05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Эмгэнэлийн тахил

Их хар хэнгэрэгээ дэлдэж
Эрхэт хөх тэнгэрээ дуудаж
Эрэлхэг баатаруудаа дагуулсан
Эзэн Чингисийн сүнсийг даллаж
Эх болсон Монголынхоо өмнөөс
Эмгэнэн гашуудах учир байнам.
Эндэж алдсан бол намайг
Их засаг хуулиараа шийтгэтүгэй
Элбэг заяагаа харлуулсан Монголын төлөө
Элдэв шийтгэлээрээ өршөөлгүй цээрлүүл
Эмс хүүхнээ сургаж дийлэлгүй толгой дээрээ гаргасан бол
Элэг зүрхийг минь сугалж сүлдээ тахь

Энх дэлгэр орноо харийн нутгаар сольсон бол
Эгэм мөрөн дээрхи  хар толгойг минь цавч
Эрдэнэс баялгаа гадны доншуулагчдад “бэлэглэсэн” бол
Эрүү шүүлтийн дээдээр нугасыг нь хөвчилж ал
Төрийн мөнгөөр “казино” тоглосон
Түшээ бол хурууг минь огтол
Түмний хөрөнгө зувчуулсан
Тэрбумтан бол гарыг минь тайр
Тужийн нарс огтолсон
Түлээчин бол модноос дүүжил
Туулын усыг ширгээсэн
Нинжа бол усанд үй

Алтан ургаа мэсээр таслан
Аборт хийсэн алчуурчин бол харваж ал
Арвайн ширхэг шиг зүүний үзүүрт тогтсон үрээ
Алс холын тэнүүлчинд заяагий нь даатгасан бол намна
Хар нүдэн охидоо хайхрахгүй алдаж
Харь цустны бэр болгосон бол жадалж хөнөө
Халуун цустай Монгол бүсгүй амаржиж
Хятадаар бүүвэй аялсан бол хөнгөлж гэсгээ
Хөвчин дэлхийгээр тарсан шингэн дуутнууд самуурч
Хөл толгойгоо олохгүй хөнжлийн “бэрхшээл-“д уургалуулсан бол
Хоолны мөнгө үрдээ явуулах гэж зарц болж
Ховор үүлдрийн нохойны гөлөг угжиж байгаа бол
Үүрдэг цүнхээ тугалган цаасаар доторлоод
Үнэртний дэлгүүрээс ус энгэсэг хулуулж яваа бол
Өвчин эмгэг тусаад эмчлэх мөнгөгүй шаналж
Үдшийн нэвтрүүлгээр гуйлга гуйж зүдэрсэн бол

Хүний нутаг гүний хошуунд
Хөлөө гэдсэндээ хийлцэж,хөгөө чирсэн бол
Хүссэн хүсээгүй нэг л өдөр “ачигдаад” гэртээ буцахад
Хүүрээ “хаях” эх нутаггүй мэт судсаа ханасан бол
Хөгшин буурал аав ээжээсээ нүүр буруулж
Хөлий нь хөсөр гары нь ганданд “хаясан” бол
Хүмүүн заяагаар учирсан үрийнхээ сэтгэлийг хиртүүлж
Хүний төрлий нь төөрүүлж,өнчрүүлж орхисон бол
Шийтгэтүгэй намайг шийтгэтүгэй
Ширэлдсэн үсний минь ширхэг бүрээр ташуурдтугай
Алуурчин,дээрэмчин,луйварчин,мэхлээч
Авилгачин,хахуулчин,янхан,халаасны хулгайч
Ааш авир адаг болсон шаарнууд
Алт мөнгөнөөс өөрийг бодохоо больсон
Арилсан дотортой хүн-хогнуудын өмнөөс
Алтан амиа өргөе өө дээдэс минь намайг тахь
Их хэнгэрэгээ дэлдэж
Эрхэт тэнгэрээ дууд
Эвэр бүлээгээ үлээж
Их хар сүлдээ зал

Ялагч баатруудын сүнсийг дуудаж
Ял асуу
Ялгуусан Монгол морьдын
Ясан туурайн дор хэрэг хүлээлгэ
Шийтгэх хуулиа үг өгүүлбэрээр унш
Шихи хутагаар хурлыг удирдуул
Шударга үнэн засаг гэж байдаг бол
Шуналын үрэл залгисан биднээс хэдийг нь цээрлүүлэх бол?
Ерөнхийлөгчөөсөө эхлээд энгийн иргэнээ хүртэл
Ертөнцийн бузар шингээгүй хүн бий юү
Эд хөрөнгөө ягаан тасалбараар хулхидуулаад
Эрхтэн дархтандаа “алдчихсан” бидэнд
Эрдэс баялгаа “лицинз-“ээр харийнханд зарж баяжсан
Их хурлын эрхэмсэг ноёд,”цагаан” гартангуудаас ялгаа байна уу

Түмний хишгээр түрийвчээ цүндийлгэсэн
Төрийн мяндагтануудаас өөр “үнэр”-тэй юү
Хэлээд өг хөх тэнгэр минь
Хэлцээд шийтгэ өрлөг баатарууд минь
Хилэнгийн дөлөөр хуйхалж
Хийсэн хэрэгт нь “жавтий” хүртээ
Түм түмээр нь “идэх” гэж
Төрийн тэргүүн болдог
Төсөв мөнгөнөөс луйвардах гэж
Төрийн сайд болдог
Түмэн олны тархийг угаах гэж
Түүхий сонгууль явуулдаг
Түмпэн түмпэнгээр цацсан мөнгөөрөө
Түрийвчнийхээ зузааныг гайхуулдаг

Ерөнхий сайд гэдэг том тушаалтан
Ерөнхийдөө нэг “мафын” толгойлогч
Хор бүхнийг эхэлж найруулаад
Хоосон зай аваад ард нь үлддэг зальтан
Их хурлын дарга гэдэг цооромбо байна
Ихэд чанга унших нь унзад ч гэмээр
Далан зургаан худалч дундаас тодорсон
Далан худалч Мянгуужин юм
Баталсан хуулийг нь хар
Баячуудад зориулсан хууль гаргаж
Баясаж гар өргөөд...
Барлагуудад бол шийтгэл зохиогоод
Бах нь ханасан дүртэй
Басаж тохуурхаад
Цэнхэр дэлгэцээр өдөр бүр зугаацаад
Цэцэн хүн болж,жүжиг тавиад

Өрсөлдөгчөө муулж,доош нь хийгээд
Өөрийгөө магтаж,өөд нь өргөмжлөөд
Өнхрүүш мэт хоёр хүний хооронд хов зөөж гүйгээд
Үнэндээ цайчихжээ төрийн түшээд маань
Үстэй толгой арзаймаар мөнгө яриад
Үйлдвэр,уурхай,зам,гүүр барина гэнэ
Үнэхээр тэр нь үнэн юм бол ажилгүй залуусаа цуглуулаад
Өмхий амтай өмнөд хөршийнхөө оронд ажиллуулаач
Хөдөлмөрийн захад бүртгүүлсэн ажилгүйчүүд
Хүний “амь” хийхээс өөр “ажилгүй” болох нь
Хүний хоолой хэрчинэ гэдэг
Хөнөөл биш хүүхдийн тоглоом болох нь
Гай нь дуудсан юм шиг
Гадагш салхинд гарвал
“Галзуу” барын аманд
Ганхийхгүй орох нь

Дурандаа согтсон солиот
Духаараа хана мөргөж үхэх нь аз
Дугуйны нөхөөс болгох хөлчүү жолооч
Дуун дээрээ сүнгэнэж яваа шүү
Охид хүүхнүүд номын сан,бүжгийн дугуйлангаас
Оройтож тарвал хүчирхийлэх нигууртай
Орц,гудамжны аманд аав ах нь тосож
Орос калибрь бариад оноож хүлээх нь өлзийтэй
Хүнс хоолны дуршил нь
Хятад хоолны орцтой
Хилийн дээсээр томсон
Хэрчсэн гоймонгийн нормтой
Хорвоогийн хоногоо тоолсон
Ходоод,элэгний хавдартай
Хонгил,шуудуугаар тархсан
Хүн-хархнуудтай

Гудамжны шороо хамсан
Гундуу гундуу бөөвөөчүүдтэй
Гуйлга гуйсан халтар жаахан охинтой
Гутал тосолсон бондгор бор хүүтэй
Утаа угаартаа манарсан
Уушиг цээж нь устсан
Уур уцаар нь суунагласан
Үс сахалдаа баригдсан
Өнөө цагийн Монголыг
Өрлөг жанжид минь болгоо
Өндөр дуугаар тушааж
Өгөх шийтгэлээ өг
Хааны үр гэж
Халгаж бүү өршөө
Хасарын удам гэж
Халдахаас бүү ай

Боржигоны үрс доройтож
Босоо тэрэгтний боол болсоныг
Боорчи,Борохул хар
Хатигины хойч харласаныг
Хатгалдах дайсныхаа хоолны сав болсоныг
Хот балгасыг эзэгнэж явсан Мухулай үз
Зээрийн сүрэг газрын энгийг бүрхсэн тал
Зэвтэй төмрийн хог болсоныг
Зэлмэ,Зэв хоёр мэдтүгэй
Бие биенийхээ дээр гарах гэж
Бичигдээгүй хуулиараа өрсөлдөхийг нь
Билгүтэй ноёнтон анзаарав уу
Шүлгэнэж долгиносон
Шүлсээ үсчүүлсэн бялдууч зангий нь
Сүбээдэй баатар шүүв үү

Эргэж хургасан
Эрчээ алдсан эм явдлыг нь
Эрхэм Чандага эндэлгүй ажсан даа
Улаан үнэнийг нуулгүй
Улсын заргач Шихихутаг
Уудалж дүгнэх биз дээ
Эрдэнэсээр баян тулдаа
Эх орон минь
Элгээрээ мөлхчилгүй гэлдэрч явааг
Эзэн хаан минь тольдож байна уу
Их хар хэнгэрэгээ дэлдэж

Эрхэт хөх тэнгэрэгээ дуудаж
Эрэлхэг баатруудаа түүчээлсэн
Эзэн богдын сүнсийг залж
Хан уулын оргилд
Хамаг Монголын эмгэнэлээр сор тавьж
Хатан Туулын хөвөөнд
Халуун гараа атгалцан их даллага өргөе
Уул нурууг зэсээр бүтээе
Ус голыг оюугаар чимэглэе
Уудам огторгуйг мөнгөөр бүрье
Ургамал талыг номингоор хулдъя
Тунгаамал алтыг хайлуулж
Тулга тавъя

Утаагүй хүрэн нүүрсээр
Улаан гал өрдье
Таван хошуу малаар
Тахил өргөмүй
Тал доорхи эрдэнэсээр
Та бүхэнд хувьцаа түгээмүй
Өтгөс бууралын
Өвчнийг анагаая
Өлгийтэй балчирт
Өөдлөн дэвжихийг ерөөе
Өсөх өнчингүй элэг бүтэн
Өргүүлэх үргүй элбэг дүүрэн
Өнөр бүлээрээ ам бүл нэмж
Үхэлгүй мөнх үүрд жаргахыг хүсье

Өргөн түмнийхээ өмнөөс
Өрдөх галын зул болъё
Өөрийгөө өмгөөлсөн өтсөн нүгэлтнүүдийг гэрэлтүүлж
Өмнөөс нь би ухаарлын гал болъё
Уруугаа эргэсэн засаг төрийг сэнхрүүлж
Уруй дорой ардыгаа дулаацуулж
Удам дамжсан малчин заяагаа тэгшилж
Ухаант эзнийхээ хөлд сөгдье
Мөнгөөр хэмжээд ам дөрвөлжингөөр тооцсон
Мөдхөн зарах гээд дээдчүүл гадаадынхантай хуйвалдсан
Сая зургаан зуун мянган ам дөрвөлжин нутгийг
Саран наран дуруйсан мөнх тэнгэртээ тушаая

Богд эзэн Чингис хилэн нь хүрч
Боорчийг зарлигдаад цэгээ авчраад залгина
Боолуудаа дуудаад их шороон хэрэм босго
Босго давсан харийн шуналтнуудыг харва гэж тушаана
Буруу санаатанд сөөм газар өгөөгүй юм гэж
Буурал сахалтай кидан түшмэл судар уншина
Өвөг Хүннүгийн үеэс өвлөж хамгаалсан газар нутаг
Өштөн дайсан ирвэл үтэр өшиглөн хөөнө гэж
Өгөөдэй хаан ваартай бор дарсаа сөгнөөд
Өмнө зүг рүү гар зангидан хараал тавина
Хаад дээдэс минь би амь гуйх эрхгүй
Халуун чулуу долоосон та бүгд хэрхэхийг шийдтүгэй
Хайран сайхан орныг чинь яйран болгосон
Хамаг бурууг би өөртөө хүлээе
Хөх Монголын хүн ардыг гуйлгачин болгосон
Хүнд их ялыг давхар би үүрье

Их хэнгэрэгээ дэлдэж
Мөнх тэнгэрээ дууд
Ясан дунгаа үлээж
Ялалтын сүлдээ зал
Зовсон түмнийхээ зовлонгын нулимсаар
Зол болгож хундага тулгасан
Эх орныхоо эрдэнэсийн сангаар
Эхнэр хүүхдийнхээ ирээдүйг цэцэглүүлсэн
Эрхтэн туурайтан бүхний нүглийн өмнөөс
Эр биеэрээ тахил өргөж байна
Эмгэнэлийн тайллагад их эзэн биеэр морилоод

Их засаг хуулиа заргачаар дуудуулж байна
Хуулийг гууль болгодогууд сонсоорой
Хүнийг мал шиг боддогууд хараасай
Албат ардаа гаргуунд нь хаясан хааныг
Амьдаар нь шороонд булдаг гэнэ
Аз жаргал үзээгүй хүнийг
Амьд үлдээдэг гэнэ
Тэгсэн ч би галд үсэрч орноо
Тэнгэрийн оронд өвөө нартайгаа зочилноо
Тив тэнгэр бөөг газраас дуудахад нь
Тэмцлээ үргэлжлүүлж дахиж ирнээ

Хаан шиг хаантай түшиж яваад ирье
Халдах дайсныг нь баатруудтайгаа бут цохъё
Хацар гоо охидыг нь үнэрлэж сонжоод шинжье
Харваас үнэнч охид байвал хатан болгоод оргуулаад ирье
Газар нутагтаа эзэн байхыг суръя
Гал асааж хэт цохиж үзье
Эртний сайхны аянд эрэлхэг Монгол цэрэгтэй аялж
Эх орноо хамгаалах эрдэмд сураад ирье
Арьсан хэнгэрэгээ дэлдэж
Ахуй төрөө мандуулъя
Мянган адууны сүүлтэй
Мяндсан сүлдээ залъя


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.