04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

ГУРВАНТЭСЭЭС ЧИКАГО ХҮРТЭЛ-11

ИДЭВХТЭН БИЧИГЧИЙН СОНИН
   Номыг би анхандаа аавынхаа захиснаар хямгадаж уншдаг байснаа номын ертөнцөд хөл тавьж байгаа нь тэр юм болов уу сүүлдээ өөрөө ч хайрладаг хямгаддаг болчихсон билээ . Гадаа тоглож байгаад орж ирээд номоо барихын өмнө гараа угаагаад сурчихсан байх жишээний .

Аав ч надад итгэдэг болж хөдөө гадаа дуудлаганд явахдаа номын сангийнхаа түлхүүрийг өгчихөөд явдаг боллоо . Тэгсэн шар авдар дотроос нэг их олон үнэмлэх гардаг юм байна . Сайшаалын үнэмлэх , баярын бичиг гэсэн нэрүүдтэй тэр үнэмлэхүүд дотроо
-Ийм тийм сониноос зарласан ийм тийм юмны , тийм байгууллагын ойд зориулсан найруулал тэмдэглэл сурвалжлагын уралдаанд амжилттай оролцож төддүгээр байр эзэлсэн тул төдөн төгрөг сайшаалын үнэмлэх олгов гэсэн утга бүхий бичгүүд байх .

Сонингууд нь бол ер нь тодорхойдоо Үнэн , Залуучуудын үнэн , Хөдөлмөр, Утга зохиол урлаг гэсэн хэдэн сонин л голлоно . Дорнод аймгийн Дөл сонин гэсэн онцгойдуу нэр бас гарч ирнээ . Нэг шагналын бичиг миний  сонирхолыг онцгой татлаа . Хөдөлмөр сониноос зарласан найруулалын уралдаанд  “ ГАРГҮЙ ӨВГӨНИЙ ГАРАМГАЙ АМЖИЛТ “ нэртэй найруулал бичиж түрүүлсэн тул найман зуун төгрөг баярын бичгээр шагнав гэж бичсэн байлаа . Тэр шар авдарт бас бор цаасан ууттай зүйлс байсан нь аавын маань бичвэрийн хайчилбарууд байв . Өнөөхийг онгичиж байгаад  “ Гаргүй өвгөний гарамгай амжилт “ найрууллыг олоод авлаа . Уншлаа . Үйлдвэрийн ослоос болоод баруун гараа тайруулсан ч тэрүүндээ гутарч суулгүй солгой гараараа төрөл бүрийн гар урлалын зүйлс хийж сураад өөртөө төдийгүй үйлдвэртээ их орлого оруулж сайхан амьдардаг болсон нэг өвгөжөөр хүний тухай найруулал аж . Сэтгэл их хөдөллөө .

Аавынхаа адил гаргүй хүний тухай бичих юмсан гэж сумын төвөөр гар муутай хүн эрээд баахан явлаа олдсонгүй . Тэгснээ хөлгүй хүн ч байсан яадгийн гэж бодоод хөлгүй хүний эрэлд гарлаа бас л олдсонгүй . Сумын мужаан Шарав гэж ялимгүй татганаж явдаг хүнээс өөр хөл муутай хүн харагддаггүй . Шарав гуайг бичдэг хэрэг гэж шийдээд чухам яагаад тийнхүү татганаж явдаг болчихсоныг нь сонирхсон чинь залуудаа тэмээнээс унаад тийм болчихсон аж . Тэмээнээс унаагүй хүн хаа байхав дээ би өөрөө хүртэл хичнээн олон унаж байлаа даа . Азгүй хүн л тэмээнээс унаад хөлгүй болно азгүй хүний тухай юү ч гэж бичихэв дээ гэж бас бодогдоод өнөө их урам зориг маань эрч нь  харьсан дээс шиг суларлаа . Тэгснээ ерөөсөө тодорхой хүн ордоггүйгээр нь шүлэг бичье гэж шийдвэй . Тэр үед бидний унших бичиг дээр
Түг түмэн хүнтэй
Төрийн олон яамтай
Удаан жилийн настай
Улаанбаатар нийслэл гэдэг нэг шүлэг байдаг байлаа л даа түүнийг дууриалгасхийгээд
Өндөр сайхан байшинтай
Өнөр олон хүмүүстэй
Үй түмэн тэмээтэй
Өмнөговь сайхан аймаг юм гээд биччихлээ .

Тэгээд хөөрч догдлож байгаа гэдэг тамтаггүй хаа л явнав дэвтрийн тал хуудас дээр бичсэн шүлгээ гаргаж ирээд л уншиж үзээд баярын магнай тэнийн өөрийн эрхгүй инээд алдана . Аавдаа л үзүүлмээр байдаг хясахад аав ирдэггүй сар жил болох шиг л болсон чинь ердөө л дөрөв хоносон байж билээ . Аавыг ирэнгүүт  бараг л гэрийнхээ гадаа анхныхаа уран бүтээлийг гардууллаа даа . Аав уншиж үзээд инээлээ инээгээд л байлаа . Тэгснээ
-Дажгүй ээ . Гэхдээ миний хүү эхлээд мэдээ бич . Мэдээ сайхан бичдэг хүн л сайн уран бүтээлч болдог юм гэлээ . Тэгээд надад мэдээ гэгч чухам юү болохыг тайлбарлаж өгснөөр мэдээний эрэлд гарлаа даа . Тэгсэн мэдээ гэдэг чинь сумын төвөөр ёстой хөглөрч байдаг юм байна . Дэлгүүрт ороод л анхныхаа мэдээтэй учирч байгаа юм чинь . Ингээд л  Говийн мэдээ сонинд Гурвантэс сумын дэлгүүр хичнээн олон төрлийн бараатай болох тухай тэр дундаа баавгайтай чихрийн элбэг дэлбэгийг гайхаж барамгүй тухай анхныхаа мэдээг бичээд явуулчихлаа . Аймгаас баасан гараг болгонд онгоц ирнэ . Онгоцны дуу гармагц л буудал руу дэгдчихнэ дээ .

Онгоцны Ойдов гуай бол манай ангийн Оюунсүрэнгийн аав нь . Би Ойдов гуайд туслалцаж сонин ялгалцдаг боллоо . Тэр хоорондоо Говийн мэдээгээ нэгбүрчлэн гарчиглаад нэг их уртаар санаа алдчихаад гарна даа . Мэдээж хэрэг мэдээ маань хэвлэгдсэнгүй . Нэг өдөр шуудан ялгалцаж суутал  “ Гурвантэс сумын бага сургуулийн сурагч Д . Энхболдод Говийн мэдээ сониноос “ гэсэн хаягтай захиа гараад ирлээ . Шүүрч аваад л уншиж гарлаа . Захидал юуны өмнө бидэнд хандаж мэдээ бичсэн сурагч Д . Энхболдод баярлалаа гэсэн найрсаг үгээр эхлээд мэдээг хэрхэн бичих тухай зааварчилсан байлаа . Түүнд дэлгүүрийн бараа таваар бол мэдээ биш юм өнөөдөр манай орны сумын дэлгүүрүүд төрөл бүрийн бараагаар бүрэн хангагдсан , ялангуяа хүүхэд багачуудын дурлан иддэг баавгайтай чихэр бүр их бий . Тиймээс энэ бол хүний сонирхол татах зүйл биш юм гээд харин хүний хөдөлмөр бүтээл , бүтээлч ажиллагаа хүн бүрийн сонирхдог мэдээ юм гэхийн зэрэгцээ хүний алдаа дутагдалыг ч шүүмжлэн мэдээлж болно гэсэн байлаа . Захидал дахин дахин мэдээ бичиж идэвхтэн бичигч болохыг хүссэнээр өндөрлөсөн байсан нь их урам хайрлалаа . Түүнээс хойш мэдээгээ их л ажил хэрэгч байдлаар хайдаг боллоо .

Манай суманд усны Ойдов гэж хүн байдаг байлаа . Урд бөх нь налуу хойт бөх нь ширээ бүдүүн хүрэн атанд усны ган хөллөөд сумын бүхий л албан байгууллага айл өрхүүдэд ус түгээн өдөржин алхаж явдаг хүнсэн . Зүүн чих нь баруунаасаа илүү хулгар тэгж хулгар болсон түүхийг нь хүмүүс ярьж далдхан инээлддэгсэн . Хэдүйд ч юм бэ дээ Ойдов гуайг идэрмэг залуухан байхад сумын хэдэн хүн хамтдаа аймгаас задгай машин дээр суугаад нутгаа зорьж л дээ . Хүн бүр л дах дэгтий болсон идэр есийн хүйтэнд юм гэсэн . Ойдов гуай том сэгсүүргэн дээл өмсөөд жигтэйхэн том лоовууз тавьчихсан хавийний аравч налан өндөлзөнгүй явна гэнэ . Олон хүнтэй ийш тийш явахаараа сэтгэл нь хөдлөн догдлоод байдаг зантай юмсанж . Тэгсэн нутаг даяар алдартай хоёр шооч хүн тэвшний зүүн хойно бөөр нийлээд суучихсан шивнэлдээд байгаа юм шиг мөртлөө тэрхүү шивнээ нь Ойдов гуайд сонсогдоод байх юм гэнэ .
- Үгүй мөн том лоовуузаа . Ийм том гал улаан үнэгийг манай Ойдов л агнаж чадна .
-Хн . Ойдов бид хоёр гутлаараа л цохихгүй юм бол юугаараа агнахав дээ анчин Балдандоржоос сар шахуу шалж байж салгасан юм гэхчүүлээ .
-За даа ийм лоовуузтай лоовуузгүй манай Ойдов энэ зэргийн хүйтнийг тоох  хүн биш .
-Хүн болгон л осгох шахаж байхад Ойдов яагаад даардаггүй юм . Тэр харахгүй юу хамрынх нь нус унжчихсаныг . Шалдаа буучихаж .
  

Ойдов гуай хажуу тийш сэмхэн эргээд хамраа шудраад авч байна гэнэ . Яриа нь байндаа хэрхэн хүрч байгааг харсан мань хоёр ч явж өгч .
- Манай Гурвантэсэд гурван бартай хүн ганцхан энэ Ойдов л байгаа юм . Даанч хэтэрхий дорой эр л дээ түүнээс биш гурван бартай хүн чинь өдийд улсын заан арслан тэр ч байтугай аварга болчихсон явж байхад гайхах хүн гарахгүй .
-Гурван бар гэдэг чинь яадаг юм ?
-Яахав дээ бар жилийн бар сарын бар өдөр төрсөн хүнийг хэлдэг юм . Орчин үед бол таван бар гэж яриад байгаа юм шүү дээ . Ойдовынх шиг гурван бар дээр бар цагийн бар минутанд төрсөн хүн гал атгасан ч түлэгддэггүй , цасан шуурганд нүцгэн хоносон ч хайрагддаггүй юм гэнэлээ .
-Аа яа яа тэгвэл манай Ойдов чинь усан нүдтэй цусан зүрхтэй маниусынхаа дэргэд ёстой арслан бар шиг хүн юмаа .
-Тэр гарыг нь хар яг л барын тавхай шиг байгаа биз дээ .
   Нөгөө хоёрын энэ яриа Ойдов гуайд барин тавин сонсогдоод яалт ч үгүй малгайгаа нилээн дээш нь шуучихаж .
-За тэр халууцаад эхэллээ . Цаадах чинь удахгүй малгайгаа авч өвөртлөөд салхи сөрөөд исгэрчихнэ .  Багадаа атны сүүл тас хөлдөж байсан идэр есийн хүйтэнд  энгэр заам нь задгай , нүцгэн  толгойноос нь уур савчихсан явдаг байсан юм .
Ойдов гуай малгайгаа авч сугандаа хавчуулчихаад салхи сөрөн жишүүлдэсхийн суугаад исгэрч гарсан гэж байгаа . Тэгээд сумын төвд ирэхэд чих нь бамбайтал хөлдөөд ус гүйчихсэн байсан юм гэнэлээ .

Ийм л нэг хөнгөн цагаан сэтгэлтэй ажилч хичээнгүй  хүний тухай бичмээр санагдаад болдоггүй тэгээд л зүрх сэтгэлийнхээ зарлигаар бичиж орхилоо . Уг нь ч мэдээ бичих төдийд зүрх сэтгэл нэг их зарлигсаад байх зүйлгүй л дээ гэхдээ арван настай гуравдугаар ангийн сурагч хүүд бол тухайн үедээ л зарлиг нэхсэн ажил байсан нь харин үнэн билээ . Нэг онгоц өнжөөд л дараагийн онгоц ирэхэд Говийн мэдээ сонинд мэдээ маань гарчихжээ . Онгоцны Ойдов гуайгаасаа нэг илүү сониныг нь гуйж өвөртлөөд гарч өглөө дөө . Юуны өмнө хүмүүс их цуглардгаар нь дэлгүүрт тавьж хүрлээ . Өчнөөн хүн дэлгүүрт байсан хир нь хэн нь ч намайг тоож хардаггүй . Сонин маань өврөөс халуу оргиулан хатгаад байдаг . Гаргаад хүмүүст үзүүлэхээсээ зовоод хий дэмий л баахан эргэлдэж байгаад гарлаа даа . Тэгсэн Даваа гарагийн хичээлээ эхлүүлэхийн өмнө Баасан багш намайг дуудаж босгоод усны Ойдов гуайн тухай сайхан мэдээ бичсэн байна  баяр хүргэе гэсэнд ангийнхан маань нижигнэтэл алга ташиж анхны урам хайрлалаа . Хичээл тарах гэж байтал сумын зарлага хаалгаар шагайгаад Энхболд гэдэг хүүхдийг эвлэлийн үүрийн дарга дуудаж байна шүү гэлээ . Хичээлээ тараад гүйгээд очсон чинь эвлэлийн үүрийн дарга баяр хүргээд сонины бичлэгийн шагнал гурван төгрөг далан зургаан мөнгө тоолж өгөөд нэг хүснэгт дээр гарын үсэг зурууллаа . Ёстой л бас цалин авдаг юм уу гэдэг онигоо шиг юм боллоо доо .

Ангийнхаа Зоригт , Батжаргал , Шинэхүү гуравыг дагуулан дэлгүүрт тавьж очоод хоёр төгрөгөөр нь молоко авч дөрвүүл хуваан сорлоо . Намайг дэлгүүрийн худалдагч эгч таньж нэрээр минь дуудсаныг яана . Тэгсэн хэрэг үүгээр шувтарсангүй Ойдов гуай маань үүлтэй нүдэндээ нулимас мэлтэгнүүлж байгаад нэг их ширүүн хушуугаар духан дээр минь үнэрлээд
-Үүнээс хойш миний хүү усны саваа бүү гаргаж бай ах нь ус хийчихэж байх юм хуна гэж байна . Сонинд мэдээ бичихийн амтанд орж эхэллээ дээ . Ойдов гуай олон айлд ус түгээгээд ядардаг биз усны саваа гаргаж тавиагүй айлуудыг алгасаад явчихдаг юм . Манайх энэ шийтгэлээс ингээд мултарчихдаг юм байна . Усны сав хачиртай хэлэхэд гэрийн хойморт байсан ч Ойдов гуай усаа хийчихээд явчихдаг болсон билээ . Тэгээд л мэдээнүүд маань ар араасаа хөвөрч гарлаа . Сургуулийн сурагчид зоодой хийх уралдаанд хэрхэн оролцсон талаар , эвлэлийн гишүүдийн эмнэг сургалтын аварга хэн болсон гээд л бичээд л байлаа мэдээнүүдийн зарим нь хэвлэгдэнэ зарим нь ч усанд хаясан чулуу шиг таг болно . Гэтэл нэг шүүмжлэлтэй  мэдээ маань долоон төгрөгний шагнал урамшуулал наддаа авчирлаа . Ингээд үнэлгээ илүүтэйгээр нь шүүмжлэлтэй мэдээнд гол анхаарлаа хандуулдаг боллоо . 

Тост бригадын малчин Аюуш гуай дэлгүүрийн үүдэнд энгэр задгай явж байлаа хойч үедээ үлгэр дууриалалтай баймаар юм энэ тэр гээд авч өгнө дөө . Худалдаа бэлтгэл ангийн хашаанд тэмээний ноос сул асгасан нь салхинд хийсэж байгаа тухай , нэгдлийн аж ахуйн хашаагаар нэг эд бараа сэлбэг хэрэгсэл эмх замбараагүй хөглөрч байгаа тухай , зарим бригадын хариуцлагатнууд сумын төвд шигдчихээд ажилдаа явахгүй байгаа тухай , сумын төвийн хүүхдүүд тэвэг их өшиглөснөөс болоод хазганаж явдаг болсон тухай , гадаа дулаахан байхад айл гэр албан байгууллагууд загийг хайрлаж хямгадалгүй үрэлгэнээр түлж байгаа тухай гэхчилэн нэг л их том толгойтой амьтан харсан болгоноо авч өгдөг боллоо . Сум нэгдлийн дарга Өлзийсүрэн гуай Зовдын энэ нэг түлэгдсэн боорцог шиг бор юмыг яая даа байз гэж өчиг алдсан тухай сонсуут ёстой л бугуйл авсан хангал ат шиг дүрдээ итгэн маадайж  Нэгдлийн дарга нэрээ бод гэсэн мэдээ бичсэн гэж байгаа . Тэр нь сүртэй ч юм биш л дээ хөөрхий өвлийн бойгоор нэгдлийн даргынх хоёр бод хориод бог идшиндээ хэрэглэчихэж . Гурил мах хоёр л хүнсэндээ хэрэглэдэг хөдөөгийн дөрөв таван хүүхэдтэй айлуудын дундаж идэш л дээ . Харин нэгдлийн даргын идэш болохоор анхаарлыг минь тэгж татсан юм байлгүй чааваас . Нэгдлийн малыг хамгийн түрүүнд хайрлаж хямгадах учиртай дарга маань өөрөө ийм олноор нь идчихээр цаана нь юү үлдэхэв гэсэн нэг их том асуулттай .

Мэдээж ийм утга агуулгатай мэдээг аймгийн  сонин юунд л хэвлээ аж . Гэхдээ наанаас чинь ийм мэдээлэл ирж байна шүү гэдгийг эрхбиш холбогдох хүнд нь хариу мэдэгдэлгүй л яав гэж . Нэг ч их удалгүй хүмүүс надтай нэг л хачин харьцаад байгаа нь мэдрэгддэг боллоо . Хүүхдүүд түлээнд явахдаа надаар хань татдаг байсан чинь сүүлдээ хэл чимээгүй сэмээрхэн явцгаачихдаг боллоо . Дэлгүүрт ороод очингуут худалдагч эгч лангууныхаа араас хэрэг болгон гарч ирээд
- Гар гар гээд түлхээд гаргачихна . Клубын эрхлэгч Лийдаа гуай кинонд оруулах нь байтугай жигтэйхэн хорсож тохуурхсан  өнгөөр
-Энд кино гарч байна сурвалжлагчийн  хэрэг огт байхгүй гэнгүүт чихнээс минь зулгаагаад клубээсээ чирээд гаргачихна . Тэр ч бүү хэл онгоцны Ойдов гуай маань
-Ах нь өөрөө ялгачихна миний хүү харь гээд хөөдөг боллоо . Эцэст нь ааваасаа тэлээний амт хүртсэнээр идэвхи минь ихээхэн дундарч энэ хэрэг шувтарсан билээ . Аав миний хонгыг
-Ингээд чи хүний мууд дурла ...Ингээд хүний мууд дурла хэмээн дахин дахин үглэж байгаад урсныг яана . Эргэн тойрон маань ийнхүү гайхалтай түргэн хувирч өөрчлөгдчихөөд байхад усны Ойдов гуай л харин урвасангүй . Надад хандаж ямар нэг үг хэлээгүй ч усаа хийчихээд явчихдаг зан нь хэвээр үлдсэн юм . Давс нь ихэдсэн  хоол яагаад идэхийн аргагүй болдогийн учрыг ийнхүү дэндүү багадаа ухаарч авсан билээ .


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.