод идсэн боохой шиг сууж байхгүй юү. Гэтэл эмэгтэй хүн юм болохоор түрүүлээд хэлчихлээ. Эм хүн дотроо байгаа юмаа удаан хадгалж чаддаггүй. Дургүй нь хүрвэл амархаан гараад "шидчихдэг" юм. Тэгээд эхэлж хэлж чадаагүйдээ өөртөө уур хүрээд сууж байна.

  Тунгалаг Тамирын Галсан шиг Дулмаа минь байсан бол гэж донгиотоод үз дээ. Сайхан байна гэжүү?... Галсан сайхан харагдаж байна уу? Сайхан үг хэлж байна уу? Хэл л дээ... Эр хүний нэр гутаасан сүг, хүний оронцог... гэж эхнэрээ орхин явсаны дараа би бодож суулаа. Нэг ёсондоо эхнэртээ "хаягдчихаад" сууж байна ах нь. Гэхэдээ дажгүй ээ. Галсан шиг үхэл царайлаагүй. Хаяж ч явлаа хаягдаж ч явлаа гэдэг шиг хал үзсэн толгой ажрахгүй ээ... Та нар ер нь эхнэртээ "хаягдчихвал" яах вэ? Толгойгоо салаавчлаад уруу царайлаад суух уу? Уйлж дуулж нүдний булай болох уу? Хэл л дээ. Хэнээс ичээд байгаа юм бэ? Энд би ганцаараа буйдангаа налаад сууж байна. Хэн ч алга. Манайд эм хүйстэй ялаа ч орж ирээгүй байна.
   Эрчүүдээ жаахан өөдрөг байвал яасан юм бэ? Хэлэх үгээ ч  хэнээс ч айхгүй хэлж  суръя. Эхнэрээсээ цаг үргэлж "жижгирээд" байвал Халхын сайхан Юндэн гөөгөөгөөс юу үлдэх вэ?  Дуу л үлдэх юмуу? Данагар данагар явсаныг нь дуунаас мэдэх гэжүү?... Болъё, та нар эр хүн шиг ний нуугүй хэл. Бид хэн бэ? гээд нэгэн зэрэг чанга дуугаръя. Хараач тэгж хэлсэн чинь хажуу айлын хүүхэн хананы цаанаас чагнаж байсанаа цочиходоо хана мөргөөд дуу алдлаа. Энэний Юндэн нь бас "бака" гэсэн тул манийг сэм чагнана. Сэмхэн сэмхэн алхаад хананы цаана чихээ нааж суудаг юм. Санаа байвал надад " хүнээс илүү хайрлана гээд хүдрийн заар" шингээж  мэдэх бүсгүй...  Эхнэрээ яваад нэг өдөр ч болоогүй байхад илүү юманд санаархаж гэнэ. "Оршуулчихсан" бол ч өөр хэрэг. За за яриагаа үргэлжлүүлье.

  Бидний дуу хоолой ийм л хүнгэнэсэн эршүүд баргил юм шүү дээ. Бид чинь ийм л ил нээлттэй эгэл боргил хүмүүс ээ. Бид хэн бэ гээд ганц чанга дуугарахад хананы цаана "аюул" болж байгааг би ганц жижиг өгүүлбэрээр хэлсэн дээ. Хөргөгчний дор гүйж явсан хулгана хүртэл бидний дууг сонсоод, салхивчаар үсрээд, болжмор шиг нисээд явчихлаа... Аа яа яа, эрчүүд бид чухам тэнгэртэй хийморьтой хүний хайлан улс юм аа. Та нар цонхоор хар даа. Зам хэн тавьж байна. Эрчүүд. Байшин хэн барьж байна ? Эрчүүд. Гоё жийп хэн унаж байна? Эрчүүд. Төр хэн барьж байна? Эрчүүд. Ерөнхийлөгч хэн билээ? Бас бидний адил нэг "боовтой" залуу...

  Тэгэхэд та нар хүүхнүүдийг хар. Шал угаана. Хог шүүрдэнэ. Аяга халбага угаалтуур руу шидэлнэ. Зөв аятайхан юу яал даа гэж жорлон цэвэрлэж зогсоно. Гутлаа сайн арчаад орж ирж бай гээд үүдний шалавч гөвнө. Тамхины үнсээ унагаачихлаа гээд хивсээ шүүрдэнэ. Ороо засаад унтаач гээд өмд шувт татаж үйлчилнэ. Өглөө эрт босно гэсэн байх аа гээд цагны сэрүүлэг тааруулна. Хүүхэд өмдөндөө пар хийлгэчихвэл памперсыг нь солино. Бантан хийгээд тавьчихсан, шартсан уу гээд халбагадаж өгнө. Хамаг муу ажлыг эмэгтэйчүүд нугална шүү дээ. Ай бүсгүй хүний заяа гэж... Өрөвдмөөр амьтад шүү дээ.
   Ийм "доогуур" амьтадтай эр хүн өөрийгөө зүйрлэж доош орохгүй шүү. Эхнэр байхгүй бол тамхины үнсээ газар унагаахгүй "соёлтой" татахаа мэднээ бид чинь. Хонины чанасан хааны шөлөн дээр хурган бантангаа цацаад "цоглог" шартана. Орж ирэнгүүтээ гутлаа тайлаад үүдэндээ цэгцтэй тавина. Хэн алтан сайхан цагаа дэмий үрж, тоос сорогч дүнгэнэлүүлэхийг хүсэх вэ? Жорлондоо цэвэрхэн бие засна. Хазгай муруйгаар дуудуулдаг эрхтнээ шугам шиг тэгшхэн барьж байгаад байгаа оноод гоожуулчихна. Ороо хураахгүй орхих тул орой засах гэж "байлдаан" болохгүй.

  Эмэгтэйчүүд байхгүй бол эрчүүд ямар ч л байсан өөрийгөө борлуулаад, амиа аваад явчихна. Харин үүнийг мэддэггүй болохоор "Надгүйгээр чамайг яаж байхыг чинь харъя. Идсэн аягаа бүтэн угааж чадахгүй ялааны арми "тэжээв" -ээ " гэж тавладаг. Аягаа сайхан долоогоод усанд нэг дүрээд авахад болчихдог гэдгийг мэдэхгүй л байгаа дамшигууд. Намайг явчихвал чи муу өмдөө  индүүдсэн байж харагдаач гэж их юмаар бооно. Гудсан дороо сайхан эвхээд хоноход өглөө босоход толийгоод л байж байдаг. Сорочкаа индүүдэхэд жаахан хэцүү. Гэхэдээ амьд хүнд арга олдоно. Угаагчиндаа угаахдаа крахмалтай угаагаад хатаачихвал индүүдсэн юм шиг дарайдаг юм.

   Хүүхнүүд биднийг юу ч мэддэггүй, юу ч чадахгүй гэж басдаг. Үнэндээ бол цаадуул чинь мэдэхгүй чадахгүй гэдгийг хүй нэгдлийн үед "халчихсан" улаан Октябрьчүүд шүү дээ. Чулуугаар анх туулай хэн агнасан. Эрчүүд. Бургас тахийлгаж хэн нум сум хийсэн эрчүүд. Тор хийж загас хэн барьсан бэ? Эрчүүд. Харин хүүхнүүд хүүхэд харах нэрээр агуй дотор өдөржин дэмий ярьж, авчирсан арслан зааны махыг өмхийрүүлээд сууж чадах хүмүүс. Өтөж муудахаас нь өмнө эрчүүд түүхий болсоноор нь зулгааж, цааш харуулж байгаа юм чинь.

    Хөргөгчийг хэн зохиосон бэ? Эрчүүд. Эхнэргүй эрд яах аргагүй хэрэгтэй зүйлийн нэг. Ахиухан цуйван хийчихээд хэдэн өдөр хадгалаад хэдэн өдөр оройн зоог болгодог юм. Өглөө халуун цайнд хийгээд идсэн ч өег шүү дээ. Угаагчыг хэн зохиосон бэ? Бас л эрчүүд. Бяд муутай хүүхнүүд хувцас угаах гэж хиртэй нь зунгаардуулаад хаячихдаг. Тэгэхээр нь эрчүүд угийн зав муутай улсууд угаагаад, зайлаад, сэгсрээд гаргадаг бүхэл бүтэн хэдэн эмэгтэй хүнтэй тэнцэх угаагчыг зохиожээ. Тоос сорогч бол бас л эрчүүдийн зохиол бүтээл. Тоосоо соруулсаны дараа хаягдсан гээгдсэн юмаа дотроос нь олно.

   Эрчүүдийн лут ухаантайг бүсгүйчүүд үнэлэхгүй бол алдас болно. Өчнөөн шашин байна. Үүсгэн байгуулагчид нь Христ, Мухаммед, Будда гээд дандаа "боов"-той золигнууд. Боолын нийгэм, феодалын, хөрөнгөтний гээд хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн тэмцэл тулаан дүүрэн түүхийг хэн зохиов. Эрчүүд. Хүний нийгмийн зүй тогтолд нийцэхгүй соц нийгмийг хэн зохиолоо. Ленин гэдэг сахалтай тйирэн. Үзэл бодол таарахгүйг устгаад  бай гэж хэн хэлэв. Басхүү сахалтай эрчүүд. Сахалгүй нь Мао дарга. Сансар огторгуйд нисэх хөлөг онгоцыг цаашилбал дотор нь сууж ниссэн баатар ямар хүйсний хүн байсаныг та бид сайн мэднэ. Бүгдээрээ "шодой"-тонгууд.

   Дэлхий хэзээ сөнөх вэ, хэдэн настай вэ, сансар хорвоод цаашид ямар ямар үйл явдал болох вэ? Эрчүүд л мэднэ. Мэдэхгүй бол хүүхнүүд ээ гутал өмдний хэрүүл хийж байхын оронд нарны аймагт хэдэн гараг байдагыг эрчүүдээс асуугаарай. Эрчүүдийг шүтэж амьдрах хэрэгтэй юмуу, үгүй юмуу мэдэхгүй зарим нь эрчүүд дангаараа амьдардаг эзэнгүй арлаас очоод асуу. Эр хүн муудлаа муудлаа гэхэд сармагчингаас нэг хуруу илүү байхад л амьдралаа болгоод явчихна. Болгож чаддаггүй нь бол хүүхнүүдийн хийсэн согогтой бүтээл байх. Тэрнээс биш бурхан дутуу хийсэн гэдэг улигт үгээ бүү давт.

   Эр хүний мөн чанарыг мөлжөөд хаясан хөсрийн яс шиг болгож байгаагаараа хүүхнүүд та нар хүн төрөлхтний өмнө их нүгэл хийсэн юм шүү. Хайрлаж чадахгүй бол муу хэлэх юун. Харахгүй сонсохгүй, нүдээ аниад, чихээ бөглөөд хол яв л даа. Эр хүн гэдэг чинь амархан бузартдаг тэнгэрийн амьтан шүү. Тэргүүн дээр нь оймс өмдөө шидвэл хийморь нь явчихдаг юм. Хүн орж ирэхэд үүдээрээ дүүрэн угаасан хувцас өлгөсөн хэц татдагаа болиоч. Тэнгэрийн бүтээлийг байгаагаар нь, боргил чанартай, хөдөс зантай бодит байдлаар нь хайрла. Эрлэгт очуулалгүй хайрлаж сур. Үгүй бол үглэж зандарч "Хандармаа"-даж байхаар эрч чөлөөгий нь өгөөд явуул. Зэлүүд газар хаясан ч тэд чинь Робинзон Крузо шиг биеэ даагаад амьдрах чадвартай.

   Эхнэр бид хоёр өглөө ялимгүй юмнаас болж муудалцсан юм. Түүний найзын төрсөн өдөрт өнөө орой очих очихгүйгээс болж. Өчигдөр бас түүний нэг найзын төрсөн өдөрт очсон юм. Түүний өмнөх өдөр бас дүүгийнх нь төрсөн өдөрт очсон билээ. Өдөр болгон өндөглөдөг тахиа шиг өдөр бүр төрсөн өдөрт залраад байвал ажил төрөл ч хэцүүдэх нь, амьд бие организм ч ялзрах нь. Төрсөн өдөрт явж "шатлаа" гээгүй. Хүнээр нь бэлгий нь өгөөд явуулчихъя. Ойрд ажил их байна. Сууж ганц нэг юм компютер дээр хийе гэсэн чинь буруу тахилы нь өрчихсөн. "Өө тэгвэл би явлаа. Чи сайхан амьдраарай" гээд хаалга саваад одсон сон.

   Түүнийг явсаны дараа би ажлаа хийх гэсэн боловч сэтгэл үймрээд анхаарлаа төвлөрүүлж чадсангүй хэсэг алмайрч суухадаа янз бүрийн санаа төрсөн нь тэр. Нээрээ би эхнэргүй амьдарч чадахаа мэдэрлээ. Халуун саванд цай байна. Өндөг шарлаа. Сонгино хэрчиж хийлээ. Давс цацлаа. Талхаа зүслээ... Хөөе энэ номын шүүгээний тавцан мултарч унах нь ээ. Алх хаа байгаа бол?... Алхаа олдоггүй. Ямар эхнэр "агсан" руугаа утасдаж, хаана байгаагий нь асуултай биш. Тэгээд ч эхнэр маань анхны удаа ийн "яваа"-гүй. Арав хорь дахь удаагаа ийм "ший" тавьж байгаа билээ. Уур нь гарахаараа ичих ч үгүй буцаад ирнээ...

Тэгэхэдээ огт юу ч болоогүй юм шиг жаахан охин шиг сүүлээ шарвагнуулан муур шиг гэтсээр эргэж ирнэ. Үсрээд хорин дөрвөн цагийн дараа буцаад ирнэ. Миний эхнэрийн дэглэсэн "шоуны" нэр "Би явлаа. Битгий намайг мартаарай". Мартах хугацаа өгөхгүй "Түрүүвчээ мартжээ. Бөгжөө орхижээ" гээд эргээд ирдэг билээ.
   Харанхуй өрөөндөө алх хайж байтал хаалганы хонх дуугарлаа.
   -Хэн бэ?
  - Би л байна ш тээ гэж эхнэрийн цангинасан дуу хадав.
  -Яав аа чи чинь? Дахиж хэзээ ч ирэхгүй гээд чемоданаа аваад яваа биз дээ. Хаалга савсанаас чинь болж, хаалга гажаад, нугас нь салж унах гэж байхад нь арай гэж тогтоолоо.
  -Битгий мангартаад бай. Алхаа би цай нүдээд гал зуухны шүүгээн дор нуучихсан. Очоод дороос чемодан аваад ир. Лифт ажиллахгүй нэг давхарт орхичихлоо гэж эхнэр хээв нэг хэлээд хажуугаар дайран орлоо. Манайх есөн давхарт болохоор нэг давхраас хүнд чемодан чирч өгсөнө гэдэг овоо ноцтой асуудал. Гэвч шаварт унасан шарын эзэн "тушаасан" тул шаварт унаагүй шарын эзэн явахаас өөр замгүй болов.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.