04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

ГУРВАНТЭСЭЭС ЧИКАГО ХҮРТЭЛ - 8 / ЮМ ЮМ СОНИРХОЖ ЭХЭЛВЭЙ /

Хоёрдугаар ангид орсон намраасаа , урьд өмнө нь төдийлөн сонирхож байгаагүй элдэв зүйлийг сонирхож эхэллээ . Юуны өмнө зураач болохыг шахсан гэж байгаа . Аавыгаа шалж байж зургийн том далбагар дэвтэр , арван хоёр өнгийн харандаа , балын баахан харандаа , хорин дөрвөн өнгийн усан будаг тэргүүтнүүд халааслахыг нь халааслаад тэврэхийг нь тэврээд гарч өглөө .Эхлээд л зургаан байрныхаа шилдэг зураач Алтантуяагаа бараадан дагаж зурсан зургийг нь дууриаж зурахаар мэрийж гарлаа . Болдоггүй дээ . Миний зурсан Сүхбаатар жанжин маань нэг бол малгай нь томдчихно , нөгөө бол нээх том ганцхан хээтэй хантааз угласан хорчгор өвгөн болчихно . Дандар баатрыг мэрийж зурах тусам хоёр жавжиндаа  яавлаг чихчихсэн хүүхэд шиг түнтийсэн хацартай хүний дүрийг миний харандаа амилуулна . Алтантуяа намайгаа загнаж

-Ингэж зур л даа чи гэнгүүт харандааг минь шүүрч ийш тийш нь хэдхэн татлаад л хаанаас нь ч харсан танил Сүх жанжин Дандар баатар Ленин багшийг ядах юмгүй амилуулчихна .  Тэгээд зогсохгүй сайн дур нь хөдөлвөл уул устай газар бэлчиж яваа адуу мал , сунайсан урт цуваатай галт тэрэг , дүүлэн нисэж яваа онгоц , улсын их дэлгүүр , зайсан толгой , хүүхдийн парк , Найрамдал завод сэлтийг ч миний дэвтэр дээр зурчихна . Тэр гоё зурагнуудыг би хайрлаад хадгалаад л явах . Өөрийнхөө матарласан хуудсуудыг дэвтрээсээ ураад хаячихаа бас мартахгүй ээ . Ийн явтал нэг өдөр хэрэг ч мандлаа шүү . Аав маань миний зургийн дэвтэрийг үзчихэж . Авъяастай хүүгээрээ эцэг хүн бахархах нь зүй .

Хичээлээ тараад иртэл мөнгөн цаас нь шажигнасан том хавтгай шоколадаар шагнадаг байгаа . Ичих нүүрээ хүний уран бүтээлийн цаана нуучихсан би гэдэг амьтан Алтантуяа зурсан юм гэж хэлж чаддаггүй . Шагналын шоколадыг дүү нараасаа харамлаж байгаад ганцаархнаа хүртчихлээ . Алтантуяадаа ч өгсөнгүй . Хэрэг үүгээр шувтарсансан бол би өнөөдөр засаршгүй хулгайч болчихсон ч байж мэднэ . Цан хэнгэрэг шиг сэтгэлд минь хангинасаар л байдаг тэр өдрөөс хойш  нэг их удаагүй байтал  аав намайг хотын төвийн тохилог орон сууцанд суудаг нэг их зураг урлан болсон айлд дагуулаад очлоо шүү . Өнөө дэвтрийг ч үзүүллээ . Урдаасаа халзарч яваа хир нь шилнийхээ үсийг элбэг сөөм ургуулсан  ах нөгөө зургуудыг үзэж байснаа
-Хөөрхөн зурдаг юм байна гэж магтсан төдийгүй
-Миний дүү үүнээс хойш өөрийн зурая гэж бодсон зүйлээ л зурж бай . Ингэж хуулж зураад байвал сэтгэхүй чинь хөгждөггүй юм гэж зөвлөснийг яана . Тэгэхэд л хүний нүүр яажшуухан халуу оргидгийг ёстой нэг мэдсэн дээ . Гараад явж байснаа
-Ааваа та үнэнээ хэлбэл намайг яахав гэж асуулаа .
-Ямар үнэн ?
-Та намайг яах ч үгүй юу ?
-Яах ч үгүй .
-Энэ зургуудыг би зураагүй юм .
-Юу ?
-Алтантуяа гэдэг хүүхэд зурсан юм .
   Аав хариу хэлсэнгүй харин гэртээ ирсэн хойноо нилээн ширүүн дуугаар
-За чи одоо өөрөө энэ дээр юу чаддагаа зур гээд дэвтрийг минь өглөө . Би ч мачийж хичээж байгаад томдсон малгайтай наримгар өвгөнөө зурлаа даа .
-Энэ чинь одоо хэн бэ ?
-Сүхбаатар .
   Аав  миний тэр уран бүтээлд зориулж ёстой ганц үг тоож хэлээгүй ч  , надад хүний уран бүтээлийг хуулах , эсвэл хулгайлж өөрийн улаан нүүрийг халхавчлан явах нь цаашлах тусам хүндэрдэг гутамшиг юм байна гэсэн өнөөг хүртэл  мартагдаагүй сургамж үлдээсэн юм . Энэ явдлаас хойш зурах идэвхи минь суларсан ч ор тас хаячихсангүй . Нэг л их хичээнгүй хүн том далбагар дэвтэр сугавчлаад л явдаг хэвээр . Хожим зургийн дэвтэр маань мартагдсан ловш дундаас олдож багын төрхийг минь надад гайгүй сайн харуулж , нялхын сэвлэгт уран бүтээлээ дүгнэж цэгнэн харжээ суухад миний хамгийн сайн зурсан зураг маань цэцэрлэгийн арын  янхигар дархинууд байж билээ . Яагаадыг бүү мэд ийш тийшээ эв хавгүй сэрийлдсэн тэр данхигар моддыг дахин дахин зурсан байдагсан . Оролдсоор л байсан болж гэм хожим хойно Одон гуай шиг зураач болох ч байсан юм билүү бүү мэддээ . Ангийн анд Цоожийн аав нь ямар ч билээ нэг сонинд гэрэл зургийн сурвалжлагч гэдэг ажил хийдэг хүн байлаа л даа . Нэг удаа биднийг гадаа тоглож байтал хүрч ирээд Цоож , Сайнбаяр бид гуравын зургийг авах юм боллоо . Аягүйтвэл сониноосоо ямар нэг судалбар зургийн  даалгавар авсан үе нь таарсан байх . Өдрийн тал болж билээ . Бид гуравыг зэрэгцүүлж зогсоогоод
-          Нээг хоёрын гурваа дарлаа шүү гээд л шагхийлгэчихээд болсонгүй ээ л гэнэ . Бид гуравын хамраас ээлжилж бурантаг унжаад хөөрхийгийн наждыг нь үзсэн хэрэг . Тэгж тэгж зургаа аргагүй л нэг авсан болсон байх . Сонинд нь гараагүй байлгүй дээ . Харин нэг хувийг нь надад өгсөн юмдаг . Гялайсан толгойтой гурван жаахан хүү хусмаа чамласан хүүхэд шиг тонтойгоод зогсоцгоож байдаг юм . Нэг нь  дуран руу дүрлийтэл ширтчихсэн нөгөөх нь наран сөрөг өрөөсөн нүдээ аниад хялайчихсан гуравдахь нь газар ширтсэн тийм нэг зураг . Энэ зургийг гаргаж харах бүр өнгөрсөн зууны далаад он өөдөөс минь хярлайгаад ширтэж байх шиг санагддаг юм . Гэхдээ энэ далаад он над руу өдөр бүр хярлайж байгаагүй л дээ . Ихэнхидээ найрсаг сайхнаар мишээнэ . Тэр олон мишээлтийн нэг  өнгө нь ангийн маань охидууд болж таараад байгаа юм . Ангид маань олон л хөөрхөн охид байсан байж таарна . Гэхдээ тэдэн дунд хоёр бондойсон цагаан амьтан бас байх . Нэг нь багшийн бага охин Тамжав . Нөгөөх нь гэр хорооллын Нацаг гуайн охин Цэцгээ . Тамжав хичээл тараад аавдаа хөтлүүлээд явдаг харин Цэцгээ нь гэр рүүгээ ганцаараа тожийтол алхдаг байлаа л даа . Бид нар долоо наймуул араас нь холхон дагаад явна . Тэгээд хашааны өнцөгт очоод зээглэж зогсож байгаад  “ ЦЭЦГЭЭ ХӨӨРХӨН “ гэж ирээд л нэгэн зэрэг хашгирцгаана даа . Хашгирмагц дэрхийн хашааны араар орж нуугдаад нугдаганан инээлдэцгээнэ . Цэцгээ эргэж хараад гайхсан шинжтэй ийш тийш ширтэж байснаа аялалаа үргэлжлүүлмэгц бид ч гарч ирээд зээглэн зогсож хашгирдгаа хашгирна . Чухам юу хатгаж тэгж хашгируулдгийг бүү мэд . Харин тэгж хашгирах нь л сайхан санагддаг байлаа . Хожим зохиолч Чинагийн Галсангийн нэг өгүүллэгийг уншиж байтал  “ Тэр охин нэг л өдөр замын хажууд зогсож байж билээ “ гэсэн өгүүлбэр гарч ирэнгүүт   “ Хэн хашгираад байнаа “ гэсэн шинжтэй нүдээ дүрлэгнүүлээд эргэн харж зогсдог  цав цагаан малгайтай мөн түүн шигээ цав цагаан  шубтэй цав цагаан охин сэтгэлийн минь мухраас гарч ирсэн нь Цэцгээ байж билээ . Бид ч бас цав цагаан байсан хэрэг . Ийм л цагаан өдрүүд хэний ч бага насанд хангалттай олон бий дээ . Бид Сүхбаатарчуудын тэмдэг нэртэй дөл дүрсэлсэн тэмдэг зүүдэг бол биднээс дээгүүр ангийнхан Пионерийн улаан бүч зүүцгээнэ . Миний хувьд тэрхүү улаан бүчийг зүүгээд салхинд намируулан алхахсан гэж мөн ч их мөрөөддөгсөн . Гэтэл Сашка манай байрны голын орцны Батдорж гээд л том ангийн хүүхдүүд улаан бүчнээсээ ичдэг юм уу төвөгшөөдөг юм уу  сургуулиас гарч ирмэгц  тайлаад халаас руугаа чихчихнэ . Тэдний бүчийг гуйж хэсэг зуур зүүж сэтгэлээ хуурна . Ах нар зүгээр ч зүүлгэхгүй ээ . Модны бохь нэртэй  давирхай түүлгэж байж өдрийн хагас зүүлгэнэ . Тэднийг маниусаар түүлгэсэн бохьнуудаа ам дүүргэн жалир жалир зажлан ангалзтал инээлдэн юүг ч юм ярьж байх хооронд Энхтайван Батбилэг бид хэд үрчгэр ч гэлээ сэтгэл хөөргөсөн улаан бүчнүүд зүүчихээд тоншуул адил мод тоншиж сууцгааснаа уралдах уу гэлцээд бүчнүүдээ салхинд дэрвүүлэн уралдана . Нэг удаа Сашагийн илүү улаан бүчийг гуйж зүүчихээд ангидаа додигор амьтан орж очлоо . Багш маань мушилзчихаад л хичээлээ заана . Завсарлагаанаар зориуд хүүхэд бүрийн өмнө очиж элдэв юм асуун шалгааж бүчээ үзүүлчихээд санаа амарч дараагийн хүүхэд рүү явна . Хүүхдүүд яагаад ингээд зүүгээд явдаггүй юм бол гэж гайхаж л байлаа маргааш нь нөгөө бүчээ угааж индүүдэн дэрвийлгэчихээд  зүүгээд очлоо . Тэгсэн хичээлийн дараа хэрэг манддаг байгаа . Нэгэн лут дарга багшийн өрөөнд дуудагдаж очоод толгойгоо эргэтэл загнуулсан төдийгүй  “ Батдорж Саша эд нар зүүгээд байхад би яагаад болдоггүй юм  “ гэж хэдэрлэснийхээ шанг хүртэж оройжин тэр багшийн өрөөнд урвайж зогслоо . Дарга багш намайг хорлож байгаа аятай зурагтын  кино гараад дууссаны дараа өмнөө овоолсон уул овоо шиг дэвтрүүдээ засаж дуусмагц
-          Онц суралцаж тэргүүний сурагч болоод тангараг өргөсний дараа энэ улаан бүчийг зүүдэг юм гэж тайлбарлаад , пионер хүний ариун үүрэг зорилгын талаар баахан ухуулга хийсний эцэст явууллаа . Харин би зарим нэг юмыг ойлгосонгүй . Батдорж  дөрөвдүгээр ангидаа улирсан . За Саша ч гэсэн дээ орой болгон л хаалга зовоож аав Гантөмөр ах хоёрыг гэрийн даалгаварын тоо бодоод өгөөч гэж гуйж явдагийг бодоход  нэг их сүрхий сураад байдаг нь юү л бол . Тэгсэн байтлаа тэр хоёр улаан бүчтэй байхад нэгдүгээр ангиа онц төгсөөд хоёрдугаар ангидаа ч үргэлжлүүлэн онц сурч байгаа надад энэ бүчийг зүүх эрхийг өгөхгүй байгаа нь ойлгомжгүй төдийгүй гомдолтой байсан хэрэг . Пионерт элсчихээд  улаан бүч намируулан алхаж явах юмсан гэж ганц би ч биш ер нь л улаан бүчгүй хүүхэд болгон л мөрөөддөг байсан юм билээ .  Нэг удаагийн сонин тохиолдлоор ийм нэгэн мөрөөдөгчтэй би таарсан юм . Тэр өдөр ангийнхаа Сайнбаяртай тагнуулд явлаа . Дэнжийн гэр хороололыг тагнах даалгавар авсан хэрэг . Хаахнуур хүүхдүүд их бөөгнөрсөн байна . Дайснууд яг тэр мөчид юү хийж байгаа зэргийг мэдэх даалгавар . Хоёул хашаа хашааны завсар заальхайгаар шагалзан гайгүй хичээнгүй тагнуулдаж явтал гэнэтхэн ар талд
-          Байрныхан . Зургаан байрны тагнуулууд байна гэсэн дуу шуугиан өрнөж , бид хоёр гудамжны хоёр үзүүр рүү зугтсан боловч дорхноо баригдлаа . Нэг өндөр хүүхэд бид хоёрыг ээрч мууртал хэд хэд элэгдлээ . Тэгээд л
-          Сугараа байгаа юу . Ганганд одоо хэдэн хүүхэд байгаав гэх зэргээр байцааж гарлаа . Бид хоёр нууцаа чанд хадгалсан нь мэдээж . Гэтэл нөгөө хүүхэд хоёр чихнээс атгаад хоёр тийш нь зулгаалаа . Нулимас минь өөрийн эрхгүй бөмбөрч өчиг өгөх тун дөхөж байтал Сайнбаяр маань
-          Мянга түмэн хүүхэд цуглачихсан байгаа . Тэгээд та нар яахын . Манайхан та нарыг одоохон бут ниргэнэ дээ харж л байгаарай хэмээн шүдээ зуун их л хорсолтойгоор хэлээд толгой руугаа хэд хэд цохиуллаа . Цохих тусам гэдэлзэн өндөлзөж
-          Дэнжийнхэн сөнөтүгэй хэмээн дуу чангаран хашгирна . Мань эрийн хашгирсан нь тусалсан байх бид хоёрыг налуулаад эрүүдэж байсан хашааны хаалга гэнэт дархийж нэг ах гарч ирмэгц
-          Хүүхэд дээрэлхээд яадаг турсаганууд вэ хэмээн хашгиртал бид хоёрыг бүчиж байсан хүүхдүүд дэрхийн зугадаж бид хоёр тэр сиймхийгээр арилаж өгөв . Хүнхэр жалгандаа  ирсэн хойноо Сайнбаяр маань
-          Дайсанд урваагүй юм чинь одоо бид хоёрыг пионерт элсүүлэх байхаа тиймээ гэж билээ .
        Манай том өрөөнд гурван том авдар байдаг байлаа . Хаалгандаа хоёр том данхгар цоожтой урт хүрэн авдранд ээжийн хамаг чихэр жимс агуулагдаж байдаг бол дөрвөн хөлд нь том лааз ивж өндөрлөсөн хоёр орон доогуур өндрөөрөө тэр хүрэн авдарт хүрэхгүй ч урт өргөнөөрөө нэг их дутахгүй хар шар хоёр авдар  байх . Хоёул хоёул цоож цуургатай тэр авдруудын нэгийг аав нэг өдөр орон доогуур мөлхөн байж онгойлгоод дотроос нь нэг ном авч өглөө . Зузаан бандгар тэр номын нүүрэн дээр ШАДАР ГУРВАН ЦЭРЭГ гэсэн  нэр дурайж байлаа .
-          Нэг ч хуудас урж дутааж болохгүй , хуудаснуудыг нь халтартуулж болохгүй уншиж дуусгаад энэ номонд юун тухай өгүүлснийг ярьж шалгуулаад дараагийн номыг аваарай гэж аав үүрэгдлээ . Ингээд уншиж гарлаадаа . Эхний хэдэн хуудсыг л би уншсан байх . Төд удалгүй тэр ном руу шунган орж  д Артанъян гэдэг хүний талд  байлдаж гарсан юм . Атосыг үнэн зүрхнээсээ хайрлаж , Портостой  хөөрцөглөж Арамисыг даган булан тохойг хянамгай нүдээр нэгжиж  морь унан Парис руу довтолгож хатан хааны даалгавараар зүүлтийг нь олж ирэхээр Лондон руу аялаж гарлаа . Зарим өдөр хичээлээ таслаад цэцэрлэгийн арын мөнөөх түнтгэр дархинуудын дунд суугаад номоо уншина . Тэгж суухдаа өлөг өвчин гээч нь тусаж гэнэ гэнэ тачигнатал инээгээд зогсохгүй
-          Зугтаарай ... хурдлаач , наад  руугаа орж болохгүй дотор нь хамбынхан байгаа энэ тэр хэмээн ганцаараа дүнгэнэтэл ярьдаг байсан хэрэг . Нэг өдөр тийн ярьж инээн ном руугаа ухаанаа шигтгэчихээд сууж байтал
-          Хүүе юугаа хийж суугаа хүүхэд вэ гэсэн дуу гарч өлийн харвал нагац ах Дамба маань бүдүүн дархины цаанаас  өнгийж байх нь тэр . Намайг дээш өлийнгүүт таньж
-          Болд уу даа . Юугаа хийж суугаа хүүхэд вэ алий нааш ир хэмээн дуудаж цэцэрлэг рүү дагуулж ороод амттай хоолоор дайллаа . Дашрамд дурдахад насаараа цэцэрлэгийн хаминдаа хийсэн нагац маань тэр үед Найрамдал заводын цэцэрлэгийн хаминдаа байсан билээ . Хичээлдээ ахихаа больж миний дэвтрүүд дээр багш маань бүдүүн улаан харандаагаар дөрөв гэсэн арзайсан тоо өрдөг боллоо . Сургууль даяар хичээл таслагчид мундахгүй байсан бололтой нэг өдөр багш нар тиймэрхүү тарвагануудад дайн зарлаж Найрамдал заводын шороон далан , хүнхэр жалга , дэлгүүр , улаан булан , автобусны буудал зэрэг рүү уулгалан довтлож Саша , Батдорж , Мөнхөө гэсэн дараалалтай хичээлийн олон арван дайснуудыг илчлэн баривчилсны дотор цэцэрлэгийн арын дархин дотор хагас солиорлын байдалтай сууж байсан миний бие хөөрхий нагацынхаа шударга мэдүүлгээр өртдөг байгаа . Бидэнд шуудай , хүрз , шүүр бариулаад хавь орчны бүх л хогийг арилгуулаад зогссонгүй , сургуулийн заваанаараа зард гарсан жорлон цэвэрлүүллээ . Тэгэхэд сургууль маань гаднаа олон арван тасалгаа бүхий жорлонтой тэр жорлонг  Найрамдал заводын орчныхон маань бүгд хэрэглэдэг байсан дээрээс тийнхүү хүүхэд шургаж орохын эцэсгүй болтлоо  хог новш элдэв буртагт дарагдчихсан байсан хэрэг . Бид гурван өдөр цэвэрлэлээ . Багш нар ээжлэн жижүүрлэж
-          Хичээлдээ суух сонирхолтой нь урагш алх гэж тушаана . Биднийг урагшаа дэрхийнгүүт
-          Тийм бий та нар гэж ам асуугаад
-          Тэртэй тэргүй та нар хичээлд дургүй улс бушуу цэвэрлэ гэж зандарна . Та нараар энэ дөрөвдүгээр улирал дуустал хотын бүх жорлонг цэвэрлүүлнэ . Нэгэнт хичээлд суугаагүй юм чинь бүгд улирч таарна . Хичээлд суухгүй сайхан байгаа биз дээ аан гэж тавлана . Миний хувьд тэр сургалт мундаг үр дүн өгч дахиж дархин дотор суухгүй болтол минь сургасан ч номоос харин хөндийрүүлж  чадаагүй билээ .

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.