05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

ЭХ ОРНЫ МЕССАЖ

Нүдний гал буурч,царай зүс алдсан
Нүүдэлчин цыган шиг амьдралд эцсийн цэг бий юү
Нүүгэлтэн хөвөх үүлэнд эх орны захиа ирвэл
Нүүр хийх газаргүй нүдэн балай үлдэх үү
Нүүн хөвөх үүлс шиг салхинд туугдан
Нүүдэллэн амьдрах дуртай улс юм бид
Нэг л юм болохоо байвал баруун тийш нүүдэг
Нэхэл хатуу мянга мянган жилийн түүхтэй юм
Төв азийн цээжинд дүүлэх Монгол нутаг
Түүх ундарсан хүн төрөлхтөний өлгий юм
Түм буман овог аймаг төрж,өсөн
Төрөлх нутгаа орхин баруун тийш нүүсэн юм

Арьсны үзлээрээ аагарахдаг   
Арийчууд анх нүүдэллэн явсан юм
Хоёр мөрний хөндийд
Хот улсаа байгуулсан юм
Хожим хойно скифчүүд    
Хойноос нь түрэн явсан юм
Готууд гэдэг варвар аймгууд
Голоор нь бас өрнөдийг чиглэсэн юм
Хүннүчүүд бас хэдэн хэсэг тасраад
Хүнд бэрх замыг туулан Ромд ирсэн юм
Хөвчин дэлхийд Аттилла гэдэг баатраараа
Хүн төрөлхтөний танил болсон юм
Их нүүдэл тасарсангүй

Ээлж дараагаараа нүүсээр
Эрин эринийг дамжин
Эцэс тэгсгөлгүй цувсаар...
Сяньби,Жужан,Нирун гээд
Цаашаа урсаж өглөө
Кавказын нурууны хойд талаар
Харийн нүүдэл үргэлжилсээр...
Хипчакуудын араас хөөж
Хиргисүүдээс дутаасан турэгүүд ч ирлээ
Хүннүгийн тасархай половчуудад ч
Хүрд эргүүлэх боломж ч таарлаа
Түүх түүхээ бичиж
Түрэгүүд Анатолийд омогших үед
Түрэмгий зангаасаа болж үхлээ дуудсан
Түрүүийн шах амь зулбаж ирлээ
Зэв,Сүбээдэйн удирдсан
Зэмсэг хурц монгол цэрэг
Мухаммедын толгойг авч явах замдаа
Монхор хамарт Кавказынхныг тохинуулав
Зуур замд дайсан мундсангүй
Зурам агнах шиг хядаж явав
Орос,половын нэгдсэн цэргийг
Оршуулгын газар болгоод одсон гэдэг
Түймэр шиг Монгол цэргийн
Түйвээгээд явсаныг мартаагүй байтал
Бат хаан их цэрэгээ дагуулан
Байлдах гэж ирлээ

Одоо яанаа гэгээн сахиус минь
Орос орон татарын хөлд унах нь...
Орон даяар уйлаан майлаан болж
Ортодоксын сүмүүд мөргөл үйлдэж
Ой модоор тариачид дүрвэж байлаа
Булгарын хаант улсыг бут цохиод
Бууж өгсөн бүгдийг дайчлаад
Бутарсан оросуудад сэхээ өгөлгүй
Бургас мөчрөн хаалтыг сэтлээд
Буурал европод монголчууд ирлээ
Их Латвийн ван ихэмсэг загнавч
Ичсэндээ найрамдал байгуулаад дальдирлаа
Нэрээ бодсондоо бантсан германы ван
Немц-польшийн нэгдсэн цэрэгтэй  тулгарлаа
Тулалдаан ч гэж тулалдаан байлаа
Тулах бололцоо ч олдсонгүй
Тухтай сууж үзээгүй байлдаж сурсан монголчууд
Тулааны “урлаг”-ын хичээл заалаа

Эзэн хаан нь тулааны талбайд
Эзэнгүй мал шиг үрэгдсэн байлаа
Ихэд гашуудсан эхнэр нь
Илдэнд цавчуулсан толгойгий нь олсон юм
Монгол морины хурдтайг яана
Маневарлах цэргийн овжиныг яана
Махир сэлэмний хурцыг яана
Наамал нумны мэргэнийг яана
Удирдах жанжины урлагтайг яана
Утаа майгаар төөрөлдүүлэхийг яана
Ухаант хааных нь цэцнийг яана
Удам дамжсан дайчныг нь яана
Дийлдсэн дайсанаа хүүрээ цуглуулж амжаагүй байтал
Дийлсэн монгол цэрэг дараагийн тулаанд эргэсэн юм
Дунай мөрний хөвөөнд Бела вангийн цэргийг
Дэлхийг танихгүй болтол бут ниргэсэн юм

Зэвсгээ даахгүй зэвсэглэсэн дайсныг
Зэлтэрийн гацаанд оруулж голын аралд живүүлсэн юм
Тэдний талд урвасан половчуудыг
Тэнгис далайн хаяа хүртэл хөөж намнасан юм
Хээрийн салхитай нөхөрлөсөн нүүдэлчин монголчууд
Хэдэн зууны турш европыг айлгасан юм
Хүнд дуулгаа чирсэн рыцариудад
“Хүнд” дасгалыг үзүүлсэн юм
Татарууд ирлээ гэж хүүхдээ унтуулдаг байсан юм
Татарууд ирлээ гэж татвар төлдөг байсан юм
Татарууд явлаа сүмийн хонхоо цохидог байсан юм
Татарууд далдарлаа гээд нойроо авдаг байсан юм
Багахан Оросыг тэд их гүрэн болгосон юм
Баялаг гэж юу байдагыг алтан зоос цутгаж харуулсан юм
Байлдах биш бүтээх ёстой гэдгийг
Барилга байшин хот хэрэм сүндэрлүүлж заасан юм
Тэглээ гээд тэр тэнэгүүд
Тэрслэхээс өөрийг бодоогүй юм
Батсарай хотыг байхгүй болгоод
Бояруудыг хор өгч алсан юм
Багшдаа тэрсэлсэн сурагч муугаа үздэггүйг
Байн байн сануулдаг ч
Догшин Иван шиг хэрцгий хандаж
Дорогш харж татаруудыг харгисласан юм
Их Оросын дээрэнгүй зангаараа
Эзэнгүй болтол Сибирийн омгуудыг устгасан юм
Хүн хөнөөх хичээлийг
Хөдөөгийн зэрлэг атаманууддаа сургасан юм

 

Амьд үлдсэн нэгнийг нь
Амьтны хүрээлэнд аваачиж
Сөнөж байгаа ястаныг аварсан гэж
Сүйтгэсэнээ нууж далдалдаг юм
Хөөгдсөөр байгаад нь зарим нь
Хойд туйлд хүрсэн юм
Цааны махаа түүхий идэж
Цайны оронд цас зажилдаг юм
Тайгын модоор тарсан
Тайчууд удмынхан хөөгдсөөр
Тундарт очиж төвхнөөд
Тэндээ олон жил болсон юм
Уулын ам дамжсан
Урианхайчууд маань
Улаан тугийн хувьсгалаар
Урваад яваад өгсөөн
Хонгилдой дуугаа дуулдаг
Хотгойдын буриадууд маань

Байгаль нуур шигээ тасраад
Бас биднээс явчихсан
Ичихгүй шүү дээ Иван ах маань
Идээд идээд цадахгүй
Эзлээд эзлээд дуусахгүй
Эдлээд эдлээд ханахгүй
Цаашаа яваад л байна яваад байна
Цадна гэж мэдэхгүй шүү дээ
\Орос хэлэнд  “поехали” гэдэг
Омогтой үг байдаг
Оршуулгын газар явахадаа ч
Огторгуйд нисэхэдээ ч хэлдэг юм\
Цагаан баавгай болох гэсэн юм шиг
Цаст туйлыг хүртэл  хамсан
Цаашаа яваад уйдсан уу,Алъяскыг
Цаатан эскимосуудтай нь зарчихсан
Усть-Ордын автономит округыг
Устгаад үгүй хийсэн
Агинский тойргыг бас
Арилгаж хаясан гэнэ лээ

\Чита муж удахгүй
Чёрт болох байлгүй\
Идээд чихээд ханадаггүй
Их Оросын гэдсэнд
Идээ бээр байна уу
Их л вирустсэн байх даа
Уулын доогуур ухаад
Ураныг аваад явчихна
Уран дипломат зангаар
Улсын хилийг тайрчихна
Давстай уулыг нь булаагаад
Давс оронд нь өгчихнө
Давс дуусвал манайхаас аваарай гээд
Даварч хүн доромжилно
Адарч үнэнийг хэлбэл
Аймшигтай тамална
Ангийн дайсан гээд
Автоматаар шүршчихнэ
Ардын хувьсгалаар далимдуулаад
Геноцоид явуулсан
Ардын дайсан гэж
Гэндэн,Дэмидүүдийг буудсан
Хаадын удмыг
Хар феодал гэж устгасан
Шажин номын эгэл хүмүүсийг
Шар феодал гэж хэлмэгдүүлсэн

Дөнгөж нэг номын бараа хараад
Дөрөөн дээрээ морьдох гэсэн болгоныг
Дайсны тагнуул болгоод
Даан ч хайргүй хядсан
Цагаан хаан ,зөвлөлт засаг хоёрт
Цаад бодлого нь ижил байсан
Цадахгүй ханахгүй шуналынх нь
Шүлс нь адил байсан
Алиман саран зулайд нь мэлтийх
Алтайн хязгаар минь үүрд баяртай
Алтан наран хаяанд нь улайх
Алсаас цэнхэртдэг Байгаль далай минь баяртай
Сибирийн тайгад үүрд мөнхөрсөн
Сүүлчийн Могиканууд баяртай
Шүлсээ үсчүүлж хараалаа урсгасан
Чукча удган баяртай
Дэлхийгээ хайрлах сэтгэлтэй
Дэрсү Узала баяртай
Тундрын овоохойдоо үлдсэн
Тунгус анчин баяртай

Баржуган төрхөмдөө баавгайтайгаа хоцорсон
Балжидмаа басганы аав Дондог баавай баяртай
Далайн эргийн алаг хав толгойн
Далайн хав агнадаг эрэлхэг хөвүүн баяртай
Ижил мөрний хөвөөнд Димитрийд цохигдон
Ижийгээ санан найраг бичсэн монгол цэрэг баяртай
Илгэн урагнаасаа нь салгаж Магаданд цөлөгдсөн
Ижлийн халимаг,Или,Тарвагатайн торгуудууд  баяртай
Коммунистуудын суманд далайн цохион дээрээс буудуулсан
Крымын зоригт  татарууд баяртай
Кавказын эрх чөлөөний төлөө гар зангидсан
Камиказууд,жаходууд баяртай
Ногой татар,авар,черкес,дагестан,ингушууд баяртай
Нойрноос нь сэргээх гэж тэмцэж яваа чеченьчүүд баяртай
Нойрноосоо сэрэхийг мартсан хойд талын
Норильскийн уурхайчид,карель,чукот,колым,ханты-мантийчүүд баяртай

Тула-д үйлдврлэсэн винтов бууны
Тугалган сумыг “мялаасан”
Үндэс угсаа нэгтэй
Үе үеийн баатрууд минь баяртай
Манжаас булаасан хар мөрний эрэг дагуух
Дагуур,солоон,эвэнк, алс дорнод баяртай
Мандах нарны улсыг луйвардсан
Далай дамжсан Хүрлийн арлууд баяртай...
Бид яагаад европод элэгтэй юм бол
Болохгүй болохоороо яагаад ийшээ зүглэдэг юм бол
Тэнцвэрээ алдах болохоор
Тив алгасдаг хуучтай байх юм
Харин энэ тухай ярьж байсанаа
Хадуураад өөр зүйл рүү явчихаж...
Онгоцоор,галт тэргээр дайрдаг болохоор
Орос орны талаар огшоод биччихлээ

Дэлхийн зургыг харах болгондоо
Дэлбэрэхээ шахдаг юм аа
Дэндүү шуналтайгий нь бодохоор
Дээрэмчин оросуудад уур хүрдэг юм аа\
Олон зуун жил европыг зовоосон туркууд шиг
Одоо бид “европ-“ын өвчтэй болж
Ажил нь олдож байвал
Авах нь чамгүй болохоор тэр үү...
Өвлийн тэсгим хүйтэнд
Өдөржин гадаа зогсож
Өвчин эмгэг тусч
Өл хоол алдан
Бөөндсөн бараагаа зарах гэж
Бөөцийж зогсоны эцэст
Бөөрөнхий талхаа авах гэж
Бөөн юм болсоноос
Хуруу хумсаа хугалан
Хуримтлуулсан хэдэн цаасаараа
Хулхидуулчихалгүй шенгены виз аваад
Хурдан европод ирвэл

Өмсөх зүүх чанартай хувцас бий
Өлгөж чимэглэх алт мөнгө ч бий
Өөд нь татах ажил төрөл ч бий
Өрөө хөлслөх буянтан ч бий
Монголдоо голоод хийдэггүй ажлаа
Молиго үмхүүлээд зугтдаг ажлаа
Хүн булаагаад авчих юм шиг
Хөлсөө гартал завгүй ажиллана гээч
Манайд бол хүний хөдөлмөрийг
Малаас дор үнэлдэг болохоор
Магтсан ч яахав эндэхийн ханшаар
Магнайгаа тэнийлгэтэл цалин авна
Үгүй ядаж,агаар ус нь сайхан
Үр хүүхэдээ дагуулаад ууланд гарахад урамтай
Үнэр тансаг цэцэгс өнгө өнгөөр алаглаад
Үзэсгэлэнт байгалийн сайханд сэтгэл санаа өөдрөг
Цахилгаан дүүжин,цаны бааз,хаданд авирах
Цаанаасаа бүх юм нь бэлэн

Нуурын эрэгт майхнаа босгоод
Нуруугаа наранд шараад хэвтэх бахтай
Тув тунгалаг усанд нь
Тулын зулзага сүлжилдээд
Тунарах торгон хөвөөнд нь
Туждаа хамт наадмаар
Эв эрүүл салхинд
Эгшигт хөгжмөө сонсоод
Ирээдүйгээ бодохоор
Эх орноо өрөвдмөөр
Шарсан махаа зооглоод
Шар айргаа шимээд
Санаа нийлсэн нөхөдтэйгээ
Чалчиж суух зугаатай
Гудамжаар явахад машин ирээд мөргөхгүй
Гуйлгачин түүлгэчин чаргуулдаад байхгүй
Гуталаа чирсэн дээрэмчин дагаад явахгүй
Гудамжны адагт отоод тоосгодохгүй

Хортой юм идээд
Хоолны хордлого авахгүй
Хугацаа нь дууссан юмыг
Худалдана гэж байхгүй
Угаагаад гадаа хатаасан хувцасыг
Урт гартан авахгүй
Унадаг дугуйгаа дэлгүүрийн үүдэнд орхиход
Унаад явчихна гэж айлтгүй
Зам дээр байгаа машиныг
Зураад явчихна гэж хар саналтгүй
Зуйван гэрэлийг нь хулгайлаад
Зугтана гэж бодолтгүй
Нийтийн тээвэрт хармааны хулгайчаас бүү болгоомжил
Нилдээ энд дуран камер байдаг юм
Алдсан гээсэн юмыг цагдаа нар
Арван минутын дотор авчраад өгдөг юм
Утаа тортог гэх юм алга
Уушиг сэвтэээх нүүрс хүчлийн исэл алга
Унтсан хойно хаалга нүддэг бүдүүлэг хүн алга
Уурлаж цухалдсан хилэнт харцнууд алга
Шөнийн харанхуйд араас хутгална гэж эмээхгүй

Сүүдрээ хараад хүн дагалаа гэж эндүүрэхгүй
Шүлс,нусаа нийлээ гэж хэн нэгэнд уурлахгүй
Шүлхийтэй мах идчихлээ гэж бачимдахгүй
Улстөрөөр талцаж,хоорондоо алалцахгүй
УИХ-ын гишүүн болно гэж хор найруулахгүй
Уул уурхайн лиценз дамлаж,улс орноо зарахгүй
Унадаг машинаа засгийн мөнгө хумсалж авахгүй
Мэргэч төлгөч болж хүн хуурахгүй
Мэдрэлээр нь тоглож,эд хөрөнгий нь салгахгүй
Мэхт бөө болж,харааж загнахгүй
Мэс далайж,хойноос нь хөөхгүй
Галзуу нохойнд уруулж,өмдөө хүүлүүлэхгүй
Гал тавьж,оронгоо шатаалгахгүй
Гамшигийн бүст бууж гэрээ урсгахгүй
Гай болж,халдварт өвчний голомтонд хашигдахгүй
Ажлаасаа хожигдож,эзнийхээ дургүйг хүргэхгүй бол
Ажлаасаа хусагдана гэж эмээхгүй
Сайн хийвэл шагнаж урамшуулна
Сар жилээр нэмж цалин тооцоно

Бичиг баримтгүй “хар” ч гэсэн
Бэргэж эмээх хэрэггүй
Эрүүгийн хэрэг хийхгүй л
Илээд явуулна толгойг чинь
Өвчин тусахад л жаахан хүнд дээ
Өгдөг авдаг нь чанга
Өчнөөн төчнөөн жил болвол
Өөрийгөө аргалдаг арга ч олдоно
Хэл сураад чөлөөтэй ярьдаг болчихвол
Хэн хүний эвийг олдог болдог юм
Хэлтэй бол хөлтэй гэгчээр
Хүний нутагт эх орондоо байгаа мэт амьдардаг юм
Ажил олдохгүй Улаанбаатарт гутаж явсанаас
Амиа тээгээд хүний нутагт амьдрах буруу ч бишээ
Алт амалсан төрийн хуурамч үгэнд итгээд
Арчаагаа алдаад гуньж явсанаас дээр байдаг юм

Зах зээлийн нийгэмд хөл толгойгоо солиод
Замардаг юм хүний амьдрал
Засаг төрийн ажлыг эргүүчүүд баривал
Заяа нь үхэж,иргэд нь ядуурдаг юм
За,яамай засгийн бодлого надад хүртээлтэй биш
Замаа олоод,мөрөө хөөгөөд явах шиг жаргал алга
Заримдагуудын нийгэмд өөрийгөө борлуулаад
Засгаас царай алдахгүй явбал барав
Хүн болгон төр барьдаггүйгээс хойш
Хүрз зээтүү нэг нь барих л болно
Хүслээрээ нэг нь дээрэмчин болоход
Хүмүүжүүлэх гээд нэг нь хөөх болно
Алт эрдэнэсийг нэг нь тахидаг байхад
Авъяас чадварыг нэг нь үнэлдэг л байгаа
Аравнайлсан бурханд мөргөөд нэг нь залбирч явахад
Аав ээжээ шүтээд нэг нь ачыг нь хариулж яваа
Өөрийн нутгийн дарга-бурхнаас

Хүний нутгийн эзэн-чөтгөр дээр юм
Өвөө эмээдээ ч сүүний мөнгө илгээгээд
Хүү нь зөв яваа юм биш үү?
Эцэг эхэдээ буян үйлдээд
Элбэрэл журмаа дээдэлж яваа юм биш үү
Эхнэр хүүхдээ хүний гар харалгүй тэтгээд
Эх орноо хайрлаж яваа юм биш үү
Тэгэвч нэг л юм өөдөө огшдог
Тэнгэрлэг  сайхан эх орон минь
Тэргэл сарнаа мандуулж
Тээглэх юм хоолойнд...
Түм буман жилд дураар наадах нутагтай
Төгөлдөр байгалийн чимэг эх нутгаа санадаг
Толгод тойрсон ингэний буйлаатай
Торго шиг зөөлөн говио дурсдаг

Ургамал  ус нь тэгшхэн хангайн сүрлэг ууланд
Уянгат хөхөөний дуу эгшиг хадуулж  байгаа
Уудмаас уудам талын хараа хүрэхгүй алсад
Утаат гэрийн дотор Монгол хүн суугаа
Харьд буруулсан бэрээ элэг эмтрэн санаж
Хатуу сэтгэлт хадам аав харамсаж суугаа
Хар цайнд гол нь харласан буурал ээж
Халамжит хүүгээ үгүйлж мааниа уншиж суугаа
Уран гоо бүсгүй шүүрс алдан
Утас мэтгэн үйл урлаж суугаа
Бурханы гуун дахь аавынхаа зургыг
Бяцхан хүү хуруугаараа илж суугаа
Алтайн уулс анчин хүүгээ харуулдан
Аргаль янгир нь хад дамжин дүүлнэ
Адуучин эрийг мөрөөдсөн Хэрлэн гол
Аадар борооны ус шиг эргээ цалгина

Саальчин бүсгүйгээ санасан
Саалийн хувин мөнгөрч хүлээнэ
Савхан хуруугий нь үгүйлсэн
Шанз хөгжим гансарч хүлээнэ
Охид хөвгүүдээрээ дутсан
Орд өргөө чинь
Онгойж хүлээнэ
Хөвгүүд охидоороо дутсан
Хөрс шороо чинь
Хүнгүйдэж хүлээнэ
Газрын доорхи баялаг чинь
Гансарч хүлээнэ
Ган төмөр хүлгүүд чинь
Зэвэрч хүлээнэ
Галаар тургих үйлдвэрүүд чинь
Зэвхийж хүлээнэ

Ганц олдох эх орон чинь
Гал алдаж хүлээнэ
Гансарч суугаа аав чинь
Галгиун хулаа сойж хүлээнэ
Ганган шаавай охид чинь
Ганганаж хүлээнэ
Тиймээ, тэртээх уулсын цаана
Тэнгэрт тахисан эх орон минь бий
Тэрлэсэн шүлэг шиг сайхан нь
Тэнд байгаа гэжүү эх орон минь


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.