05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

ГУРВАНТЭСЭЭС ЧИКАГО ХҮРТЭЛ-6 /ИХ ХОТЫН ХАЯАНД/

Өнөөгийн Баянхушуу гэгддэг хотын баруун зах хэсгийг тэр үед Найрамдал завод гэж нэрлэдэг байлаа .Найрамдал завод хэмээх тэр сүржин нэрийн дор тоосгоны үйлдвэр ажиллаж байсан хэрэг . Тэр тоосгоны үйлдвэрийн ажилчдын байр гэгдэх гурван давхар зургаан байшингийн тавдугаар байранд нь манайх сууршсан юм байж . Манайх гуравдугаар давхарт . Тэхдээ тэр байр бас өвөрмөц зохион байгуулалттай . Ухаандаа гурван давхарт гараад зүүн гар тийш эргэхээр нэг том хаалга байх тэр хаалгыг нээгээд орохоор цаана нь таван өрөө угтана харин тэр таван өрөөний хоёр нь манайд хамаарагдаж нөгөө хоёрт нь өөр айл амьдрана . Тавдах өрөө нь ариун цэврийн өрөө . Тэнд гар нүүрээ угааж болно . Бас хэзээ ч ашиглагдаж байгаагүй шаазан суултуур тэнд бас байх . Орчин үеийн ойлголтоор бол гал тогоотой нэг өрөө байр юм даа . Давчуу гэж жигтэйхэн . Бас харанхуйлсан айхавтар сууц байлаа даа . Манай хөрш айлын гэрийн эзнийг Гантөмөр гэнэ . Гантөмөр гуай хотын төвд хэвлэлийн комбинат гэдэг газар ажилладаг яралзтал инээмсэглэсэн сайхан зантай ах байна . Эхнэр нь Найрамдал заводод ажилладаг ажгуу . Миний хувьд ирснийхээ дараахан чухам энэ Гантөмөр гуайнхаас болж  төдий хүртэл хүртэж үзээгүй явсан жавтийгаа хүртэж хонгоо уруулсан билээ .

Аав ээж хоёр хөдөө газрынхаа идээ задлан мах чанаж хөршийнхнөө урьж залан идээлгэ будаалга үүсгэлээ . Бүгдээрээ идэж уугаад л шуугиж байтал миний сониуч зан хөдлөөд Гантөмөр гуайгаас
-          Энэ бор хүүхэн чинь таны хүүхэн үү гээд асуучихлаа . Гантөмөр гуай нэг хачин инээмсэглээд таг болж харин бор хүүхэн нь уласхийснээ гараад явчихлаа . Манай хоёрын царай барасхийнгүүт л хэрэг бишдэж байгааг ойлгосон ч оройтжээ . Гантөмөр гуайг гарсны дараа харин ч нэг сайн авахууллаа . Ээж хацраас чимхэн дугтарч аав маань өмд шувтлуут нэг их хатуу тэлээгээр хонгыг минь урж  гарлаа . Ингэж л говь нутгийн яриагаар хот газар ярьж болохгүйг хонгоо хорсгон байж ойлгосон доо . Манай нутагт бол энэ зэргийн яриаг хэн ч тоохгүй гэтэл энд ингэдэг аж . Харин ч би даруухан асуусан тулдаа хэдэн тэлээтэй салсан юм . Тэрнээс биш энэ гулигар бор хүүхэн чинь гэж хөнгөхөн асуух байсан билээ яагаад ч юм тэрхүү гулигар гэдэг үг тэр үед аманд багтсангүй тэр нь аз болж . Манай Гурвантэсийнхэн гулигар гэж их ярина л даа . Ялангуяа эм хүйс дээр их хэрэглэдэг байсан шиг .
-          Насангийн гулигар шар хүүхэн ч гэх юм уу , Даржаагийн гулигар бор ингэ гэж л ярина . Харин тэрний авгай энэний амраг гэж барагтайд хэлэхгүй голдуу л хүүхэн гэнэ .
-          Энэ бөртгөр шар хүүхэн чинь танай хүүхэн үү гэхэд нөхөр нь
-          Тиймээ манай галын хүн гэж хариулж байдаг юм . Гэтэл Гантөмөр гуайн эхнэр Хандмаа эгч хаанаас нь ч харсан нүд дүүрэн аргагүй л гулигар бор хүүхэн байсан билээ ээдэй тэгэхэд ч Говийн Лха бурхан л миний амыг тэвхдэж тэр айхтар үгийг хэлүүлээгүй байх . Тэгж нэг айхавтар гүвшүүлснээс хойш ам хамраа сүрхий болгоомжилдог боллоо . Олон ч найз нөхөдтэй боллоо . Манайхны зургаан байрны баруун талд автобусны эцсийн буудал байх агаад тэр буудалын цаагуур гэр хороолол ярайна . Тэр гэр хороололын хүүхдүүд манай зургаан байрныхантай жинхэнээсээ найрамддаг байж . Харин зургаан байрны маань урд талд нэг их ганга байдаг тэр ганганы урд талын Дэнжийн гэгдэх гэр хороололын хүүхдүүд нь  зургаан байрныхантай дайны байдалд байдаг юмсанж .

Тэхдээ өвөрмөц гэрээтэй мэдээж тэр хавьд байх хүнсний цорын ганц дэлгүүр нь манай зургаан байрны дунд тул дэлгүүр хоршооноос юм авч яваа дэнжийн хүүхдүүдийг манайхан яах ч үгүй тагнуул хийлгэхгүйн тулд дагаад л явна уу гэхээс биш хорлохгүй . Түүнчлэн манайхны хүүхдүүд сүү авахаар дэнжийн хороололд очиход битон барьсан хэнийг ч дэнжийнхэн хорлохгүй мөн дагаж явж байгаад хороололоосоо гаргаж өгнө . Сургууль дээрээ яах ч үгүй мэдээж тэр ганц сургууль нь манай зургаан байрны ард байх есдүгээр сургууль л даа . Бусад үед нь ялангуяа үдээс хойш чулуу шороогоор харин ч нэг байлдаж гардаг аж . Намайг зургаан байрны армид цавхийтэл  бүртгэж бор байлдагч гэдэг нэр өглөө . Манай армийн штаб нь мөнөөх мундаг ганганд байдаг аж . Тэр ганганы ханыг батман дээр зурсан Ленин Сүхбаатар Дандар баатрын зургаар чимж нэг хөл нь хугараад чулуугаар орлуулсан ширээн дээр том батам дэлгээд фронтын зураг зурсан байдаг байлаа . Тэр уран нарийн зургуудыг Шарав гэдэг партизан өвгөний зээ хүү  Алтантуяа гэдэг хүүхэд зурдаг байв . Тэр маань хожим орчуулагч Алтанхуяг болж олон сайхан бүтээл Орос , Англи хэлнээс орчуулж билээ . Манай армийн удирдагч нь Сугараа гэдэг нэртэй биднээс төө хол ах хүүхэд байдагсан . Сугараа автобусанд суугаад сургуульдаа явдаг байсан бодвол 12-р сургуульд сурдаг байсан байх . Маниусыгаа ч хөөрхөн онгирооно л доо мань хүн . Гай болж чулуу ирж оноод толгой домбойх ч юм уу шалбарч цус гарахад Сугараа нэг үлээгээд л
-          Зургаан байрны баатрууд  уйлдаггүй юм шүү гэхэд нь бид нулимсаа арчиж амжилгүй л  мушийгаад инээмэр аяддагсан . За тэгээд дайны талбар дээр биднийгээ хөөрхөн шагнаж урамшуулна . Баатарлан байлдсан байлдагчийнхаа энгэрт  пивоны бөглөө зүүгээд өгчихөд л гараад өгдөгсөн . Нэг өдөр таван бөглөөгөөр шагнуулсан  хүүхэд ч гарч байсан билээ . Миний хамгийн дотны найзууд бол юуны өмнө хөршүүд минь байлаа . Манай өөдөөс харсан хаалганд мөн хоёр айл байх бөгөөд хоёулаа ганц ганц өргөмөл хүүхдүүдтэй настай голдуу улс л даа . Чогдон гуайнх гэдэг айл нь шөвийсөн шар охинтой нэрийг нь Баясгалан гэдэг бол Аюур гэдэг манхайсан халзан өвгөнийх Энхтайван гэдэг дэлдгэр шар хүүтэй . Энхтайван

-          БИ ДАРГА НЬ гэдэг амны уншлагатай . Гадаа хэдэн хүүхэд сууж байвал гүйж очоод
-          Хөөе та нар юү хийж байгаа юм би дарга чинь болсон шүү л гэнэ . Чулуугаар байлдахад ганганаас  цухуйх ч үгүй
-          Дарга нь  энд сууж байх ёстой гэнэ . Харин доод айлын Рагчаа гуайнх арав гаруй шар хүүхэдтэй . Тэдний Батбилэг нь миний ганц  найз . Батбилэг дайчин , толгой нь хагарчихсан байхад л улайран тулалдаж Сугараа даргаас Аюуш баатар гэдэг цолыг хэдэнтээ хүртэж , тоймгүй олон бөглөөн одон гардсан хүүхэд байлаа . Батбилэгийг хүүхдүүд гоймон гэнэ . Ингээд хөдөөнөөс ирээд толгойгоо хэдэнтээ шалбалуулсан ч Аюуш баатар болж хараахан амжаагүй байтал  хичээлийн шинэ жил эхэллээ . Аав ээж хоёр надад формын хувцас гэдэг хүрэн юм өмсүүлж хар цүнх бариулах гэж муйхарлаад би ёстой тэр байрныхныг цочтол орилож цамнасны хүчинд эмээгийн хийж өгсөн тэрлэгийг өмсөж таван хушуутай уутаа зүүгээд нэг их хөөр баяр болсон хүн ээжтэйгээ хөтлөлцөөд сургууль руугаа явлаа даа . Очсон чинь миний хажууд зогсох хүүхэд олддоггүй газар дээрх ганц найз Батбилэг маань хүртэл инээд алдаж зугатаад  нэг л хачин . Гээд яахав дээ болдог юм ном дүрмээрээ болж бид ангидаа орцгоолоо . Батбилэг бид хоёр нэг ангид орсон төдийгүй бүр нэг ширээнд тохой нийлүүлэн сууцгаалаа . Анги даасан Дашдондог гэдэг өвгөн багш бөөрөн дээрээ ялимгүй цахир үүлтэйгээс л биш өвөөгийн минь хөөрөгтэй жигтэйхэн адилхан том цагаан хаш хөөрөг гарган тамхилж хөөргөө ширээн дээрээ тавьснаа самбарт А үсэг бичиж хичээлээ эхлүүллээ . Миний догдолсныг яаваа

-          Аа гэдгийн А үсэг байна гээд хашгирч гарсан төдийгүй цагаан толгойгоо барьж байгаад л Содном ахдаа уншиж өгдөг байсан үгүүдээ дуржиганатал уншиж гарлаа . Өвгөн багш нүдээ анивчин гайхазнаж байснаа дуудаж дэргэдээ зогсоогоод Цагаан толгойн дундаас бас эцэс хавиас нь хэдэн хуудас уншуулж үзээд толгойг минь илж
-          Үүнээс хойш гараа өргөж зөвшөөрөл аваад ярьж байгаарай гэж хэлээд дараагийн хичээл хүртэл гадуур явж байгаад ир гэлээ . Энэ явдал өдөр бүр л давтагдана . Би гадуур жаал тэнэнэ дээ дэлгүүр орж юүхэн хээхэн сонирхоно . Тэгсэн нэг өдөр дөрөвдүгээр байрны Мөнхөө гэдэг хүүтэй дэлгүүрийн гадаа таарлаа . Мөнхөө нэг л хачин гилжийж , байнга гэтэж явдаг сонин зантай хүүхэдсэн . Байшингийн өнцгөөр шууд гарахгүй эхлээд заавал гэтэж мярааж харчихаад булангийн цаанаас гарч ирдэг араншинтай . Тэр надаас хоёр дээр ангид буюу гуравдугаар ангид сурдаг юмсанж . Тэгэхнээ нь хичээл тасална гэдгийг үзүүлж өгдөг эр байж намайг ч мөн өөр шигээ санасан юм байж .
-          За зэсэрч явна уу гэж байна .
-          Зэсэрнэ гэж яадаг юм .
-          Чи л болоод мэдэхгүй байж гэнэ хөдөөний хөөсөн мантуу чинь .
-          Би мантуу юм уу ?
-          Биш юм уу наад таван хушуутай чинь юү юм  бас форм өмсөж мэдэхгүй гонжийсон юм өмсчихсөн чи жинхэнэ хөөсөн мантуу мэдэв үү .
Гараа зангидаад л дайрсан чинь Мөнхөө хөнгөхөн бултаж хий цохиулаад дарж унагуут тэрлэгний минь ханцуйг ард  зөрүүлж хүлээд таван хушуутай ганган уутаар минь хоолой амыг минь боогоод зогссонгүй угз татан босгуут бөгс рүү минь падхийтэл өшиглөж

-          Гоншигоноод үзээрэй намалданы чинь түлхүүр надад байгаа шүү гэдэг байгаа . Зөвхөн бид хоёрын дунд өрнөсөн тэр нэгэн хичээлийг амссаны дараа даалимбан тэрлэг таван хушуутай уут  хоёртоо нэг их гомдох шиг болж дахин хэрэглээгүй минь тэр цагийнхаа аясыг дагасан хэрэг юм болов уу даа . Намрын налгар шар өдрүүдийн дунд зурагт радио гэдэг  сонин хачин нэр сонсогддог болж биднийг , сэтгэцийн нэг хачин өвчин шиг эзлэж авлаа . Тэр зурагтаар ТЭНГИСИЙН АХМАД гэдэг салж хагацашгүй кино гардаг гэж хүүхдүүд шуугилдаж эхэллээ . Удсан ч үгүй Аминаас чухал үйлс гэдэг кино гарч эхэллээ гэнэ . Гай болоход тэр зурагтыг үзүүлдэг ганц хүүхэд нь мөнөөх гайхал Мөнхөө юм гэнэ . Учир нь тэдний байранд нэг айл зурагт авсан юм байж . Тэгээд хүүхдүүд Мөнхөөд арван таван мөнгө тушаагаад тэр айлд орж кино үздэг гэнэ . Зарим тохиолдолд Мөнхөө тамхиар үзүүлдэг гэж сонсогдлоо . Манай зургаан байрны ихэнхи хүүхэд гуйлагачин болцгоолоо . Таньдаг хүний нүд хариулан дэлгүүрийн гадуур бөртөгнөж
-          Ахаа гурван мөнгө өгчих тэгэх үү ?
-          Эгчээ таван мөнгө өгчих тэгэх үү ? гэлцэн нусаа татацгаана . Аав ээж хоёр маань хоёулаа оюутан гэвч би гуйлга гуйж үнэндээ чадсангүй харин ээждээ туслалцан өмнө хойно нь бөндөгнөдөг боллоо . Ээж өдөр нь хичээлдээ яваад орой нь дэлгүүрийн кассанд ажиллана . Би тэр үеэр нь кассны умгар амбаар шиг юманд бөртөгнөж
-          Ээжээ энийг  тэгчих үү ээжээ тэр хайрцгийг гаргаад хаячих уу хэмээн сайхан загнана . Хамгийн гол нь кассны машины дөрвөлжин хайрцгууд дахь мөнгөнүүдийг уйгагүй тоолж толгойлж өгнө .Тэгж тэгж долоо арай болохоос өмнө ээжээсээ гучин мөнгө салгаж аваад дүүгээ хөтлөн Мөнхөө рүү гүйнэ дээ .  Ирэхэд маань хүүхдүүд алин цагийн урт дугараа үүсгэчихсэн жигтэйхэн томоотой зогсоцгоож байна . Мөнхөө хөмсгөө зангидаж  цоргисон хорголон нүднийхээ харцыг байдгаар нь хурцалчихсан

-          Мөнгөө өгч гутлаа энд тайлж тавиад оочиртоо орж зогс гэж тушаана . Би ихэнхидээ л оочрын талаас хойгуур орж таарна . Тэр маань заримдаа ашигтай түрүүлж орсон хүүхдүүд хоорондоо ярьж байгаад айлаас бөөнөөрөө хөөгдөөд гараад ирмэгц ард нь байгсад орно . Харин сүүлд орсон хүүхдүүд өмнөх хүүхдүүдийн гашуун туршлагыг мэдэх хойно ганхийхгүй сууж байгаад киногоо дуусгачихдаг болохоор зарим өдөр хойгуур зогсох бас ашигтай гэхдээ ихэнхидээ л ашиггүй дээ . Мэдээж дандаа л хөөгдөж гараад байхыг хэн ч хүсэхгүй шүү дээ . Зурагт үзүүлдэг айлын ах ширүүн зантай өндөр хүнээс айна гэж жигтэйхэн өдөр энд тэнд явж байхыг нь хармагц нуугдчихдагсан . Харин хаа очиж Мөнхөө маань шударгаа . Зарим өдөр дуугаарлаад дугаарлаад орж чадахгүй болсон үед мөнөөх айлаас гарч ирээд орж чадаагүй хүүхдүүдийн мөнгийг яг л тоо ширхэгээр нь буцааж өгнө . Мөнхөө өөрөө тэр айлд дуртай үедээ орж гарч чаддаг болохоор яах аргагүй бидний дарга . Манай Энхтайван хүртэл
-          Би дарга нь гэж хэлж чадахгүй Би Мөнхөөгийн туслах нь шүү л гэж хэлнэ . Ихэнхи тохиолдолд хөршүүд бид цуг явцгаана . Баясгалан Энхтайван би дүүтэйгээ тэгээд Батбилэг маань Ганбилэг гэдэг дүүгээ хөтлөөд л явцгаана даа . Тэдний ашиг тус бас ихээ . Намайг хоцроод очиход өнөө хэд маань ирчихсэн зарим өдөр дугаарын бүр эхэнд нь байж таарна . Баясгалан шууд л арагшаа цахдан ухарч бид хоёрыг өмнүүрээ оруулдаг бол Энхтайван маань
-          Туслахынхаа найзыг оруулчих гэж Мөнхөөгөөс гуйж байгаад намайг дээгүүр оруулж бас дөнгөнө . Тэгтэл нэг өдөр ийм явдал боллоо . Бүгдээрээ жирийтэл дугаарлан зогсож байтал гэрийн эзэн гэнэтхэн гарч ирээд

-          Юү хийж зогсоо юм гэж асуулаа . Энхтайван маань уриалагхан нь аргагүй
-          Ахаа Аминаас чухал үйлс үзэх гэсэн юм гэтэл нөгөө ах хөмсгөө зангидуут
-          Зайлцгаа гэж орц дүүрэн хашгирмагц ухаан зулаггүй айсан бид гадагшаа пир пархийн  ухасхийлээ . Батбилэг бид хоёр дүү нараа мартчихаж  гадагшаа гарчихаад анзаартал дүү нар маань орцонд орилолдож байгаа дуулдана . Сэмээрхэн гэтэж хоёр давхарт гартал хоёр дүү маань шатны уруу өнхөрч , нус нулимасандаа хутгалдчихсан бүлтгэнэлдэж байна . Тэгээд дахиж тэр айлаар очих зүрхтэй хүн үлдсэнгүй . Сураглаад байсан чинь баруун гэр хороололд Чойжамцынх гэдэг айл  зурагттай болсон дуулдлаа .  Эрсээр сурсаар Чойжамц гуайнхыг олоод очлоо доо тэгсэн хашааных нь үүдэнд  нөгөө л Мөнхөө хэдэн хүүхэд жагсаагаад нүдээ гурвалжлуулчихсан , монхойгоод зогсож байдаг байгаа . Тэгээд л ээжийн  халааснаас гардаг гучин мөнгө Мөнхөөгийн халаас руу урсдаг үйл явдал давтагдаж гарах нь тэр . Чойжамц гуайнх тэрсхэн олон охидтой айл байв . Надаас арай эгчмэд нэг охин нь их хянуур . Арван хоёр мөнгөний дэвтэр дээр бидний хэн гэдэг нэртэй болох , ямар кинонд дуртай болох , гадуур тэнэдэг эсэх , нусгай эсэх , усанд ордог эсэх гээд л янз бүрийн юм тэмдэглэж , хумсаа авсан эсэх гол нь хумсных нь завсар хир байнуу үгүй юү гэх мэтийг нарийн шалгаад үүднийхээ амбаарт гутлыг маань тайлуулмагц  гэр рүүгээ оруулна . Чойжамц гуайнх тэр үеийн ойлголтоор аргагүй л баян айл байлаа . Хашаандаа хэд хэдэн үхэртэй . Гэр дүүрэн хивстэй гол нь туйлын цэвэрхэн цэмцгэр айл байв . Бас их сайхан зантай . Зарим өдөр гэрээр нь дүүрэн жирийтэл сууцгааж байгаа тэр олон хүүхдэд бүгдэд нь нэг нэг чихэр өгдөгсөн . Бид ч их боловсон . Кино гараад дуусмагц  дэрийтэл босоод

-          Баярлалаа гэж хэлцгээнэ дээ . Миний дүү Энхтөр хэлд сайн ороогүй байсан болохоор
-          Баяллаа . Нойдамтаа гэдэг тэрүүнд нь Чойжамц гуай учиргүй баясаж тас тас хөхөрдөгсөн . Өвлөөс байдал хүндэрлээ . Мөнхөө маань үнээ нэмж нэг хүүхдийн гучин мөнгө болголоо . Бид ч үүргүй шоргоолж шиг үймэлдлээ . Аав минь ХАА-н Дээд сургуульд сурч завсар чөлөөгөөр нь сургуулийнхаа лабораторид лаборантаар , мөн ч зарим үед махкомбинатад очиж малын эмч нарынх нь өмнө хойно гүйж хэд гурван төгрөгний цалин авдаг байж . Түүнээс гадна  аав минь үе үе их бэлжнээ . Сүүлд мэдэхнээ нь мань хүн сонин хэвлэлд юм бичдэг тэр нь хэвлэгдэж шагнал авахаараа ч юм уу ямар нэг уралдаанд орж байр эзлэхээрээ овоо мөнгө олчихдог байж ,гэм нь  ховор л доо гэхдээ л үе үе тэгж бэлжиж бидэндээ хамгийн л амттай шимттэй бүхнийг уут уутаар нь үүрсээр ирдэгсэн . Тийм үедээ өөртөө нэг хайрцаг Солнце гэдэг янжуур ёс шиг авна . Хайрцагтай нандин янжуураа гэртээ тавьчихаад хааяа нэг татна ихэнхидээ л сонинд улаан тамхи ороож татдаг байв . Чухам тэр янжуур хулгай хийх нүгэлт бодлыг надад төрүүлдэг байгаа . Эхний удаа янжуураас нэгийг дэлсэж Мөнхөөдөө аваачиж өгөөд хоёр биенийхээ төлбөрийг төлчихлөө . Мөнхөөд тэр тамхи таалагджээ .
-          Мөнгө хэрэггүй чи тэр тамхинаасаа л өгчихөж бай гэж байна . Зөөгөөд л байлаа аав анхандаа мэдсэнгүй . Тэгсэн нэг өдөр Мөнхөө маань
-          Чи тэр тамхинаасаа бүтэн хайрцгийг өгөөд дандаа мөнгөгүй орж болно гэж байна шүү .

Отож отож байгаад аавыгаа баяжсан өдөр нь ганцханыг  хороосон янжуурыг нь дэлсэж Мөнхөөдөө аваачиж өглөө . Тэгээд маргааш нь л баригдлаа даа . Хагас өдөр гар дээрээ хүнд сандал өргөж зогссон ч шүд зуугаад хэргээ хүлээсэнгүй . Шөнө ч унтсангүй аав юм бичиж гал тогоондоо суухдаа намайг дэргэдээ шөнөжин сандал өргүүлэн зогсоолоо . Эрийн шийр зааж гүрийсээр шөнийг тууллаа . Маргааш нь хүүхдүүдтэй цэцэрлэгийн тоглоомын талбайн элсэн дээр тоглож байтал  аав  ирж хажууд минь сууж байснаа
-          Миний хүү тэр тамхийг татаагүйг аав нь мэдэж байна хэнд өгснөө л хэлчих гэж зөөлөн хэллээ . Хоолой руу минь нэг их гашуун юм урсаж тороод
-          Мөнхөөд гэж шивнэлээ .
-          Яах гэж ?
-          Зурагт ... гээд цааш нь үг хэлж чадсангүй . Аав ч өөр  юм хэлсэнгүй санаа алдсанаа толгойг минь илчихээд гэр рүүгээ явлаа . Би год харайж цэцэрлэгийн ард хураасан түлээний данхигар моднуудын  араар ороод эхэр татан ориллоо . Нулимас минь Бааст голын ус шиг тасралтгүй урсаж хоолойноос минь Найрамдал заводын яндангаас үе үе гардаг шиг гонгиносон дуу тасралтгүй гарч билээ . Тэр явдал аавд ихийг бодогдуулсан байх . Хойтон намрынх нь нэг өдөр хичээлээ тараад гарч иртэл манай Энхтайван нэг дуу тэнгэрт нөгөө дуу газарт  тослоо . Мань хүн
-          Танайх зурагт авчихсан Чойжамц гуайнхаас ч том , ийм том зурагт хэмээн гараа алдлан дэвхцэж баахан хүүхэд тэднийх л зурагт авчихсан юм шиг араас нь даган хуйларч байна . Яаран гүйсээр гэртээ орж ирвэл өрөөний хоймроос дөрвөн хөлтэй том  зурагт мэлтийтэл ширтэж байлаа . Тэр бол миний мэддэг хамгийн сайхан зурагт .  Мянга зургаан зуун төгрөгний үнэтэй ТЕМП нэртэй зурагтсан . Хожим мэдэхнээ нь аав маань тэр зурагтыг авах гэж ёстой л таван ухаан зургаан шандсаа шавхсан байж билээ .

Хөдөлмөр , Үнэн , Залуучуудын үнэн сонинуудад тасралтгүй мэдээ сурвалжлага тэмдэглэл найруулал бичиж олон ч уралдаанд орж байр эзлэн , тэдгээрээс олсон шагналын мөнгөн дээрээ махкомбинатын шөнийн ээлжинд ажиллаж авсан цалингаа нэмэрлэн , ганц төгрөг үрэлгүй хадгалаж байгаад тэр үнэт эрдэнийг авсан юм билээ . Манай байрныхан тэр дундаа хөршүүд маань дорхноо л томорцгоосон доо . Анхны орой л Энхтайван маань баахан хүүхэд орцонд жагсаагаад хорь хорин мөнгө төлцгөө гэж даналзлаа .  Харин дөрөвдүгээр байрны өндөр хүн , Мөнхөө , Чойжамц гуай за тэгээд тамхи хулгайлсан хэрэг , хамгийн гол нь цэцэрлэгийн түлээний ард гашуунаар орилож байсан минь миний сэтгэлд тод хар тамга болж үлдсэн болохоор би зөвшөөрсөнгүй . Гэхдээ л зурагттай айлын хүүхэд байх сайхан байлаа . Энхтайван надад дандаа баавгайтай чихэр өгнө . Баясгалан хуушуур буузаар дайлаад зогсохгүй дүүгээ хардаг цаг наргүй ажлаас минь хөнгөлж дүүг минь хөтлөн зугаацуулна . Ангийн маань Цоож цүнхийг минь барьж , Батбилэг  миний өмнөөс хэнтэй л бол хэнтэй гал цогтой тэмцэлдэнэ . Тэдгээрээс хамгийн нандин нь хожим намайг бараг л эрдэмтэн докторын зиндаанд аваачсан Нохойтой дөрвөн танкчин , Тагнуулчийн дууль өөр юү юү ч билээ өч төчнөөн сайхан кино өнжөөд л асгаруулдаг байсанд нь би тэр зурагтдаа юу юунаас илүү хайртай байдаг юм даа .


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.