05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Алгадуулах аавтай байх сан... өгүүллэг

Зараа залгисан юм шиг дотор эрхтэн нь мушгиж, толгой нь салах гэж байгаа юм шиг ангалзсан Чулуудай эгчийнхээ утсыг нууж аваад хамгийн ойрхон суудаг Баярт руу залгалаа.

-Байна уу? Эгчийн утсаар ярьж байна. Эгч усанд орж байгааг ашиглаад залгалаа. Өнөөдөр амралтын өдөр болохоор эгч мөд гадагшаа гарахгүй байх. Маньдаа чи ганц нэгж “саваач”. Тоглоомын газар хаахаас өмнө би Мөөгийгөөс мянган янчаан авах ёстой. Түүн рүү мэйсэж бичье. Дотор гэж аймаар...
-Үхлээ үхлээ. Сая нэг юм орноос өндийж байна. Аав ээж хоёр Солонгосоос яриад төрсөн өдөр сайхан болсон уу гэж асуулаа. Найзуудтайгаа сайхан байсан гэсэн. Утсаар арай гэж ярилаа...

-Хэний манаагүй үхлээ. Хөөе чи цонхоороо манай орцны гадна байдаг сандал руу хараадахаач. Манай цонх эсрэг талдаа болохоор орц харагддаггүй юм. Чи мэднэ дээ, эгчтэй уулзаад байдаг хөдөөний нэг “мантуу” байна уу хараад өгөөч.
-Өө, за... байж байгаарай. Аа, нэг үнэгэн лоовуузтай мангар “бацаан” мөн үү?
-Тиймээ наадах чинь. Чи очиж уулзаад манайд дагуулаад ороод ирээч. Би эгчийг гарвал нүүрээ угаах гээд хүлээгээд байна. Хүйтэн усаар толгойгоо шавшихгүй бол толгой “хагарах” нь ээ... Наад “мантуу”-г чинь орж ирвэл, эгчийн нүдийг хариулж байгаад “жигнэж” иднээ
-Яаж? Яаж “жигнэх” ий?...
-Чи дуугай харж бай. Мань арга бодно. Гадаа хүйтнээс дулаан байранд “оруулж” ирсэн юм чинь “татвар” авнаа
-Мань одоо гарлаа. Ганц лааз пиво байна. Хуваагаад уух уу?
-Пиво яах вэ. Наадахаа дагуулаад ороод ир

Чулуудай эгчийгээ усны өрөөнөөс гарч ирэхийг тэвчсэнгүй гал зуух руугаа харайж, хүйтэн усны цоргыг нээн хатсан амаараа гуд гуд сорсоноо толгойгоо хүйтэн усаар норгож гарав. Удалгүй хаалганы хонх дуугарч, хаалга онгойлгоход Баярт үнэхээр хөдөөний төрхтэй үнэгэн лоовуузан дотроос цухуйсан хужиртсан бандгар хамартай залуу дагуулан орж ирлээ. Зочныг гал зуухны өрөөнд дагуулж ороод, Чулуудай,
-Гадаа даарахгүй байна уу? Махны хөлдөөгч шиг байгаа биз дээ? гэж асуув. Залуу малгайгаа аваад зааж өгсөн сандал дээр өнцөгдөн суусанаа,
-Часхийж л байна. Гэхэдээ би сурчихсан юм гэж даруухан дуугарав.
-Нэрэлхээд хэрэггүй ээ. Нэрээ идэх биш. Дулаан газар сууж байсан нь аминд өлзийтэй... Ах хүү ганц юмны мөнгө байна уу? гэж Чулуудай нүүрэмгий хэлэхэд хөрслөг бор залуу халаасаа ухсанаа таван мянган төгрөг гаргаж ирэв.
-Энэ яаж байна.
-Болох ч юмуу? Дахиад байхгүй биз?
- Давраад байна уу?

Чулуудай сая сайхь залуугийн биерхүү том нуруу, зоримог харцыг харж, энэ мангар яаж ч магадгүй юм гэж ухаарлаа.

-Баярласан шүү... Эгч одоо уснаас гарах байх. Эндээ хүлээгээд сууж байгаарай гэнгүүт Чулуудай, Баяртыг өрөөндөө дагуулж орж ирээд,
-Чи энд дуу сонсоод сууж бай. Би хажуугийн “шагчин” гараас ганц юм аваад ирье гээд годхийв... Хэдэн хормын дараа  хаалгаа түгжиж аваад тэр хоёр тухалж суулаа. Шил юмаа задалж, шилэн аяганы талаар хоёр хоёр татав. Сайхан болж байгаа гэж жигтэйхэн. Нүүр хацар улайгаад, дотор халаад, үг яриа олшроод, зүрх хөөрөөд ирэв.
-Аав ээж чинь юу гэж байна?
- Бага уугаарай гэсэн. Тэд Сеүлдээ сөөжүүгээ уугаад маний төрсөн өдрийг “тэмдэглэсэн” гэсэн... Эмээ алтан хошуу “өргөдөг” бололтой. Утсаар ярих болгонд тэгж донгиотоод байдаг юм. Өчигдөр орой бут авсан шүү. Хорголоо тоолсон “баагий”-нууд мянган ногоон явуулсан юм. Ямар хурдан дуусчихав аа...

-Чи өөрөө яагаа ч үгүй кадр тасарчихаад харсан охидууд болгоноо коктейлээр дайлаад байсан юм чинь...
-Мань төрсөн өдөр болохоор сэтгэл хөөрөөд амархан тасарсан . Хороололын дисконд хараагүй хөөрхөн охидууд ирсэн байсан шүү
-Оюутнууд л байх шиг байна лээ. Чамайг “мангар бацаанаа” гээд инээлдээд байсан.
-Эгчмэд охидууд эгдүүтэй. Нэг нь надтай аймаар “хандархаад” байсаныг чи харсан уу?
-Чиний мөнгийг харчихаад “ханд” өгөөд байсан биз. Шал жомбого юм билээ
- Танай эгч энэ хөдөөний “мантуу”-тай салахаа байсан уу?
-Мэдэхгүй... Хааяа хүргүүлж ирдэг юм. Би хаалгаа тас хаагаад түлхүүрддэг. Аав Лос-Анжелээс байнга ярьдаг юм. Эгчийгээ сайн хараарай гээд. Эгчийг дисконд явахад нь би аав ээжид матна гэж байгаад хэдэн цаас “мулталж” дөнгөдөг. Уусаныг мэдчихвэл манийгаа бас хөөрхөн “явуулж” байгаад өөрийнхөө “булхайг” нууна. Зав гарвал эгч  шоудах дуртай. Эгч бид хоёр бие биенээсээ харилцан оноо аваад биенийгээ хэн нь ч ялдаггүй юм.

-Манай эмээ байхгүй. Хамаг юм ярьчихдаг юм. Эрүүлжүүлэхэд хоносоныг харин мэдээгүй юм билээ. Мэдвэл өөрөө Солонгос руу залгаад бөөн юм болно л доо... Сургуульд суудаггүй, тэнэмэл гэж байж аврагдсан... Маньдаа нэг хийгээдэх. Бие тавираад сайхан болж байна
- Ямаахай руу ярих уу? Тэр бас “үхэх” гэж байгаа даа...
-Тэрийг дуудаж нялцганаад хэрэггүй. Өөрөө өөрийгөө аргална биз. Ээж нь гэртээ хуурамч архи хийдэг гээ биз дээ? Маниусыг бодоход архин далайд “жаргаж” байгаа жоом.
-Чи араас нь ус уух уу? Овоо хатуу найруулсан юм байна. Удахгүй эгч өндөг шарна. Тэгэхэд нь ганц хоёр өндөг “машиндъя”. Яагаад шүдээ хавираад байгаа юм бэ?
-Арвын “г”-ийн Очирыг “алнаа”. Амьсгаа чинь шатан дээр тааралдчихаад хүн мөрлөж байхгүй юү
-Хэзээ? Муу бандийн шээсийг савируулъя л даа...
-Яагаав, биеийн тамирын заалнаас гараад шатаар доошоо уруудах гээд явж байхад...
-Наймын “б”-г “дарнаа” гээд их томордог юм. Баньдийг хичээл тарахаас өмнө хэдүүлээ барьж “аваад” амьтан болгоноо
-Хөөе, эгч чинь ирлээ. Шилээ нуу.

Үнэхээр Чулуудайгийн эгч Чимгээ хаалганы цаанаас юм асууж байлаа.

-Шарсан өндөг идэхгүй юү.
-Аваад ир
-За за, би Андуугаар хүргүүлье

... Хаалга тайлж өгсөний дараа нөгөө хөдөөний “мангар” хоёр тавган дээр шарсан өндөг, зүссэн талхтай барин орж ирэв. Чулуудай, Баярт хоёрын нүүрнээс гал цацарч, нүднээс нь оч бутарч байлаа. Зүрх нь ч савалжээ.

-Хам аа, ширээн дээр тавьчих даа

Чулуудайг тэгж хэлэхэд залуу эрийн царай час улайж,
-Та нар чинь шоронгийн хулгайчууд юм уу? Нэртэй хүнийг нэрээр нь дуудаарай. Хамаа мамаа гээд нусан таглаанууд чинь юу уучихаад хүнд заагаад байгаа юм бэ? гэж дуу нь өрөөгөөр нэг цангинав. Өөдөөс нь “гөлөг шиг цор цор хийвэл цаас шиг базаад хаяхадаа сийхгүй нь. Саяхан арслан шиг архирч байсан Чулуудайн нуруугаар хүйт оргилоо. Уусан архи нь гарах шиг... Гар нь салгалан,
-Ахаа, зүгээр л хэлсэн шүү дээ гэж амандаа бувтнав. Алж хядна гээд дуу нь чангараад байсан Баярт зүрх нь цээжин дотроо түг түг цохилохоос өөр чимээгүй болжээ. Хөдөөний “мангар”-ын сүрлэг дуунд тэр хоёр “хүнд цохилт” авчээ. Хэрэв “бокс”-ын “тэмцээн” болсон бол дэвжээний голд тэрийгээ хадаад хэвтэж байх байсан биз.
-Дүү нар аятайхан байгаарай. Хичээл номоо хийхийн оронд архи үнэртүүлээд... Юугаа ч мэдэхгүй баньди нар том дуугараад байхын хэрэггүй шүү. Насаа мэдэж хүнтэй дуугараарай... Мэдээ биз? Чимгээгийн хэлсэнээр бол та нар дөнгөж наймын “нусгайнууд” юм билээ. Дахиад иймэрхүү байдалтай тааралдвал чацга баастай чинь хутгана шүү гэж залуу эр эрдүү дуугаар хүнгэнүүлэн хэлэхэд мань хоёр архаг “архичин” золтой л өмдөндөө панхийлгэсэнгүй.
-Үгүй ээ, ах аа дахиж тэгэхгүй
-Үнэн биз? Эр хүн хэлсэн үгэндээ хүрдэг юм шүү

-За, хүрнээ ах аа...
-Яаж хүрэх ий? Би өдөр бүр ирж архи ханхийлгэсэн балиар амыг чинь үнэртэх болж байна уу?
-Гүй, гүй, хичээлээ давтана
-Үгүй гээд олигтойхон хэлчихэж чадахгүй байж, ах зах хүнээс аймшиггүйгээр архины мөнгө дахиад нэхээд үзээрэй. Нэг удаа яах вэ гээд өнгөрөөсөн. Харин дахиж ингэвэл хувцасны шүүгээний өлгүүрнээс нь “дүүжилчихнэ” шүү. Өндөгөө идээд унтаж амар. Сэрээд усанд орж, гэр орноо цэвэрлэ. Дахиад тархинд чинь архи “бодогдвол” ах нь Америкаас хол газар “албан томилолт”-оор явуулчихна шүү гэж золбоолог эрийн хэлэхэд Чулуудайн өрөөнд бясаа байсан бол дүрвээд алга болохоор өөртөө итгэлтэй жинхэнэ эр хүний дуу цууриатав. Энэ үед Чимгээ тэдний дэргэд ирэв. Дүүгийнхээ архи “уудагыг” мэдэх боловч Чимгээ дүүдээ юу ч хэлж чаддаггүй байв. Хэлэхээр нь дүү нь аав ээжийгээ санаад уусан гэж усан нүдэлнэ. Яваандаа архинд “донтож” байгааг мэдэж санаа зовсон Чимгээ сарын өмнөөс түүнтэй үерхэх болсон баруун аймгаас ирсэн сургуулийнхаа оюутан залууд хэлж, арга хэмжээ авахыг хүссэнд цаадахь нь ёсчлон “гүйцэтгэсэн” нь энэ ажээ. Чулуудай хонгилд ярилцах тэдний яриаг тодхон сонсоно.

-Чи арай ширүүдээгүй биз. Аав ээжээ санаад дүү минь хэцүү байгаа. Надад ч гэсэн хүнд байдаг л даа. Аав ээж минь Америкт арван жил боллоо шүү дээ. Тэдний өгч явуулсан мөнгө аав ээжийг минь орлохгүй... Тэд минь хурдан ирээсэй гэж өглөө бүр залбирдаг юм... Чи дүүд минь сайн ухааруулж, ярьж хэлж өгөөрэй...
-Тэгнээ тэгнэ, санаа зоволтгүй. Олон жилийн өмнө аав маань хил дамжин мал хулгайлдаг бүлэг этгээдийн мөрөөр хөөж яваад амь насаа алдсан юм. Түүнээс хойш найз нь тулах баганаа алдсан ээжийгээ өргөж, хэдэн дүү нараа хүний зэрэгт хүргэх гэж багаасаа их юм туулж өнгөрөөлөө шүү дээ. Дүү нар маань томчууд нь оюутан болсон. Бага нь дунд сургуульд сайн яваа. Ээж минь, залуу хүн хээр хөдөө зэвэрч болохгүй, сургуульд ор. Дүү нар чинь одоо биеэ даалаа гээд байхаар нь энэ жил сургуульд орсон минь энэ. Тав зургаан насаар ах хүн “хүүхдүүд”-ийн дэргэд эхэндээ жаахан эвгүй байсан. Одоо бол дунд нь ороод дасч байна даа. Би ер нь овортой харагдаж байгаа биз?
-Үгүй чиш, юунд овортой байдаг юм бэ. Сумын заан хүн чинь энэ зэргийн байх ёстой шүү дээ гэж Чимгээ тас тас хөхрөв... Чулуудай гэнэт аавыгаа санав. Аавынхаа мөрөн дээр суугаад гудамжны цуглаан үзэж байсанаа бодлоо. “Авилгалчид сөнөтүгэй”, “Ард түмэн эрхээ эдлэх ёстой”, “Ядуурлаас гарцгаая” хэмээн туг лоозон барьсан олон хүн дуу хоолойгоо нийлүүлэн, хашгиралдаж байсан билээ... Аав нь ажилгүй болж, зах дээр ээжтэй нь хамт махны лангуу ажиллуулдаг болсоноос хойш Чулуудай орой унтчихаагүй бол тэднийхээ барааг дөнгөн олж хардаг сан. Өглөө унтаж байхад нь аав ээж нь “ажилдаа” явна. Эцэг эхгүй хүүхэд шиг “өссөн” түүнийг эгч нь л хаа  явсан газраа “харж” хандаж, өдий хүрсэн аж. Төд удалгүй түүний аав ээж хоёр нь Америк явсан юм... 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.