05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

ДЭНВЭРИЙН ХАЛУУН ӨДӨР

Замдаа шуударвай . Энэ өдөр 11-р сарын 23 байлаа . Яруу найрагч орчуулагч Ж . Оюунцэцэг , яруу найрагч Х . Тэргэл , за тэгээд миний бие хань Д . Эрдэнэбаяраа дагуулаад Тэргэлийн нөхөр Д . Энхбаатараар жолоо залуулаад бас болоогүй ханийхаа багын найз Ц . Даваасүрэнгээр хань татаад хөдөллөө . Даваасүрэн маань яруу найргийн их хорхойтойн учир шүлэг найраг сонсож сэтгэлийн хужирхайгаа тэнийлгэхийн зэрэгцээ анх АНУ-д ирээд сууршин байсан Дэнвэр хотдоо очиж хуучин бууриа эргэж садан төрлөөс дутахгүй ижилдэж дассан хэдэн нөхөдтэйгээ ганц хоёр өдрийг ч болов гангар гунгар хийж өнгөрөөх нөр их ажилтай явж буй хэрэг . Олон цагаар умбарсан хол замын хагас хугаст нь дуулалдаж , хагас хугаст нь  инээлдэж , мөн ч хагас хугаст нь үүрэглэн донхолзож давхисаар зорьсон газрын босгонд тулж үүдийг  нээхийн өмнөхөн хотын баруун талаар үргэлжлэх их уулсыг харж нүд сэтгэлээ баясгалаа .

Олон жилийн өмнө Майн Ридийн  романаас анх нэрийг нь уншиж асан Роккийн уулс Дэнвэр хотыг баруун талаас нь түшин тулж байдаг аж . Мандаж буй нар авируулан гэдийх их уулс шунхан улаан өнгө шовх элгэн сарьдгуудаараа  Монгол нутгийн минь баруун багана Алтайн уулстай  яахын аргагүй садан төрөл ажээ . Энэ дүр зургийг хармагц л зүрхэн зүгт бүлээн салхи сэвэлзэж эх орондоо тэр дундаа Арц Богдын баруун хөтөл дээрээс алс өмнө этгээдэд сүүмэлзэх Гилбэнт Нэмэгт хоёр хайрхнаа ажин сүслэн залбиран зогсоо мэт сэтгэл нэг л хачин дуниарч сүүрс алдахуй дор сормуус өөрийн эрхгүй чийгтээд ирж байна .  Тэнд удаан зогсвол хүчтэй шуурганд гэрийн тэн тасарч дээвэр туурга нисэн одох адил сэтгэлийн хат хаа нэгтэй хугарч , олон жил тэсвэрлэн явсан нулимас сад тавьж мэдмээр болж ирсэн тул бушуухан тэрэг рүүгээ дэгдэж төдий болтол үргэлжилсээр л байсан хол замынхаа үлдэгдэл хэсгийг яаран эвхэж гарлаа . Дэнвэр цэвэрхэн хот аж . Бас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгч бололтой . Хотын зүүн этгээдэд элбэг тавь жаран бээр газар тариалангийн талбай үргэлжлэхийн зэрэгцээ шан зурайх тарианы үлдэгдэл гуурс гоочлон бэлчих үхэр сүрэг Сэлэнгийн аль нэгэн аж ахуйн хавьцаа яваа мэт сэтгэгдэл төрүүлэн налайна . Багцаагаар хоёр гурван зуугаар нь үхрээ суурилдаг бололтой юм . Хээр хоноод ургах нарны сулхан илч дор босоцгоон нуруу хотойлгон суниацгааж байхыг нь хараад л баймаар . Хэвтрээс нь ялимгүй шивх үнэртсэн уур дэгдэлхийлэн байх нь энэ хорвоогийн бас л нэг сайхан дүр зураг шүү дээ . Ингэний халуун хэвтэр дээр хэдэнтээ дэвхцэн хөлөө дулаацуулаад цааш хүйтэн элсэн дээгүүр  “ ХАЛЦГАЙ БАЛЦГАЙ  “ хэмээн дуу алдан дэгддэг байсан хөл нүцгэн бага нас минь өвдгөөр татсан нимгэн хөх тэрлэгтэйгээ дурсамжийн манан дундуур шилбүүр гэдэлзүүлэн гүйгээд ирж байна билээ . Айдаа мөн чиг . Колорадо бульвар гэх өргөнхөн гудамжийг манай Даваасүрэнгийн тайлбарласнаар бол өгсөөд миний хувьд бол уруудан дэгдүүлсээр буух буудлынхаа гадаа очлоо . Дэнвэр Чикаго хоёр цагийн зөрөөтэйгээс гадна өгсөх уруудах ойлголтын хувьд бас зөрөөтэй ажээ . Ертөнцийн зүгээр урагшаа явахыг Чикагогийн монголчууд уруудах гэж нэрлэнэ . Мичиган нуурын шувтрага  үзүүр рүү явж байгаагаас тэр юм . Харин Дэнвэрийнхэн өгсөх гэдэг аж .
Уулс нь урагшаагаа өндөрсдөг юм болов уу . Буудлын гадаа буурал Бадарч гуай маань улаан хүрэн тэрлэг намируулсан шиг зогсож байна . Замын турш олон жил уулзсангүйдээ ах найрагч онгоцонд зайлагдаж тавгүйхэн ирээ болов уу яагаа бол гэсэн бяцхан эмзэг бодол тээж ирсэн маань хоёр хуруун завсар нь  хавчуулагдсан нарийхан янжуурын  утаа шиг замхран одож тэрэгнээсээ дуу алдан үсэрч буулаа . Ах найрагч
-          Үгүй ер  паанайгаад энэ Паананг хараач гүм гэсээр золгуут хүлээн налайж байна . Тэр дуунаар Хулан Мөнхцэцэг хоёр дүү хүүхэн дэгдэж ирээд золголоо .
-          Жаран насыг ах нь маршалын мөр дэс сэтгэлдээ халаасалсан эр цэргийн сэтгэлээр мааршилж туулсан юм . Далан нас чинь арай өөр юм тэхдээ давгүй шүү Номхон далай дээгүүр сэнстэй юм шиг л нисээд ирлээ хэмээн ах найрагч хуучилж байна . Бяцхан амсхийж аяны тоосоо гүвчихээд Тулга хөшөөг зорьцгоолоо доо . Энэ хөшөөн дээр болсон үйл явдал хийгээд хөшөөний талаар манай Галаа нүдэнд харагдаж сэтгэл дэвэртэл биччихсэн болохоор миний хувьд залгуулж ярих юм хомсхон байна . Харин тэнд ирсэн зочдын сэтгэл хэрхэн нялхарч хүүхнүүд нь дээс дэвхрэхээ шахаж эрчүүд нь тэвэг сураглахаа шахсаныг ярих нь илүү сонин байх болов уу . Номхон далайн хөвөөнөөс ирсэн Баатар найрагч
-          Үгүй ээ мөн сайхнаа хэмээн байн байн дуу алдан зурагчдын дуран дор тогтож чадахгүй ийш тийш дэгдэхэд манай галын гишүүн Оюунцэцэг найрагч тохь намбаа мөрөн дээрх алчуур шигээ намируулж тас тас инээд алдана . Зохиолч яруу найрагч Батбаяр
-          Эргэн тойрон найраг хөлхөлдөж байна хэмээн дуун алдахыг нь үзэхүл сэтгэл чамгүй догдолсны шинж буйзаа . Нар баруун уулсын тэргүүнээс нэг төө хир өндөр байхад найраг шүлгийн дээжис үлэмж том танхимын үүд хаалгыг түлхлэн түрхэрч эхэллээ . Дэнвэрийнхэн шууд л бяралхаж эхэлсэн . Аргагүй л сэтгэл хүч гаргаж сайтар бэлдсэн нь илт байна билээ . Тайзнаас ярих урлаг гэдэг бол жүжгээс тэс өмнөө , яруу найрагчдын шүлгээ уншихаас бас арай л анги урлагийн олон төрлийн дундах өөрийн гэсэн өнгө донжтой өгүүлэмж өрнөлтэй урлаг билээ . Энэ утгыг самбар мэт өмнөө барьж бодоход Лос-Анжелисийн оюутан хүү Сосорбарам , за тэгээд мэдээж урлах жүжиглэх талаар өвөр түнтгэр жүжигчид Сакраментогийн Энхбаатар , Вашингтон ДиСи –гийн Алтанбагана , Болдбаатар нар тодоос тод ялгарч байна билээ . Ялангуяа Баганаа маань танхимыг тэр чигээр нь хошгоруулахаа шахаж , Болдбаатар Хэлтгий Нанзадаараа үзэгчдийг ийш нь ч нэг , тийш нь ч нэг хэлтийлгэн  хэнгэнэтэл сүүрслүүлж байсан нь аргагүй л ур чадварын илэрхийлэл болж байсан даа . Ер нь сайн бүтээл гэдэг бол амжилтийн нэг үндэс мөн боловчиг түүнд дахин нэг жигүүр нэмж үзэгч сонсогчдыг дагуулна гэдэг л өгүүлэх урлагийн гол мөн чанар нь шүү дээ . Энэ чадвараар Дэнвэрийн Эрдэнэбат бяралхан тунаж ууган цомыг хүртсэн дээ . Миний хувьд тайзнаас гадна мэлэрч гайхширсан нэг зүйл маань Дэнвэрийн тэр үзэгчид . Айдаа мөн ч халуухан байсан шүү . Гурван зуу гаруй хүмүүс зэрэг сүүрслэж , үе үе мэлтрэх нулимасаа нуусхийн арчицгааж , ялангуяа Бадарч гуайг шүлгээ уншиж байгаад бага зэрэг зогсосхийхэд танхимаас үргэлжлүүлэн уншицгааж байгаа зэргийг нь юутай зүйрлэлтэй билээ . Миний хувьд бага залуу наснаасаа л Монголынхоо цэцэн цэлмэг найрагчдыг сүдэр шиг нь дагаж олон ч танхимд олонхон ч уншигчидтай уулзаж учирч явсан Дэнвэр аргагүй л халуухан уншигчидтай нь мэдрэгдэж байсан шүү . Шөнө оройтож найргийн үдшийг төгсгөх саналыг зохион байгуулагчид тавихад бүжгийн хорхойтнууд дахиад ганц бүжиглэчихэе хэмээн салахгүй шалдаг шиг л

-          Дахиад гуравхан шүлэг уншуулчихаач хэмээн салахгүй шалцгааж байсан шүү . Гэвч цаг гэдэг аргагүй л хүчирхэг эзэн гэдгээ харуулж Дэнвэрт дэвэрсэн найргийн халуун үдшийг таслан чагхийсэн . Шөнө орой өрөөндөө орцгоож ёстой л хотоос ирсэн гэдэг чинь хоргойноос илүү сонин байна гээд холын гийчин гурваа тал талаас нь барьж идэхээ шахлаа . Өндөр Цоодол өндөр хэвээрээ , өнөө Сүрэнжав овор багатай янзаараа , Цэндээтэйгээ хэвээрээ , шилбэлздэг нь харин нэмэгдэх л шинжтэй гэнэ . Лхагвасүрэн  улам л янжуурхаг болж утаан сүлдтэн гэгдэтлээ уушигладаг байснаасаа дэвшиж байгаа юм уу дэвэрч байгаа юм уу одоо бараг утаан ундтан болчихсон юм байх . Бадарч гуай маань
-          Тэр их утаанд хахаж байхыг нь би л лав хараагүй гэж тодотгож байна билээ . Чимэддорж маань гэзэг үсээрээ оролдож ороолдож , шүлгээ нухсаар Бавуудорж барьцаж шүлэг үс хоёроо сүлжиж нэг , задалж нэг явдаг гэнэ . Дан Нямаа зээ хүүгийнхээ өмнө нь ч нэг өнхөрч шүлэглээд ард нь ч нэг атирч шүлэглээд нялх сэвлэгт нь нялхарч ханахаа байсан гэнэ .
-          Ж . Сарантуяа жирэмсэлсэн гэж үнэн үү ?
-          Худлаа шал худлаа тэрэн шиг эрмэг амьтан хаа байна . Хүн шоолдогийг нь төрсөнд тооцвол харин тэрэн шиг олон төрсөн амьтан байхгүй байх .
-          Түмэнжаргал өнөө Парисдаа суугаа хэвээр үү ?
-          Хааяа ирнээ . Би Буух Фганцаар ягадаг болчихлоо гэсэн хүн л явдаг ш дээ .
-          Өнөө Урианхай ...
-          Сайн сайн сая наашаа нисэхийн өмнөхөн утасдаж байна лээ .
-          Өвгөөн онгоцонд орохдоо бүдрүүзэй ...Хөөе өвгөөн тэгсэн чинь ер нь их сонион Орос онгоц Америк онгоц хоёр чинь угтаа яг адилхан л нисдэг юм гэнэ шүү дээ гэж ирээд л хуучилж байна лээ .
-          Далхаагийн Норов зохиолч  сайн уу ?
-          Цаадах чинь өвгөнтийн хүн болсоон .
-          За арай ч дээ
-          Үнэн . Харин хэрхэн өвгөнтийн хүн болсныг нь би ярьж өгөе . Кино зургийнхан Сэлэнгэд байж байхад нь телевизийнхэн очиж гэнэ . Найруулагч нь зохиолч сэрэх гэж байна та нар кофенийх нь усыг буцалгасан уу цаадах чинь кофегүй бол яадаг билээ гээд л нөгөөдүүлээ загнаж алдаж байна гэнэ . Телевизийнхэн ч
-          Аа яа яа төрийн шагналт зохиолч гэхээрээ арай л анги байна шүү гээд л хоорондоо шивэр авир хийгээд л хүлээж байсан юм байх . Цаг орчмын дараа Норов зохиолч дээшилж байна гэнэ гээд л шуугиж байна гэнэ . Зохиолч хувцасаа өмсчихсөн шүү одоо наашаа ирнэ тэр кофены ус бэлэн үү эртээрийнх шиг үлбэгэр ус өгч уурлуулчихав аа та нар гээд л найруулагч продюссер нар нь хангинаатай . Тэгж тэгж Норов зохиолч морилож байна гэнэ . Тогооч уур дэгдүүлсэн халуун ус бариад өмнө годойж зохиолч маань нэг сүрхий ярвайснаа цамцныхаа энгэрийн халааснаас өвлийн өвгөний дүртэй зуун төгрөгний үнэтэй кофе гаргаж талыг нь аяганд хийж дээрээс нь мөнөөх их ажил болгосон халуун ус хийгээд тал кофегоо нямбай нь аргагүй буцаагаад халаасалсан гэж байгаа тэгээд л өвгөнтийн Норов гэдэг нэртэй болсон доо . Телевизийнхний л хайрласан нэр байхаа даа .

Ятга шанзны аялгуу шиг иймэрхүү танил яриа хөөрөөнд умбасаар нойроо ч мартацгааж их үд хэвийлгээд хөдөлсөн дөө . Бадарч гуай маань
-          Буцаад л дүнгэнүүлчихнэ . Сэнстэй юм шиг л нисээд харьж явчихна даа гэсээр л үлдсэн дээ . Зам урт урт зам дагаад бодол ч уртсах янзтай . Юуны өмнө ийм халуун сайхан өдрийг зэхсэн Дэнвэрийнхэндээ нэн ялангуяа Дэнвэрийн Монголчуудын холбоо түүний дарга зураач Цогтсайханд баярлаж ханахгүй явлаа . Бас тэр тайз чимэглэлийг урласан зураач Мөнхтөрд гялайж баярлаж явлаа . За тэгээд энэ ажлыг санаачилж хэрэгжүүлсэн Тулга нэгдлийнхэнд түүний гоцлооч Лхамаадаа ар талынх нь ярвигтай ажлыг амжуулах шиг амжуулсан Лхамаагийн гэргий Энхтуяад голт зүрхний гүнээс баярлаж явлаа даа . Тэгээд зогсохгүй дараагийн халуун өдрүүдийг Чикагод хийвэл яадаг бол гээд ам алдчихсан гэж байгаа . Энэ ч мөн халуухан юм болсон шүү . Гэхдээ Мичиган нуурын хөвөөнд , салхит хот Чикагод би ганцаараа биш шүү дээ . Ямар ч том байшингийн дээврийг түүртэлгүй өргөөд тавьчих бүл хүч сайтай найраг шүлгээ надаас түм илүү дээдэлдэг мянга мянган Монгол түмэн энэ хотод ажиллаж амьдарч сурч боловсорч байгаа . Тэд маань  “ НЭЭГ ХОЁРЫН ГУРВАА “ гээд л энэ ажилд ханцуй шамлан орно гэдэгт хатуу итгэж байна . Тийм л нэг халуун учраа одоо өмнө минь байна , тэр болтол  гурван зуун жаран нэг хоног үлдлээ дээ .

Доржзовдын Энхболд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.