04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

ГУРВАНТЭСЭЭС ЧИКАГО ХҮРТЭЛ-10

                                  УРТЫН ТӨВИЙН СОНИН
Гурвантэс сумын Соёл нэгдлийн төвийг Уртын төв гэцгээнэ . Соёл нэгдэл анх манай  Цэсэнгийн Бадам буюу бидний нэрлэж заншсанаар Ажаагийн өвөлжөөний хажууханд Сондогт байгуулагдаж тэндээ төвлөж байсан юм гэнэлээ . Нэгдэлжилт явагдаж эхлэх үед өвөө эмээ хоёр маань эцэг дээдсийн таслаж өгсөн малыг овоо өсгөчихөөд сууцгааж байсан гэдэг . Ээж тэр үед аймагт сургуульд сурдагийн хүчинд цаг үеийн байдлыг овоо ойлгодог болчихсон байж л дээ . Нэгдэлжилтийн эхний давалгаанаас манай хоёр хойш сууж үлдсэн үед ээж ирээд баахан ухуулж өвөөгийн толгой ерөнхийдөө нааш эргэж харин зөрүүд эмээ маань тас зөрж байх үед дараагийн давалгаа нь дайраад ирж . Ээж өвөө хоёр нэгдлийн хуралд суухаар Сондог руу явцгааж эмээ гэрээ хараад үлдэж дээ . Уг нь ойрхон  хэдхэн саахалтын зайтай газар л даа . Замдаа ээж өвөөг дахин дахин ятгасаар ямар нэгийг бодсон өвөө таг дуугүй явсаар хурлын газар ирцгээж . Хэд хэдэн гэр нэгдлийн төвд нэмээд барьчихсан улс ч ид л цуглаж байна гэнэ . Ерөнхийдөө мал хуйтай улс нь нэгдлийн гадна үлдчихсэн тийм л үе байж . Аймгаас төлөөлөгч ирчихсэн нэг том гэрт нэгдэлд элсдэггүй зөрүүд улсыг оруулаад суулгачихаж . Нэгдлийн гишүүд  гадуур хөлхөлдөн хажуугийн том гэрт хуушуур хийцгээн бужигнаж гарч . Хүмүүс удаан хүзүүрхэж чадсангүй гэнэ . Үдээс хойш болоход уван цуван элсэж эхэлсэн төдийгүй ,  элссэн хүмүүс гадаалаад хурлын гэрийн ханыг шажигнуулан налцгааж хуушуурын шөл сорон амтархан идэж байгаа нь хуралдагсдад тодхон сонсогдож байж . Ингэсээр гэрт цөөхөн хүн үлдсэн дотор өвөө ээж хоёр орж дээ . Ээж минь өвөө рүү дэмий л хялалзан гарч хуушуур идэхсэн гэх хорхойгоо дарж ядан байтал өвөө хоолойгоо зөөлөн зассанаа  “ Элсэе ээ “ гэж дуугарсан гэж байгаа . Тэгээд яахав гадаалж хуушуураа ч идэж . Ингээд эмээгийн нэгэн насны үглэлийг үйлдвэрлэсэн хоёр доо .

 
-Хэдхэн хуушуураас хэдэн үеийн үр хүүхдүүдийн амьдралыг үрсэн улс даа гэсэн үгийг ээж өвөө хоёрт эмээ хонх шиг зүүдэгсэн . Нам засгийн хүчирхийлэгч бодлогыг говийн эгэл хүүхэн бүү хэл хэд хэдэн аймаг хамарсан бослого ч дийлэлгүй нам даруулдаг юм гэдгийг эмээ минь харин ойлгосонгүй . Тэр хуушуураас идэлгүй сугараад үлдчихсэн бол нэгдэлд элсэлгүй үлдчихэж болох байсан гэж бурхны оронд одотлоо итгэсэн билээ . Өвөө маань хэдийд хэрэглэх гэж дарж байсан юм бүү мэд таван ханатай угалзтай гэр бэлдээд сумын төвд хураачихсан байж тэр гэрийг манайх дарга нарын байр гэгдэх гурваар эгнэн өмнөөс хойш сунасан дөчөөд гэрийн доод үзүүрт барьлаа даа . Сумын төвд хэд хэдэн тийм эгнэсэн гэрүүд байх агаад сургуулийн баруун талаар эгнэснийг нь эцэг эхийн байр гэнэ . Сумын төвийн зүүн дэнж дээгүүр эгнэсэн гэрүүдийг дэнжийн байр гэнэ . Тэр үеийн Гурвантэсийн хамгийн том барилга нь сургууль байсан билээ . Нар дагаж эгнэсэн найман цонхтой урт цагаан байшин байх . Сургуультай зүйрлэхэд  захиргаа , хүн мал эмнэлэг , дэлгүүр , зочид буудал зэрэг бол жижгийн туйл . Харин халуун усны байшин ойртож магадгүй гэхдээ л жижиг дээ . Манайхтай сумын намын үүрийн дарга Гэлэгшийнэн гуайнх айлсана . Гэлэгшийнэн даргынх дундаа илүү гэртэй гурван гэр байх . Нэг гэрт нь Гэлэгшийнэн гуайн эхнэр Цэвээн эгчийн аав цагтаа авдар савнаас өгсүүлээд гэрийн модыг ч атугай түүртэлгүй урлаж явлаа гэж хуучилдаг Аюур өвгөн эмгэний хамт аж төрнө . Цэвээн эгч өндөр өсгийтэй гутал , хормой богинотой тэрлэг өмсөөд цээжээ урагш түрэн ихэд урамтай алхлана . Чулуу ихтэй газар өсгийтөд нь тохиромж муутай байсан болов уу тэгж явахдаа ондого ондого гэж явах шиг санагдана . Тэрлэгнийх нь хормой тухайн үедээ өнөө цагийн охидын банзалын эгч оргисон богино тэр нь тэгшхэн урт хөлд нь бас их зохиноо . Гэлэгшийнэн дарга бол зэгсэн онигор нүдтэй түүндээ нилээн зузаан линзтэй урдаасаа сүрхий халзарч яваа улбар шар хүн байх . Залуу нас хүнээр юү эсийг хийлгэх билээ . Цэвээн эгчийг ч бас оролдоод авсан түүхийг нутгийнхан сэмхэн хүүрнэлднээ . Цэвээн эгч ээжтэй нэг ангид дунд сургуулиа дүүргээд ЗХУ-д сургуульд явсан юм байж . Очсон даруйдаа Орос хэлийг шамдан суралцаж тэр нь дотроос нь сүрхий хатгасан байх нэг удаа аавдаа
 
- Привет мой любимый па энэ тэр гэсэн захидал биччихэж л дээ . Залуудаа шинэ үсгийн дугуйланд идэвхийлэн явсаныхаа хүчинд  захидал зэргийг хүн царайчлалгүй уншчихдаг байсан Аюур өвгөн нөгөө Привет-тэй нь өдөржин зууралдаад Пүрэвт л охин маань юм захисан юм байх гэж ойлгоод нөгөө сүрхий захиаг нь өвөртлөн Пүрэв өвгөн дээр очиж . Хоёр өвгөн нарны хурц гэрэлд ч лааны мухагнасан туяанд ч нөгөө айхавтар захиатай зууралдаад доторхийг нь ухаж ойлгож чадсангүй гэнэ . Тэндээсээ маргаан бүхнийг шийдэж өгдгөөр нь сумын дарга дээрээ очиж дарга ч ойлгодоггүй бүр яг мухардчихсан байхад нь ашгүй аймгаас явж байсан нэг хүн таарч мөнөөх гайтмарыг уншиж өгсөн гэж байгаа . Зарим нэг шооч хүн Цэвээн эгчтэй энд тэнд тааралдаад
- За Цэвээн пэрвээтээр сонин юу байна даа гэж мэндэлхэд нүд нь айхавтар гурвалжлан
- Битгий марзганаад бай гээд загнаж байдагсан . Цэвээн эгч ангийн андаа хань татсан байх цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон ээжийн буянд манайх ингээд дарга нарын байранд буулаа даа . Дарга нарын байр нэр нь том ч нидэр дээрээ бүх дарга тэнд амьдардаггүй байсан юм . Сургуулийн захирал Цоодол багшийнх эцэг эхийн байранд , мал эмнэлгийн дарга Базар эмчийнх дэнжийн байранд , холбооны эрхлэгч Дамбаравжаа гуайнх нь ч ялгаагүй дэнжийн байранд байдаг бол захиргааны галч цэвэрлэгч Гонгор гуайнх худалдаа бэлтгэл ангийн дарга Жанчивийнхтай айлсан дарга нарын байранд байдгийг бодолцож үзвэл  нэр нь сүрхий ч нидэр дээрээ жинхэнэ ардчилалтай алагчлалгүй тийм л байранд манайх буусан юм билээ . Миний сонирхлыг хамгийн их татдаг хүн бол Аюур гуай . Гэрээсээ гарч нар дагуулан саравчилснаа
- За би гэдэг хүн яах гэж яваа билээ гэвэл сүх авах гэж л яваа нь чух ...сүх авах гэж л яваа нь чух гэж давтан давтан үглэсээр илүү гэр рүүгээ ороход нь би год харайн илүү гэрийнх нь бүрээсэнд чихээ наагаад авна . Гэр дотор өвгөн
-Сүх хаа билээ гэвэл сүх баруун хаяанд ...сүх баруун хаяанд хэмээн тодхон үглэнэ . Тэгснээ хэсэг зуур чимээ тасарч шуухитнатал амьсгалана . Тэгж тэгж ямар нэг шуудай ч юм уу , эсгийний өөдөс  тэвэрчихсэн нэг бол хормойлчихсон гарч ирнэ . Гарч ирээд түүнийгээ хэсэг харж байснаа
- За би гэдэг хүн эрлээ олоод авсан нь чух гэж үглэсээр гэр рүүгээ ормогц эмгэнийх нь дуу хангинаад явчихна даа .Би ч элгээ тэврэн гэрээ түшин нулимсаа гоожуулан бөндөгнөнө . Аюур гуай тэгж миний агдганалын нулимасыг өдөртөө хэд хэд суллаж өгдөгсөн . Ангийн багшийг Баасан гэнэ . Намхавтар нуруутай тогжгоносон шар хүн . Нилээн гандчихсан ногоон өнгөтэй тэрлэгнээс ер нь л салахгүй дээ . Эцэг эхийн байранд сургуулийн яг хажууд хөөрхөн нь аргагүй дөрвөн ханатай гэрт ганц биеэр амьдрана . Хичээлдээ суусан анхны өдөр минь дуудаж босгоод
 
- За ангийнхандаа Улаанбаатар хотын тухай ярьж өг гэлээ . Би сайн мэддэг Найрамдал завод хийгээд үй олон хүн ажиллаж хиам , төрөл бүрийн лаазалсан хүнс үйлдвэрлэдэг махкомбинат , намуу цэцэг саван үйлдвэрлэдэг савангийн үйлдвэр , бидний иддэг гурилыг хийдэг гурилын үйлдвэр , за тэгээд багшийн сургууль , түүнтэй зэрэгцээд дүнхийж байдаг Багшийн дээд сургууль , Зайсан толгой хэмээх өндөр бор толгой дээрээс хотыг харахад ирийж жирийгээд бүгд харагддаг нь хичнээн сайхан тухай , бас алсыг харагч гэдэг юманд дээр суугаад хотын нилээд хэсгийг харж болдог тухай , автобус гэдэг машинд суугаад хотын хаана ч хүрч болдог талаар Сансар гэдэг газар газар доогуур лут том зам тавих гэж байгаа тухай , бас Улаанбаатар гэдэг том зоогийн газар зөвхөн тусгай бичиг баримттай хүмүүс л орж тансаг сайхан хоол үнэгүй идэж болдог тухай тэр бичиг баримтыг онц суралцаж сайн хүн болоод олж авдаг тухай ээжийн хэлсэн тайлбар сэлтийг нэг бүрчлэн ярьсаар бүтэн өдрийн хичээл маань зөвхөн Улаанбаатарын тухай өрнөж дууссан юм . Ангийнхны маань нүд гялалзан надаас элдвийг асууж шалгаана . Ялангуяа тэр автобус гэдэг юманд суугаад хаа ч хүрч болдог нь онцгой ихээр сонирхолыг нь татаж байлаа .
-Өдөржингөө явж болох уу гэж Шинэхүүг асууж байхад
-Хотын зүүн захаас баруун захад нь хүрсэн ч хамаагүй юу хэмээн Зоригт асууж байх жишээний . Тэд хүн амьтнаас сонссон зүйлсээ тодорхой болгон мэдэж авахыг хүсэж байлаа . Хотын хамгийн өндөр байшингийн орой руу өдөржингөө шатаар авирч гардаг гэнэлээ тэр үнэн үү гэнэ . Хотод чулуу олддоггүй цул засмал байдаг гэдэг үнэн үү , Их дэлгүүр гэдэг том дэлгүүрийн эхнээс адгийг нь хүртэл үзээд явахад хоёр өдөр болдог гэдэг үнэн үү гэлцэнэ . Тэр байтугай цирк гээч юмны нэг булангаас нөгөө булан руу нь нисээд хүрчихдэг нисдэг хүмүүс байдаг гэдэг тэд нарын далавч нь хаанаа байдгийг үзсэн үү гэж хүртэл асууж билээ . Ангийнхан маань хотын зүүн захаас баруун захад нь хүрэхийн тулд гурван өдөр явдаг гэдэгт эргэлзээнгүй итгэцгээж байсан юм . Би чадахын хирээр хариулсан . Циркийн тэр нисдэг хүмүүсийн нуруунд холоос татдаг урт олс бэхэлсэн байдаг тэр нь барагтайд харагддаггүй гэж ярихад нирхийтэл энээлдэн 
-ИНАА гэцгээнэ . Хотын нэг захаас нөгөө захад нь хүрэхийн тулд гурван өдөр явахгүй автобусаар сайндаа л хоёр цаг явна гэсэнд
-ТИРАА манай ах гурван өдөр явдаг гэж хэлсэн юм мэдэв үү хэмээн маргана . Айлуудад кино гардаг зурагт гэдэг юм байдаг гэж ярьсанд огт итгэсэнгүй .
-ИНАА ямар хөлөөв биш дээ гэлцэн инээлдэнэ .
 
Тэд миний ярьсан олон юманд итгээгүй ч хичээл тарсны дараа  надаас салалгүй дагалаа . Бид сургуулийн түлш нүсэр том нуруулдсан загны баруун талд зээглэн суугаад  Аминаас чухал үйлс гэдэг зурагтын олон ангит киног ярьж гарлаа . Нэг л мэдэхэд байрны хүүхдүүдийн үдийн хоолны бүрээ дуугарч хүүхдүүд хоолоо идчихээд эргэн цуглахаар болзон тарцгаасан юм . Бид ч гэр гэрүүгээ яарцгаалаа . Хоолны дараа дахин цугларч үдэш болтол яриагаа үргэлжлүүллээ . Аминаас чухал үйлс дуусаад Нохойтой дөрвөн танкчин дундаа орох үед би нэгэнт бүхнийг мэдэгч эрдэмтэн мэргэн бараг л далдыг харагч маягийн хүн болж хувирсан байлаа . Хүүхдүүд түлээнд явахдаа хаашаа явбал их түлээтэй газар хүрч болох бол гэж асууна . Түлштэй газрыг би биш харин тэд л мэдэж баймаар . Би хэдийгээр зурагтаар үзсэн юмаа л ярьж байна гэж тайлбарласан боловч сонсогчид маань намайг л өөрөө бодож олоод яриад байгаа мэт хүлээж авах нь хачирхалтай . За тэгээд кинонууд дуусаад Шадар гурван цэргийг ярьж байхдаа би  өөрөө дүрдээ орж өөр ч сайхан ном ярьж өгөх хорхой асаж гардаг байгаа . Сургуулийн номын санд байтугай сумын номын санд үзээд өгөе гэсэн ч олигтой ном байсангүй . Хавтас нүүргүй цагаан толгой , унших бичиг , Самбуу даргын Мал маллах ухаан , Цэдэнбал даргын хэлсэн үгийн эмхэтгэл , Ленин багшийн хүрэн ботиуд  сумын номын сангийн үндсэн бааз нь байлаа . Хамгийн их захиалгатай ховор ном нь мөн л хавтас нүүргүй болчихсон хэдэн Цог сэтгүүл байсан юм . Гэтэл миний тухайд номоор дутагдаж гачигдахын зовлон үнэндээ байсангүй . Найз нөхөддөө сайхан ном ярьж өгөх хорхойдоо хөтлөгдөн Улаан наран , Зам , Үүрийн туяа , Тунгалаг тамир , Заан залуудай зэрэг үндэснийхээ романуудаас гадна Усан доогуур хорин мянган бээр , Арван таван наст капитан , Нууцат арал , Дөлгөөн дон , Зэр зэвсэг минь баяртай , Гобсек , Залуу гварди , Эх  гээд л явж өглөө . Түлээнд явахдаа уншсан номоо нөхөддөө ярьж өгөөд тэдний нүд гялалзан номын ертөнцөд орж байхыг харахын жаргалыг юутай ч зүйрлэлтэй юм билээ дээ . Зарим өдөр Баасан багш маань 
-Энхболд номоо ярьж бай гэчихээд  хаашаа ч юм явчихна . Ангийнхан маань ганц дуу гаргахгүй ном сонсон сууцгаасаар нэг л мэдэхэд хичээлийн цаг дуусчихсан байх . Баасан багш  баян хуур хөгжим тоглоно . Багшийнхаа тухай эргэн бодохоор л Говийн зэрэглээ киноны клубын эрхлэгч санаанд ордог юм . Багш маань хагас сайны үдэшлэгийн гол хүн болж  баянхуур хөгжмийнхөө хоёр мөрөвчин завсар нь аман хуур шигтгэчихээд үлээж гарна . Тэр аман хуураас чухам ямархуу аялгуу гараад байгаа нь тэр бүрий мэдэгдэхгүй ч баянхууртайгаа  хоршоод хүмүүсийн бүжиг эргэн товшиход нь хөөрхөн нөлөөлөөд зогссонгүй надад ч бас нөлөөллөө . Аав ээж хоёрыг шалж байгаад сумын дэлгүүрт  байсан баянхуур хөгжмийг  авахуулчихлаа . Мянган төгрөг боллоо гэцгээж байсан тэр үед бага биш мөнгө л дөө . Гэхдээ манай хоёр Найрамдал заводын зургаан байранд байсан үеэ бодвол тов хийсэн цалин цавтай болцгоож  тэр нь бидний амьдралд мэдрэгдэж эхэлсэн үе болохоор хөгжим авсандаа нэг ч их харамсацгаасангүй . Ингээд баянхууртайгаа зууралдаж гарлаа даа . Ардын элч кинон дээр дуулагддаг
 
Дөрвөн уулын дундаас
Усны тунгалаг урснаа хө гэсэн үгтэй дууг сурахаар хэлээ бултайлган үзэж тарсан юм . Цагаан товчин дээр нь ээжийнхээ хумсны лакаар дугаарлаад авлаа . Хэдэн өдөр оролдсоны эцэст ямар ч болов Усны тунгалагаа урсгаад байдаг болчихлоо . Тэгээд л баянхуураа тэврээд Гэлэгшийнэн даргындаа уригдана даа . Тэднийх гурван охинтой . Том охин Дагвасүрэн нь надтай нэг анги бол дунд охин Энхээ нь биднээс хоёр дүү , бага охин нь Энхээгээсээ хоёр дүү . Дагвасүрэн эршүүд нь дэндүү . Ямар сайндаа морин байлдаанд хөвгүүдтэй байлддаг тэхдээ бүр ангийнхаа Гомбожавын Энхээгийн морь болдог гэж байгаа . Нэг удаагийн тулалдаанд Энхээгээ дарж унаснаас Энхээгийн гар хугарч  эвгүй бороолсон тул тахир Энхээ гэдэг хочтой болсон билээ . Дагвасүрэн хэний ч өөдөөс нударга зангидаад л яваад очдог охин байлаа . Цүнхээрээ савахдаа дургүйгээ хүргэсэн хүүхдийн толгой алдахгүй . Гэвч гэртээ охин зантай . Хоёр дүүгээ уран сайханч болгоод өөрөө зарлана . Бидэн дээр бас сумын дарга Өлзийсүрэн гуайн хүү охин хоёр нэмэгдэнэ . Гэлэгшийнэн гуайн зүүн талын өргөн орыг тайз болгочихно . Том хөшгийг нь ярж Дагвасүрэн гарч ирээд
-Тийм ийм дуу Гурвантэс сумын уран сайханч тэр дуулж Энхболд баянхуур хөгжмөөр дагаж хөгжимдөнө гэж зарлахад уран сайханчид маань ээлж дараалан гарч ирээд дуулах ч юм уу орон дээр бохирон суугаад гараа савчин үелзүүр бүжиг хийж гарна  гэхдээ энэ бүхэн ганцхан Усны тунгалаг урснаа хө гэсэн аялгуунд явагдана . Өлзийсүрэн даргын хүү Баадай Улаан тугийг мандуулаад улсын сүрийг бадруулаад хэмээн нүүрээ чинэрүүлэн дуулахад ард нь Усны тунгалаг л урсаад мөнөөх усны тунгалагийг давж дуугарахын тулд Баадай хоолойгоо цахирттал хашгирах жишээтэй . Гэтэл Баадайгийн эгч Оюун яг эсрэг намуухан дуутай тул дуулж байгаа үгүй нь мэдэгдэхгүй Усны тунгалаг урссаар байгаад нэг л мэдэхэд Оюун толгойгоо тонгосхийлгэн ёслож байх . Манай энэ концертийн байнгын үзэгч нь Аюур гуай түүний хөгшин хоёр . Аюур гуай бидний концертийг үзэхдээ улаан буйл гарган өглөөхөн тогооны халивны оронд илүү гэрээсээ түмпэн тэвэрч ороод хөгшиндөө загнуулснаа таг мартчихсан хөхөрч суудагсан .

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.