05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

ҮХЭЛ

Хэлээд ирэхгүй
Хийсээд ирэх үхлийг
Хэргээ болохоор
Хэнбугай нь ч тойрохгүй
Мигжиджанрайсаг босгоод дийлэхгүй
Мянган бурхан хүрээлсэн ч аврахгүй
Авахаа авах гээд ирсэн бол
Алтны “магнат” байсан ч аваад явна
Чи муу тэр сайн гэж ялгахгүй
Чихэнд нь авилгал шивнээд сонсохгүй

Шижир алтаар мандал өргөсөн ч
Шилж сонгохгүй адилхан аваад явна
Шүүх прокурор шиг хууль уншаад
Шүүж тунгааж цаг алдахгүй
Шүүрсэнээ барьдаг бүргэд шиг
Шүлсээ үсчүүлээд аваад явна
Нэгдүгээр зэрэг хоёрдугаар зэрэг гэж
Ниийгмээр нь алагчилахгүй
Нэр овгоор нь дуудаж
Нийслэлийнх,хөдөөнийх гэж
Нутгаргахгүй
Эрлэг Номун ханы
Элч ирсэн л бол
Эмнэлгийн магадлагаа хэрэггүй
Хөх хотод очиж
Хөлс мөнгө төлөхгүй
Өдөр хоног хожиж
Өвчин зовлон ярьж
Өрөвдүүлэхгүй
Түвд тан ууж
Түдгэлзүүлэхгүй
Сүлжээний бизнес хийлгэж
Сүйхээлүүлэхгүй
Эрлэгийн элч зарлагад
Эмгэнэлт хорвоогийн виз үйлчлэхгүй

Ирсэн бол буцдаг орчлонд
Илүү дутуу юм хийлгэхгүй
Тийм болохоор үхлийн өмнө
Тэргүүнээ бөхийлгөдөг юм
Тэнэсэн суманд оногдсон
Тэнэг байсан ч
Тэнгэрийн хүү хуандий байсан ч
Тэрслээд дийлдэггүй юм
Төрийн далбаа хүртэл
Түмэнтээ сөгддөг юм
Тэмцээд дийлэхгүйгээ мэдээд
Титэмээ хаад мулталдаг юм
Байгалийн жамаар
Бурхан болдог ч
Балмад нийгмийн гайгаар
Бүрэлбээ ч болох юм
Үхтэл орших төрөлх нутагт минь
Үхээрийн бузар шингэвүү
Үхэл гээч нь ердөө л
Үзэгдэл л болсон байх юм
Төрөхийн заяа нь сэвтэж
Төрийн халамж дутаж
Төрөх багачуудаа хэвлийд нь
Түм бумаар нь устгах юм
Төрлөө олоогүй тэдэнд
Төрсөн гэр нь багадаагүй ч
Төгрөг мөнгөний ханш
Төсөв хөрөнгөний хоосрол
Хүнд суртлын завхрал
Хүйтэн сэтгэлтний харгайгаар
Хүн болох торгон заяагаа
Хөсөр хаях болж дээ...

Төлөвлөгөөнөөс гадуур төсөвлөөд
Төөрсөөр төрөлдөө ирэхэд нь
Төрөх эмнэлэг нь олдохгүй
Түргэний эмч ирэхгүй
Бөөн хэл ам болж төртөл
Бүтэлттэй төрвөл яах вэ
Бүүвэйн дуун сонсох хувьгүй
Бүлтгэрхэн үрс минь яав даа...
Амьгүй ураг төрлөө гэж
Аав ээжийг нь
Ад үзэлтэй биш
Арчилж тойголж чадсангүй гэж
Алтан гарт эмчээ
Аавынд явуултай биш
Хаана хаанаа болохгүй
Харалган төрийг авч хаялтай биш
Хаан эзнээсээ уламжилсан
Хамаг Монголоо сөнөөлтэй биш
Болохгүй юм ч их байх юм
Бодлогогүй засаг ийм байх юм
Боржигон удмын  үр тасрах
Боож үхэх цаг ирмээргүй юм
Хөх тэнгэр минь өршөө
Хөвчин дэлхийд Монгол ямар байсаныг
Өнөөгийн муусайн хувалз нарт
Үүх түүхээр нь ярьж өг
Галд хуйхлагдаж,мэсэнд цавчуулж байсан ч
Ганц нэг овог үлдэж байсан ч
Гарцаагүй бидний хойч үлдэж

Гал голомтоо бадруулна гэж итгэсэн юм
Эцсийн тулааанд цөөхөн хүн үлдсэн ч
Эргүнэ мөрний шугуйд нуугдаж
Эцгийн цээжээр бамбай мэт халхлуулж
Эхийн нуруунд шувуу мэт үүрлэсээр
Цавчивч ургах хулс адил
Цагийн эрхээр олон болж үржсэн юм
Цаст Шивэрийн эльхин төрлөөсөө бэр буулгасаар
Цаашлан Хэнтий хандаа суурьшсан юм
Хар Киданы үед
Харвах сумны зэв болсон юм
Хабул хааны үед
Хамаг Монгол болсон юм
Хаан Чингисийн үед
Хамгийг дийлэгч болсон юм
Харгис  манжийн үед
Хамуурч жаахан үүрэглэсэн юм
Улаан хувьсгалын шуурганаар
Унтаа нойрноосоо сэрсэн юм
Улаан тарианы үед
Ураг угсаагаа  сэргээсэн юм
Бөртэ чонын угсаа
Бүрэн улс минь
Бүүдийн бүдгэрэх
Бүрхэг цаг олон байсан ч

Хэвлийдээ байгаа үрээ
Хэлмэгдүүлж байгаагүй юм
Хэлхэж угсардаг эсгий гэртээ
Хэзээнээсээ хаан суусан юм
Мандуул хаанд үр заяаж
Манцгар улаан хүү төрөөгүй ч
Мандухай сэцэн уран ухаанаар
Мандах төрөө аварч чадсан юм
Хаадын удмыг байтугай
Харцын удмыг хэлмэгдүүлсэн
Хүнд бэрх Сталины үед ч
Хүй цэглэх үрээ үлдээсэн юм
Дайн дажин зогссон
Дал,наяад онд
Даян хааны ач нар шиг
Даамай олуулаа төрсөн ч
Зах зээлд оруутаа
Замбараагаа алдсан юм
Засгийн бодлого буруугаас
Завхарч сүйрсэн юм
Хүний эрх нэрийн дор

Хүүхнүүдээ абортолсон юм
Хүний наймааны сувгаар
Хүүхнүүдээ экспортолсон юм
Хортой хүнсээр ард иргэдээ
Хорвоог орхитол дайлсан  юм
Хоолны оронд хятад гоймонгоор
Ходоод цоортол бөмбөгдсөн юм
Мөнгөтэй нь ч ялгаагүй
Мөөгтэй шанцайнд гэдсээ үрэвслүүлж
Мөнгөгүйтэйгээ  адилхан
Мөлхөж эмнэлгийн үүдээр орсон юм
Өвөө гэж өхөөрдсөн
Үхлийн тунтай хар усаар
Өнчин ишиг шиг угжуулсаар
Үгүйгүүчүүдийн арми нь сөнөсөн юм
Үлдсэн цөөн нь
Үхэгсэдийнхээ булшийг ухаж
Өвчин шаналалаа огоорон
Өдөр шөнөгүй
Өмхий спиртээ ууж
Өт хорхой шиг өрвөгнөн
Үхлээ хүлээн
Өдөр хоногоо тоолно
Үхэл гэдэг Монголын
Өршөөлгүй дүр зураг болж
Өчигдөр үхээгүй нэгнээ
Өнөөдөр үхэхэд гайхахаа болжээ
Утас дуугарахад хүртэл
Унжийж айдаг боллоо
Хэн нь бурхан болсон бол гэхээс
Хэлэх үггүй боллоо

Гайгүй соёлтой юм бол уу гэтэл
Гадныхан хүртэл маниусаа бүрэлгэх юм
Хойноос ирээд хот минийх гэгчээр
Хоёрхон сая хүнээс минь хороох юм
Хөвсгөл аймагт америк эр
Хөрөө рамчин хөдөөний эрийг
Хөрөөдсөн тайрдас онож байгаа мэт
Хөл гаргүй муудаад хөнөөнө
Араб дахины хараал идсэн
Алс холын израйл жуулчин
Авто замын ралли шоу шиг
Араас нь мөргөөд шад хийлгэнэ
Дорноговийн малчин залууг
Дугуйгаа мялааж хэд дайраад
Доог тохуу хийх мэт машинаараа чирээд
Дураараа хүний амиар наадана хятадууд...
Ар өвөр Монгол гэхгүй
Ачааны том машинаараа
Арчаагүй монгол хүний
Амиар наадаж зугаацана...
Үйлдвэр уурхайн осол
Үдийн нар шиг дагана
Өглөө ажилдаа явсан хүнийг
Үдэш ирэхгүй бол гайхах хэрэггүй
Оюунтолгой барьж эхэлмэгцээ
Осол эндэгдлээ хүний амиар бүртгэнэ
Олохоосоо шулуулах нь их төсөл нь
Олон хүний амийг авах барьцадтай

Шороонд даруулаад бүрэлбээч боллоо гэнэ
Шонгийн модонд наалдлаа л гэнэ
Шоронд ороод турж үхлээ гэнэ
Шорлог идээд чад хийлээ гэнэ
Хөрс шороо сэндийлэгч иргэд гээд
Хөдөлмөр хамгаалалт байдаггүй юмуу
Хүрз нүүрс,тэрэг жоншноос илүү
Хүний амь хямдхан байдаг юмуу
Эрдэм заасан багш нар нь
Эрлэгт явах томилолт өгдөг үү
Энд тэндгүй утасны модонд
Эрчим хүчнийхэн хүн дүүжлэх юм
Орон шоронд хоол өгдөггүй юмуу
Орсон гарсан нь тураалаар явах юм
Овгорууд нь ландагийг нь журамладаг юм бол
Оцойж сахисан хуягаар яадаг юм
Шүүрхий шарсан махаар
Цээжнийхээ хорсдогыг дарах гэтэл
Шүлхийтэй мах таараад
Сүнсээ эрлэгт тушаах юм
Үхэж үрэгдэж байгаагийнхаа тоогоор
Үнэндээ монголчууд хол тасарчээ

Дайн дажинтай орнуудыг
Дагуулахгүй их үрэгддэг болжээ
Мааний бадмихум гэж
Маань араас нь уншина
Маргааш би үхэхийг
Маарамба домч ч мэдэхгүй
Хүн цааш харуулах нь
Хөдөөд мал нядлахаас илүү
Хөгширч муугаа үзэхгүй
Хүүхдээрээ бурхан болох нь илүү
За тэр хэлээгүй юү утас дуугарлаа
Заавал нэг муу юм болно шүү
Зуун насны найраа хийх гэж байсан чавганц
Зуухныхаа аманд бүдрээд зуурдаар явчихаж
Ууж тасарсан Дондог
Уржигдар шөнө эрүүлжүүлэхэд
Ухаангүй хүлээтэй хэвтээд
Ургах нарнаар өөд болж
Уушигны өмөн үүгээр Балдан гуай явж
Уушиг нь цоороод шүүр шанага болсон гэнэ
Удвал эмээ мухлагтаа харваж гэнэ
Удсангүй  өвгөн нь элгээр араас нь очиж гэнэ

Нойр булчирхайгаар
Норов тугдайж гэнэ
Ходоодны хавдраар
Хойлог хорвоог орхилоо
Сайхан төрсөн Сампилмаа
Савны ракаар өнгөрлөө
Цангинатал дуулдаг Самбуу
Цагаан хоолойн хавдраар цааш харлаа
Зүс сайтай Жимсээ баасан ахын орой
Зүүн буудалд хүнд хорлууллаа
Зүрх муутай Сүмбэр бямбын шөнө
Зүүдэндээ хар дараад клапан нь хаагдлаа
Цэрэгт явсан Мэргэн бага даргадаа
Цэх зогссонгүй гээд шанаадуулаад  
Шалан дээр  гэдэргээ савж унаад
Шамбалын оронд заларав аа
Нойрсуулагч эмч нь шал согтуу
Нойрны тариагаа тунгы нь ихдүүлээд
Мухар олгойн хагалгаанд орсон Оросоо
Мушийж ч чадалгүй жанч халав аа
Шувууны ангаахай шиг
Шулганаж явсан хөвгүүн
“Шувуун”-ы ханиадаар...

Галууны дэгдээхэй шиг
Ганганаж явсан охин
“Гахайн” ханиадаар...
Үхэх шалтгаан ч мундахгүй
Өвчлөх өвчин ч тоймгүй
Үхэхээ болвол хүн
Өндөр өсгийт дээрээсээ ч халина
Эрүүл хавьталт гэж сурталчилсан ч
Эр эмгүй бэлгэвчинд дургүй
Рекламын ард эрээн гаагааныхаа
Резинийг таслаад тэврэлдэнэ
Биеэ үнэлэгч гэдэг мэргэжлээ
Бие биедээ гайхуулна
Бэлгийн хавьтагч нь Дох-тойг мэдэхгүй
Бэлтэй хүний цавь үнэртэнэ
Эр хүйстэн хаана байна
Эрээн Бээжингүй тэнэнэ
Энэ дэлхийн хаа бол хаа
Эрдэнэ хайж яваа мэт доншуучилна
Ичих ч үгүй дэлхийгээр нэг хэсч
Эр хүн байвал террорист байсан ч наалдана
Далай гаталж олж ирсэн эрдэнийг нь хараач
Дархлал хомсдолын хам шинж өвчин шүү
Даанч дээ даанч яав
Дархан Монгол орон минь
Далай эх нутаг минь
Далан давхараар дүүрлээ

Хүн болох гэж ирсэнийгээ
Хүйн хавдраар угтах юм
Хүсээгүй байхад нь нэгэндээ
Хүүр хадгалах газар тийз өгөх юм
Долоон миллиард хүн төрөлхтөн дотор
Дэндүү цөөхүүлээ шүү дээ бид
Домог болсон түүхээ ярих юм бол
Дэггүйдээ бид цөөхөн үлдсэн шүү дээ
Дэлхийн дайдыг зэвсгийн хурцаар эзлэх гээд
Дэлтэй мориндоо ташуур өгөн давхихадаа
Дээгүүр харан цацсан үрээ
Дэлгэрч соёолохыг хараагүй шүү дээ
Бидний тарьсан тариа арван сая байдаг ч
Биеэрээ Монгол хүн гурван саяас давахгүй
Бие биенээ хядсан эзэрхэг танхайралаа зогсоохгүй бол
Би чи гэдэг үг бид тэд гэж үржихгүй нь ээ
Төрийн хар хайрцагныхаа бодлогыг
Түмнийхээ төлөө зориулахгүй юм бол
Төрөөд үхдэг Монголд
Төр гэж байгаад хэрэггүй

Амиа бодож алс явсан нь дээр
Амгалан тайван газар амьдарсан нь дээр
Азилд орж,цагаачилсан нь дээр
Азийн хоймор нутгаа мартсан нь дээр
Ганц олдох насны минь хөлгүй диваажинг
Ган болсон эх орон минь чи цогцлоохгүй юм бол
Газар дэлхийд хүн болж төрөх
Гайхам хувь  байгаад ч хэрэг алга
Чи муудаа ийм болоогүй
Чингисийн хөвгүүдэд ч ухаан дутсан юм
Чивэлт муу дайсны хараал хүрсэн юм
Чимээгүй хот болгох гэж тэд их хүссэн юм
Дээр нь бидний цусанд өвлөгдсөн
Дээрэнгүй зан нөлөөлсөн юм
Дээрэмчин хулгайчаар дүүргэх гэж
Дээдсүүдийг минь урхидсан юм
Орой болохоор хонх дамар дуугарган
Олны хүний хойдохыг уншлаа
Өглөө болохоор сүүлчийн замд нь үдэн
Өглөөний цайгаа оршуулгын газар зөндөө уулаа
Алтан хайрцаг нээдэг

Ажил албатай боллоо
Араас нь уйлсаар
Асгарах нулимс ч барагдлаа
Гудамжинд хүн “ойчвол”
Гунихаа ч мэдэхээ байлаа
Уулга алдан сандарч
Уралдаж гүйхээ болилоо
Талийгаачийн хойдохийг уншуулах гэж
Таварцаглаж гүйхээ байлаа
Тааллаараа болог гээд
Тамшаалж боддог боллоо
Эндэж осолдох гэгч
Ердийн үзэгдэл болов
Эргүүдээ амиа хороллоо гэж
Эгдүүцэхгүй суудаг боллоо
Гадаа гудамжинд
Гаансаа нэрэх хөгшид
Гайгүй зовохгүй үхэх
Гайхалтай үхэл ярина

Ходоодны хорт хавдараас
Хоолны хордлого дээр гэнэ
Зөнөж үхсэнээс
Зүрхний шигдээс дээр гэнэ
Багачууд хүүхдүүд
Байлдаан тулаантай кино ярина
Баахан хүн алахыг
Бахархаж хөөрч сууна
Үдшийн мэдээгээр
Үхлийн тухай ярина
Өнөөдөр тэдэн хүн
Өнгөрлөө гэж тоолно
Цагдаагийн газрын мэдээлэл
Цаг хугацаатай нь тоочино
Шатаж үхсэн ес
Шатаагүй үхсэн долоо гэнэ

Амиа хорлосон охин
Ачаа тоншсон өвөө
Араасаа хутгалуулсан залуу
Ам руугаа хүчиндүүлсэн бүсгүй
Автобуснаас түлхүүлсэн сурагч
Анхаарал болгоомжгүй зорчигч
Авилгын хэргийн сэжигтэн
Анагаах ухааны туршилт...
Мөсөн зам дээр халтираад
Мөрөөрөө бурхан болдог
Мөрөөдлөө биелүүлж чадахгүй
Мөхөсдсөн  үхэл ч дуулдана
Дугуй мултлах гэж машин доогуур ороод
Дутуу тавьсан тоосго нь мултраад
Нирваан дүрийг үзүүлсэн
Нэхэлтэй үхэл ч сонсогдоно

Хайртай хайргүй гэж мэргэлээд
Хайргүй болохоор нь бачимдаад
Халуун амиа егүүтгэсэн
Хариугүй үхэл ч яригдана
Хүний орчлонд хөл тавьсан
Хүмүүсээ бие биеэ хайрлая
Хөрс шороон дээрээ
Хүүр биш хүн хадгалъя
Зоригтой Монголын цөсийг илтгэж
Зоргоороо аашлахаа болъё
Зорилго нэгтэй нэгнээ
Золиос болгохоо болъё
Үхэл гэдэг бидний хажууд
Үй зайгүй зэрэгцээд сууж байна
Үйлдвэр уурхай,зам тээвэр
Үүр шөнийн гудамж
Үзэсгэлэнт охид
Үүрэглэсэн манаач

Үндэсний банк
Үүдний орц
Үйлтэй өвчтөн
Үнэгчлэх үр
Үйлчлэх такси
Үерлэсэн гол
Үелзэх салхи
Үржих сүрэг
Үслэг тарвага
Өмчийн шуналтан
Өндөгний шар
Өхөөрдөх гар
Өрөвдмөөр царай
Тогтой утас
Торгуулийн хуудас
Тросстой лифт
Тоостой агаар
Маргааш төрөх хүүхдийн
Манцуйндаа уух сүү
Маань мэгзэмтэй ламын
Манхагтай эмэнд

Үхэл ирж тухалчихаад
Өө гарахыг анаж байна
Үргэлж анхааралтай байхгүй бол
Өршөөх  хайрлах нь үгүй шүү
Үхэл чамаас айсандаа
Өрвөлзөж с арвалзаад байгаа юм биш
Өгөр толгойгоо харамлаж
Өмөөрч хаацайлаад байгаа юм биш
Хайнга болгоомжгүйгээсээ болж
Хайран амиа гарздав аа гэж
Халаглаж гасалсан үгийг минь
Харамсахгүй сонсоорой гэсэн юм

 

Эрка


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.