05 сарын 08, Лхагва
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,640.06
JPY 21.94
GBP 4,239.57
RUB 37.18
CNY 468.64
KRW 2.49

ГУРВАНТЭСЭЭС ЧИКАГО ХҮРТЭЛ. Хоёр. МАНАЙХ ХИЙГЭЭД МАНАЙХАН

Манайх говь нутагт байж л байдаг ерийн л нэг айл . Өвөө эмээ хоёр Гурвантэс сумын Соёл нэгдлийн тэмээчин . Газар задлан дэлбээлж гарч ирсэн усыг хангайнхан булаг гэдэг бол говийнхон булбаа гэнэ . Ханын хэц бага Гилбэнт хэмээх хоёр уулсын дундуур гурван хэсэг тасарч үргэлжлэх баян бүрдийг Гурвантэсийнхэн Баруун гол , Дунд гол , Зүүн гол гэж нэрлэнэ . Энэ гурван голын нийт урт 50-60 аад километр болох байх . Манайх Дундголоор нутагтай . Бага Гилбэнт хэмээгч хүрэн ч юм шиг хонгор ч юм шиг уулын өврөөр сультай өргөн хоолой зурайх . Хоолойн наагуур аймгаас Гурвантэсийг зорих их зам зөрөлдүүлээд сүлбэчихсэн  үй олон хэдрэг шиг энхэл донхол болон сорвитоно . Тэр замаар хааяа нэг чиргүүлтэй машин тэрэг цовхчиж явах нь харагдах бөгөөд тийм машин тэргийг хараад цовхорч явааг нь биш харин яагаад салаад уначихдаггүй тэсээд яваа юм бол гэж гайхмаар .
За тэр их замаас дотогшлоод өндөр өндөр элсэн хамрууд давалгаална . Тэдгээр элсэн хамрууд баялаг их загтай . Элс дуусмагц нэг хэсэг довцог үргэлжлэж тэндээсээ бударганатай хоолой болно . Тэр бударганатай хоолойд энэ гурван Баянбүрдийг гол гэж нэрлүүлсэн үй олон булбаа миний нэгэнтээ нэг өгүүллэгтээ нэрлэсэнчлэн хар цэцэг болж дэлгэрнэ.

Эхлээд газар овойж тэмээний бөх шиг томбойгоод эхэлнэ . Тэгээд нэг өдөр очиход л мөнөөх товгор задарч мэлтэгнэсэн булбаа яг л ингэний нулимастай нүд шиг тормойж байдаг юм . Түүнийг ажиглаж сайн харвал гүнд нь тогоотой цай буцлаж байх шиг элсэнцэр шавранцар бужигнаж байдаг . Цаанаасаа эрчтэйхэн ундарч байгаа нь тэр л дээ .
Тэгээд л ус нь гэзэг жирэм шиг салаалан ийш тийш мурилзан урсана . Түүнийг би хар цэцэг гэж зүгээр ч нэг нэрлэчихээгүй юмаа . Цангасан малд ус нь нандин эрдэнэ ч тэр бол говийн намаг юм . Тийш унасан тэмээ мал ихэнхидээ л үхэж дуусдаг . Жижгэвтэр булбаанд унасан малыг олуул олон тэмээ малаар татаж чирсээр гаргаж дөнгөдөг ч томоос том булбаанд унасан малыг ялангуяа үхэр тэмээг ихэнхидээ авч чадалгүй алддаг билээ . Зарим тэмээ хэд хоног бөмбөгнөтөл чичирч байснаа нэг очиход алга болчихсон байдаг тийм ёроолгүй булбаа ч бас байх . Булбаанд унасан малыг хэрээ шаазгай эзнийг нь харсаар байтал нүдийг нь ухчихдаг үзэшгүй муухай хар зураг миний нялх сэтгэлд олонтаа зурагдан үлдсэн билээ .  Дундголын заг руу хоёр зуу гаруй тэмээ орчихоод  бараагүй болдог байсан үе байсан л юм даа одоо ч бүр заггүй болчихсон юм гэж хөгшцүүл ярилцана . Гэхдээ л намайг багад загаар буйлсан нутаг байлаа . Өндөр өндөр загийн оройд зассан чухам ямрыг нь мэдэхгүй том том шувууны нэвсийж харалсан үүрүүд хаа холоос харагддагсан . Жилийн жилд жирийсэн олон хүүхэдтэй нагац ахынх хотоос ирж амрана . Би хүүхдүүдтэй нь шуугилдан  хармаг түүцгээнэ . Нэг довцгоос л аравын бидон дүүргэцгээнэ . Хармагны амт усан үзэмтэй ойролцоо . Арай чихэрлэг болов уу . Түүж ирсэн хармагийг минь эмээ том ширмэн тогоонд хийгээд дээрээс нь элсэн чихэр буцламгай ус хийж хутгаад таглаад тавьчихна . Маргааш нөгөөдрөөс нь хачин сайхан амттай ундаа аягалаж өгдөгсөн . Долоо найм хоногоос мөнөөх ундаа биднийх биш болж хувирна . Эмээ маань өөрөө жижиг аягаар хийж үе үе тамшаалсхийн уухын дээр нагац ахын эхнэрт хийж өгч байх нь харагдана . Тогооны халиван дээр чихээ наагаад чагнахаар  “ Шшшш “ хэмээн шуугин исэж байдагсан . Булбаатай бударганатай хоолойг урагш  нэвт туулмагц залгаад дэрс харгана сүглийлдсэн хоолойд баруунаас зүүн тийш хоорондоо километр хирийн зайтай хавирган сар хэлбэртэй элсэн манхнууд цуварна .Тэр хавийг нэлэнхүйд нь Сондог гэж нэрлэнэ . Тэр элсэн манхнууд өндөр гэж тоймгүй араас нь авирсаар оройд нь гарч өвөр рүү нь гулган тоглоход гүндээ хүнгэнэж байдагсан . Тэгээд л сультай хоолой Ханын хэц уул хүртэл үргэлжилнэ . Энэ л нутагт манайхан үе дамжин нутаглан суужээ . Өвөөгийн нагацыг шар Гомбо гэдэг байж . Сул тайж явсан гэдэг . Өвөөгийн минь нэр Сономпил . Олон дундаа өндөр гэж авгайлуулна . Намхавтар нуруутай шаравтар хүнсэн . Өвөө хэдэн бүсгүй дүүтэй айлын ганц хүү гэж байгаа . Нэг дүү Цэрэнпил нь зэргэлдээх Ноён суманд суудаг бол нөгөө дүү Жавзангийнх нь манайхтай айл саахалт явна . Цэрэнпил эгчийн ихрийн өрөөсөн Зандарьяа эгч сумын төвийн хүн болсон бол өвөөгийн бас нэг дүүгийнх нь охин Сумъяа нь хотод намын төв хороонд ажилладаг том хүний эхнэр . Жавзан эгчийн нөхөр Гончиг гуай өвөөтэй шантрашгүй шатардагчдын нэг . Буурал сахалтай , нүдээрээ инээсэн настайвтар налгар шар хүн байх . Тэднийх өргөмөл хоёр хүүтэй . Тэр хоёр миний мэддэг хамгийн дүрсгүй хүмүүс . Нэг хүүг нь бүдүүн Содном гэнэ . Амьсгаадсан бүдүүн хадуун нөхөр явна . Нэмэх зуун килограммын жинд чөлөөт бөх гэгчээр барилдаад аймгаасаа шалгарч улсад очоод шаггүй сайн барилдсан гавъяаг нь өнөө ч Гурвантэсийнхэн бахархан ярилцдаг билээ . Гэхдээ юманд учир суманд гичир гэж нэг үг бий . Яг нарийндаа бол аймагт чөлөөт бөхөөр барилдчих хүнд жингийн хүн тэр үеийн цайны халуун сав шиг ховор байсан шиг байгаа юм . Улсын арслан Дэмүүл гуай хасах зуун килограммд барилддаг байсан гэхээр асуудал ямархуу байсан нь ерөнхийдөө ойлгогдоно . Улсын аврага шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд жин болгонд хүн явуулахгүй бол ерөнхий онооноос нь бөл цөл хасагдчих гээд аймаг ч их сандарсан шиг байгаа юм . Тэгээд эрэл сурал болж байтал Гурвантэсэд нэг сайхан амьтан байна гэж дуулдсан юм байгаа биз . Ингээд Содном ах маань уригдаж залагдаж очоод аймагт хоолоор шахуулан нэг хоёр сарыг авч улсад очиж таван хүн нэмэх зууд хоорондоо үзэхэд нааш ч үгүй цааш ч үгүй гурав ялагдаж нэг нөхрийг гялсхийтэл тэвэрч арагш нь түрж хөөгөөд ёстой цэвэр унагана гээч нь болж дөрөвдүгээр байранд шалгарч арай ч хүрэл медаль аваагүй гэдэг байхаа ямар ч байсан баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнуулаад ирсэн гэдэг билээ . Чөлөөт бөхөөр тэгж мундаг барилдсан зунаа билүү тэрнийхээ дараахан ч билүү аймгийнхаа наадамд зодоглож аймгийн начин болсон түүхтэй . Тэр мундаг бөх маань гэрт амьсгаадсаар орж ирмэгц баруун хоймор тэрийн унаж
-Алий эгч авгай ахиухан борцтой цай үйгээрэй харвин урсаад дууслаа шүү гэдэгсэн . Нөгөө хүүг нь Сономдорж гэнэ . Гурвантэсдээ Банзрагч нь явав шүү дээ . Тэр үед Гайхмаараа гэдэг дуу нийтэд дэлгэрч хүн болгон амандаа аялахын зэрэгцээ энэ дууг дуулсан Банзрагч гэдэг дуучныг дууриан дуулах хөдөлгөөн хөдөө орон нутагт өрнөсөн гэхэд хэтрүүлэг болохгүй . Сум болгон өөр өөрийн Банзрагчтай байсны нэг нь Сономдорж ах . Тэр цагт мань хоёр хориод настай л байсан байхаа даа . Содном ах өвөөгөөр минь байнга оролдоостой . Эмээг ч зүгээр суулгахгүй . Элдвийг нь үзэн
- Цөг гүм -ийг нь уйгагүй үглүүлнэ . Санаанд тодхон үлдсэн яриануудаас нь дэлгэвэл
- Та одоо энэ ааштай чавганц сахиж суугаад яадаг байнаа . Явж тэр хүрээ гандандаа очиж гавж болооч  гэмэгц нь эмээ зуухныхаа тэндээс
- Цөг гүм алий аягаа цай нэмээтэхье гэж суудагсан . Өвөөг бол толгойг нь илэх юм уу хөлийг нь дэрлэж
- Үгүй чи зүгээр байгаад өгөөчээ гэж хашгируулна . Өвөө маань тэгж нэг сүрхий хашгирснаа л юү ч болоогүй юм шиг аягатайгаа шоржигнотол сорж суудагсан . Манай хоёр тэгж оролдуулдаг хир нь бас битүүхэндээ хайртай нь илт мэдрэгдэнэ . Хаа нэг тийшээ яваад харагдахгүй хэд хоновол бие биеэсээ хоёр Со-гоо сураглан морь малаасаа уначихаагүй байгаа даа гэж суудагсан . Сономдорж ах хоёр хөгшнөөр нэг их оролдоод байхгүй ч намайг зүгээр байлгахгүй . Орж ирээд
- Соёл нэгдэлд данстай
Солби цагаан тайлагтай
Сономпил өвгөний сүүдэр
Сорхоон бор сайн уу гэж мэндлэхийн зэрэгцээ
- Чи тэрэнтэй суух уу , энэнтэй суух уу гэж зовооно . Тэд нь бүгд хамаатнууд байх жишээний . Тэгэвч чухамдаа тэр хоёр л надад
- Энэ нь А тэр нь Б гэж заасаар сургуульд орохоос өмнө уншуулаад сургачихсан билээ . Содном ах бид хоёр хээлтэй болон торомтой ингээ оройд хураах ажилтай . Мань хүн ингэ рүүгээ явах замдаа
- Дариймаа цаанаа хүнтэй болов уу миний дүү нэг үзээтхээч гэж уйгагүй шална . Миний мэргэлэх дуртайг яриад ч яахав . Уухайн тас унаагаа зогсоогоод өврөөсөө үнгэрч ноолорсон цагаан толгойн ном гаргаж нүдээ анин хуудсыг нь эргүүлж байгаад л нэг хуудсан дээр нь дарж гарсан төлгийг залхуугүй уншиж өгнө .
- СА ... САР ... САМ ...
- Сар гэдэг чинь хол гэсэн үг . Бүтэхгүй нь дээ гэж гуниглана . Тэгснээ САМ гэдэг чинь хөөе ногорхойтой үг байна шүү . Надаар үсээ самнуулна гэж байгаа хэрэг . Учиртай учиртай хэмээн хөөрнө . Би урамшиж байгаа юм уу яаж ч байгаа юм мэргэлж байгаа хүн болж нүдээ хагас анин номоо эргүүлж байгаад АВ ... ААВ ...АВДАР хэмээн уншина .  Содном ах тэмээн дээрээсээ уначихаа шахан гэдэгнэн хөхөрнө . Авах нь авах нь хөөе тэгээд аав болох нь авдар дүүрэн хурган дээлтэй айл болох нь за миний дүү ингээд ингээ туугаад харьж бай . Ах нь Дариймаагийнхаа гарын хоолыг пологдотлоо идээд шөнөдөө харина . Аягүйтвэл хонож золигтоно доо гэчихээд Ханын хэцийн зүг тэшүүлж оддогсон . Миний хувьд Ханын хэц ууланд байгч Дариймаа гэдэг хүний барааг хараагүй хир нь дорхноо дотносон садансаж “ Дариймаа эгч Содном ахад олигтойхон тарган дал дөрвөн өндөр чанаж өгөөсэй , Содном ах түүнийг нь идээд битгий л пологтчихоосой “  хэмээн ходоодоо хоржигнохыг чагнаархан бодлогоширч яваад нэг мэдэхэд үүрэглэж эмээгийнхээ
- Ишш энэ муу хүүгийн байж байгааг ташуураа бас л гээчихэж гэх дуунаар сэрэхэд  түнэр харанхуйн дунд гэрийн тооноор лааны гэрэл шаргалтаж , хотонд ингэ гунганалдан тэврээд унтсан тэмээний урд бөх савируулсан шүлсэнд минь  бараг л дэвтчихсэн байдагсан . Гэвч Содном ах бид хоёрын мэргэ төлөг идэвхи зүтгэл талаар болж нэг удаа яарсаар очиход нь цаад гайхал нь аймгийн тээврийн баазын жолооч дагаад талийсан байж . Манай хүн нэг хэсэг ботгон зулбадай шиг тас хар царайлан газар ширтэж , тэрлэг дээлээ сэнсэртэл санаа алдан суудаг болчихож билээ . Эмээ маань цөхрөшгүй амтай хэлтэйгээ харуулан
- Хүү минь орчлонгийн жаравгар мундсан биш . Эрвэлзэж яв . Аль энэ өөхтэй том борц хөшиглө гэж аргаддагсан . Тэгсгээд Со ах маань тайтгарч урьдын адил инээж хөхөрч өвөөг минь цаашлуулж явдаг болов . Нарийндаа Дариймаа эгч мэдээж цаад жолоочдоо л сайн байсан байлгүй дээ . Нэг дорын улс болохоор өрцөн цаанаа өрөвдөвч наанаа нааштай царайлан инээд хөөр болж байсан байлгүй . Түүнд нь найдвар тээсэн Содном ахын минь сэтгэлд авдар дүүрэн хурган дээлтэй сайхан айл харагдаад л тэр айлын өрхийг Дариймаа бүсгүй тас тас инээн сөхөж яваа үзэгдээд л өөрөө хойморт нь том хурган дээл нөмөрчихсөн унтаж байна гэж зүүдлэгдээд л бодит амьдралаас нилээн дээгүүр хөвж явснаа тэгж хөрсөн дээрээ буусан хэрэг байх .  Харин хавар болоход манай хоёр Со-гийн урам ч сэргэдэг , уур нь ч бадардаг байсан байх . Өөрийнхөө олон тэмээ малын ноосыг салгахын дээр манай буйлсан хэдэн догшин аттай ноцолдож өдрийг авдагсан . Ялангуяа манай Далбаа улаан гэдэг ат уу . Аатай даа . Тэр нэгэн хаврын хуйсагнуур өдрийн дүр зургийг сэтгэл минь хамгийн сайн фото аппратаас хэдэн хувь илүүтэй хадгалан үлдсэн байна . Талын хороо гэгч элбэг метр тавин сантиметрийн өндөртэй чулуун хороонд манай сувай тэмээнүүдийг хурааж баахан залуус захаас нь шүүрэн ноослож байлаа . Тэдэн дундаа Содном ах онцгой . Хороон дээр гарч отож байгаад ойрхон байгаа бүдүүн бүдүүн ат руу ухасхийн үсэрч бөхнөөс нь шүүрэх юм уу эсвэл хүзүүдээд улмаар дамжиж урд хоёр хөлийг нь холбож тэврэн омруу руу нь толгойгоороо ганцхан олиод л пидхийтэл унаган хаан дээр нь өвдөглөн суухад ямар ч бүдүүн тэмээ босож чадахгүй дөрвөн мөчөөрөө бууц бужигнуулан сарвалзаж , унгас алдан гонгинож ,  сэвс урсгаж хэвтэх . Өвөө маань Содном ахыг царайчлан дагаж
- Далбаа улааны ноосыг нэг салгаж үзэх юмсан . Жилийн жилд ноосны өрөнд оруулж байх юм гэж үглэнэ . Содном ах
- За за би тэгж байгаад нэг шүүрчихнээ гэж явлаа . Үдээс хойш болж улаан Даш гуайн дагуулж ирсэн артелийн залуучууд хийгээд Содном Сономдорж ах нар гэрийн гадаа зээглэн сууцгааж эмээгийн гараа гаргаж чанасан будаатай цайг уралдан ууцгааж , чанасан мах , говийн хурц нар хуурай салхинд болохын цаагуур болчихсон зузаан борц тэргүүтнүүд цайндаа хөшиглөн идэж амсхийцгээгээд ажилдаа шамдацгаалаа . Хороон дотор цөөвтөр тэмээ үлдсэний дунд Далбаа улаан нүд эргэлдүүлэн сүүл сөхөн хөөс сахруулан хүрхэрч явав . Содном ах хороон дээр авиран гармагц
- За надад наадхиа нэг ойртуулаад аль гэлээ . Тэрийг нь сонсчихов уу гэлтэй Далбаа улаан улам сүртэй хүрхрэн хороо даган сарвайтал тавчиж хүчээ авмагц нөгөө өндөр хороон дээгүүр чинь арслан барс шиг харайлган дайрч хорооны хурц ирмэгтэй чулуунд цоройгоо хүүлэн цус дуслуулсаар их хайрханыг чиглэн дүнгэнэж одлоо . Араас нь баахан залуус сүүрс алдан толгой сэгсэрсээр үлдэхэд өвөө ч толгойгоо сэгсэрч
- Үгүй ээ бас , тэмээ гэдэг амьтан бүсэлхийгээр татам дээс татчихад л дээгүүр нь харайх эвээ олдоггүй амьтан шүү дээ өтөнд баригдаж үхэх үйлтэй амьтан юм байх даа ... ямар амьтны сүнс тэмээнд хувирчихаад явж байгаа нь энэ юм бол доо .. ай бас .. хэмээн гайхаж байгаа бахархаж байгаагийн чухам алин болох нь  үл ойлгогдон үглэж  бас л ноосных нь өрөнд ордог болох нь хэмээн гайхширч суусансан . Гэвч Далбаа улаан өтөж үхээгүй харин буудуулж үхсэн билээ . Жилийн жилд тэмээний ноос дутаадаг өвөө минь тэр жил тэссэнгүй ийм нэг зэрлэг тэмээгээ ноослож чадахгүй байна гэж нэгдлийн тоо бүртгэгчид зовлонгоо тоочиж нөгөөх нь эзэн нь юмаа мэддэгийн үлгэр үзүүлж Далбаа улааныг артелийн ажилчдын хүнсэнд зарлагадчихаж . Артелийнхан хэдэн морь тэмээ сэлгэж хөөгөөд гүйцсэнгүй . Ууралсан залуучууд отож байгаад хулхи руу нь буудаад унгачихаж гэнэ гэсэн хэл ирэхэд өвөө сүүрс алдан шогширч , эмээ зул өргөн” Үгүй ер мал руу буу шагайдаг ямар гээчийн булайнууд вэ “ хэмээн оройжин үглэж билээ . Бодох тусам домог шиг санагддаг юм .
Зарим зун хотоос өвөөгийн дүүгийн охин Сумъяа эгч нөхрийн хамт ирж амархад нутгийнхны хөл Жавзан эгчийнхийг хаалга ханагүй юм шиг дарна . Хүмүүс Сумъяа эгчийг маасчар тогооч гэцгээнэ . Хотын хамгийн ганган дэгжин , баян тарган , дарга даамал улс Сумъяа эгчийн гарын хоолыг буудах гэж Улаанбаатар иристараан гэдэг хачин нэртэй гэр рүү нь уралдан гүйлддэг гэдгийг сонсоод өөрийн эрхгүй омогшиж артелийн дээрэлхүү хүүхдүүдийн өөдөөс
-          Чам мууг бодвол миний эгч маасчар тогооч мэдэв үү ? хэмээн ангайлгаж орхичихоод зугатчихдагсан . Сумъяа эгчийн нөхрийг Цэдэн гэнэ . Цэдэн ах дандаа инээмсэглэж байдаг хажууд нь наалдаад л суугаад баймаар нэгэн . Хүмүүс Цэдэн ах руу хөөргөө сунган
-          За Цэдээн ажил хаанав дээ хэмээн асууна .
-          Хуучиндаа . Төв хороондоо .
-          Цэдэнбал даргатай цуг гэсэн үг үү ?
-          Тэгэлгүй , бид цуг ажилладаг нэг дорын улс шүү дээ гэмэгц олныг асуусан хүн навтасхийх шиг санагддагсан . Хэзээ хожим зарим нэг хүн Цэдэн ахыг  МАХН-ын Төв хороонд хариуцлагатай жижүүр гэдэг алба хашдагийг нь мэдчихээд
-          Цэдэн ах чинь нөгөө л Төв хороондоо Цэдэнбал даргатай ижилссэн хэвээр үү хэмээн  асууж намайг хавчигануулдагсан . Гэхдээ Төв хороо бол Төв хороо л шүү дээ гэж би боддог . Ах маань өдөртөө эс гэхэд сардаа дор хаяж нэг удаа Цэдэнбал даргын барааг харчихдаг  эвгүйтвэл
-          Даргаа сайн байна уу гээд мэндэлчихдэг ч байсан юм билүү . Ёстой хэн мэдлээ цэгьяа тархи . Харин  Зандаръяа эгч бол надтай хувь төөрөг хэмээгч номын  үг үсгийн алдааны үйл лайгаар холбогдсон гэмээр хүн . Зандаръяа эгч гурван хүүхэдтэй . Том хүү Балдорж нь яралзсан цагаан шүдтэй тэвхэлзсэн бор залуу байсан юм . Намайг их багад шоронд явчихсан билээ . Балдорж ах хар багаасаа морь мал уяж сумандаа сайхан нааддаг байснаа тэр жил аймаг ой хийх болж сумын дарга нарын ятгалгаар аймагт очиж наадан нэжгээд нас нь түрүүлж хоёр гурван ч нас нь айрагдаж од  гүйсэн гэдэг . Наадмын орой аймгийн дарга нар цайллага хийхэд нэг нөхөр Балдорж ах руу   “ Аймгийн ойн хамаг айраг түрүү хамдаг чи хэн юм энэ тэр “ хэмээн агсан тавьж цамнаж дээ . Өнчин өрөөснөөр нь ч дуудсан л гэдэг . Мань хүн дарга нарынхаа дэргэд тэсвэр заан суусаар найр ч өндөрлөж гараад явж байтал нөгөө нөхөр нэхэл хатуутай дагаж агсраад салдаггүй гэнэ . Нас нь залуу  явсаныг ч хэлэх үү олон хурдан буян нь айраг түрүү авсан ааг ч амтагдаа л биз ердөө л ганц  өшиглөсөн гэж байгаа . Нөгөө нөхөр тэр ганц өшиглөлтийг нь даасангүй . Тийм л нэг гай далласан наадмын гашуун айраг одоо ч сэтгэлд нь амтагдсаар л байдаг байлгүй дээ . Харин миний төрсөн ах Энхбаяр тэр явдлаас нилээн хойно аймагт сургуульд сурч байгаад нэг зун амралтаар ирэхдээ
-          Нэг муу туучий Балдорж ахад агсан тавьж байгаад ганц өшиглүүлээд  “  Эй элээ минь “ гэж хэлээд ингэж унаад , ингэж үхсэн гэнэлээ гээд  элсэн дээр хялайн унаж юу болсныг надад ойлгуулж билээ . Балдорж ахын ихэр хоёр охин дүү Наран Саран хоёр надтай чацуу . Зэргэлдээ Сэврэй сумын дунд сургуульд тавдугаар ангид суралцахаар явцгаахад Зандаръяа эгч хоёр охиноо дотуур байранд суулгаж мууг нь үзэхгүй хэмээн дагаад явсан билээ . Тэр жил миний өлссөнийг яаваа . Би ер нь тэр жил шиг тэгж их өлссөнөө санадаггүй юм . Арайхийж хичээл тармагц цүнхээ тасгийнхаа хаалгаар бараг л дөхүүлж чулуудчихаад эгчийнх рүүгээ харайлгадагсан . Давхиж ормогц хамгийн том аягыг нь шүүрч аваад л тавагтай боорцогийг нь өвөр дээрээ тавьж байгаад хөшиглөн цай хийж ууна . Хоёрдохоо хөшиглөхөд эгч маань юм хэлэхгүй ээ . Гурвдахиа хөшиглөж эхэлмэгц
-          Энэ яасан цадаж ханадаггүй хөсрий вэ гээд л загнаж гарах би нэг их гомдсон амьтан
-          Муу тосгүй цагаан гуриландаа гол чинь цохиж байна уу дахиж танайхаар шагайна бий вий  энэ тэр хэмээн омогдоод муу хайрцгаа угз татан чирсээр гарч одох . Маргааш нь хичээл тараад байр руугаа ирэхэд Зандаръяа эгч байрны гадаа зогсож байдагсан .
-          Миний хүү муухай ааштай эгчийгээ өршөөж хайрла . Эгч нь мах чанасан миний хүү очоод том аяганд боорцогтой хөшиглөөд хэд л бол хэд ид  харин одоо хайрцгаа аваад ир за юу гээд л гуйдагсан . Тэр хайрцаг тэднийд байж л байвал сэтгэл нь яагаад ч юм өег байдаг байсан юм болов уу даа . Цалин цавгүй эгчийнхээ хоёрын хоёр хүүхдээ хооллож ундлаад сумын төв бараадаж суух цагийн дутаж гацахын зовлонг би ойлгодоггүй байж . Дээр нь тэр жил би үнэхээр мангас болчихоод байсан юм . Зандаръяа эгчийндээ очиж идэж идчихээд дараа нь байрныхаа үдийн хоолыг идчихээд оройн хоол болтол тарчилж гүйцдэгсэн . Тэгж яваад тасгаараа сумын талхны газрын шал цэвэрлэцгээдэг болж  цагаан мөөхий , бор еэвэн , нуруун дээрээ гурван зураастай бираанаг сэлтийг хөлсөнд нь авч   “ Ёох  энийг амжиж идээгүй бол ч өдийд өлбөрөөд үхчихсээн “  гэлцээд хүр хүр хөхрөлдөж суудагсан . Бас болоогүй хүйтэрч бой эхэлмэгц бой дээгүүр эргэлдэж хөлдөөхөөр дүүжилсэн цувдайны элэг сэмжнээс авахуулаад гулуузны сүүл , цорой , гуя сэлтийг дэлсэж байрандаа авчран зуухандаа шарж идэн гол ордогсон . Байрныхан маань элэг Ганаа , сэмж Баатар , сүүл Ёоноо , хавирга Хайдав гэгдэн хоч нэртэй болтлоо энэ ажлыг эрхэлдэг байв . Хэнхэг тусна гээч нь болчихсон миний хувьд тэднээс ердөө ч дутсангүй хэлхгэр ханцуйтай дээл өмсөөд , загсаж эхэлсэн гулуузны хажуугаар өнгөрөхдөө гуяных нь зузаан махыг тэр чигээр нь огтлоод ханцуй руугаа унагачихна өнөө мах ханцуй дагаж  өнхрөөд өвөр рүү орчихно . За тэгээд  гулуузны сүүл , цоройг бол  мэргэжлийн өндөр түвшинд огтлоно доо . Хөлдүү гулуузны сүүлийг болжгэм ганц дэлсээд л мулталчихна . Тэгээд олсноо чануулж идэх бас ч гэж Зандаръяа эгчдээ ганц оройн хоолонд нь ч болтугай нэмэр дэмэр болчих санаатай авч очоод л буруутна .
-          Манайханд чам шиг ийм улаан махны хулгайч байхгүй . Түй түй ... Долоон уулын цаагуур гээд л хөөдөгсөн . Маргааш нь мөн л байрны гадаа ирчихсэн
-          Эгч нь махыг нь чанаад өгөе гээд л уруул нь унжчихсан зогсож байх . Хөөрхий Зандаръяа эгчийгээ мөн ч их зовоосон гэж өнөөдөр ч бодож гэмшиж явдаг даа . Бага насны дурсамж гэнэт сад тавин үерлэж ийш тийш  авч чавхдаад  амыг нь татаж дийлэхгүй шинжтэй боллоо . Өвөөгийн тал бол ерөнхийдөө иймэрхүү .



9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.