05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Би ерөнхийлөгч болохгүй /Шог өгүүллэг/

Яг үнэндээ  би өөрийгөө ерөнхийлөгч болно гэж, ичмээр юм ,яаж тэгж бодох вэ, бодлоо ч гэсэн хүнд хэлэх битгий хэл, өрөөнд нисэх ялаанаас ч ичиж үхнэ биз дээ...Тэгсэн чинь болдог юм байна. Болох болохдоо ардчилсан хүчнээс шүү...Тамга тэмдэгээ аваад,төрийн ёслолын танхимд түм түчигнүүлж, бум бужигнуулж, радио, телевиз, сонин сэтгүүлийн сурвалжлагч нар дарж алах нь ээ намайг...Хэлтэй  амтай сурвалжлагч нар нь хэл амыг минь шүдтэй юутай нь сугалах нь ээ...Хүүхэд байхдаа ямар хүүхэд байсан бэ гэнэ.

Ямар хүүхэд байхав дээ, тоглоомоо дүүдээ булаалгаад уйлж унжсан, нэг халтайсан хүүхэд л байсан даг. Хүүхэд байхдаа юу хүсэж мөрөөддөг байсан бэ гэж байна. Юу л мөрөөдөө аж.

Аав ээжийн цалин хурдан буугаасай,далан тавын дугуй авахуулж унаад,нэг төгрөгөөр дугуйгаа унуулдаг,хөрш айлын Дондогтой хатсан яавлагны төлөө уралдъя гэж боддог байсан гэлтэй биш...Гэхдээ байнаа хамгийн гол нь би юу ч хэлээгүй байтал миний хэл ам өөрөө аяндаа яриад,хариулаад байх юм.Ер нь ерөнхийлөгч хүний ам хэл гэж цаанаасаа бурхнаас заяасан асаалттай танк шиг бэлэн цэцэн байдаг бололтой.Яасан ийсэн гэнэ вэ,амы нь сул тавьсан адуу шиг авч өгч байна.Хадуурлаа хадуурлаа гэхэд хорин километр хадуурах шиг боллоо.Хүүхэд байхаасаа би ерөнхийлөгч болохыг мөрөөддөг байсан гэнэ.Сайн ерөнхийлөгч болж,эх орноо хөгжүүлнэ гэж сургуульд ороогүй нусгай байхаасаа л тэмүүлсэн юм байх.Шороотой гудамжинд зүгээр ч нэг чулуугаар тагтаа шидэж явахгүй,гудамжныхаа хүүхдүүдийг цуглуулаад,ерөнхийлөгч болж тоглодог байсан гэнэ.Зурагтаар мэдээ үзэх их дуртай,үзсэнийхээ дараа дуугаа хураагаад  бөөн бодол болоод хэдэн цагкоко коло балгасан мэт суудаг байжээ.Эмээ ээжээрээ Богд хааных шиг дөрвөн талтай тоорцог малгай хийлгээд,түүнийгээ гарч орох болгондоо адис аван авдран дээрээ залдаг байсан гэнэ.Юу гэх вэ,юу гэх вэ аймаар ухаантай жаал байсан болж таарлаа.Хөгшчүүл Заяын гэгээний хойд дүр гэж тодоруулахаа шахсан юм байх.Засгийн газрын ордныг хараад сүсэглэж залбирдаг байсан гэнэ.

Их Тэнгэрийн ордны замаар сургуульдаа явахадаа нэг удаа гараараа заагаад “Энүүгээр жаргалын алтан булаг урсана” гэж хэлсэн удаатай гэнэ...Ядаж байхад хэдэн сурвалжлагч нар нь хоорондоо өрсөлдөөд,асуухгүйг асуухыг нь яана.Шүд ам битгий хэл хоолойны мах сугалчих шахна.Уул нь хоолойны махаа суга татуулчихавал надад хэрэгтэй л юм.Архаг ангинаар хорин жил өвдлөө шүү дээ.Эмнэлэгт үзүүлээд л байдаг үзүүлээд л байдаг  бахь  байдагаараа арван жилд ч хоолойны махтай,оюутан сурагч болсон ч аанай л хэвээрээ явсаар зүрхэндээ ороод эмчилгээгүй болсон эд...Зургийн аппаратууд электрон барааны дэлгүүрт орсон мэт өнгө өнгөөрөө ёоз ёозоороо шажигнаж,хажуугаар нь гэрэлтүүлгийн чийдэнгүүд хярвас үнэрттэл шарах нь төвөгтэй.Ерөнхийлөгчийн тангараг өргөж дууслаа.Эх орон ард түмнийхээ сайн сайхны төлөө энэ биеэ хайрлахгүй илжиг морь мэт зүтгэхээ андгайлж,арай л эрхий хуруугаа зүсч цусыг нь уусангүй саллаа.Тэр оройжингоо мэдээллийн бүх хэрэгслээр миний тухай ,тухайлбал яаж онц сурч,үлгэр жишээ явсан болон төр нийгмийнхээ төлөө элгээрээ мөлхтөл зүтгэж явсан тухай хүүхэлдэйн киноноос бусад нь гарав.Манай хөрш байсан Дондогийн эмээ зурагтаар ярьж байна.Намайг ханан дээр юм эрээчлээ гэж дандаа дагаж элдэж явдаг янзын хүний мууд дуртай эмээ л дээ...”Энэ хүү чинь багын төрсөн амьтан байгаа юм.Хүүхдүүд ханан дээр нэгнийхээ нэрийг бичээд “ЯТОЛ” “МОТОЛ” гээд биччихнэ.

Энэ муу хүү чинь нусны алчуураа барьчихсан,ямар муухай юм бэ гээд арчиж баллаж явдаг байлаа шүү дээ,таминь...”Таминь ээ юу ч хэлэх вэ дээ...Сөөсийчихөөд энэ муу хулганы зулзага шиг шар юм хаа тааралдсан газраа эрээчиж явдаг юм гэж орцны даргаас аваад данхтай цайгаа хувааж,амаа олохгүй бурж суудаг хэдэн хөгшчүүлдээ аль муугаар хэлж явсан эмээ төрөл арилжжээ янз нь...Дондогийн өвөө бас миний тухай ярилаа.”Багын нэг тийм эх оронч сэтгэлгээтэй хүүхэд шүү дээ.Зурагтаар зуд турханы тухай гарахад багадсан эсгий гутлаа барьчихсан,хөдөө явах хүнд өгөөд явуулах юм сан гэж ярьдаг хүүхэд байлаа.Өвөл орцны үүдэн дээр бөөн уур манан болсон юм бөгцөгнөөд гүйгээд байдаг сан.Цасны канки хөлдөө зүүчихээд тоглоод байгаа юм бол уу гэж бодтол харин муу моньди чинь нөгөө канкигаараа  тоншоод үүдний цасыг арилгаад байдаг байгаа даа.Хөөрхөн шүү.Хацар нь чавга шиг улайчихаад гүйж явдаг сан” гэж хуучиллаа. Өвөө ч харин бараагүй худлаа авлаа даа.Дондогт юм хэлэхгүй мөртлөө намайг жаахан гулгах гэхээр үүдээр сүүтэгнээд хүн дайрч аллаа.Яв эндээс гэж байнга загнадаг өвөө байсан билээ.Багын найз Дондог маань том эр болжээ.Мотоциклийн дэлгүүрийн эзэн гэнэ.Бас яаж дуугай байх вэ багынхаа хөгтэй явдлаас ярилаа.”Хэн бид хоёр далан тавын дугуйгаар их уралддаг байж билээ.Тэгэхэдээ бас мөрийтэй гэж байгаа...Мань хүн сэтгэл сайхантай шүү.

Намайг хожсон ч гэсэн нэг төгрөгөөр авсан зуун грамм хатсан яавлагаа шударга хуваадаг байсан юм” гэж ярив.Үхсэн хат даа,урд нь намайг дугуйгүй байхад заавал хөлсөөр унуулдагыг нь бодоод хорхойтой араандаа зуугаад  бараг өгдөггүй байсан юм.Сайхан залах юмаа энэ хүмүүс...Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг хадам ээж хүртэл ярилцлага өгч байх юм.Сонсъё л доо юу гэхий нь...”Би өөрийгөө азтай хүн гэж боддог.Би ч бишээ...манай охин бүүр ч азтай.Ирээдүйн ерөнхийлөгчтэй суусан хүн азтай байхаас яах вэ.Юу гэнээ.Азгүй гээд хэлээд үзээрэй чи.Азтай хүнийг чинь азтай гэхгүй яах юм бэ?” Хэрүүлч авгай чинь байтлаа зурагтаар хэрүүл хийх нь ээ...Байж байгаагий нь хар даа...Үргэлж хусмаа голсон хүүхэд шиг намайг голж үглэж явдаг авгай байхгүй юү.Тэгсэн яасан гээч.Залж өгч байнаа.”Миний хүргэн гэр орноо битгий хэл,энэ улс орныг чинь залаад залуурдаад ,өлхөөн аваад явах   чадвартай,боловсролтой,ухаантай хүн байхгүй юү.Тиймдээ ч ард түмнийхээ хүндлэлийг хүлээж,төрийн тэргүүн болж байгаа тэгш дүүрэн баяртай энэ өдөр түмэн олон та нартаа урт насалж,удаан жаргахыг ерөөхийн ялдамд хүргэн хүүдээ улс орноо өөд нь татаж,улс шиг улс болгоорой гэсэн хувийн бөгөөд хувьсгалын хүсэлтийг өөд өөдөө өргөн мэдүүлье “ гээд  айлын эрх хав шиг шарвалзаж байна гээч.Хэрэв би ерөнхийлөгч болоогүй байсан бол хадам ээж маань хараал ерөөлөө урсгасан чигээрээ халуун бүлийн дунд Халх голын дайнаа өдөөсөн хэвээрээ байх сан...

Хүн гэдэг амьтан чинь цагаа тулахаар усны нянгаас ч өчүүхэн байх шив дээ.”Ном шагайхаас өөр чаддаг юм чамд байна уу?Ном шагайлаа гээд чи юу хожив?Их сургуулийн захирал болсон уу,их хурлын дарга болсон уу?Би чам шиг ингэж ном үзсэн бол өдийд гаалийн газрын дарга болчихсон байгаа” гэж үглэн дуулдаг хонгор хадам ээж минь намайг яаж магтсан гэж санана.”Урд өмнө байсан ерөнхийлөгч нар миний хүүгийн дэргэд юу юм бэ?Өт хорхой л байхгүй юү.Эх орныхоо баялагыг ар өврийн хаалгаар хорт могой шиг гулгуулж,энд тэнд арал хүртэл худалдаж авсан гээ биз дээ.Тэд нар ичихгүй бол би ч ичихгүй...Та нар тэр аралдаа шалдан хүүхнүүдээ дагуулж очоод,шалхайсан биеэ наранд шараад хэвтэхгүй юү...Миний хүргэн бид хоёр тэр муу аралаар чинь дутна гэж харин ч байхгүй шүү.Эрдэнийн арал болсон эх орноо л хөгжүүлнэ.Харж байгаарай.Маргаашнаас эхлээд та нарт үзүүлнэ.Миний хүү
Монгол улсыг Малайз,Сингапураас илүү болгоно” гээд тууж өглөө.Сурвалжлагч нь сүүлдээ айсан уу яав  шууд сурвалжлага нь гэнэт тасарчихав.Тэр оройны хүндэтгэлийн цайллаганаас өгсүүлээд гэртээ харьсан хойно ч гэсэн баяр хүргэж,сайныг ерөөсөн  хүмүүс гар утсыг минь шаттал амар заяа үзүүлсэнгүй...

Тэнгэр минь,би ч өөрөө хоёр хөл дээрээ чүү чамай тогтож байлаа.Биеэ хамгаалагч нараараа сугадуулан харшдаа орж ирээд,урт улаан буйдан дээр түсхийтэл өнхөрлөө.Тусгай хангамжийн аргалийн шөлийг эхнэр минь бус үйлчлэгч бүсгүй надад барив.Харин тэргүүн хатагтай болсон эхнэрээ би замдаа гээжээ.Цэцэг барьсан баахан хүмүүс дунд ороод алга болсоныг нь саналаа.Уухилж ядарсан амьтан эхнэр рүүгээ залгавал ашгүй авч байна.”Чи хаана үлдэв?”гэвэл эхнэр маань цовоо цолгин дуугаар “Хүүе яанаа?...Мангартаад л байх юм.Томилгооны асуудлаар хэдэн найз нөхөдтэйгээ хоёр гурван үг сольж байна.Ээж чамд хэлсэн үү?Дүүг  санхүүгийн зохицуулах хороонд,ээжийг гаалийн ерөнхий...”
Чих шуугиад би юу ч сонссонгүй...Уул нь би бодоходоо хамгийн шударга,хамгийн ардчилсан ерөнхийлөгч болно гэж бодсон сон.Тэгтэл ерөнийлөгчийн тамгыг авсан тэр цагаас хойш тэс өөр хүн болчихсон байв.Оройжингоо худлаа авахыг ганц үзүүлсэн.Тэгж бодоогүй байтал тэгж бодоод,тэгж хэлэхгүй байтал тэгж хэлээд...нэг л бишээ...Зална гэдгийг ч ёстой замбараагүй авсаан.Цалингийн доод хэмжээг сая төгрөг болгоно гээд тавьчихсан.Таван толгойн тавин хувийг ард түмэндээ өгчихсөн...Дүүрсээн дүүрсэн.Айвал бүү хий гэдэг юм...

Ерөнхийлөгчийн сонгуулаас хойш би нэг өөр болчихлоо.Эсвэл ерөнхийлөгч болохоороо хүн хүнээс өөр болчихдог юмуу?Намхан мөртлөө өндөр ултай гутал өмссөн мэт ...надаас өндөр байсан хүмүүс тайрдас шиг тагжгар болчихсон ч юм шиг...Бурханы сургаалыг хөрвүүлээд ном болгож хэвлүүлмээр ч юм шиг...буг болохоороо хүн бурханд тал засдаг мэт...хүүхэд багачуудад зориулж ёгт үлгэр зохиогоод,хөмсөгөө зангидаж байгаад шазруун дуугаар уншмаар санагдана.Бар болно гэж ичихгүй мулт үсрээд,бар оронд очихоороо тансаг тансаг гэж юм үзээгүйдээ уулга алдаад...бие хүртэл хачин оргиод,ерөнхийлөгч болохоороо ингээд өөр хүний дүрд хувирдаг ёстой юм байх даа...Далан худалч болж гүйцлээ.Давхар мэхтэй хорчин ч болох юм шиг байна цаашдаа...эхнэр,хадам ээж хоёр ирвэл ...авилгалын загалмайлсан эцэг  ч болж мэдэх юм.Ах дүүс хамааман садан,танил танилаа ард түмнээсээ дээгүүр үзсэн албин чөтгөр ч болж мэдэх юм байна...Утас дуугарлаа...Авахгүй гүрийсэн чинь дахин дахин тасралтгүй дуудаад байхаар аргагүй авлаа.Тэгсэн багын найз Дондог ярьж байх нь тэр.
“Баяр хүргэе.Ард түмэн ч бас  ухаантай юм аа.Зөв хүнээ гаргалаа.Тэгэх тэгэхэдээ миний танил,багын ганц найзыг минь шүү.Ганц найздаа би тусалнаа.Банк,санхүүгийнхаа асуудлыг надад даалгачих...Найзын хувьд чамд хэлэхэд төрийн өмчийн хороо хавьцаа манай авгай таваргаж явах надад аятайхан санагдана шүү” гэлээ.

Духны минь хөлс гар утсан дээр минь унаад жижиг дусал болон цацрав...Араас нь салгахгүйгээр Дондогийн өвөө  ярилаа.”Байтаг Богдод” цэрэг байсан гэнэ.Ахмад дайчинд тохилог таван өрөө байр хэрэгтэйг уламжлаад хилийн тулгаралтанд оролцож,дайсанаа чиглүүлэн буудаж явсан хилчинд гавъяа шагнал хомс байгааг битүүхэн дуулгаад авав.Хэдэн дайсан руу буудсанаа хэлсэнгүй,оносон ч юмуу оноогүй ч юмуу бүү мэд.Байлдагч цолтой хүн генерал болох гээд байгаа юмуу мэдэх юм алга.Нөгөө эмээ ...намайг навс ховолдог эмээ ярилаа.Баяр хүргээд л байлаа.Баяр хүргээд л байлаа.Дахин дахин баяр хүргээд...зөнөсөн ч юм бол уу даа зайлуул...тэгсэн гэнэт чимээгүй болчихлоо.Үгээ хэлж дуусалгүй цус харвачих шиг боллоо.Цаана нь хүмүүс түргэн дууд гэж орилоод утас нь тасарлаа.Ум мааний хум пад.Долоон охинтой эмээ сэн.Хүүхдийн хүүхдүүд нийлээд нэг автобус болох байсан даа...Хаалга онгойв.Хаалганы цаанаас нил булга суусар болсон эхнэр маань
тэр чигээрээ ноос ноолуур болсон ээжийгээ хөтлөөд ялимгүй халамцуухан тас тас хөхөрсөөр орж ирж байв.Ерөнхийлөгчийн гэрт анхны авилгачид орж ирлээ дээ...Одоо яах вэ ,нэгэнт хутгалдсан хүн.Тэгээд ч би бүхэл бүтэн улсын хойморт суудаг ерөнхийлөгч хүн шүү дээ.Тоглоомоо эхэлье хайрт эхнэр минь,тонгойж суугаад багаа бүрдүүлье халамжит хадам ээж минь дээ...Халуухан юм ч боллоо.Ер хүрсэн аавыгаа гадаадад элчин сайд болгоно гэж хадам ээж минь томилгоог эхлэв.

Өвөөтэйгээ цуг арван нэгдүгээр ангийн охиноо элчингийн нарийн бичгээр явуулна гэж эхнэр сэргэлэнтлээ.Төрийн банкыг төгөлдөржүүлэх төсөл гээд эхнэрийн маань дүү Солонгосоос ирээд ажилгүй байгаа залуу баахан цаас бариад орж ирэв.Юу нь төгөлдөржүүлэх вэ?Сөнөөх санаагаа төсөл гэсэн байлгүй дээ.Араас нь сүйт бүсгүйнх эгч гээд жавхалзсан өндөр цагаан хүүхэн хилэм загас бүтнээр шараад ороод ирлээ.Олон жил багшийн ажил хийсэн дадлага туршлагатай хүн...удирдах ажилд өөрийгөө авьяастай гэж батлаад,боловсролын яам хавьцаа орлогч морлогч хийгээд байх санаагаа хэлэв.Хадам ээж гаалийн байгуулагуудын галын аюулаас хамгаалах бүдүүвч зураг гаргаж,энд тэрийг тэнд энийг гээд баахан тэтгэврийн хөгшдийн зураг гаргаж ирж уур барав.Тэгтэл байгаа байхгүй нь мэдэгддэггүй бага охин маань чимээгүй орж ирээд “Аав аа,бишээ ноён ерөнхийлөгчөө манай найз хөвгүүний аавыг төрийн компаний захирал болгож өгөөч” гэж гуйлаа.Хадам ээж төрсөн дүүгээ Тавантолгойн ТУЗ-д зүтгүүлэхээр хангинав.Сүүлдээ ч миний толгой эргэлээ.Унах нь ээ.Хамаг биеийн хөлс манай дээд айл ус алддаг шиг чийхрав.Нэг мэдэхэд би “Би ерөнхийлөгч болохгүй”  гэж хамаг чадлаараа хашгирсан юм.Тэгээд яахав дээ эхнэр “Миний хөгшин хар дарав уу” гээд зүрхэн тушаа зөөлөн илж байлаа.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.