4-1Миний ярих энэ түүхийг сонсоод “яасан мэдрэл гарууд вэ?” гэж шоолох нэг нь шоолоорой. Дооглох нэг нь дооглоорой. Хүүхдүүд багачууд “онигоо” болгож хоорондоо ярьсан ч надад бол ичих булчирхай үлдээгүй шүү, тэр нэгэн “азгүй” шамшгар өдрөөс хойш... Үнэндээ “галзуурахад” ганц хуруу дутуу байсан даа тэр өдөр. \ Харин намайг “галзуурсанд” тооцсон үр хүүхдүүд, хайрт ханьдаа, хамаатан садан болон дотнын найз нөхөддөө нэг жилийн дараа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна. Яг жилийн өмнөх дөрвөн сарын нэгний өдөр намайг “галзуурсан” гэж итгэж, сэтгэл мэдрэлийн эмнэлгийн түргэний эмч сувилагч нартай хүч хавсран, “номхотгох хантааз” өмсгөх гэж улайран зүтгэж байсан та нартаа хайртай шүү гэж дахин хэлье. Та нар тэгэхэд ёстой гоё байсан шүү. Намайг “галзуу” болгох гэж яаж үнэн сэтгэлээсээ мэрийж байсаныг чинь би сайн санаж байна. Гоё шүү та нар минь... Яаж гучин долоон онд та нартай хамт байгаагүйдээ бурхан багшдаа баярлаж явдаг шүү \

Дэлгэрэнгүй: Дөрвөн сарын нэгэн / элэглэл /

Лайтай лайтай... Маньд нь лайтай олон мэргэжил байдгийм өө... Сансрын хөлөг бүтээгч, цөмийн физикч, шилмэл загварын дизайнер, комьютерийн программчин, далайн хавч судлагч, график зурагчин энэ тэр бол маньд падлий ч байхгүй. Харин сансар руу гөлийн ширтэгч, цөмийн хаягдлыг эх орондоо жоорлохыг эсэргүүцэгч, “Моод монголоор дуусдаг”-т хэт итгэгч, хэн нэг “анд”-аа гуйж комьютерээ форматлуулагч, далайн хавчтай сушиг ярвайн зооглогч, саак Төөгөөгийн төрсөн өдрийн баярыг утсан дээрээ бичигч гээд лайтай олон мэргэжил байдгийм өө...

 Та нар ч ялгаагүй өөрсдөө мэдэхгүй, диплом, сертификатгүй олон мэргэжил эзэмшсэнээ мэддэг үү? Хорвоод анх уйланхай бацааан ирэхдээ л "ээжийгээ шөнө унтуулахгүй зовоогч" гэдэг мэргэжилтэй ирдгийн ш тээ. За тэгээд, намбэ уан соосог хөхөгч, намбэ уан живхээ норгогч гээд лайтай шинэ мэргэжлүүд ар араасаа дагадийм аа. Алдар нэр ч их хүртэнэ. “Аавын муу ангаахай”, “Ээжийн эрхийн балай”, “Эмээгийн бурхан”, “Өвөөгийн ганц амь” мамь гээд төрсөн нэрээ марттал Бат-Эрдэнэ аварга шиг түмэн олон цол гуншинтай болно. “Муухай амьтны байж байгааг хараач ээ” гээд дуу алдацгаана. Хичнээн муухай царай муутай байсан ч адилхан, хичнээн хөөрхөн эгдүү хүрэм байсан ч ижилхэн “Муухай” гэнэ.

Дэлгэрэнгүй: Лайтай шинэ мэргэжил

Элст манхны төлөө шийдвэрлэх тулалдаанд сумангийн үлдсэн цэргүүд эцсийн хүчийг шавхан тулалдахаар буу сум, зэвсэг хэрэглэлээ базаана. Амь үрэгдсэн дайчин нөхдийнхөө шарилыг цуглуулж, нэг жалганд ум хум бөөгнөрүүлэн тавьжээ. Сумангийн дарга амь үрэгдсэн тул нэгдүгээр салааны дарга Базар хоёр салааны үлдэгдэл гуч хүрэхгүйтэй орчим цэргүүдээ удирдан дайралтанд бэлтгэж байлаа. Холбоо барихаар бүслэлтийн цагирагны гадна ойрхон байрлах зөвлөлтийн цэргийн анги руу холбоочин явуулсан боловч тэнгэрт цойлсон тэнэсэн сум шиг одоо болтол нэгээхэн ч хариу сураг алга. Дайснууд Элст манхны ар өвөргүй намрын ялаа шиг язганах авай. Дайсны цэргийн анги нэгтгэлүүд хорооны хоёр суманг хэд хэдэн хэсэг болгон бүсэлсэн нь нэгдсэн удирдлагаар тулалдах ямар ч найдваргүй болгожээ. Ялангуяа сумангийнхаа хүн хүчний ихээхэн хэсгийг алдсанд харуусах Базарын хувьд толгой дээрээс шарах нарны халуун илч хөлс нэвчсэн төмөр дуулган дор тархий нь гашилгана.

Дэлгэрэнгүй: Элст манхны тулалдаан-Өгүүллэг

-Эмээ,та яг “Ганнам стайл” –аар бүжиглэж байна гэж хичээлээсээ ирсэн ач охиноо хэлэхэд хаалгаа онгойлгох гээд цоожны нүхээ олохгүй түлхүүрээрээ хаалганы будаг ховхорсон газар бүр хатгаж зогссон би цочин эргэж харав.
-Цөх юуны чинь “ганган дээл” гэж. Ээжийн чинь багадсан шубаар гангараад энүүхэн дэлгүүр орсон чинь хавийн амьтны нүд орой дээрээ гараад “ганган эмээ” гээд дээр дооргүй хоёр нүдээ унагах нь ээ. Энэ хажуу хөрш Балдан өвгөн “залуухан бол чамайг аваад суучихмаар байна” гээд зүрхний дусаалаа гаргаж ирээд нэг дор бүгдийг нь уучихлаа. Нүдтэйгээрээ чи цоожны нүх олоод хаалгаа онгойлго гэхэд ач охин ханцуй нь уртадсан шубныхаа ханцуйг ээлжлэн нугалж эргүүлэх намайг олзуурхан харсанаа,
-Ганган дээлтэй гэж хэлээгүй шүү дээ. “Ганнам стайл”-тай гэж хэлээд байхад... Одоо ч гэсэн та яг түүнийг хийгээд байна шүү дээ гэж миний ээлжлэн хоёр урт ханцуйгаа эргүүлэх хөдөлгөөнийг тайлбарлаж өглөө.

Дэлгэрэнгүй: Бүжигчин эмээ-Шог өгүүллэг

Зөвөлгөө өгөх нь гэж битгий горьд. Зөвхөн би яаж "паакталсанаа" шуудхан яръя. Өчигдөр орой ажил хэргийн "чухал" уулзалтанд явсан ухаантай. Тэгэхэдээ та нарыг намайг "мулзлах" гэсэн өнгөрсөн шөнийн бүлэг "дээрэмчидтэй" огт "холбоогүй" гэж бодоод итгээд ярьж байгаа юм шүү.

Хотын төвийн нэг дориухан ресторанд урьдчилан утсаар ярьж тохирсон "ажил хэргийн холбоо" тогтоох хүнтэйгээ уулзлаа. Надад цуглуулсан хэдэн төгрөг байдаг юм. Нээх их олон биш ээ. Зуун саяыг хоёрт хуваагаад хариу нь гээд бодчих. Ганц өрөө гайгүй байрны мөнгө байгаа биз. Ядахад би хэзээний "Ганс Клос" стилтэйг хэлэх үү, "Хаврын арван долоон учралыг" хорин таван удаа уншсан Штирлиц "санаатайг" хэлэх үү "уулзалт"-аас өмнө маш олон зүйлийг нарийн бодож, аюулгүй байдлаа бүрэн хангахаар шийдсэн юм.
Уулзалтын тов авангуутаа уг ресторанд урьдчилан очиж, “судалгаа” хийсэн. Зөөгч нарыг няхуур ажиглаж, заалны зохион байгуулагчтай нухацтай ярилцаж, хоол, ундааны материалаа хаанаас авдагыг нь хүртэл мэдэж авсан. Тогооч нар нь "цэвэр" монгол хүмүүс үү гэдгийг ч судаллаа. Ширээ сандал доогуур янз бүрийн "тэсрэх, дэлбэлэх зүйл" тавьж болох бололцоог нарийвчлан шалгасан.

Дэлгэрэнгүй: Эрчүүдийн халаасанд юу байх ёстой вэ? -/Адал явдалт өгүүллэг/

Ховрын бараа гэдэг шиг хадам ах маань сүүлийн үеийн нэг галзуу гоё гар утас надад бэлэглэлээ. Нэр маркыг нь хэлээд яах вэ. Нийтээрээ л мэднэ. Зарим нь яаж ийм гар  утастай болох вэ гэж өдөр шөнөгүй "зүүдлээд" галзуурахаас буцахгүй яваа. Нэрийг нь уул нь хэлж болно л доо. Хоол гуйсан биш. Хэдэн товч дараад л гүйцээ. Гэвч бас хар хэл ам гэж нэг юм байна. Гурван хүний нэг нь бөө удган болсон цаг тул атаархсандаа нөгөө олон “тэнгэрийн мобиком”-ууд “хорлочихвол” яана... Дуу нь ямар чанга юм бэ? Үс бостол утас дуугарлаа. Эхнэр байна. Төрсөн ахынх нь өгсөн төө хирийн төгс төгөлдөр утсанд “хар хэл ам” хүрч дээ...
-Яасан бэ хайраа. Хайр нь өдрийн хоолонд орчихоод нойлийн өрөөнд сууж байна...
-Тэрийг чинь мэдэж л байна л даа... Чи хаягийг нь уншиж орооч. Наадах чинь "Эмэгтэйчүүдийн" гэсэн бичигтэй байна шүү дээ
-Өө, харласан юм... Чи яаж мэдсэн юм бэ?

-Миний утсанд чиний утаснаас байршил заадаг болчихсон шүү дээ. Эртээд ах Америкаас ирэхдээ ийм программ суулгаж өгөөгүй юү.

Дэлгэрэнгүй: Гишгих газаргүй хөл /хошин өгүүллэг/

Ангийн найз бол ангийн найз байдаг гэдэг "дурсгалын дэвтэр"-тээ дэндүү хайртай би нэг ангид арван жил тохой залган суусан дотнын найзтайгаа тааралдаад хоолонд урихаар нь татгалзаж чадсангүй... Сайн муу нэр зэрэг дуулж яваа шаггүй “наймаачин” найз маань " Саяхан би хятадуудтай лунжгар том наймаа хийлээ. Миний найз мөнгө төгрөгний хэрэг гарвал над руу утасдаарай. Төсвийн цалин “харсан” чамд амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломж тэр болгон таардаг бол уу даа. Санаж яваа хирнээ сачий хүрэхгүй “том” наймааны гарц олдвол надтай хамтарч ажилла. Надаас ичих хэрэггүй. Би чамайг ойлгохгүй бол хэн ойлгох билээ. Надад итгэж болно шүү" гээд  бүтэн жил хоолны бараа хараагүй хүнтэй тааралдсан мэт намайг ширээ дүүрэн хоол унд, архи дарсаар дайлав.

Дэлгэрэнгүй: АЛДАА - хошин өгүүллэг

Бурхан түүнд хүний төрлийг ном журмын дагуу олгож, удамшлын даралт ч үгүй өв тэгш цогцос заяалгасан. Харин мань "мангаа" бурхны хишгийг "бал бурам" шиг амталж, "будаа гурил" шиг зохистой хэрэглээгүй юм. Машинаар бол ус тосгүй сэнсэртэл давхиж, моторыг нь "бөөрлүүлээд" хэд хэдэн удаа ээлж хийсэнтэй адил. "Аваар" бол наснаасаа олон хийсэн. Одоо түүний гадаад үзэмжийг харахад замын цагдаа хөдөлгөөнд оролцуулахын аргагүй "шарх сорви" бий.
Гэхэдээ "хүн" юм болохоор зайлуул хөөрхийг яав гэж. Энэ яасан тамын орноос андуураад ирсэн туучий вэ гэж өрөвдөх байх. "Туучий" ер нь өнгөрсөн амьдралаа яаж туулсан бэ гэж гайхалтгүй. Ерөөсөө хөндлөн "туушиндсан" байгаа юм. Ханиад хүрэхэд харж байж хүчээр уулгахгүй бол эмээ уухгүй. Ээжийнхээ нүдийг хариулж байгаад цонхоор шидчихнэ. Эмээгийнхээ хараа муутайг далимдуулж, хоосон залгиж, хэлээ үзүүлээд хурууныхаа завсар хавчуулсан эмээ дараа нь цаасанд боогоод жорлонд зална.
Томчуудыг "илбэдэж" сурсан нь түүнд "тус" болсон мэт тухайн үедээ санагдаж байсан ч яван явсаар эдгэдэггүй ханиадтай, мэнгэртэй “өвгөн” шиг болов оо. Тариа л хийхгүй бол ханиад нь эдгэрэхгүй, архаг тамхичин шиг хөхүүлэн ханиаж, амьтан хүний нүдийг оройд нь зална. Найман настай "өвөө" томдсон навсгар халаад өмсчихөөд томчуудын уушигны тасагт "том толгойлоод" гүйж явдаг байлаа.

Дэлгэрэнгүй: Сүйтгэгч өгүүллэг

Хэнд ч гай болохгүй явъя гэж би бүрмөсөн шийдлээ. Миний энэ шийдвэр надаас бусад хэнд ч хамаагүй, зөвхөн надад туйлаас чухал миний амьдралыг өөрчилж мэдэх тийм “түүхэн” шийдвэр байлаа. Шийдвэр гаргасан юм чинь хэрэгжүүлэх хэрэгтэй болно. Хэрэгжилт дээр хяналт тавиад байх өчүүхэн ч шаардлага байхгүй. Би өөртөө зориулж шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрийнхээ дагуу “ажиллах” ёстой болохоор энэ бүхэн бүгд миний "хувийн асуудал" гэдэг нь тодоос тод тодорхой зүйл. УИХ нэг шийдвэр гаргаад тэрүүгээ хэрэгжүүлэх гэж “наян жил” болдог бол би бодож олсоныхоо дагуу шийдвэр гаргалаа, наян секундын дараа хэрэгжүүлэх ажилдаа шууд орох нь тэр ээ.


 Юуны өмнө би өөртөө маш том “зорилт” тавьсан юм. Энэ яваа насандаа дахиж хэнээс ч хэзээ ч юм гуйхгүй, хэзээ ч хэнээс ч мөнгө төгрөг зээлэхгүй гэж шийдсэн нь өөртөө хийсэн анхны том хөрөнгө оруулалт байв.

Дэлгэрэнгүй: Салхи экспортлогч / Хошин өгүүллэг /

Эхлэл хэсэг: Буянтай сайхан хадмууд \ наргиан \

Хадам аав болох нь ээ... \ наргианы үргэлжлэл \

Удахгүй "хадам аав" болох нь ээ гэж учраа олохгүй уулга алдаж байсаныг минь уншаа биз дээ. Байгалийн шалгарлаар үр төлтэй "бух"-ын хувьд үүлдэр угсаагаа сайжруулан, ач зээгээ үзэх минь тодорхой болж, бэр гуйхаар худындаа "төлөөлөгч"-өө явууллаа. Худ болох бэргэний аав Америкт, ээж нь Австралид ажиллаж амьдардаг тул хамаатангийн нэг хүнийг нь байлцуулан интернетэд орж, төрсөн дүүгээрээ мессенжерээр аав ээжтэй нь э-мэйлдэж "бэр гуй"-лаа.


  Ёс ёмбогор, төр төмбөгөр гэж уул шугамдаа бэр гуйх хүн бол хүргэний аав ээж биш авга талын удам судар сайтай, олны дунд хамгийн нэр хүндтэй, зан үйлийн өндөр мэдлэгтэй, элдэв шалдав хэрэг төрөлд орооцолдоогүй, эхнэр хүүхэддээ халамжтай, үр хүүхдээр өнөр, төлөв түвшин, нүдэнд дулаан, харилцан ярих хүмүүстэйгээ хүндэтгэлтэй ярьж чадах ярианы баялаг, үг хэл цэцэн хорвоод хосгүй  хүн байх ёстой аж.

Дэлгэрэнгүй: Хориннэгдүгээр зууны хадмууд \ наргианы төгсгөл \